LOADING

Type to search

Uncategorized

М.Солонго: Өөх тос нь бүх төрлийн гормоны нийлэгжилтэд оролцож, энергийн нөөцийг хуримтлуулж байдаг

Share

“УБ Сонгдо” эмнэлгийн дотоод шүүрлийн булчирхайн эмч М.Солонго “Өөх тосны хэрэглээ”-ний талаар мэдээлэл хүргэлээ.

– Өөх тосыг хэрхэн зөв зохицуулж хэрэглэх вэ?

– Өөх тос нь бидний өдөр тутамдаа авах ёстой энергийн эх үүсвэрийн нэг. Бид өдөр тутам хоол тэжээлээсээ уураг, нүүрс ус, өөх тосыг авч байдаг. Хоногийн хоол хүнсний нийт хэрэгцээний 20 хувийг өөх тос эзэлнэ. Өөх тос нь эд, эсийн ханын бүтцэд оролцдог. Мөн бүх төрлийн гормоны нийлэгжилтэд оролцож, энергийн нөөцийг хуримтлуулж байдаг. Бид олон цагаар хоол идэлгүй явахад хэсэг өлсөж байгаад больчихдог шүү дээ. Учир нь бидний биеийн гадаргуу, булчин давхарга, элгэнд өөх нөөцлөгдөж байдаг. Харин хүн өлссөн үед тэр өөхний нөөцөөс зарцуулж эхэлдэг. Тэгэхээр нь энэ нь энергийн эх үүсвэр юм.

Өөх тосыг дотор нь сайн болон муу гэж хоёр ангилна. Муу өөх гэдэг нь наалдамхай бүтэцтэй, хүнд жинтэй, биед хортой нөлөө ихтэй. Энэ нь судасны хананд наалдаж, өөхөн товорго үүсгээд, улмаар судасны  нарийлсалд хүргэнэ. Ингэхээр цусны урсгал саадтай болоод ирнэ. Цаашлаад зүрх судасны өвчин, тархины судасны цусан хангамжийн дутагдал үүсгэх эрсдэлтэй. Мөн өөх их хуримтлагдвал судсыг  бөглөдөг. Ингэхээр зүрхний шигдээс, тархинд цус харвах эрсдэлийг нэмэгдүүлнэ. Бүх төрлийн амьтны гаралтай өөх тос нь муу өөхийг  үүсгэдэг. Жишээлбэл, хонь, үхрийн өөхтэй мах, өрөм, цөцгийн тос гэх мэт тасалгааны температурт царцдаг өөх тосууд нь муу өөхний тоонд багтдаг. Өөрөөр хэлбэл, царцдаг өөх, тосыг их хэмжээгээр хэрэглэвэл биед муугаар нөлөөлнө.

Харин тасалгааны температурт шингэн төлөвөө хадгалж чадаж байгааг нь сайн өөх тос гэж үздэг. Үүнд оливын тос, омега 3,6,9 гэх мэт  ургамлын гаралтай бүх төрлийн тос багтана. Эдгээр нь дэгдэмхий чанар, биологийн идэвх өндөртэй байдаг учраас бидний тархины эсийн мембраны бүтцэд сайнаар нөлөөлдөг.

– Тэгэхээр сайныг нь л сонгож хэрэглэх ёстой байх нь?

– Ер нь бол сайн, муу өөх аль аль нь цусанд байх хэмжээтэй. Тиймээс байх ёстой хэмжээнд л хэрэглэх нь чухал. Түүнээс муу өөхийг огт хэрэггүй гээд хаяж болохгүй. Сайн, муу өөх нийлээд хоногийн илчлэгийн 20 хувийг эзлэх ёстой. Мөн сайн өөхийг хүмүүс буруу хэрэглээд байдаг. Жишээлбэл, ургамлын тос аваад тасалгааны  температурт хэрэглэсээр байгаад дуусгадаг. Бид задалсан л бол  хөргөгчид хадгалж хэрэглэх ёстой. Яагаад гэхээр тос нь агаарын хүчил төрөгчтэй урвалд ороод сайн чанараа алдаад байдаг.

– Сайн, муу өөх тосны зохистой хэмжээ гэж юу болох талаар тайлбарлахгүй юу?

– Муу өөхний хувьд хоногт нэг зүсмийг л авахад болно. Монголчууд өдөр тутмын хоолондоо малын гаралтай дотор өөхийг их хэрэглэж байна. Хэрэглэж болно. Гэхдээ хэмжээтэй байх ёстой. Өөхтэй 1-р хоол хийхээр шөлөн дээр тос хөвдөг. Түүнийг нь аваад, амтыг нь л оруулсан байхад болно. Хүн төрөөд 4 настайгаас эхлээд судасны хананд муу өөхнүүд наалдаж, товруунууд үүсч эхэлдэг. Энэ байдлаар 40 насанд ирэхэд судас хатуурах, даралт ихсэх эмгэг үүснэ. Ер нь бол өвчлөл нь тухайн айлын амьдралын хэв маягаас шалтгаална.

Эх сурвалж: Сонгдо подкаст  

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!