LOADING

Type to search

Эрүүл мэнд

“Хөлийн судасны бөглөрөл, нарийслийн 90-ээд хувь нь чихрийн шижинтэй хамааралтай байдаг”

Share

“УБ Сонгдо” эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн захирал, зүрх судасны мэс заслын эмч Ш.Зоригоо “Чихрийн шижин өвчний хүндрэл” сэдвээр зөвлөгөө мэдээлэл өглөө.

– Чихрийн шижин өвчний хүндрэл нь ямар байдлаар илрэх вэ?

– Чихрийн шижин гэж хүний цусан дахь сахарын хэмжээ ихсэхийг л хэлж байгаа юм. Цусан дахь сахар ихсээд ирэхээр судасны ханын бүтцэд өөрчлөлт орчихдог. Артерийн судас уян хатан, шаар шиг байдаг. Гэтэл нь хатуураад цаас шиг сүүлдээ шохой шиг хатуу болчхоор тэнд нарийсал, бөглөрөл үүсч өөрчлөлт гарна. Хүндрэлийн тухайд гэвэл тархинд цус харвах, нүдний болор цайх, зүрхний шигдээс болох, бөөрний үйл ажиллагаа алдагдаж эхэлнэ. Мөн сүүлийн үед хөлийн судасны бөглөрөл үүсээд, хөлөө тайруулах тохиолдол нэмэгдэж байна.

– Шууд хүндрэл өгөх үү?

– Өвчний үе шатнаас л хамаарна. Жишээлбэл, зүрхний шигдээс болохоос өмнө өөрт нь зовиур өгөх ёстой. Бөөрний үйл ажиллагаа алдагдах бол андашгүй шүү дээ. Хавагнаад л эхэлнэ. Хөлийн судас нарийсах үед хөл өвдөх, янгинах, даарах, явахад зовиур нэмэгдэх, булчин бадайрах зовиур эрт илэрдэг учиртай. Тиймээс чихрийн шижинтэй хүмүүс энэ зовиуруудыг илэрвэл яаралтай эмчид хандаарай.

– Аль насны хүмүүс энэ өвчнөөр түлхүү өвдөөд байна вэ?

– Хөлийн судасны нарийсал нь нэг талдаа насжилттай хамааралтай байж болно. 70-аас дээш насныхан өвдөх магадлал бий. Ерөнхийдөө хөлийн судасны бөглөрөл, нарийслийн 90-ээд хувь нь чихрийн шижин өвчинтэй хамааралтай байдаг. Чихрийн шижин туссан хүмүүсийг харахад нас залуужиж байна. 20 гаран, 20-иос дээш насны улсууд ч байна. Хотжилт, хоол хүнсний буруу хэрэглээ, хөдөлгөөний дутагдлаас өвчлөл их нэмэгдээд байна уу даа гэж харж байгаа.

– Чихрийн шижин өвчин хүүхдүүдэд тохиолдож байна уу?

-Бага тохиолддог. Ерөнхийдөө саяын хэлсэн наснаас дээш хүмүүс л тусаж байна. Ер нь ямарваа нэг өвчнөөс урьдчилсан сэргийлэхийн тулд амьдралын зөв хэв маягтай байх хэрэгтэй. Мөн урьдчилан сэргийлэх үзлэгт жил болгон хамрагдах нь чухал юм. Сахар ихэсчих юм бол хүндрэлээс сэргийлээд, дээр дурдсан эрхтнүүдээ жил болгон үзүүлж, шалгаж байх ёстой. Нэмж хэлэхэд, чихрийн шижинтэй хүмүүсийн дийлэнх нь эрчүүд байна. Мөн жин ихтэй, хөдөлгөөний дутагдалтай хүмүүс байдаг. Өөх тос, сахар хоёр нь хөдөлгөөн эсвэл өлөн байх үед задарч байх ёстой эд шүү дээ. Харин хөдөлгөөний дутагдалтай байхаар өөх тос, сахар цусанд ихээр хадгалагдаад, тэр судасны ханыг гэмтээгээд байна гэсэн үг.

– Чихрийн шижин өвчний хүндрэлийн үед хөлийн судас нарийсч, бөглөрдөг гэсэн шүү дээ. Хөлийн судас нарийсч, бөглөрөл үүсч байгаа үед ямар шинж илэрдэг вэ?

– Хөлийн судас нарийссан үед ахлахад хөл ядарч эхэлнэ. Эрээн булчингаар өвдөнө. Хөл дулаацахгүй, янгинаад даарна. Хурцаар бөглөрөх юм бол хөл тэр дороо хөхрөөд л мэдээ алдана. Тиймээс зовиур илэрвэл эмчид үзүүлэх хэрэгтэй. Эрт оношлуулаад, эмчилгээгээ эхэлбэл хүндрэлд орж, хөлөө тайруулахгүй байх бүрэн боломжтой. Ер нь бол энэ өвчнийг өөрт нь тохиолдож байгаа зовиураар л оношилж болно. Цаашлаад эхо, компьютер томографаар бүрэн оношилно.

Чихрийн шижинтэй хүн хөлөндөө маш их анхаарал хандуулж байх ёстой. Дулаахан хувцаслаж, “найдвартай” гутал өмсөх хэрэгтэй. Мөн янз бүрийн шарх үүсгэж, түүндээ хүрэх хэрэггүй. Өдөрт дор хаяж 30 минут алхах, болж өгвөл түүнээс илүү алхаарай гэж хэлье.

Эх сурвалж: zaag.mn

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!