LOADING

Type to search

Онцлох

Ц.Эрдэмбилэг: Гадаадад эмчлүүлэх жагсаалтад орсон дараах өвчний эмчилгээний нийт төлбөрийн 5%-ийг буцаан олгоно

Share

Эрүүл мэндийн яамны удирдлагууд мэдээлэл өгч байна.

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг манай улсад хийх боломжгүй эмчилгээг гадаадын улсад хийлгээд ирсэн иргэд төлбөрөө хэрхэн буцааж авах талаар сэтгүүлчийн асуултад хариуллаа.

Тэрбээр “Монгол Улсад эмчлэх боломжгүй 26 төрлийн өвчний жагсаалт байдаг. Эдгээр 26 төрлийн өвчнийг эмчлэх мэргэшсэн боловсон хүчин байхгүй, өндөр технологи орж ирээгүй шалтгаанаар манай улс эмчилж чадахгүйг Эрүүл Мэндийн сайдын тушаалаар баталсан байдаг. Энэ жагсаалтад орсон эмгэгээр иргэн гадаадад эмчилгээ хийлгээд ирсэн тохиолдолд ЭМЯ-ны тусгай зөвлөлөөр асуудлыг хэлэлцдэг. Ингэхдээ тухайн эмчилгээнд зарцуулсан төлбөрийн баримт дээр үндэслэн нийт төлбөрийн 5%-ийг буцааж олгодог.

Эмчилгээний мөнгийг урьдчилаад өгч болдоггүйн шалтгаан нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээ нэг стандарт, тариф байхгүй, мэс засал, хагалгааны явцад хэчнээн ширхэг эмнэлгийн хэрэгсэл зарцуулах нь тодорхойгүй, хүндрэл үүсээд хэвтэн эмчлүүлэх тусламж үйлчилгээ сунжрах, өртөг нь нэмэгдэх асуудлууд байдаг учир хамгийн сүүлийн баримт дээр тулгуурлан буцаан олголт өгдөг. Урьдчилаад мөнгө өгчихөөр эмнэлгийн тусламж, үйлчилгээг авсан эсэхийг эргээд хянах боломжгүй болдог тал бий.

Монгол Улсад уналт таталттай, тархины саа, саажилттай хүүхдүүд байдаг. Энэ хүүхдүүдэд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээг шинэ түвшинд гаргах үүднээс оношилгоо, эмчилгээний нэмэлт тоног төхөөрөмжийг худалдаж авах, гадаадын өндөр хөгжилтэй орноос мэргэшсэн эмч нарын багийг Монголд авчирч үндэсний хэмжээнд эмч нараа сургах хүсэлтээ боловсруулаад Засгийн газрын хуралдаанд танилцуулж, нөөц хөрөнгө гаргуулахаар ажиллаж байна.

Өвдсөн хүмүүсийг гадагш нь явуулаад байх биш эх орондоо эмчлэхэд анхаарна.

Эрүүл мэндийн салбарт 2021 оны төсвийн тодотголоор урд хожид баталж байгаагүй хэмжээний хөрөнгийг баталсан. Энэ хүрээнд Монгол Улсын бүх аймагт томографийн, бүх бүсийн оношилгоо эмчилгээний төвд ангиографийн болон MRI аппарат, нийслэлийн эрүүл мэндийн төвүүдэд тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн. Манай салбарт тоног төхөөрөмжүүд гологдохооргүй болж байна.

Гэхдээ иргэдийн дундах оочер дугаар байгаа. Эрүүл мэндийн салбарт эрэмбэлэн ангилалтын кодын систем байдаг. Хэрэв тухайн иргэний амь насанд аюултай яаралтай тусламжийн үед оочер гэхгүйгээр шинжилгээнүүдийг хийх боломжтой. Төлбөр тооцооны хувьд өндөр өртөгтэй шинжилгээнүүдийг ЭМДҮЗ-ийн тогтоолоор 70%-ийг даатгалаас төлдөг. Үлдсэн төлбөрийг иргэн өөрөө төлнө.

Тархины саа, саажилттай хүүхдүүдийн булчингийн чангарлыг сулруулах мэс ажилбарыг эх орондоо хийхээр Турк улстай холбоо тогтоогоод эхэллээ. Туркээс мэргэжилтнүүд ирнэ, гадаад руу монгол эмч нарын багийг ч явуулна.

2022 оны 3, 4 дүгээр улиралд тархины саажилттай хүүхдийн булчингийн чангарлыг сулруулах мэс заслыг дотооддоо хийхийг зорьж байна” хэмээн хариуллаа.

зураг
зураг
зураг

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!