LOADING

Type to search

Uncategorized ТҮҮХ

Эдит Пиаф: Хичнээн доошоо унаж явлаа ч, итгэлээ бүү алд

Share

Явган хүний замын дэргэд хуучин пальто хэдэрч, үс нь сэгсийсэн чөргөр бяцхан охин тун уянгалаг хоолойгоор дуулж зогсохыг Луи Лелле хараад түүнд дөхөж очив.

-За миний дүүгийн нэрийг хэн гэдэг билээ?

-Эдит Гассион

-Дуучин хүнд ийм нэр ч нэг их зохихгүй дээ. Чи чинь ингэхэд Парисын жинхэнэ бяцхан бор шувуухай байна шүүдээ. Парисынхан бор шувууг «пиаф» гэж дууддаг юм. Этгээд хэллэг гэх юм уу даа…

Эдит-Пиаф “Миний амьдрал” хэмээх номондоо бага насныхаа хүнд хэцүү амьдралын талаар олонтаа дурссан байдаг. Тэрбээр өөрийгөө гудамжны хүүхэд байсан гэж ярьдаг. Ер нь түүний ээж Эдитийг гудамжинд төрүүлээд өөрөө хаашаа ч юм алга болчихсон хэмээдэг. Эцэг нь мөн л түүнийг болон эгч Момоныг орхин явж, тэр хоёр эмээ дээрээ үлджээ.

Эдит зүсэм талх олохын тулд Парисын гудамжинд өвлийн хүйтэн цагаар дагжтал чичрэн дуулж зогсдог байлаа. Яг тэр үед нь урлагийн нэрт менежер, удирдаач Луи Лелле таарсан гэдэг. Гэхдээ л Эдитийн нэрнээс “Парис хотынхон” гэдэг нэрийг салгахад Марсель Сөрдан асар их үүрэг гүйцэтгэсэн юм. Боксын нэрт тамирчин, Марсөль муугүй дуучин гэгддэг Эдит хоёр Нью-Йоркод танилцсан бөгөөд удалгүй тэр нь хайр болон хувирч үлгэр домог мэт яригдаж эхэлсэн билээ.

Нью-Йоркийн ойролцоо Марсель Серданы суусан онгоц сүйрч, бүгд харамсалтайгаар нас барав. Тэр орой Нью-Йорк хотын “Версаль” театрт Эдит тоглох ёстой байлаа. Түүний тайзан дээр гарч чадах эсэхээс олон зүйл, нэлээд хүний хувь заяа хамаарч асан тэр үед Эдит сэтгэлийн асар их тэнхээ гарган, нүүрэндээ цав цагаан хаалт хийн гарч ирсэн юм.

Тэрбээр энэ оройнхоо концертыг Марсель Серданы мөнхийн дурсгалд зориулж байна хэмээн сөөнгөдүүхэн хоолойгоор хэллээ.Тэр орой Эдит Пиаф үнэхээр хэзээ ч дуулж байгаагүй гайхамшигтайгаар дуулсан гэлцдэг. “Би эр зоригтой байна шүү гэж уг нь өөрөө өөртөө амалсан юм. Гэвч энэхүү хүнд цохилтыг үнэхээр дааж чадалгүй хар тамхи хэрэглэх болсон. Хэдийгээр энэхүү аюулт өвчнийг эцсийн эцэст давж гарсан боловч хар тамхи миний амьдралыг дөрвөн жилийн турш яг там болгон хувиргасан билээ” хэмээн Эдит ярьсан байдаг.

Марселийг осолд орон нас барсны дараа Эдит автомашины аваарт өртөж, зүүн гар, нэлээд хэдэн хавиргаа хугалан асар хүнд бэртсэн юм. Яг энэ үед өвчиндөө зовж шаналсан Эдитийг өрөвдсөн сувилагч анх удаа морфин тарьж орхижээ. Аваар ослоос гадна амьдралд нь тохиолдсон хүнд зовлон Эдитийг үнэхээр их зовоож байсан тул тэрбээр байн байн морфин тарихыг гуйна. Эмнэлгээс гарсан хойноо Эдит мөн л морфин олж өгөхийг өөрийн бүх найз нараасаа хүсэв. Бүгд л татгалзсан хариу өгнө. Харин ганцхан Жанин л өдөр бүр түүнийг эргэж, цүнхэндээ нууцаар морфин авчран өгдөг байжээ.

