LOADING

Type to search

Онцлох

Цэргийн алба хаасны тэтгэврийг 5 жилийн дундаж цалингаас тогтооно

Share

НДЕГ-аас цэргийн алба хаагчийн тэтгэврийн талаар мэдээлэл өглөө.

Цэргийн алба хаагчийн тэтгэвэр

Зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, тагнуул, төрийн тусгай хамгаалалт, цагдаа, шүүхийн шинжилгээний болон авлигатай тэмцэх, онцгой байдлын асуудал эрхэлсэн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч, цэрэг, цагдаагийн сургуулийн сонсогч цэргийн тэтгэвэр авах эрхтэй.

Цэргийн тэтгэвэр дор дурдсан төрөлтэй:

Цэргийн алба хаасны тэтгэвэр.

Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр.

Тэжээгчээ алдсаны тэтгэвэр.

Цэргийн алба хаасны тэтгэвэр авах эрх:

Зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, тагнуул, төрийн тусгай хамгаалалт, цагдаа, шүүхийн шинжилгээний болон авлигатай тэмцэх, онцгой байдлын асуудал эрхэлсэн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч, цэрэг, цагдаагийн сургуулийн сонсогч нь дор дурдсан үндэслэлээр нас харгалзахгүйгээр цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй.

25-аас доошгүй жил алба хаасан эрэгтэй

20-оос доошгүй жил алба хаасан эмэгтэй

Байлдааны нисдэг тэрэгний нисгэгчээр 23-аас доошгүй жил алба хаасан

Байлдааны тийрэлтэт сөнөөгч онгоцны жинхэнэ нисгэгчээр 20-оос доошгүй жил алба хаасан.

Цэргийн албыг 10-аас доошгүй жил хаасан цэргийн алба хаагч доор дурдсан шалтгаанаар халагдсан бол цэргийн алба хаах насны хязгаарт хүрээд цэргийн алба хаасны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож авах эрхтэй:

Орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлтөөр

Биеийн эрүүл мэндээр

Цэргийн алба хаах нас хэтэрч

Цэргийн алба хаах насны дээд хязгаар:

Ахлагчийн албыг 47 нас хүртэл;

Дунд офицер 47 нас хүртэл;

Ахлах офицер 52 нас хүртэл;

Дээд офицер 57 нас хүртэл;

Эмэгтэйчүүд ахлагч, офицерын албыг цэргийн цол харгалзахгүй 47 нас хүртэл.

Цэргийн алба хаасны тэтгэврийн хэмжээ, нэмэгдэл:

Цэргийн алба хаасны тэтгэврийг тэтгэвэр тогтоолгогчийн 5 жилийн буюу 60 сарын дундаж цалин, хөлсний 80 хувиар тогтооно.

Хуульд заасан хугацаанаас илүү алба хаасан жил тутамд тэтгэвэр тогтоолгосон дундаж цалин, хөлснөөс 1.5, сар тутамд 0.125 хувиар тооцож нэмэгдэл олгоно.

Цэргийн алба хаагчийн ажилласан хугацааг тооцоход бүрдүүлэх баримт бичиг:

Цэргийн албан хаагчийн хөдөлмөрийн дэвтэр

Цэргийн алба хаасан тухай цэргийн байгууллагын архивын лавлагаа

Хугацаат цэргийн алба хаасан бол цэргийн батлах

Цэргийн албанаас чөлөөлсөн тухай тушаал

Цэргийн алба хаагчийн хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр:

Доор дурдсан шалтгаанаар хөдөлмөрийн чадвараа алдсан цэргийн алба хаагч хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр авах эрхтэй:

Байлдааны талбар, энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх, террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаанд оролцох, байлдааны галт хэрэгслээр буудлага хийх, дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, аюултай хорт бодистой үүргийнхээ дагуу харьцах, гамшиг, онцгой нөхцөлийн байдалд ажиллах, улсын хил, онц чухал объектыг хамгаалсны улмаас хөдөлмөрийн чадвар алдсан;

Бусад албан үүрэг гүйцэтгэхтэй холбогдсон ослын улмаас хөдөлмөрийн чадвар алдсан;

Албан үүрэг гүйцэтгэхтэй холбогдолгүй осол, тарилгын дараах хүндрэл, ердийн өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдсан;

Цэргийн үүрэгтэн дайчилгаатай сургууль, цугларалтад оролцож байхдаа, цэргийн жинхэнэ албанаас халагдсан байлдагч, түрүүч орон нутагтаа хүргэгдэх үед хөдөлмөрийн чадвар алдсан бол энэ хуульд заасны дагуу хөдөлмөрийн чадвар алдсан.

