LOADING

Type to search

Uncategorized

Алдарт зохиолч Сергей Есенин тийм ч яадгаа алдсан архичин байгаагүй

Share

Нэрт найрагч Сергей Есенин нэгэнтээ өөрийнхөө намтарт ийнхүү бичсэн байдаг юм. “Манай яруу найргийн хамгийн үнэнч шүтэн бишрэгчид нь янхнууд, дээрэмчид юм. Бид ч тэдэнтэй хэзээд тун ойрхон нехөрлөж иржээ. Харамсалтай нь коммунистууд биднийг огтхон ч тоодоггүй”.

Хэрвээ янхан, дээрэмчин, коммунист гэсэн гурван үг нэг дор орсныг эс тооцвол эндээс Есениний хувийн зан араншигаас нэлээд зүйлийг хэлээд өгөх өгүүлбэр бол энэ юм.

1924 онд Орост нэр цуу нь нэгэнт түгээд байсан найрагч Есенин “Ермаковка” хэмээх хоног төөрүүлэх газарт үнэхээр янхан, луйвар, тонуулаар амьдрагчдад зориулсан шүлгээ уншихаар Москвагийн Эрүүгийн цагдаагийн даргатай хамт очиж байсан тухай Н.Никитин дурссан байдаг юм.

Тэд уг нь аюулгүй байдлаа хангах гэж л цагдаагийн даргыг энгийн хувцас өмсүүлэн дагуулж явж л дээ. Найрагч уг газарт ороод л хамгийн наад захын нааран дээр нь зогсч байгаад,

“Явган хэрүүл, орилоон хашгираан үл тасрах,

Ёрын гэмээр тас харанхуй энэ нүхэнд

Янхан хүүхнүүдтэй шүлгээ би уншина,

Яахаас ч буцахгүй луйварчидтай дарс гударч сууна”. хэмээн уншиж эхэлтэл нөгөөдүүл нь баярлаж, талархах нь байтугай харин ч энэ нэг хачин амьтан хаанаас гарч ирчихээд бидний тухай юу донгосоод байна гэсэн маягтай харцгааж буй нь тэдний нүүрэнд тодорхой байв. Ер нь л нөхцөл байдал нэлээд түгшүүртэй болоод ирсэнд Есенин гэнэт шүлгийнхээ сэдвийг өөрчлөн, ойн цоорхой, хонгорхон шаргал үс, эхийн тухай уншиж эхэлтэл сонсож буй хүмүүсийн харц нь огт өөр болж, улмаар олон хүн уйлцгааж эхэлжээ.

Тэр ч бүү хэл Эрүүгийн цагдаагийн дарга хүртэл тухайн үед нулимсаа сэм арчиж зогссон гэдэг юм.

Үүнийг тайлбарлахад амархан байлаа. Үдшийн цэнгээн юм уу, уран зохиолын хүрээнд Есенинээс нэлээд тийм зөрчилдөөнтэй шүлэг уншихыг шаарддаг бол жирийн иргэд түүнээс жинхэнэ орос хүний сэтгэлийн үгээр илэрхийлсэн гэр орон, бага нас, ээжийн тухай сонсохыг хүсдэг байсан юм.

Найрагч өөрөө ч хоёр хүнээс бүрдэх мэт аашилж аягладаг байсныг нэлээд хүн ярьдаг юм. Нэг Есенин болохоор архи дарс хөөн, зодоон нүдээн хийгээд явчихдаг бол, нөгөөх нь хэрэгтэй гэсэн үед бүсгүйчүүдэд дээд зэргийн анхаарал халамж тавихын зэрэгцээ Орос орондоо үнэхээр сэтгэл зүрхээрээ хайртай гэдэг нь илэрдэг байлаа.

