LOADING

Type to search

Uncategorized ТҮҮХ

Гэрийн эзэгтэйгээс алдартай тагнуулч болсон Мата Хари

Share

Мата Хари бол XX зууны эхэн үеийн дэлхийн хамгийн алдартай тагнуулч бүсгүй юм. Түүний нэр алдар хутган үймүүлэгч хурандаа Лоуренсын дараа, “барын нүдэт хатагтай Доктор” хэмээн нэрийдэгч буюу Европын бараг ихэнх хунтайжийн дурлалт бүсгүй нь байсан нэгэн эмэгтэй тагнуулчийн өмнө бичигддэг юм. Янз бүрийн тагнуулын байгууллагад ажиллаж байсан энэ “гурвалыг” нэгтгэдэг нэг зүйл бий. Тэр нь зөвхөн хувийн давуу чанар л амжилт авчрах тийм нөхцөлд тагнуул үйлдэж байсан билээ.

Мата Харийн амьдрал эдүгээ бараг домог болсон тул аль нь үнэн, аль нь зохиомол вэ гэдгийг ялгахад тун бэрх байдаг. Үүнийг тогтоохын тулд олон арван улс орны тагнуулын байгууллагын мэргэжилтнүүдийг оролцуулан тусгай архивуудад нарийн судалгаа хийх шаардлага гарч ирдэг. Хэрэг явдал нэгэнт ужгирч, өнгөрсөн үеийн хар хуудсыг дахин сөхөхийг мэдээжийн хэрэг хэн ч хүсэхгүй билээ. Тэгээд ч тэр бүсгүй үнэхээр алдартай тагнуулч байв уу, аль эсвэл бусдын атаа жөтөө, шунал тачаалын галд шатсан өндөр үнэтэй, үзэсгэлэнт нэгэн эрвээхэй байв уу гэдгийг тогтоох тун хэцүү гэдэг нь ойлгомжтой билээ.

Ингэхэд арслангийн ордод төрсөн хүмүүсийн зан араншингийн тодорхойлолтыг харвал, тэд элдэв адал явдалд орооцолдох ихээхэн дуртай гэжээ. Мөн хувиа хичээмтгий, нэр алдарт дуртай, бусдаас ялгарах хүсэл байнга оргилж явдаг, чухал хүн болохыг хичээдэг, бардам зантай, өөрийгөө хэт үнэлдэг, зугаа цэнгэлд дуртай хэмээн тодорхойлсон байдаг юм. Мата Харийн зан авир энэ зурлагатай яв цав тохирдог. Түүнд байгаль ээж гуалиг бие, тас хар үс заяасан. Мөн ер бусын гэж хэлмээр намтрыг ярьж, тэр нь үе үе өөрчлөгддөг.

Тэрбээр Энэтхэгт шашны нэгэн зүтгэлтний гэр бүлд төрж, тун хатуу сахилга журамтай өссөн гэж ярьдаг байсан гэнэ. Харин түүнийг сүмд мөргөж байх үед нь нэгэн англи офицер харан дурлаад улмаар хулгайлсан хэмээн ярьсан байдаг юм. Офицер ч өөрийн нутаг нэгтнүүдийнхээ ёс уламжлалыг үл харгалзан залуухан охиныг эхнэрээ болгон авч нэг хүү төрүүлсэн байна. Гэвч аз жаргалтай байсан гэр бүлийг нэг л өдөр гашуун зовлон нэрвэж, бурхан шашнаасаа урван тэрсэлсэн охиныг шийтгэх хүсэлдээ автагдсан тэдний зарц хүүхдэд хор өгөн амь насыг хороочихжээ.

Энэ зарцынхаа багалзуурыг өөрийнхөө гараар шахаж алсан гэж Мата Хари ярьдаг. Гэвч энэхүү турь муутайхан бүсгүй саваа мэт нарийхан хуруугаараа хэрхэн, яаж багалзуурдсаныг нь асуух хүн байдаггүй.

Тун удалгүй бас л бурхан шийтгэж түүний нөхөр халуун хумхаа өвчнөөр нас барсан, өөрөө идэх хоол ч үгүй гав ганцаараа үлдсэн тухай тэрбээр хуучилдаг байсан аж. “Гэвч би амьдралд бууж өгөөгүй. Харин ч түүний төлөө өөрийнхөө авьяас билгийн тусламжтайгаар тэмцэж эхэлсэн” хэмээн ярьдаг юм. Энэ үнэн байсан. Тухайн үед Мата Хари тун сайн бүжигчин гэдгийгээ аль эрт харуулчихаад байлаа. Түүний тоглолтын өмнө Мата Хари уг бүжгийг лам нараас сурсан гэж зарладаг байсан бөгөөд нээрээ ч уян тачаангуйд урин дуудсан ч гэмээр, шашин сүмийн ёс жаяг гүйцэтгэж буй ч гэмээр хөдөлгөөнөөр түүний бүжгүүд дүүрэн байсан билээ.

