LOADING

Type to search

Эмч зөвлөж байна

Н.Бира: Элэгний хатуурлын үeд дараах шинж тэмдэг илэрдэг тул эдгээр шинжилгээг өгөөрэй

Share

Элэгний өвчин, урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлэх шинжилгээ, оношилгооны талаар АУ-ны доктор, профессор Н.Бира дараах зөвлөгөөг өглөө. 

Элэг нь 20 гаруй үүргийг гүйцэтгэдэг хүний бие организмын лаборатори гэгдэх хамгийн чухал эрхтэн. Ходоодоор орсон хоолыг задлах, боловсруулах, шимт бодисыг өөрт хэрэгцээтэй болгох, эрхтэнд явагдаж буй бүхий л үйл ажиллагааны эс бүрийг дэмжих чухал үүрэгтэй. Нэг ёсондоо энерги, шимт бодисын эх булаг юм.

Элэгний өвчлөлийн шалтгаан

Улс орон, үндэстэн бүхэнд элэгний өвчлөлийн өөр өөр голлох шалтгаан бий. Манай орны хувьд судалгаагаар, элэгний өвчлөлийн үндсэн гол шалтгаан нь элэгний вирус байна. Халдварын буюу вирусын шалтгаан дотроо хепатет А, В, С, Д вирус. Ялангуяа цусаар дамждаг В, С вирусын халдвар их болсон. Манай улсын хувьд багажаар дамжих халдварыг бууруулах тал дээр маш доривтой арга хэмжээ авч, цусны аюулгүй байдал тал дээр харьцангуй сайн болсон. Харин сүүлийн үеийн судалгаагаар, ахуйн шалтгаант буюу хувь хүний эрүүл мэндийн боловсролтой холбоотой цусаар дамжих халдвар их байна.

Мөн дараах шалтгаантай. Үүнд:

  • Эмийн хордлого – Парацетамол, изониазид, антибиотик зэрэг эмийн зохисгүй хэрэглээ нэлээдгүй бий. Монгол хүн эмийг бага тунгаар хэрэгтэй. Бага тунгаар уусан ч үр дүн сайн өгөх ёстой. Гэтэл бусад арьстан, үндэснтний хэрэглэдэг тунгаар хэрэглэх нь элгийг илүү гэмтээдэг учраас эмэндээ зохистой бодлого баримтлах ёстой.
  • Аутоиммунн буюу дархлааны шалтгаант
  • Бадд – Киарын хамшинж
  • Вильсоны өвчин, Гемохроматоз
  • Хорууд – Дөрвөн хлорт нүүрстөрөгч, хүнд металлын давс, будагч бодис
  • Архи – Эмийн хэрэглээтэй адил анхаарах ёстой.
  • Цөсний хүүдийн, замын эмгэг
  • Цусны эргэлт зогсонгишлын шалтгаан
  • Бодисын солилцооны хамшинж – Таргалалт, Чихрийн шижин зэрэг нь элэгний өвчлөлийн шалтгаан болдог.

Элэгний өвчний үед илрэх шинж тэмдгүүд

Мэдрэл сульдлын шинж – Ядрах, сулрах, ажлын чадвар буурах

Биж шинж – Хоолонд дургүй болох, дотор муухайрах, бөөлжих, гэдэс дүүрэх, гэдэс хямрах

Өвдөлт – Баруун хавирганы нуман доор өвдөх

Шарлах шинж – Арьс салст шарлах, алга улайх

Цусархагшлын шинж – Буйл, хамраас цус шүүрэх, арьсан дээр цусархаг тууралт гарах

Үрэвслийн шинж – Халуурах, үе мөч өвдөх, хавдах

Хөхших шинж – Эрэгтэйчүүдэд хөх томрох нь элэгний өвчний үед илэрдэг нэг шинж. Ялангуяа элэг идэвхтэй үрэвссэн, элэгний цирроз болсон тохиолдолд илүү өөх гарч ирдэг.

Элэгний циррозийн үед /элэгний хатуурал/ – Хэвлийд шингэн хурах, дэлүү томрох, улаан хоолой, ходоодны хураагуур судас өргөсөх, элэгний энцефалопати буюу мартамхай болох, ухаан самуурах, хэл ээдрэх, унтаарах шинж илэрдэг.

Эдгээр шинж тэмдэг илэрсэн л бол эмнэлэгт хандаж эмчид үзүүлэх хэрэгтэй.

Элэгний өвчнийг илрүүлэх шинжилгээ

Хепатитийн вирусын шинжилгээ

Биохимийн шинжилгээ – Элэгний үйл ажиллагааны үзүүлэлт

Цус бүлэгнэлтийн шинжилгээ

Цусны дэлгэрэнгүй шинжилгээ

Хэвлийн ЭХО

Элэгний хавдрын маркер /AFP/

Дархлааны шинжилгээ

Хүндрэлийг илрүүлэх зорилгоо улаан хоолой, ходоодны дуран, хэвлийн тодотгогчтой компьютерийн шинжилгээ, элэгний эд судлалын шинжилгээ.

Урьдчилан сэргийлэлт

Улс орон даяар өрнөж буй эрт илрүүлгийн хөтөлбөрт иргэд ач холбогдол өгөх хэрэгтэй. Учир нь эрүүл хүн амын дунд эмгэгтэй хүмүүсийг эрт илрүүлэх гэж байгаагаар маш давуу талтай. Урьд нь бол жилдээ нэг удаа даатгалаас үнэ төлбөргүй хийдэг үзлэгээр ихэвчлэн эмгэгтэй хэдийн оношлуулсан хүмүүс л эмнэлэгээр их явдаг байсан. Харин одоогийн эрт илрүүлгээр эмнэлэгт тэр бүр ханддаггүй, эрүүл хүмүүсийг хамруулж эрт илрүүлэх юм. Ингэснээр алс ирээдүйд архаг хууч өвчтэй болохгүй, амь насанд аюул үүсгэдэг өвчнүүд, хавдраас эрт урьдчилан сэргийлэх ач холбогдолтой. Иргэдийн зүгээс шинжилгээний үр дүнг амьдралдаа хэрэгжүүлэх нь чухал юм шүү.

Эх сурвалж: ЭМЯ – Нэгдүгээрт эрүүл мэнд

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!