LOADING

Type to search

Эрүүл мэнд

Хүүхдийн гэдэс гүйлгэх үед хэрхэн асрах вэ?

Share

Хүүхдийн гэдэс гүйлгэх асуудал маш элбэг тохиолддог учраас та бүхэндээ энэ үед хирхэн хүүхдээ асрах талаар зөвлөгөө хүргэж байна. Гүйлгэх нь биенээсээ муу бактерийг гаргаж байгаа үйл явц учраас та аль болох хүүхэддээ эм өгөлгүйгээр гэрийн нөхцөлд сайн асарч эдгээхийг хичээгээрэй гэж зөвлье. Харин хүндэрсэн тохиолдолд зайлшгүй мэргэжлийн эмчид хандана уу.

Хамгийн түрүүнд та хүүхдийнхээ гүйлгэх болсон шалтгааныг тодорхойлох хэрэгтэй.

  • Хэрвээ гүйлгэхийн хажуугаар халуурах, магадгүй бөөлжих тохиолдолд энэ нь нарийн гэдэсний вирус (шимэгч хорхой) эсвэл бактерын халдвар байх магадлалтай.
  • Хэрвээ нэг настай хүүхэддээ сүүн тэжээл өгч эхэлж байгаа бол сүүнээс харшилсан байж болно.
  • Бор хоолонд орсон хүүхэддээ олон төрлийн хүнс өгч байгаа бол аль нэгнээс нь хордлого авсан байх магадлалтай.
  • Хүүхэд эсвэл хөхүүл эхийн аль нэг нь антибиотик хэрэглэж байгаа тохиолдолд хэрэгтэй бактеруудыг устгаж хүүхдийн дотор эвгүйрэх, гэдэс өвдөх магадлалтай байдаг.

Авах арга хэмжээ

  • Шингэнийг нь сайн нөх

Насанд хүрсэн хүнийг бодвол хүүхэд илүү хурдан шингэнээ алддаг. Нэг дор их хэмжээгээр шингэн зүйл уулгавал гүйлгэх эсвэл бөөлжих аюултай учир бага багаар шимүүлж уулгана. Гүйлгэх эсвэл бөөлжсөний дараа 2 нас хүртэлх хүүхдэд 50-100мл, харин 2-оос дээш насны хүүхдэд 100-200мл шингэн уулгана.

Хэрвээ хүүхдээ дан хөхөөр хооллодог бол шингэн сэлбэх давсны уусмал (хросол) уулгах буюу хөхний сүүн дээр цэвэр буцалсан ус нэмээд угжина. Харин бор хоолонд орсон хүүхдэд шингэн нөхөх давсны уусмал, цэвэр ус, шинээр бэлтгэсэн хоол (шөл, будааны зутан, шинэ тараг) өгнө.

  • Хооллолт

Зарим эцэг эхчүүд гүйлгэж байгаа хүүхдээ их гүйлгэхээс сэргийлж хоолыг нь сойдог ч энэ нь маш буруу юм. Өдөрт 5-6 удаа хооллох бүртээ шинээр хоол бэлдэж өгөх хэрэгтэй. Гүйлгэх үед болон зүгээр болсноос хойшхи 7 хоногийн хугацаанд өөх тостой, чихэрлэг зүйлс өгөхөөс зайлсхий. Харин цагаан будаа, овъёос, хүүхдийн будаа, талх, төмс, жигнэсэн алим лийр, нухсан гадил, тараг, хар мах, загас зэргийг өгөх нь ач тустай.

Доорх шинж тэмдгүүд илэрсэн тохиолдолд эмчид хандана уу!

  • Нүд нь хонхойх
  • Ам нь их цангах
  • Хүүхэд уйлсан ч нулимс гарахгүй байх
  • Өндөр халуунтай байх
  • Цустай өтгөн гаргах

Эх Сурвалж: Баянгол Эмнэлэг.

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!