Москвад Есенин 1916 онд ирсэн. Тэрбээр армиас оргочихоод энд ирсэн байв. Энд Николай Клюевын удирддаг хөдөөгийн найрагчдын дугуйланд орон, үнэхээр тосгоны жирийн нэг залуу мэт хувцаслан явдаг байлаа. Харин энэ зуураа сурч, түүний нэр алдар ч энд тэнд бас дуулдах болж ирсэн юм.

Есенин хэвлэлийн газар ажиллаж байхдаа эхлээд эндэхийн үсэг өрөгч Анна Изрядноватай гэрлэн хүү төрүүлж түүндээ Юрий хэмээх нэр өгсөн. Удалгүй салж Зинаиде Райхтай нэг гэрт орж, улмаар Константин, Татьяна хэмээх хоёр хүүхэдтэй боллоо. Гэтэл 1921 онд Луначарскийн урилгаар Москвад Айседора Дункан ирлээ. Ингээд нэгэн театрт болсон Дунканы тоглолтын дараа түүний гоо заслын өрөөний том толин дээр эрхэм найрагч Есенин, “Би Дунканд хайртай” хэмээн бөгжнийхөө очир алмаасаар зурж бичээд гурвын гурван томоос том анхаарлын тэмдэг тавьж орхисон нь Дунканыг бараг ухаан алдуулах шахсан юм.

Ийнхүү тухайн үед 45 нас хүрээд байсан Дункан, түүний бараг хүүхэд гэмээр насны зөрүү бүхий Есенин хоёрын гал халуун дурлал оволзож эхлэв. Дункан ч Есенинийг өөрийн гартаа авч, өмсөх хувцсыг нь хүртэл өөрчлөв.

Тэрбээр бортогон малгай, үнэтэй шаахай, өргөн пальтогоор гангарах боллоо. Мөн сайхан ч зохиж байв.

Ингээд бүжигчин Дункан Орост уйдаж эхлэн Европ руугаа явах болж, Есенинд виз авах үүднээс Хамовничийн дүүрэгт гэр бүл болсноо бүртгүүлж удалгүй тэр хоёр онгоцоор Берлин нисчээ. Харин тухайн үед яруу найрагчаас Апександр Кусичев хэмээх эр алхам ч холддоггүй байсан бөгөөд тэр мөн цуг явсан гэдэг. Энэ хүн чухам хэн байсан, ямар зорилготой яруу найрагч түүнийг хажуудаа чирч явдаг байсныг хэн ч мэддэггүй байсан.

Есенин Европт очоод ёстой л хаадын гэмээр амьдралд умбах болж, яруу найрагчийг энэ хэв маяг тун их эвдэж байв. Мөн Есенинийг өрнөдөд “коммунист” хэмээн тооцож байсны зэрэгцээ өөрөө ч Орос орныг хэн нэгнээр хараалгах тун дургүй байсан юм. Ерөнхийдөө Европг уйдах болж, Дункан тэр хоёрын дунд үө үө ширүүн хэрүүл дэгдэж, зодоон цохиондоо хүрнэ.

“Дункан намайг оросоор хараан, алгадаад авахад тун их таашаал авсан байртай зөөлрөөд ирдэгсэн. Мөн янзын дамшиг шүү” хэмээн Есенин Наталья Крандиөвская Толстойд ярьсан байдаг юм. Нэг удаа Есенин “Адлен” зочид буудлаас зугатааж, хотын захад орших бяцхан сувиллын газар очоод хэвтчихэж гэнэ. Харин гурав хоногийн дараа уурлаж, хилэгнэсэн Дункан түүнийг олж, уртаас урт ташуур барьж ирэн бараг буулгах шахан туулиад Есениныг дагуулан гарчээ. Дараачийн өдөр нь зочид буудлын нь өрөөнд эрхэм хатагтайн эвдэлж, хэмхэлсэн зүйлийн жагсаалт бүхий аймаар тоотой төлбөрийн даалгавар ирсэн гэдэг юм.