Харин Мата Хариг Германы тагнуулын албанд “Н-21” нууц нэрийн дор ажиллаж эхэлсний дараа мэргэжилтнүүд түүний бүжиг Энэтхэг гэхээсээ Индонези маягийн юм гэсэн дүгнэлтэд хүрч байжээ. Мата Хари ч өөрийнхөө намтрыг ялимгүй өөрчилж, түүний аав Голланд, ээж нь Ява арлын гаралтай хүн байсан хэмээн ярих болов. Тэрбээр Индонезид төрж, 15 настайдаа эмэгтэйчүүдийн сүмд орсон аж. Тэнд түүнийг франц лам хүчиндэж сүмээс хөөн гэрт нь хүргэж өгчээ. Гэрийнхэн нь түүнийг байнга зодож, нүдэн дахин хүмүүжүүлэхээр Индонезийн нэгэн сүмд өгсөн бөгөөд аз таарч нэгэн англи офицер тааралдан түүнийг хулгайлж авсан гэдэг аж.

Энэхүү хоёр домогт, англи офицер хулгайлсан гэдэг нь хоорондоо таардаг бөгөөд Мата Хари та хэн бэ гэсэн асуулт өөрийн эрхгүй тавигддаг юм.

Түүний жинхэнэ нэр нь Маргарет Целле. Голландад төрсөн. Түүний эцэг бүрх малгай хийдэг, тов хийсэн амьдралтай айл байв. Гэвч охин нь энгийн амьралтай эцэг эх хоёрынхоо алиныг ч дууриасангүй. Бараг хар багаасаа амьдралын зарим нэг “сайн, сайхан” зүйлтэй танилцаж, улмаар 19 настайдаа колончлогч орны армийн нэгэн ахмадтай танилцан, улмаар Индонези явжээ.

Маргарет Целле эрэгтэй хүний зүг хараа бэлчээх дуртай нэгэн гэдэг нь тун удалгүй мэдэгдэж, түүний эр нөхөр ахмад Кэмпбелл Маклид хардсандаа архинд орлоо. Гэр бүлээ ч цуцлав. Хэдийгээр хүмүүс өнгөн дээрээ залуухан бүсгүйг өрөвдөн хайрлаж байсан ч далдуур түүний хайр дурлал, хормой хотны паянг жиг жуг ярилцсаар байсан юм.

Маргарөт өөрийн гэсэн хувцас хунархнаа аван Парист ирэв. Хэдийгээр түүнд мөнгө төгрөг, тал тохой татчихаар танилын холбоо байгаагүй ч гоо үзэсгэлэн, мөнгөний төлөө хэнтэй ч нэг оронд ороход бэлэн сэтгэлгээ хоёр байлаа. Тэрбээр нэлээд хэдэн удаа Индонезийн үндэсний бүжгийг дууриан тоглолт хийсэн боловч, энэ байтугай юм үзсэн Парис огтхон ч тоогоогүй тул шатаад л дууслаа. Ингээд төрөлх Голланддаа ирсэн боловч энд бас л түүнийг “ойлгосонгүй”. Бүрх малгайн эзний охин харин энэ хугацаанд учир нууцлаг алхаа бүхий нас бие гүйцсэн сайхан хүүхэн болж, шийдвэр гаргахдаа тун зоригтой нэгэн болсон нь ажиглагджээ.

Тэрбээр овог, нэрээ солилоо. Мата Хари буюу “Өдрийн харц” гэсэн нэр авч, Парист дахин ирээд өөрийнхөө тухай бүх л таньдаг мэддэг эрчүүддээ дуулгахын тулд шар хэвлэлээр баахан шуугиулжээ. Мата Хари энд сүүлчийнхээ хэдэн зоосыг шавхаж байгаад баячуудын буудаг “Гранд Отеле” буудалд ганц өрөө хөлслөн орлоо.

Үнэндээ Маргарет буюу Мата аз туршихаас огтхон ч эмээдэггүй байсан. Хэдэн жил энд тэндэхийн эрчүүлтэй орооцолдож явсныхаа эцэст Лионын нэгэн баян, үйлдвэрийн эзэн Гуимэгийн хүрээнийхний өмнө Мата Хари бүжгээ хийх аз тохиох нь тэр.