Ийнхүү дөрвөн жилийн турш яг адгуус амьтан шиг амьдарсан бөгөөд надад тариураас өөр юм энэ дэлхий дээр үгүй мэт санагддаг байсан хэмээн Эдит нэгэнтээ дурссан байдаг юм. Тэрбээр морфинд асар их мөнгө зарсан. Дамчид ч Эдит хоолойгоороо сая саяаар нь мөнгө олдог гэдгийг мэддэг учир өндөр үнэ хэлнэ. Эцэстээ аль болохоор хурдхан шиг “кайф” авахын тулд тариураа буцалгах нь битгий хэл хувцсаа ч тайлалгүй хийчихдэг болов. Мөн эрүүл газар түүний хөл гаранд бараг үгүй болж, тэр аяараа хөх туяа татсан зүйл харагддаг байжээ. Эдит эмчилгээнд орлоо. Хар тамхинаас гарах эхний змчилгээний дараа сэтгэлийн гүн хямралд ордог юм шүү хэмээн түүнииг эмчлэгч эмч доктор Миго хэллээ.

Эдит өөрийнхөө биеийг барьж чадна хэмээн итгэж байв. Гэвч чадаагүй. Тэрбээр эмчийг ч, өөрийгөө ч хуурсан. Учир нь түүний бие гэнэт сульдаж, Мигогийн хэлснээр яг тэр үе эхэлсэн юм. Эдитийг үзүүлэхээр найз нөхөд нь эмч дуудсан бөгөөд дуучин маань хар тамхинаас гарах эмчилгээ хийлгэж байгаа гэдгээ хэлэлгүй тас нуулаа. Ингээд биеийн ерөнхий төлөвийг нь сайжруулж, тамир тэнхээ оруулахын тулд мансуурах бодис бүхий тариа хийв. Эдит ч дахин төрсөн мэт болж, тайзан дээрээс үзэгчдээ баясан цэнгүүлж эхэллээ. Ингээд л урьдын амьдралаа давтах болж, түүнийхээ төлөө мөнгө олж эхлэв. Энэ удаа мансуурах бодис түүний бие организмыг маш амархан эзэмдэх болсныг мэдэрч, энэхүү хорт зуршлаас өөрийн хүчээр салахаар шийдэв. Ингээд тариагаа хийлгэлгүй тайзан дээр гараад дуулах гэтэл үг нь түүний ухаан санаанд огт орж ирсэнгүй.

Тэрбээр “Би буруутай биш шүү. Намайг уучлаарай!” хэмээн амандаа шивэгнэн, чичирч зогссон гэдэг. Эдит хоёрдахь удаагаа хордлого тайлах, бие организм цэвэршүүлэх эмчилгээнд орлоо. Гэвч гурав хоноод л эмнэлгийн халаадтайгаа оргож, гэртээ ирэн тариагаа хийв. Найз нөхөд, эмч докторуудын үгийг огтхон ч тоосонгүй. Харин ч аялан тоглолт хийхээр гарч, хаана ямар хотод очиж буйгаа үл анзааран явж байв. Тэрбээр тайз, дуу, үзэгчид гэхээсээ долоо хоногийн нөөц мансуурах бодйс авчруулахаар Парис руу илгээсэн Жанингаа тэсч ядан хүлээнэ.

Эдит тайзан дээр дууныхаа үгийг сольдог болов. Тэр ч бүү хэл шинээр үг нэмдэг болсон байлаа. Хөгжимчид нь түүнээс зөрөхгүйн тулд ёстой л гайхамшгийг үзүүлэх шахна. Энэхүү аялан тоглолтынхоо дараа хорт зуршлаасаа салахын тулд гурав дахь удаагаа эмчилгээнд орлоо.

-Та дахиад л ирж байна уу гэсэн доктор Мигогийн үгэнд тэрбээр, “Би сүүлчийн удаа ирж байна. Эсвэл бүрмөсөн сална, үгүй бол өөрийгөө хорооно” хэмээн шулуухан хэлжээ.

Эхлээд түүнд өдөрт 10 тариа хийдэг байснаа аажмаар цөөрүүлж 4 болгов. Дараа нь эдгээр тариагаа ямар ч хоргүй зүйлээр солилоо. Түүнийг нь Эдит заримдаа үл анзаарна. Заримдаа ч дахин нэг дозыг хийлгэмээр байна хэмээн шаардана.

Ингээд түүний эмчилгээний сүүлчийн өдөр эхлэв. Энэ өдөр ямар ч тариа хийх ёсгүй байлаа. “Тэр миний амьдралын хамгийн урт удаан өнгөрсөн, хамгийн аймшигтай өдөр байсан. Өглөөний 11.00 цагаас оройн 17.00 цаг хүртэл галзуу юм шиг орилж өнгөрөөсөн. Дэвсгэр даавуугаа амандаа зуун, орон дээрээ хөрвөөж галзуурах нь уу даа хэмээх бодол орж ирж байсан ч, би эдгэх ёстой гэсэн ганцхан үгийг л өөртөө давтан хэлж хэвтлээ.

