LOADING

Type to search

ТҮҮХ

Ц.Төмөрхуяг: Гундуу явсан үеэ эргээд бодохоор жаахан эм­зэглэдэг

Share

Цагааны Цэгмид хэмээх агуу жүжигчинг мэдэхгүй хүн Монголд үгүй биз. Түүний хоёр хүү аавынхаа мэр­гэжлийг өвлөн авч, кино урлагт өөрсдийн мө­рөө үлдээж явна. Том хүү Ц.Төмөрбаатар нь өдгөө тө­рийн соёрхолт жүжигчин хэмээн дуудуулж, ард тү­мэндээ хүндлэгдэж яваа. Харин бага хүү жү­жигчин Ц.Төмөрхуяг нь ур­лагаас хөндийрч, хэсэг хуга­цаанд нам гүм амьдарсан. Гэвч тэрбээр дөрвөн жилийн өмнө “Цагааны Цэгмид” студиэ байгуулан урлагтаа эргэн ирсэн билээ.

Түүний студи дээр очиход “Аавын минь тухай ярьсан хүн бүр надад халуун дотно санагддаг юм” гэсээр угтлаа. “Аав” гэдэг үгийг хэлэх бүртээ хоолой нь зангирч, цийлэгнээд ирсэн нулимсаа нууж арчих түүнээс залуугийнх нь омголон, томоогүй зан төрхийг хайгаад олсонгүй.

Тавь дөнгөж гарч яваа ч амьдрал түүнд ухаан, намба хоёрыг эрт хайрласан бололтой.

-Та нэлээд хэдэн жил зав­сарласны эцэст дэл­гэ­цийн бүтээлүүдээр урлаг­таа эргэн ирлээ. “Амьдрах тасалбар”, “Долоон бур­хан харвадаггүй”, “Хайр­тай бол хартай” гэх мэт нэ­лээд хэдэн кинонд тоглоод амжжээ?

-Би уг нь “Үхэж үл болно-Чингис хаан” киног дуусгаад дахиж кинонд явахаа больё гэж бодсон юм. Гэтэл нэг л юм дутагдаад болдоггүй. Тэгэхээр нь гэргийнхээ ажилд тусалъя гэж бодоод ба­рилгын салбар руу хэсэг хугацаанд хэлбийлээ. Гэтэл “Би хэний хүүхэд билээ” гэдэг бодол толгойноос салдаггүй. Эхнэр маань үүнийг анзаарсан юм болов уу, энэ студийг байгуулж өгсөн юм.

Энэ бол миний олон жи­лийн турш бодсон мө­рөөдөл байсан. Зарим хүн студийн маань нэрийг сонсоод “Энэ нэр чамд хүнддэх юм биш үү” гэж байсан. “Гэхдээ би тэр хүний үр удам нь учраас энэ нэр надад хүнддэхгүй байх аа” гэж бодсон. Овойж товойсон зүйл хийдэггүй юм гэхэд аавдаа, ахмадууддаа буян болох юм болов уу гээд чадлынхаа хэрээр зүтгэж л явна.

Мөн театраа орхиод, нэ­лээд хэдэн жил болсны эцэст кино урлаг руу урвалаа гэж шүүмжлэх хүн цөөнгүй байгаа. Гэхдээ би өмнө нь кинонд огт тоглодоггүй бай­гаагүй шүү дээ. Мөн тайзан дээр тоглосон хэдэн жилийн хугацаанд мэдээгүй, олоогүй зүйлсээ эндээс олж авдаг.

-Таныг есөн сартай бай­хад аав тань хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. Бага насны тань амьдралд дутуу гачуугийн зовлон хэр их байв?

-Эцэг гэдэг том хүнээр жаахан дутмаг өссөн. Гэхдээ манай ээж мундаг хүн бо­лохоор бид ядуу тарчиг өсөө­­гүй. Тухайн нийгэм маань Цагааны Цэгмидийнх гэдэг айл гайхалтай гоё байх ёстой гэдэг шаардлага тавьдаг байлаа. Тиймээс ээж минь амьдралаа баян тансаг биш ч бусдаас дутахааргүй авч явахын төлөө бүхнээ зориулсан. Тэр агуу эмэгтэйн хүчээр бид өдгөө сайн сайхан амьдарч явна. Эцэггүй үлд­сэн биднийг өсгөхөд нь манай ахмад үеийнхэн их тусалсан.

-Аавынхаа талаарх тө­сөөллийг анх хэрхэн, яаж авсан бэ?

-Би мэдээ орсон цагаасаа л аавыгаа мэдэрч эхэлсэн. Аавын минь тухай ахмадууд их ярина. Даанч тэр үед ахмад хүмүүсийн яриаг чаг­наад зогсоод байж болдоггүй байлаа шүү дээ. Гэхдээ нуу­цаар чагнана.

