LOADING

Type to search

Uncategorized

“Нийслэл хүү” киноны Батхишиг буюу Ардын жүжигчин Ж.Бүрэнбэх

Share

Энэ удаагийн “Хүмүүс” буландаа “Нийслэл хүү” киноны Батхишигийн дүрийг бүтээж, олны хүндэтгэлийг хүлээсэн Ардын жүжигчин Ж.Бүрэнбэхийг онцолж байна.

1968 онд бүтээгдсэн, найруулагч Б. Жамсрангийн “Нийслэл хүү” кинонд мал маллах арга ухааныг онолын хувьд л мэдэх Батхишиг хэмээх залуугийн дүрийг бүтээсэн эрхэм бол Дуурь бүжгийн эрдмийн театрын ерөнхий удирдаач, Монгол Улсын ардын жүжигчин Жагваралын Бүрэнбэх билээ. Тэрбээр мөн Халх голын тулалдааны хүнд бэрх үед фронтын тэргүүн шугам дээр байлдах дайчидтай мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэж явсан сувилагч эмэгтэйчүүдийн эрэлхэг зориг, тэсвэр хатуужлын тухай өгүүлэх 1970 оны “Балга ус” кинонд байлдагч залуугийн дүрийг бүтээжээ.

Ж.Бүрэнбэх 1946 онд Архангай аймгийн Хашаат суманд төржээ. 13 хүүхэдтэй айлын бага хүү түүнийг багад нь айлд өргүүлсэн юм гэдэг. Түүний бага нас Өвөрхангай аймгийн Хархоринд өнгөрч, долдугаар ангиа тэнд төгссөн. 1956 онд Архангайн Лүн сум татан буугдаад Хархорины сангийн аж ахуй байгуулагдсан. Эхэн үедээ Архангайн сангийн аж ахуй байснаа хоёр жилийн дараа Өвөрхангайн сум болсон аж.

Хөдөөнөөс ирсэн хүү 1963 онд Драмын театрын алтан босгоор алхаж урлагт хөл тавьсан юм. Ингэхэд Э.Оюун, Л.Ванган, С. Гэндэн нарын найруулагч, Цагааны Цэгмид, Нямын Цэгмид, Ч.Долгорсүрэн, Д.Чимид-Осор, Т.Цэвээнжав, Д. Ичинхорлоо, Х.Дугарсанжаа, цоохор Мижиддорж, улаан малгайт Лувсанжамц, Б.Жигмэддорж зэрэг Алтан үеийн ахмад уран бүтээлчид угтан авч, зургаан жилийг хамтдаа үджээ. Ёстой л урлагийн бурхад гэгддэг эдгээр эрхэмүүдээс суралцаж явсан түүнийг урлагийн түүхийн нэгэн үеийн дурсамж, дурдатгалын түүх гэлтэй.

Анх жүжигчин болно гэхэд нь Э.Оюун багш нь ихэд дэмжиж, өөрөө сонгон театрт авсан юм гэдэг.  100 хүүхэд шалгуулж, тэнцсэн гурваас нэгийг нь л авах дүрэмтэй байж. Ингэж л урлагт хөл тавьсан түүхтэй. 1969 хүртэл Улсын Драмын театрт жүжигчнээр ажиллахдаа Г.Медан “Консулыг хулгайлсан нь” жүжгийн Пэпэ, Ч.Лодойдамба “Гарын таван хуруу” жүжгийн Элбэг, Л.Ванган “Арвай хээрийн талд” зэрэг жүжигт тоглосон.

Ч.Лодойдамба гуайн олсон нийслэл хүү

“Нийслэл хүү” киноны гол дүрээс бусад нь тодорчихсон байсан бөгөөд гол дүрээ хайж жил гаруй болсон гэдэг. Ч.Лодойдамба гуайн “Гарын таван хуруу” зохиолыг театрт тавихад ядам хуруугийн дүрд тоглож байсан тэрбээр их зохиолчийн хараанд аль хэдийн өртчихсөн байж. Тухайн үед киног улсын хөрөнгөөр бүтээдэг байлаа. Тэр үеийн уран бүтээл хариуцсан орлогч сайд нь Ч.Лодойдамба гуай байв. Ингэж л 24 насандаа дэлгэцэнд дүрээ мөнхлөх хувь ерөөл тохиож, Лодойдамба гуайн олсон нийслэл хүү болжээ.