Тэд Берлинийг орхин Парист ирж, эндээсээ Америк явав. Гэтэл эндэхийн сонинууд түүний зургийг томоос том гэгч нь тавиад дор нь “Дунканы эр нөхөр Украины яруу найрагч, алдар цуут” хэмээн бичсэн байсан нь үнэхээр их хилэгнүүлжээ. Энд тэр хоёрын хэрүүл бас л тасарсангүй. Есенинд Америк бараг тэр чигээрээ таалагдаагүй бөгөөд гагцхүү ганцхан негртэй л танилцаж нэлээд хэдэн орой түүнтэй тасартлаа вискджээ.

1923 онд Сергей Есенин Дунканаас салж Москвадаа ирлээ.

Ийнхүү Есениний “Согтуу Москва” хэмээх үе эхэлж, байнга шахам хөлчүүрхэн баар, зоогийн газраар хэсэх болсон юм.

Тэрбээр энэ үедээ Галина Бениславскаятай танилцаж, энэ бүсгүй түүнийг аврах гэж оролдоод бүтсэнгүй. Есенинийг шүтэн бишрэгчид урьдын адил бүчсээр байсан хэдий ч түүний эрүүл мэнд найзуудын нь сэтгэлийг тун их зовоож байлаа.

Гэхдээ яг энэ үед л “Эхдээ бичих захидал” мэтийн үнэхээр сонгодог хэмээн тооцогддог шүлгүүд нь бичигдсэн. Харин нас барахынхаа өмнөхөн их зохиолч Л.Толстойн ач охин болох С.А.Толстоятай гэрлэлээ. Энэ бүсгүй ч түүний амьдралд ихээхэн түшиг тулгуур болж, хайр халамж гэж юу байдгийг яруу найрагчид жинхэнэ утгаар нь мэдрүүлж эхэлсэн гэдэг юм.

Есениний биеийн байдал өдөр ирэх бүр дордож, хий юм түүний нүдэнд үзэгдэх болсоор тун удав.

Ингээд сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хэвтлээ. Харин Ленинград явахынхаа өмнө бүх л төрөл төрөгсөд болон өөрт хамаатай хүмүүстэйгээ салах ёс хийж буй мэт бүгдтэй нь уулзаад явсан гэдэг юм. Яруу найрагчийг энд “Ангелетер” зочид буудлын тэр нэгэн өрөө хүлээж баисан билээ.

Есениний өрөө үл ялиг онгорхой байсан. Тэрбээр босгоныхоо дэргэд дөнгөж саяхан индүүдсэн болов уу гэмээр өмдтэйгээ нэг л эвгүй байдалтай хэвтэж харагдсан. Түүний пиджак сандалын ард тохоостой байлаа. Уг өрөөний ерөнхий төрх нэг л тохь тух муутай хүйтэн санагдсан. Энэ өрөөнд ганц цэцэг ч байгаагүй. Ном ч алга байлаа. Есениний ганц хогшил болох чемодан нь онгойчихсон буй харагдсан. Түүнээс гадаадын нэгэн гоёмсог хийцийн зангианууд өт могой шиг мушгиралдан цухуйсан байсан. Ер нь ийм олон зангиатай хүн би урьд өмнө нь үзээгүй юм билээ.

Ийнхүү Есенин амиа хорлосон нь тодорхой болж, чухам яагаад тэрбээр гэрээс бичиг үйлдээгүйд ихэд гайхацгааж байсан. Тэрбээр Баяртай миний найз, баяртай, Хонгорхон чи минь миний зүрхэнд хэзээд мөнх орших болно” гэсэн үгтэй зурвас л үлдээсэн байлаа” хэмээн уг хэрэг явдлын гэрч ярьсан байдаг юм.

Энэ хэрэг явдлаас хойш яг нэг жилийн дараа Есениний шарилын дэргэд Галина Бениславская чамархайдаа буудан амиа хорлосон билээ.

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!