Ер нь тэрхүү тамлалыг хар тамхинд ороод эмчлүүлсэн хүн л ойлгох байх. Намайг цонхоор үсэрчих болов уу хэмээн дөрвөн хүн барьж суусан. Яг тэр үед доктор Миго ирээд, “За Эдит хамгийн сүүлчийн удаа нэг тариулчих уу” хэмээн асуусан. Тэр үед би хар тамхийг үзэн ядаж байна, би эдгэрмээр байна хэмээн аймаар чанга хашгирсан гэнэ.

Энэхүү тамаас гарахад түүнийг хоёр сартай байхад нь хаяад явсан ээжийн нь царай гэнэт тодрон, тэр үеэс хойш л эдгэх ёстой хэмээх бодол надад төрсөн гэж Эдит ярьдаг билээ.

Эдит ээжийгээ хар тамхинаас дөрвөн ч удаа гаргах гээд чадалгүй тэр нь өөрийнхөө энэ замаар явсаар талийгч болсон юм. Харин Эдит энэ зовлонгоосоо салж чадсан. Эдитийг эмнэлгээс гарахад нь Миго түүнд баярлалаа хэмээн хэлж, энэ хар гайгаас салгасан хамгийн анхны хүн Та боллоо, энэ бол миний анхны хамгийн том ялалт гэжээ.

Доктор Миго түүнтэй гар бариад энэ эмчилгээний дараахь гурав, зургаа, арван хоёр, арван найм дахь сар дээр тун болгоомжтой байгаарай.

Яагаад гэвэл дахин хэрэглэх дур хүсэл төрдөг гэсэн юм. Эдит ч эдгээр хоног сарыг тун түгшин хүлээдэг байсан бөгөөд удалгүй хэвийн амьдралдаа эргэж орсон юм.

Эдит Пиафын анхны нөхөр нь яруу найрагч, дуучин Жак Пиль болов. Тэр хоёр Нью-Йоркийн нэгэн бяцхан сүмд ёслолоо үйлдлээ. Эдит ч анх удаа цэнхэвтэр өнгийн хуримын даашинз өмсөж үзлээ. Тэрбээр цагааныг өмсч үнэхээр зүрхэлсэнгүй. Түүнийг Марлен Дитрих түшин явж, Эдит ч амьдралдаа анх удаа хуримын бөгжийг эрэгтэй хүнээр хуруундаа зүүлгэлээ. Мөн яг тэр үед хэрвээ энэ бөгжийг чи сугалж авах л юм бол бид хоёр салсан гэсэн үг шүү хэмээн Эдит эр нөхөртөө хэлэн, мөн л бөгж зүүж өгчээ.

Тэр хоёр тун хачирхалтай гэмээр амьдралын хэв маяг бүхий хүмүүс байсан аж. хоёулаа л тоглолтоор өөр өөр тийшээ явчихна. Харин нэг удаа тоглолт байгаагүй Эдит Жакын нүур будаг хийдэг өрөөнд ортол, “Пиль ээ! Удахгүй гарна шүү. Бөгжөө аваарай” хэмээн нүүр хувиргагч бүсгүй эр нөхөрт нь хандаж хэлэхийг сонсоод нэг л эвгүй оргиод явчихсан гэнэ. Ингээд л Эдитийн хувьд тэдний хайр сэтгэл зүйл дууслаа хэмээн үзэж, түүний энэхүү сүсэг бишрэлийн гэмээр итгэлийг нь Жак өөрчлөх гэж янз бүрээр оролдоод дийлээгүй билээ.                               

Тэд ямар ч хэрүүл шуугиангүй салцгаав. Хоёр тийшээ тоглолтонд яваад л дахин уулзалдсангүй. Жакаас салсныхаа дараа хэсэг зуур ганцаардаж, удалгүй нэг хүнтэй танилцав. Гэвч бас л өөр өөрийн мөрийг хөөн салцгаав. Эдит ч өөрт нь ямар нэг муу юм хийсэн хүнийхээ нэрийг оггхон ч дурсдаггүй заншлаар энэ удаа ч түүний алдрыг бас олонд зарласангүй. Өөрийнхөө номонд зүгээр л “энэ хүү” хэмээн нэрлэсэн байв.

Эдит энэ таагүй гэмээр хэсэгхэн хугацааныхаа амьдралын дараа уудаг боллоо. Ер нь түүний төрсөн хотод эр, эмгүй уудаг болохоор энэ нь тийм ч гайхаад байх зүйл биш байв. Харин өөрийнхөө бяцхан охиныг оршуулсны дараа Эдит ёстой ухаан алдталаа ууж, улмаар архинд орон түүнээс гарах гэж мөн хар тамхины хэмжээний түүх давтагдаж эхэлжээ. Тэрбээр архинаас гарна гэж олон удаа андгай тангараг өргөөд түүнийгээ зөрчиж байв. Мөн нэг удаагийн концертын үеэр түүний үг хэл ээдэрч, улмаар үзэгчид чухам ямар хэлээр дуулаад байна хэмээн гайхахад хүрсэн юм. Эдит архиа шууд ширээн дээрээ тавиад уудаггүй байв.