Манайд зургаан талтай нэг ширээ байсан юм. Ах, эгч нарынхаа хамт тэр ши­рээний дор орж суугаад, тэд­ний яриаг сонсоод уйлдаг байлаа.

Мөн зурагтгүй айлын хү­­мүүс манайд сандлаа барьж орж ирээд кино үзнэ. Аавынхаа тоглосон киног үзнэ бас уйлна.

Би аавынхаа буянаар урлагийнхан болоод урлагт хайртай ард түмний гар дээр дандаа эрхэлж өссөн ч энэ нь сургуульд орсны да­раа надад өөрийн гэсэн зорилготой болоход тусалсан юм. Урлагийн сургуульд ор­могцоо аавыгаа судалж эхэлсэн.

Харин залуу байхдаа ааваараа дандаа онгирдог байлаа. Түүнээс биш тэр хүний нэрийг авч явах үр удам нь гэдгээ ухаардаггүй байж. Би одоо л аавыгаа таньж эхэлж байна.

-Таны аавын нэр хүнд, хийсэн бүтээсэн зүйл урлагт хөл тавихад тань ихээхэн нөлөөлсөн зүйлсийн нэг байх?

-Тэр үед урлагийнхан ер нь олон хүүхэдтэй бай­даг байлаа. Бид театрын подвалиар гүйлдэж, хул­гай­гаар жүжиг үздэгсэн. Тиймээс ч бидний үе тэн­гийнхэн бүгд урлаг руу орц­гоосон. Гэхдээ тэр үед дээд сургуульд орох хүсэл уран бүтээлч болно гэдгээс илүү байлаа.

Би сурлагадаа тааруухан, улаан шугамны гадна талд байсан үе. Урлагийн сургууль конкурсээс өмнө шалгалт авдаг байлаа. Тиймээс улаан шугамны гадна талд би­чигдчихээс минь айгаад Ц.Төмөрбаатар ах намайг дагуулж яваад шалгалт өгүүлсэн юм. Ерөнхий шал­галтаас өмнө орчихсон болохоор улаан шугам надад хамаагүй болчихсон.

Аливаа мэргэжлийг сон­гож байгаа бол түүндээ дурлах ёстой. Тэгж байж л амжилтад хүрнэ шүү дээ. Тэр үед ажиллахын төлөө амьдарч байснаас биш амьд­рахын төлөө ажил хийж бай­гаагүй. Ажил бол сайн зүйл, ажиллаж байж л би сайн сайханд хүрнэ гэдэг ёс суртахуун ноёрхож байлаа.

Харин намайг яг ур­лагийн хүн болгосон хүн бол Г.Доржсамбуу багш. Та­­лийгаач багш маань хоёр­дугаар ангиас надад хи­чээл орсон. Ёс зүй, нийгэмд яаж биеэ авч явах, уран бүтээлч хүн ямар байх ёстой зэрэг бүх сэтгэл зүйн юмыг зааж өгсөн. Тэр үеэс би жү­жиг­чин гэдэг чинь ийм айхтар мэргэжил юм байна. Үүнд дур­ламаар юм байна. Би нийг­мийн том сэхээтэн бо­лохоор бэлтгэгдэж байгаа юм байна гэдгээ ойлгож эхэлсэн дээ.

-Ахмадуудын хэлсэн алт шиг үгсийг чихнийхээ ха­жуугаар өнгөрөөх үе залуу насанд олон байдаг. Таны хувьд?

-Би муу сурдаг байсан ч ахмадуудынхаа үгийг сонс­дог байсан юм билээ. Бай­га­лиасаа бэлтгэгдчихсэн тэр хүмүүсийг сонсохгүй байхын аргагүй.

Хэдэн дүрд тоглосныхоо дараа би өөрөө тэднийг шалгаадаг, залхаадаг болсон. Эргээд бодоход тэгж л жүжигчин болдог юм байна.

З.Жарантав ах “Цуг яваа намайг хараад байгаа юм шиг санагддаг байсан болохоор би Цагаан багштай хамт явах дуртай байсан” гэж ярьдаг байлаа. Би ч бас Г.Доржсамбуу багшийнхаа дэргэд явж, бусдад харагдах дуртай байсан.

-“Чи бол Цагааны Цэг­мидийн хүү шүү” гэдэг үг танд юу бодогдуулдаг байсан бэ?