Европчууд дорнын бүсгүйчүүдийг тэр аяараа нууцлаг ертөнц хэмээн үздэг байв. Ялангуяа янаг, амрагийн явдалд яасан ч европ бүсгүйчүүдийг дагуулахгүй гэсэн ойлголт тэдний ухамсарт гүн бат суусан байлаа. Мата Хари ч яг ийм бодол, санаа бүхий хүмүүсийн өмнө дорнын бүжгийг хийснээс үүдэн агшин зуурын дотор асар их амжилтад хүрэн, зоогийн газар, концертын танхим, ор дэрийг ёстой л нэг цангасан мэт дамжиж байсан юм.

Түүнийг бараг дэлхийд анх удаа тайчих урлаг үзүүлсэн бүсгүй гэлцэх нь бий.

Тэрбээр үзэгчдийнхээ өмнө нимгэн нөмрөгтэй гарч бүжиглэн, улмаар төгсгөлд нь түүнийгээ авч хаян эхээс төрсөн чигээрээ үлдэж, энэ дэлхийд бараг анх удаа тайчих урлагийг нийтэд үзүүлсэн гэж хэлж болох юм. Тэгээд ч түүнд хүнд үзүүлэх гоо сайхан бие бялдрыг бурхан харамлаагүй бөгөөд тухайн үедээ өөрөө ч эргэн тойрноо бараг мартсан юм уу гэмээр харагддаг байв. Мөн эрчүүдийн гар түүний биед хүрэх төдийд л гал дүрэлзэж буй мэт онгодыг нь улам оруулдаг байсан аж.

Өрнөдөд Мата Хари бүсгүйн тухай нэлээд хэдэн кино хийсэн. Бүгд л тагнуулч гэхээсээ ор хөнжлийн нь авьяас чадварын тухай өгүүлснээрээ онцлогтой байдаг. Эдгээр кинонуудаас үзвэл Мата Хари нууц мэдээгээ бүжгийн завсар хоорондуур юм уу, эсвэл нэг орон дотор байх үөдээ онцолсон хүмүүсээсээ амархан асуугаад лавлачихдаг байсан бололтой, Мөн немц, франц, хөгшин залуу хүмүүстэй тансаг буудал, хөдөө гадаа, шороо, тоосыг үл хайхран хаана л бол хаана үүл, борооны явдалю үйлдчихнэ. Нэгэн кинонд дээдсийн хүрээний үдшийн цэнгээний үеэр хэсэг эрчүүд хоорондоо мөрий тавьдаг. Хэрвээ Мата Хариг сайтар халаагаад өгвөл бидний нүдэн дээр таалагдсан хүнтэйгээ шууд унтана, үгүй гээд л мөрийцдөг. Эцэст нь найрлагч олны гол дунд байрлуулсан орон дээр Мата Хари бүжгээ дуусгаад сонгож авсан залуутайгаа шууд эр, эмийн ажил хийж эхэлдэг бөгөөд түүний нүдэнд орчин тойрноосоо айж, ичсэн шинж огтхон ч ажиглагддаггүй юм. Яг өөрийнхөө бүжгийг бодит амьдрал болгон хувиргаж буй мэт харагддаг ажээ.

Мата Хари дэндүү замбараагүй гэмээр амьдралын хэв маяг хөөсөн бүсгүй нь үнэн. Зарим нэг хүн түүнийг ердөө л янхан байсан гэдэг. Түүнтэй ганц шөнийг өнгөрөөх хүсэлтэй, нэр нөлөө бүхий олон арван эрс байсан. Мата ч дуртай зөвшөөрдөг байсан бөгөөд ялангуяа мөнгөний сураг сонсвол бүр ч амархан зөвшөөрдөг байлаа. Тэрбээр үйлдвэрийн эзэн Гуимэгийн дараа, шоколадны хаан Меньед очиж, дараа нь үе залгамжилсан хунтайж, сайд, генералуудтай нэг хөнжилд ээлж чөлөөгүй шахам орох болж, эцэстээ өөрийн мэргэжил нэгт нөхөд, дарга нартайгаа хүртэл дэрээ хуваалцах боллоо.

