LOADING

Type to search

Эмч зөвлөж байна

Ц.Буянбат: Цөс өтгөрч буйг дараах шинж тэмдгээр мэдэж болно

Share

Мэс заслын эмчээр 34 дэх жилдээ ажиллаж, 10 мянга гаруй хүнд том, жижиг хагалгаа хийсэн энэ эрхмийг Ц.Буянбат гэдэг. Клиникийн профессор, гавъяат эмч, хурандаа цолтой тэрээр одоо Зэвсэгт хүчний клиникийн төв госпитальд мэс заслын эмчээр ажиллаж байна. Түүнтэй цөс цөсний чулуужилтаас сэргийлэх талаар ярилцлаа.

-Хүний бие организмд цөсний гүйцэтгэх үүрэг ямар байдаг талаар яриагаа эхэлье?

-Цөс хүний биед чухал үүрэг гүйцэтгэдэг эрхтэн. Цөсний хүүдийд байдаг 30 грамм цөс нь өөх боловсруулахад оролцдог. Өөрөөр хэлбэл өөх, тостой хоол идсэн тохиолдолд цөс агшаад жижиглэж, буталж боловсруулдаг.

-Сүүлийн үед цөсний өтгөрөлттэй хүн олон болсон. Цөс өтгөрөх нь ямар шалтгаантай вэ?

-Цөс чулуужих өвчин элбэгшиж байна. Цөсний хүүдий үрэвсэх чулуужихад нөлөөлж байгаа зүйл бол нэгдүгээрт хоол, хүнс. Суурин газрын хүмүүст хөдөлгөөн дутагдсанаас хэт их таргалах хандлага бий. Эдгээрээс болж цөс өтгөрөөд, яваандаа чулуу болж байгаа юм.

-Хүн цөсөө өтгөрч байгааг ямар шинжээр мэдэх вэ?

-Цөс өтгөрөх, хөдөлгөөн алдагдахад халдварт шар өвчин нөлөөлж байна. Халдварт шар нь элгийг үрэвслүүлж, улмаар цөсөнд нөлөөлж байна. Өөрийнхөө биеийг сайн ажигладаг хүн цөсөндөө өөрчлөлт орж байгааг мэдэж болдог. Хоолны шингэц муудах, үе үе баруун хавирганы нум дагуу өвдөх шинж мэдэгддэг. Энэ нь голдуу өөх, тостой хоол идсэн, хорхог, боодогны шөл уусан, архи их хэмжээгээр хэрэглэсний дараа мэдэгддэг. Тэгэхээр яаралтай мэргэжлийн эмчид үзүүлж, ЭХО-д харуулах хэрэгтэй. Сүүлийн үед цөсний чулуутай хүн олшроод байгаа шалтгаан нь нэг талаар оношлогоо сайжирсных. ЭХО гэж аппарат гарснаас хойш цөсний оношлогоо улам сайжирсан.

-Цөс чулуужихыг тоохгүй яваад байж болохгүй байх. Хүндэрвэл ямар хор уршигтай вэ?

-Яваандаа цөсний үрэвслийг үүсгэнэ. Нойр булчирхайн эрхтэнүүдэд нөлөөлдөг. Өвчтөнд хоол шингэхгүй байх, гашуун зүйлээр хэхрэх, ходоодны улайлт үүсэх, үрэвсэх хандлага ажиглагддаг.

-Цөсний чулуу авах арга орчин үед ямар хэмжээнд хүрсэн бол?

