LOADING

Type to search

Ухаарахуй

Эцэг уул нурдаггүй

Share

…Гадаа навчис эргэж он жил биднийг унасан навч шиг орхино

Гайгүй дээ би аавыгаа жаргааж амжина гэж өөрийгөө хуурна

Ганцхан зүрхний тань цохилт намайг зэмлэн лугшиж

Газар дээр аав минь хүртэл мөнх бишийг сануулдаг аа” Ц.Хулан найрагчийн “Аавдаа” шүлгийг одоогоос 10 гаруй жилийн өмнө цээжилж байлаа. Аавдаа хайртай болохоороо тэр үү энэ шүлгийг хэзээ ч мартаж байгаагүй. Айл гэрийн хаан, ахуй төрийн багана, ард олны түшиг ачит аавын тухай бичих асар их хувь билээ.

_

Тийм ээ, эцэг уул нурдаггүй, эхийн сүү ээддэггүй болохоор элэг зүрхнээс минь гардаггүй байж болох юм. Монгол эр хүн, эцэг хүн үр хүүхдүүддээ хангай шиг түшигтэй, хан уул шиг санагддаг.

Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гуай ачит ааваа ийн дурсчээ.

.

“Миний аав дөрвөлжин бурам шиг сайхан эр байсан. Хүний аливаа дурдатгал сэтгэл зүрх, оюун тархинаас эхэлдэг. Тиймээс ч би аавынхаа тухай дурдатгалыг ясан доторхи чөмөгнөөсөө эхэлье. Миний аав олон таван үггүй эгэл хүн байсан. Над шиг чалчаа юм байгаагүй ээ. Би энэ чалчаа байдлаа их саглагар модон дор суусан шувуу болгон жиргэдэгтэй зүйрлэн цагаатгаж боддог.

Аав маань уран гоё үг унагаж, гуадаж ярьдаггүй, уур хилэнгээс хол, зөрүүдэд их ойр хүн байсан даа. Хадар хүдэр татсан түргэн хөдөлгөөнтэй, шазруун, шударга нэгэн байлаа. Аав минь ханьгүй, би ээжгүй олон жил хамт амьдарсан. Хоёр биеийнхээ дутууг нөхөж, амьдралын нугачааг давсан. Олон нөхөөстэй дээл шиг он жилүүдийг хэнэггүйхэн эр зангаар л өнгөрүүллээ дээ.

Эргээд бодоход, аавынхаа энэ занд эрэмшээд би хэнэггүй явсан байна лээ. Аав минь намайг амьд харагдаж бас зовоохгүй байсанд минь сэтгэл нь “цадаад” юу ч нэхэж, шаардаж байгаагүй. Би уг нь сайн хүн болж өсөх ёстой ч чадаагүй юм. “Сайн хүний үр сайн хүн байж чаддаггүй юм байна даа” гэж би одоо хэр нь боддог. Баярлуулж, энхрийлэн ачийг нь хариулаагүйдээ өөрийгөө зэмлэж ханахгүй явна. Уг нь би аавтайгаа бараг зэрэг өтөлсөн юм сан. Тэгсэн мөртлөө ухаан суугаагүй байснаа одоо хүртэл нэхэн санаж, харамсдаг. Аавыгаа хэвтэрт байхад нь гурван сар сахисан.

Намайг ургуулсан мод унаж, нөмөрлөж байсан уул минь нурж байхыг үзэх шиг тийм том эмгэнэл байдаггүй юм билээ. Аавын минь тасран алдаж байгаа улаан гол нь амьдралд бус зөвхөн надад хоргодсондоо л торж байх шиг санагдаж байсан. Үхэл гээчийг миний аав их амгалан тоссон. Түүнээс зугтах гэж тавтиргүй зан гаргаагүй. Би гэдэг хүн амьдарч чадсан шигээ үхэж ч чаддаг эр зоригтой, гүдэсхэн аавтай байсан юм билээ.

Сүүлчийн удаа над руу харахдаа таньж ядаад ч байх шиг атлаа “Орчлонгийн хамгийн сүүлд харах зүйл минь энэ” гэж турь муутайхан ширтэж байсан. Тэр харцанд өлгийтэй байхаас минь өдий хүрсэн би тэр чигээрээ эргэж нэг багтсан байх аа” гэжээ.

Тийм ээ,  олон монгол аавын төлөөлөл болгож Б.Лхагвасүрэн гуайн аавын тухай ишлэл авлаа. Адгаж ижий нар өдөржин радио шиг үглэдэг байхад аав нар хаа нэгтээ л жинтэй үг хэлдэг. “Алгадуулах аавтай байх сайхан юм” гэж кинонд гардаг шүү дээ. Тийм ээ, аав хэмээх агуу ачтанг яагаад бид тэр бүр дурсдаггүй юм бол.

Аав гэдэг гурван үсгэнд хүн төрөлхтний хэлхээ, түүний нандин залгаасыг гагнаж явах ид шид буй. Бие өвдлөө гэж барагтай л бол хэлдэггүй битүүхэн дотроо шаналж суудаг эцэг хүнийг хайрлая. Монгол орны түм түмэн, үрсийг хүмүүжүүлж, сэтгэлээ чилээж, чөмгөө дундартал зүтгэж явсан аав нарыг хайрлаж, амьдад нь жаргааж явах эрхэм үүрэг бидэнд оногджээ.

Үрийнхээ төлөө үргэлжид зовниж суудаг, уулыг өргөх хүчтэй, ухаантай атлаа үрдээ хайраар сөгддөг эр хүний, эцэг хүний хийморь үргэлж өөдөө байх болтугай.

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Дулмаа гуайн  шүлгээр нийтлэлээ жаргаая.

Аавдаа

Ханат гэрийн хойморт

Ханхайж суусан аав минь

Хаа ч явсан намайгаа

Хайраар дутаагаагүй шүтээн минь

Дэлхийн цэнхэр салхинд

Дээлээ гандтал давхиж

Дээртэй доортой амьдралд

Дэндүү ухаалаг явсан та

Бодол бодлын үзүүрт

Бурхан аав минь санагдана

Болох болохгүйн эргүүлэгт

Буянтай сургаал нь бодогдоно

Өеөдөж сөхөрч явахад

Үгээрээ татаад босгодог

Халуурч дэвэрч сагахад

Харцаараа алгадаж ухааруулдаг

Намайгаа л гэж элэхдээ

Насаа хайрлаагүй аав минь

Үрээ л гэж эмтрэхдээ

Өөрийгөө гамнаагүй аав минь

Дэндүү их ачийг тань

Дэлхийд хариулж чадаагүй ч

Найргийн гэгээн зуландаа

Нартад таныгаа мөнхөлье дөө

.

П.Наран

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!