Тэрбээр  “Нийслэл хүү”-дээ тоглох гэж дуудагдахдаа нэлээд олон аваргад “өшиглүүлсэн” түүхээ ийн өгүүлжээ.““Ирж яваа цаг”-гийн Багаяа буюу гавьяат жүжигчин Лувсанбалдангийн Лувсан гуайн 50 насны ойн найр 40 мянгатын гэрт нь боллоо. Тэгтэл кино үйлдвэрийнхэн ирээд намайг дуудуулжээ. Би хаалганаас бүр хол буланд суучихсан. Наагуур нь Ардын жүжигчин Ц.Гантөмөр, Л.Жамсранжав, “Хөхөө гэрлэх дөхлөө” киноны Хөхөөгийн дүрээр олны сэтгэлд хоногшсон Дашдаваа гээд архагууд суучихсан. Гарах гэхээр тэд чинь ширээн доогуур мөлхөхгүй юу гэж дээрэлхээд хөдөлнө гэж байхгүй. Тэгээд л найрааны ширээний доогуур мөлхсөн дөө. Араас нь өнөө хэд чинь ээлж дараалан амбаардаж байгаа юм. Ингэж нэг юм гараад иртэл Жамсран найруулагч тэргүүтэй “Нийслэл хүү” киноны уран бүтээлчид тосч авсан. Лодойдамба гуайн хэлснээр намайг “Нийслэл хүү”-дээ тоглуулах гэж эрэл сурал болж очсон нь тэр” гэжээ.

Киноны анхны зураг авалтын тухай тэрбээр “Тэр их сайхан дурсамж. Дөрөвдүгээр cap байсан юм. Гадаа майктай, нүүрээ угаадаг хэсэг байдаг даа. Тэр хавийнхан нь “Энэ хүү чинь манай бүх усыг дуусгах нь дээ” гээд. Тэр хэсгийн зургийг авсан. Анхны зураг авалт гэхэд их хүнд байсан. Гадаа цастай, би нүцгэн, зураг авахуулсан” хэмээн өгүүлжээ.

Тэрбээр “Нийслэл хүү” киноны шагналын мөнгө болох дан нэгтийн дэвсгэрт бүхий 3800 төгрөгөө бааданд боогоод гэртээ харьж байсан гэдэг.

1969 онд Багшийн дээд сургуульд хөгжмийн зохиолч удирдлаачийн анги нээгдсэн. Ингэхэд тэрбээр хүсэл зоригоо Оюун багшдаа хэлж, зөвшөөрлийг нь аван өнөөх алдарт Ж.Чулуун багшийнхаа удирдлага дор удирдаач болох гараагаа эхлүүлжээ. Ийнхүү багшийнхаа саналын дагуу Ленинградын консерваторийг зорих болсон юм. Зургаан жил сурч, 1979 онд эх орондоо ирсэн тэрбээр яамны хуваарийн дагуу УДБЭТ-д оржээ.

Ардын жүжигчин хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав, удирдаач Ж.Бүрэнбэх, Ардын жүжигчин Ц.Гантөмөр нар. Москва хот.

2015 оноос эхлэн УДБЭТ-ын Ерөнхий удирдаачаар ажиллаж эхэлсэн бөгөөд түүний амжилт бүтээлийн үнэлж Урлагийн гавьяат зүтгэлтэн, 2018 онд Ардын жүжигчин цолоор шагнасан юм.

Тэрээр олон дуурь, балетыг өөрийн болон гадаадын театрын тайзнаа удирдсан. Б.Дамдинсүрэн, Б.Смирнов “Учиртай гурван толгой”, С.Рахманинов “Алеко”, Дж. Пуччини “Тоска”, “Турандот”, М.Коваль “Чоно ба долоон ишиг”, Ж.Бизе “Кармен”, Х.Билэгжаргал “Ламбугайн  нулимс”, Ц.Нацагдорж “Өгөөдэй хаан”, “Гэсэр” зэрэг бүтээлүүдийг удирдан тоглуулсан. Төрийн шагналт, Ардын жүжигчин Д.Лувсаншарав гуай “Бүрэнбэх удирдаач “Турандот” дуурийг өөрийн тайзнаа тавьж удирдсанаар дэлхийн хэмжээний бяр сууж гэдгээ харууллаа” хэмээсэн байдаг.