-Сүүлийн үед анагаах ухаанд тусгай тоног төхөөрөмжөөр авдаг болсон. Манайд 1996 оноос 1-р эмнэлэгт цөсийг дурангаар авч эхэлсэн. Боломжийн хагалгаануудыг аль болох дурангийн аргаар хийх чиг хандлага руу орох бодлоготой байгаа. Хамгийн гол нь ЭХО-гоор харж, өвчний байдлыг харах ёстой. Нээлттэй аргыг бас ашиглаж байна. 5-6 см орчим жижигхэн зүсэж цөсииг авах аргыг ашиглаж байна. Өөр нэг арга нь үүнээс арай том зүслэг хийдэг. Хэрэв хүндрэл багатай бол дурангийн хагалгаагаар авах нь хамгийн тохиромжтой. Хагалгааны дараа 3-4 ширхэг нүх үлддэг. Иргэд эмнэлэгт оройтож ирснээс цөс нь идээлэх, буглаа үүсэх, цоорох зэрэг хүндрэлүүд гардаг. Улмаар өвчтний амь насанд аюул учрах хүртэл хортой. Тэгэхээр энэ тал дээр сайн анхаарч, зөв хооллолтонд сайн суралцах хэрэгтэй. Дур мэдэж эм уухаас илүү мэргэжлийн эмчид хандаарай.

-Хайлуулах, мэс заслын гэх мэт олон арга байдаг. Эдгээрийн нэгийг сонгоход чулууны хэмжээнээс шалтгаалдаг уу?

-Хайлуулах үйлчилгээтэй гэсэн олон эм бэлдмэл гарсан байна. Энэ эм нь элсэн, жижиг хэмжээний, шаварлаг цөсийг хайлуулна гэхээс биш хэлбэрээ олчихсон чулуунд нөлөө үзүүлэхгүй. Их уувал өөрсдөд нь ч нөлөөлж болзошгүй.

-Цөсөө авахуулсан хүн гам хэр барих вэ?

-Сарын хугацаанд өөх, тостой, хуршсан хоол, архи тамхийг хорих хэрэгтэй. Ихэнхдээ хүний цөс янз бүрийн хоол иддэг байдалдаа зохицсон байдаг. Тиймээс нэг их гам барих, хоол хорих шаардлагагүй гэж үздэг.

-Иргэд цөсөө угаалгах их дуртай. Энэ зөв үү. Гэрийн нөхцөлд цөс угаах хялбар арга бий юу?

-Цөс өвддөг, чулуугүй тохиолдолд арван хоёр хуруу гэдсээр дамжуулж цөсийг угаадаг. Тухайн хүн хүнд хоол идсэн тохиолдолд маргааш нь цөсөө угаахад өвчинг архагшихаас урьдчилан сэргийлэх талтай. Гэхдээ хамгийн гол нь зөв угаах ёстой. Мөн шар сүү, магнизм ууж угааж болно. Энэ аргыг өглөөгүүр өлөн байхдаа хэрэглэнэ. Гэрийн нөхцөлд угаахаар бол тусгай 30 граммаар савласан магнизм байдаг. Түүнийг буцалсан усанд хийгээд өлөн дээрээ ууна. Ингээд баруун хавиргандаа бүлээн жил тавиад хэвтэж болно. Мөн сүү ээдүүлээд ууж болно. Гэхдээ 250-300 грамм хүртэл хэмжээтэйг уух хэрэгтэй. Хэрэв цөсөө зөв угаасан бол 30 минутын дараа гэдэс хуржигнаж, гүйлгэх ёстой. Ингэхгүй байгаа тохиолдолд шар сүү нь багадсан эсвэл цөсний дунд ямар нэгэн саад байна гэж үздэг. Чулуутай үед цөс угаах нь аюултай.,

-Цөсний өвчлөл нь хүний гадаад үзэмжинд нөлөөлдөг үү?

-Цөс үрэвсэх, вирүсын идэвхжил ихтэй үед арьсан дээгүүр нөсөөт өөрчлөлт гарах нь бий. Хамгийн гол нь цөсөө өвтгөхгүйн тулд зөв хооллолт, жингээ барих хэрэгтэй. Ингэж чадвал цөс чулуужих, үрэвсэхээс сэргийлж чадна.

Б.Солонго

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!