Харин эмийн шилэнд хийгээд нуучихна. Мөн зоогийн газар орохдоо портвейнд хийсэн амтат гуа, дарсанд уусгасан гүзээлзгэнэ жимс захиалах бөгөөд түүндээ согтон гуйвлаад гарна.Эдит ямар нэг шалтгаангүйгээр ууна. Тэр ч бүү хэл шөнө дунд нүцгэн хөлөн дээрээ улавч угалчихсан бааранд орж ирдэг тохиолдол ч байлаа.

Сүмд очин мөргөж гуйгаад ч архинаас гарч чадсангүй. Тэрбээр хүнтэй суулаа. Бас л амьдрал нь бүтсэнгүй хоёр тийш салав. Дахиад л ууж эхэллээ. “Өөрийгөө зүйл дуусгая л гэж бодох үе тэгэхэд төрсөн юм. Бараг амьдрал дуусчихсан байхад л босох тэнхээ ороод ирнэ. Тийм хүч өөрөө гаргаж чаддаг байлаа. Дахиад л доошоо унаж эхэлнэ. Ер нь би өөрийнхөө ойр тойрныхон, намайг хайрлаж хүндэлж явдаг хүмүүсийг их зовоосон доо. Тэд намайг яаж энэ бүгдээс салгах вэ гэхээс бараг нойр нь хүрдэггүй байсан биз. Гэвч нэг шөнө би аймаар зүйл зүүдэлсэн. Миний бяцхан охин Марсель маань зүүдлэгдлээ. Тэр байдгаараа уйлчихсан байх юм. Сэрээд түүний уйлсан гол буруутан нь би гэдгийгээ шууд ойлголоо. Ер нь миний бие зүүд зөн билэгт итгэдэг хүн л дээ” хэмээн ярьсан байдаг. Энэ өдөр Лулу Баррье Эдитийг дагуулан архины эмчилгээнд аваачиж       өгсөн гэдэг юм. Эдит энд бараг солиорлын байдалтай ирсэн боловч эмчлэгдсэн. Тэр өдрөөс хойш спиртийн төрлийн ундааг орхиж аливаа зовлон зүдгүүрийг ялж болно гэдгийн амьд жишээ болсон билээ.

Амьдралынхаа сүүлийн жилүүдэд Эдит аз жаргал гэж юу байдгийг амссан юм. Тэрбээр 26 настай Тео Сапаротай нэг гэрт орлоо. Хэдийгээр байж болшгүй зүйл хэмээн тооцогдож асан ч Тео үнэхээр Эдитэд ухаангүй хайртай байв. Эдитийн авьяасыг шүтэн бишрэгч төдийгүй сурагч нь байсан бөгөөд Пиаф л анх түүнийг тайзан дээр гаргаж ирсэн юм. Теогийн хувьд     өвчтэй, хөгшин, үзэсгэлэн гоо гэх юмгүй жирийн нэг авгай гэсэн бодол огтхон ч төрдөггүй байсан гэдэг. Тэрбээр Эдитийн алдсан бүхнийг нөхөх гэсэн мэт амьдралын нь сүүлийн жилүүдэд эр нөхөр гэхээсээ хүүгийн    ёсны халамж үзүүлж, гар дээрээ өргөж байсан юм. Тэгээд ч Эдитийн хамгийн их айдаг асан ганцаараа үхэх бий дээ гэсэн болгоомжлолыг арилгаж, эцсийн амьсгалаа хураатал нь хамт байсан билээ. Эдитийн амьдралыг эрч хурдтайхан харваж одсон одтой адилтгаж болохоор байдаг. Тэрбээр өөрөө өөрийгөө үгүй хийх мэт тэртээ далайн ёроолд унаснаа дахин сэргэн босч, ялалт, ялагдлын аль алиныг хангалттай амссан юм. Энэ бүхэн нь түүнд асар их нөлөөлж, бараг идэр залуу гэж хэлж болох 48 насандаа таалал төгссөн. Түүнийг мянга, мянган хүн сүүлчийн замд нь үдэж, Парисын Пер- Лашез дахь оршуулгын газар нутаглуулсан юм. Өнөөдөр ч түүний шарил дээр амьд цэцэг байнга харагддаг бөгөөд тэрбээр Францын бас нэг бэлгэ тэмдэг байлаа.

Болжмор шиг төрж,

Болжмор шиг амьдран

Болжмор шиг дууслаа хэмээн тэртээ нэгэн цагт бяцхан Эдит өвлийн хүйтэнд дагжтал чичрэн явган хүний зам дээр дуулж зогссон юм. Парисынхны этгээд хэллэгт болжморыг «Пиаф» гэдэг билээ.        

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!