Төрийн шагналт, Ардын жүжигчин С.Гончигсумлаа гуай “Би “Кармен” дуурийг алгасалгүй үздэг. Дэлхийн ийм сайхан сонгодог бүтээлийг Монголын тайзнаа тоглуулна гэдэг гайхамшиг. Энэ бол Бүрэнбэхийн ач гавьяа” хэмээн бахархсан байдаг юм.

Кармен дуурийг анх УГЗ,удирдаач Ж.Бүрэнбэх найруулан тавьсан. Кармен (УГЖ Д.Баадайжав), Эскамильо(АЖ А.Хавлааш), Хозе(УГЖ Д.Банди).1984 он

Дуурийн театрын ерөнхий удирдаачаар 40 гаруй жил ажилласан тэрбээр гадны орнууд, ялангуяа Оросын том театруудад дэлхийн сонгодгуудтай эн зэрэгцэн алдарт дууриудыг удирдаж явсан бөгөөд  Франц, Солонгос, Хятад гээд олон оронд симфони оркестроо тоглуулсан. ОХУ-ын Буриадын нийслэл Улаан-Үд хотын Дуурь бүжгийн эрдмийн театрт П.И.Чайковский “Евгений Онегин”, Ж.Бизе “Кармен”, Ж.Берди ‘Трубадур” дууриуд, “Монголын хөгжмийн зохиолчдын шилдэг бүтээлүүд”, “Рахманиновын симфоний бүжиг зэрэг концертыг, ОХУ-ын Красноярск хотын дуурийн театрт Ж.Пуччини “Тоска”, Ж.Бизе “Кармен”, Ж.Верди “Трубадур” дууриуд, Новосибирск хотын театрт Ж.Пуччини “Тоска” дуурийг амжилттай удирдсан.

Мөн БНАСАУ-ын симфони оркестрт “Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлүүд”, ОХУ-ын Владивосток хотын Номхон далайн оркестртой П.И.Чайковский “1-р концерт” зэрэг тоглолтуудыг удирдан тоглуулж өндөр үнэлэлт авсан төдийгүй  ОХУ-ын Красноярск хотын дуурийн дуулаачдын олон улсын уралдаан, К.И.Базарсадаевын нэрэмжит олон улсын уралдаануудын шүүгчээр уригдаж ажилласан.

Тэрбээр, “Дуучдын тэр өндөр цол хэргэм, нэр төр удирдаач бидэнд огтхон ч хамаагүй. Тэд бол тухайн тайзнаа миний удирдлагаар л дуулна. Би яаж дуулмаар байна түүгээрээ Цэвэгжавын Пүрэвдорж, Дэмбэрэлийн Жаргалсайхан, Хорлоогийн Уртнасан тэргүүт аваргуудыг өмнөө дуулуулж байсан. 1981 онд “Севилийн үсчин” дуурьт хөглөж байсан би түүнээс хойш дөчин жилд дөрвөн ч үеийг удирдсан байна. Эхнийх нь Пүүжээ, Жаргалсайхан гээд аваргууд, дараа нь Дашпэлжээ нарын үе тэгээд Түвшинтөгс, Эрдэнэбатын үе. Одоо Амартүвшин, Эрдэнэтуяагийн үе байна” хэмээн нэгэн ярилцлагадаа дурьджээ.

Түүний гэргийг н.Зүмбээ гэдэг. Хөгжим бүжгийн коллежид шанз хөгжмийн багшаар ажиллаж байсан мөн л урлагийн хүн. Тэд хоёр хүү, хоёр охинтой. Дөрвөн хүүхдийнх нь гурав мөн урлагийн хүмүүс болжээ. Бага охин Москвад төгөлдөр хуурч мэргэжлээр төгссөн. Нэг хүү морин хуурч мэргэжилтэй, “Алтан ураг” хамтлагт хөгжимддөг. Том хүү нь мөн л төгөлдөр хуурч мэргэжилтэй, Хөгжим бүжгийн коллежид багшилдаг. Харин нэг охин нь англи хэлний судлалаар мэргэшсэн юм.

Эх Сурвалж:zaag.mn

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!