Мэдээжийн хэрэг ийм амьдралтай бүсгүй Германы нууц алба, Францын тагнуулын “Хоёрдугаар товчоо” хоёрын анхаарлыг шууд таталгүй яахав. Германы нууц албаны ажилтан, “Хатагтай Доктор” хэмээх нууц нэр бүхий бүсгүй Шрагмюллерээр дамжуулан Мата Хариг элсүүлж авчээ. Зарим нэг эх сурвалжаас үзвэл Мата Хари тухайн үед мөнгөөр асар их гачигдаж, шүтэн бишрэгчид нь болж өгвөл түүнийг үнэгүй эзэмдэх сонирхлоо ил тод илэрхийлдэг байв. Тийм ч учраас мөнгөний үүднээс тагнуулын албанд ажиллахаар зөвшөөрсөн биз ээ хэмээн үздэг.

Мата Хари Лоррах дахь тагнуулын сургуульд тусгай бэлтгэл хийсэн. Түүнийг тагнуулын нарийн ширийн зүйлд сургаж байсан бөгөөд харин мань бүсгүй энэ үеэр тус сургуулийн захирлын толгойг эргүүлж дөнгөсөн юм. Тийм ч учраас онц дүнтэй төгсчээ.

Сургуулиа төгсөөд огт шинэ орон зайд орлон тоглох хэрэг гарсан тул нөгөө л ээлжит аялалдаа орж, багагүй мөнгөтэй болж ирэв. Мөн өөрийнхөө нууц амрагуудыг дарамталж байгаад нууц мэдээний шифр, дайны үед Францын арми хэрхэн зохион байгуулагдах, Оросын жанжин

штабын нууц материалууд, түүнд ухаангүй дурласан англи офицероос ерөнхий командлагч, Лорд Китеенерийн суусан “Кэмпшир” хөлөг далайд хэзээ гарах /Энэ үед нь германчууд живүүлсэн/ хугацаа зэргийг маш нарийн мэдэж чадсан юм. Гэвч энэ бүх “гавьяаны” ихэнх нь зохиомол домог яриа байсныг хожим судлаачид тогтоосон. Гагцхүү Мата Хари мэдээлэл цуглуулан, германчуудад дамжуулдаг нь үнэн бөгөөд тэр нь онцын анхаарал татахааргүй зүйл байсан гэлцдэг юм.

Арслангийн ордныхон тийм ч ухаантай байдаггүй гэх яриаг ортой хэмээдэг тал бий. Гэвч дарга нар нь түүнийг “үнэлдэг” байсан. Тухайлбал дайн эхлэхийн өмнөхөн Мата Хариг цэргийн хамгийн том хээрийн сургуульд авч очин, орой нь ширээн дээрээ тачаангуй бүжгийг нь шөнөжингөө бүжиглэн таалан цэнгэжээ.

Мата Харид янз бүрийн орны тусгай албаны нууц төлөөлөгчидтэй чөлөөтэй уулзаж, элдэв мэдээлэл цуглуулах боломж мэдээжийн хэрэг өргөн байв. Тэрбээр Европын орнуудын нийслэлээр чөлөөтэй зорчиж, дайн эхлэх үеэр Улаан загалмайн нийгэмлэгийн гишүүн болсон тул фронтын ойролцоохь бүсүүдэд чөлөөтэй зорчдог байсан юм.

1916 оны дөрөвдүгээр сард Францын тагнуулын албаны дарга, ахмад Ладу түүнийг өөртөө элсүүлээ. Тэрбээр давхар ажиллаж болно гэдэгтээ итгэл дүүрэн байв. Гэвч өөрийнхөө хүчийг тэр дутуу үнэлсэн байлаа. Өөрөөр хэлбэл түүний нууц амрагийн тоонд тухайн үед Берлиний цагдаагийн дарга, Герман, Францын цэргийн атташе, Францын ГЯЯ-ны сайд гээд өч, төчнөөн эрчүүд байсан юм. Харин энэ бүгдийг яаж зохицуулан, өөрийнхөө мөрийг хэрхэн балладаг байсныг зөвхөн бурхан л мэдэх биз ээ гэлцэх нь бий. Ингэхэд Мата Хари францчуудын Маров хэмээн дууддаг Оросын армийн ахмадад л үнэн сэтгэлээсээ хайртай байсан тухай яриа байдаг. Гүн А.Игнатьев “50 жил нэг жагсаалд” номондоо уг офицерыг Маслов гэдэг нэртэй хэмээн дурдсан байна билээ. Мати Хари нэгэн кинонд дайны талбарт шархадсан ахмадыг авран дээвэр дээрээ нууж бие сэтгэлийн дэмээр эдгээж байгаа тухай өгүүлдэг хэсэг бий. Гэвч ахмад Маслов хэзээ ч дайнд оролцож байгаагүй нэгэн билээ.

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!