Жишээ: Цэргийн байгууллагад 2 жил алба хаасан цэргийн алба хаагч олон улсад энхийг дэмжих ажиллагаанд оролцох явцдаа гэмт халдлагад өртсөний улмаас хөдөлмөрийн чадвараа 50 хувиар алдсан. Цэргийн алба хаагчийн итгэлцүүрээр өсгөсөн сарын дундаж цалин 1 800 000  төгрөг гэвэл: 

а) Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэврийн хэмжээ:1 800 000₮ * 50%  = 900 000₮

б) Албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдсон ослоор хөдөлмөрийн чадвараа алдсан тул тэтгэвэр тогтоолгосон сарын дундаж цалин хөлсний 15 хувийн нэмэгдэл: 1 800 000₮ * 15% = 270 000₮

в) Сард олговол зохих тэтгэврийн хэмжээ: 900 000₮ + 270 000₮ = 1 170 000₮

Цэргийн алба хаагчийн гэр бүлийн гишүүдийн тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах эрх:

Цэргийн алба хаагч, түүнчлэн дайчилгаатай сургууль, цугларалтад оролцож байгаа цэргийн үүрэгтэн, цэргийн алба хаасны болон хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр авагч нас барахад түүний асрамжид байсан гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах эрхтэй.

Тэтгэвэр тогтоолгосон боловч 12 сараас доошгүй хугацаанд ажил, хөдөлмөр эрхэлж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагчийн авч байгаа тэтгэврийн хэмжээг анхны тэтгэвэр тогтоолгосон дундаж цалингаас 12 сар тутамд 1.5 хувиар бодож нэмэгдүүлэн тогтооно. 

Тэжээгчээ алдсаны тэтгэврийн хэмжээ:

Цэргийн алба хаагч, дайчилгааны сургууль, цугларалтад оролцож байгаа цэргийн үүрэгтэн, цэргийн алба хаасны болон хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр авагч нас барахад түүний асрамжид байсан гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүдийн тоог харгалзан доор дурдсан хувь хэмжээгээр тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоонo:

хөдөлмөрийн чадваргүй 3, түүнээс дээш хүнтэй бол 100 хувь;

хөдөлмөрийн чадваргүй 2 хүнтэй бол 75 хувь;

хөдөлмөрийн чадваргүй 1 хүнтэй бол 50 хувь.

Жишээ: Цэргийн албыг 24 жил хааж байгаа алба хаагч ердийн өвчний улмаас нас барсан. Түүний ар гэрт нь хөдөлмөрийн чадваргүй хоёр хүүхэд үлдсэн бөгөөд итгэлцүүрээр өсгөсөн сарын дундаж цалин 1 200 000 төгрөг гэвэл:

а) Сард ногдох тэтгэврийн хэмжээ: 1 200 000₮ * 60% = 720 000₮

б) Хөдөлмөрийн чадваргүй 2 хүүхдэд олгох тэтгэврийн хэмжээ: 720 000₮ * 75% = 540 000

Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тогтооход бүрдүүлэх баримт бичиг:

Тэтгэвэр тогтоолгохыг хүссэн өргөдөл;

Хөдөлмөрийн дэвтэр (1995 оноос өмнөх);

Хөдөлмөрийн хөлсний тодорхойлолт (1995 оноос өмнө ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлснөөс тэтгэвэр тогтоолгох бол);

Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссоос хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг тогтоосон акт;

Тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүдийн төрсний гэрчилгээ, ам бүлийн тодорхойлолт;

Цэргийн байгууллагад ажилласан хугацааны цэргийн архивын лавлагаа;

Цэргийн алба хаасан тухай цэргийн архивын лавлагаа;

Цэргийн батлах, хэрэв засвартай тохиолдолд цэргийн байгууллагын архивын лавлагаа;

Цэргийн алба хаагчийн цэргийн жинхэнэ алба хаасан хугацааг сэргээн тогтоосон бол шүүхийн шийдвэр;

Цэргийн алба хаагчийн алба хаасан сүүлийн 20 жилийн доторх сонгосон дараалсан 5 жилийн хөдөлмөрийн хөлсний лавлагаа (Б-НД-5);

Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт”.

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!