LOADING

Type to search

Онцлох

Долдугаар сарын цаг агаар ямар байх вэ

Share

2022 ОНЫ 7 ДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

ТАНЫ АНХААРАЛД

     Дэлхийн цаг уурын байгууллагаас тогтоосноор олон жилийн дундаж (ОЖД) утга гэдэг нь 1991–2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг. Сарын цаг агаарын урьдчилсан мэдээнд сарын дундаж агаарын температур, нийлбэр хур тунадасны хэмжээг дараах дөрвөн бүс нутгаар тус бүрээр урьдчилан мэдээлнэ.

  • Баруун (Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баянхонгор)
  • Төв (Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Орхон, Дархан-Уул)
  • Зүүн (Хэнтий, Дорнод, Сүхбаатар)
  • Говь (Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говь-Сүмбэр)

     Цаг агаарын үзэгдэл нутгийн 30 хувиас хэтрэхгүйгээр зурвас газраар ажиглагдах тохиолдолд “зарим газраар”, 30-70 хувьд “ихэнх нутгаар”, 70 хувиас дээш нутгийг хамрах тохиолдолд “бүх нутгаар” гэсэн нэр томьёо хэрэглэдэг. Дулааны улиралд агаарт болон хөрсний гадарга дээр температур 0°-аас бага болж хүйтрэхийг “цочир хүйтрэл” гэнэ.

     Сар, улирлын урьдчилсан мэдээний талаар лавлах бол Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн  11-326606 утсаар холбогдох болон “Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн  “Орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтэс” -ээс тодруулах боломжтой.

7 ДУГААР САРД АЖИГЛАГДСАН ЦАС

Монгол орны хэмжээнд 1975–2021 оны 7 дугаар сард цас ажиглагдсан тохиолдлын тооны явц (а) болон орон зайн тархалтыг (б) тус тус харуулав. Үүнд тохиолдлын тоог тооцоолохдоо тухайн жилийн 7 дугаар сард цас ажиглагдсан тохиолдлыг станцын тоо болон орсон давтамжийн нийлбэрээр илэрхийлэв.

Зураг 1а–аас харахад 1985–1995 онуудын хооронд харьцангуй их цас ажиглагдаж байсан бол 2014 оноос хойш 7 дугаар сард цас ажиглагдаагүй байна. Зураг 1б–ээс харахад хамгийн их тохиолдол нь Буянт–Ухаа орчимд нийт 12 удаа цас орж байсан бол Баян–Өлгийн Өлгий, Завханы Цэцэн–Уул, Тосонцэнгэл, Говь–Алтайн Алтай, Өмнөговийн Ханбогд, Дундговийн Сайхан–Овоо, Дорноговийн Хөвсгөл, Сүхбаатарын Баяндэлгэр, Эрдэнэцагаан, Төв аймгийн Мааньт болон Улаанбаатар хот орчмоор 3–6 удаа, бусад нутгаар 1–2 удаа тус тус цас ажиглагдсан байна.

УУР АМЬСГАЛЫН ТОЙМ

Долоодугаар сарын дундаж агаарын температур ОЖД–аар Баян–Өлгий, Хөвсгөлийн ихэнх нутаг, Ховдын төв, Завханы зүүн, Баянхонгорын хойд, Архангайн баруун, Төвийн зүүн хойд хэсгээр 8…14°С, Увс, Говь–Алтай, Өмнөговь, Дундговь, Дорноговь, Дорнодын ихэнх нутаг, Баянхонгор, Өвөрхангай, Сүхбаатарын өмнөд хэсгээр 20…26°С, бусад нутгаар 14…20°С дулаан байдаг

Долоодугаар сард агаарын дундаж температур сүүлийн жилүүдэд, ялангуяа 2018 онд олон жилийн дунджаас хүйтэн байсан бол 2019–2021 онуудад дунджийн орчим байсан байна. 

Сарын нийлбэр хур тунадас ОЖД–аар Хөвсгөл, Булган, Сэлэнгийн хойд, Төвийн зүүн хойд, Дорнодын зүүн хэсэг болон Архангайн ихэнх нутгаар 70–100 мм, Ховд, Говь–Алтай, Баянхонгор, Өмнөговийн өмнөд хэсгээр 0–30 мм, бусад нутгаар 30–70 мм бороо ордог байна 

Зарим жил ОЖД–аас хэд дахин их болон бага хур тунадас орох тохиолдол цөөнгүй байдаг. Тухайлбал, 1980–1981, 2000–2001, 2007, 2014, 2017 онуудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас харьцангуй бага хур тунадас орж хуурайшилт ихтэй байсан бол 1990, 1997–1998, 2003, 2006, 2012, 2018, 2021 онуудад зарим нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орсон байна (Зурaг 5)

ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Увсын нутаг, Завханы хойд, Ховдын зүүн хойд хэсгээр ОЖД–ийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан (Зураг 6), хур тунадас Баянхонгорын зүүн өмнөд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна (Зураг 7). Агаарын температур, хур тунадасны явцыг (Зураг 8)–д харуулав. Агаарын температур нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ОЖД–аас 1–2°С–аар дулаан байх бол нэг болон хоёрдугаар арав хоногийн эхэн үе, гуравдугаар арав хоногийг сүүлчээр ОЖД–аас 1–2°С–аар хүйтэн байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн дунд үе болон сүүлчээр, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ.

Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Хөвсгөл, Булган, Сэлэнгийн нутаг, Архангай, Төвийн ихэнх хэсгээр ОЖД–ийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байна (Зураг 6), хур тунадас Өвөрхангайн өмнөд, Төв аймгийн зүүн хагаст ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна (Зураг 7). Агаарын температур, хур тунадасны явцыг (Зураг 9)–д харуулав. Агаарын температур нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеэр ОЖД–аас 1–2°С–аар дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн эхэн үеэр нутгийн баруун хэсгээр, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–2°С–аар хүйтэн байна. Хоёр, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орох магадлалтай байна. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ.

Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Хэнтийн ихэнх нутгаар ОЖД–ийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байна (Зураг 6), хур тунадас Сүхбаатарын өмнөд хэсгээр ОЖД – ийн орчим, бусад нутгаар дунджаас ахиу орох төлөвтэй байна (Зураг 7). Агаарын температур, хур тунадасны явцыг (Зураг 10)–д харуулав. Агаарын температур нэг болон гуравдугаар арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар ОЖД–аас 1–2°С–аар дулаан байх бол нэг болон гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үеэр ОЖД–аас 1–2°С–аар хүйтэн байх төлөвтэй байна. Хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр бороо, зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ.

Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–аас дулаан (Зураг 6),  хур тунадас Өмнөговь, Говьсүмбэрийн нутаг, Дорноговийн өмнөд болон хойд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна (Зураг 7). Агаарын температур, хур тунадасны явцыг (Зураг 11)–д харуулав. Агаарын температур нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–2°С–аар дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр ОЖД–аас 1–2°С–аар хүйтэн байх төлөвтэй байна. Хоёрдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр бороо, зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ.

ЗӨВЛӨМЖ

      7 дугаар сард  зүүн болон говийн аймгуудын нутгаар агаарын температур ОЖД–аас дулаан, хур тунадас ахиу орох төлөвтэй байгаатай холбоотой хэт халалт, гэнэтийн аадар бороо орох, гол мөрний усны түвшин нэмэгдэж, богино хугацаанд үерлэх магадлал өндөр тул голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, ард иргэд, аж ахуйн нэгж байгууллага, аялал зугаалгаар яваа хүмүүс үер усны аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!