-Хүмүүс намайг Ц.Төмөр­хуяг гэж мэддэггүй шүү дээ. “Чи чинь хэн бэ. Өө, Цагааны Цэгмидийн хүү. Ц.Төмөрбаатарын дүү байна шүү дээ” л гэнэ. Намайг хараад шууд “Жүжигчин Ц.Төмөрхуяг байна” гэдэг хүн Монголд байхгүй. Би нэг талаар үүгээр их бахархдаг. Нөгөө талаар, “Яагаад миний нэрээр дуудаж болдоггүй юм бол” гэж боддог байлаа. Учир нь, би өөртөө бол их зүйл бүтээчихсэн юм шиг санагдаж байгаа шүү дээ. Тоглосон дүрээрээ хааяа ч гэсэн дуудуулмаар санагдана. Даанч тэгдэггүй. Сүүлдээ бүр дөжрөөд “Энэ бол бурх­наас, тэнгэрээс миний аав хэлээд өгчихсөн хувь заяа юм байна” гэж боддог бол­сон. Харин одоо бол тэгж дуу­дуулах нь Ц.Төмөрхуяг гэж хэлүүлэхээс гоё санагддаг.

Хүн бүр, мөч бүхэнд на­дад “Хэний хүүхэд вэ” гэд­гийг минь сануулна. Театрын коридорт жаахан чан­гахан ярихад л “Чи хэ­ний хүүхэд билээ. Ингэж орилж болохгүй” гэнэ шүү дээ.

Гундуу явахад найзалж байгаа нөхөд маань хүртэл “Чи ингэж явмааргүй байна. Чамтай хамт архи уумааргүй байна. Хол яв” гэдэг байлаа. Найз нөхөд тэгж хэлэх нь айхтар хүнд тусна. “Агуу эцгийн нэр надад ямар хамаа байна. Миний ямар явах нь бусдад ямар хамаатай юм бэ” гэж бодох үе надад байсан.

-Дарамттай санагддаг байв уу?

-“Чи тоглож чадахгүй байна. Чи Цагааны Цэг­мидийн хүүхэд биш” гэж багшийгаа хэлэхэд уйлдаг л байлаа. Гэвч тэр үгс аав шигээ сайн жүжигчин болох хүслийг минь оргилуулж, намайг эрчилдэг байж. Бид ямар ч хүн хүмүүжихээс өөр аргагүй орчинд ажиллаж байлаа шүү дээ.

Төгсөөд л жүжигчин бол­доггүй. Зөндөө тарчилна. Тэгж тэгж нэг дүр авна. Тал талаас янз бүрийн хүн харж байдаг. Дүрдээ тоглочихоод гараад иртэл нэг нь барьж аваад сургаал айлдана, зөвлөгөө өгнө. Арай гэж салаад, хоёр алхаад л дараагийнхад нь баригдана шүү дээ. Өрөөндөө ортол өчнөөн юм болно. Өрөөндөө ормогцоо хурдан гараад явчихъя гэтэл хэн нэг нь “Чи явах гэж байна уу. Цуг явна шүү” гэнэ. Тэгээд л дуусаа. Энэ бол залуу хүнд нэг ёсондоо маш их дарамт, тарчлал шүү дээ.

Энэ бүхнээс залхахдаа театраа хаяад явчих үе зөндөө байсан. Бидэнд эдийн засгийн хувьд бол ямар ч шахалт хавчилт байгаагүй. Харин тэд биднийг өөрийн гэсэн юмтай болгохын тулд тийм зарчмаар хү­мүү­жүүлдэг байсан юм. Тэдний хэлж байгаа үг нь даацтай, зөвлөгөөнийх нь хундаам бат байдаг. Миний үеийн жү­жигчид тэдний заавраар хүмүүжсэн. Тэд тэгж хү­мүүжүүлээгүй бол биднийг өнөө­дөр Монголын ард түмэн таних ч үгүй байсан.

Би багш нарынхаа ачаар уран бүтээлийн дээжтэй бол­сон. Гэхдээ одоо ингээд “Би аавынхаа хэмжээнд хүрч чадаж уу” гээд эргээд бо­доход би юу ч хийж чадаагүй л байна.

-Залуу насны аагаар театраа орхих үед таныг хэн буцааж авч ирдэг байв?

-Миний багш. Би багшийгаа театрын дарга бай­хад “Оёдолчин болно” гэж худлаа хэлээд театраас гарсан. Тэгэхэд багш маань “Чи чадахгүй. Чамд тийм сэтгэл байхгүй. Чи буцаад ирнэ” гэж хэлсэн юм. Би гуравхан сарын дараа театртаа эргэж ирсэн.

Тэр цагаас хойш өнөөд­рийг хүртэл урлагтайгаа зууралдсаар л явна. Хаяж чаддаггүй юм билээ.

Өнөө цагт нийгмийн бүх асуудал улстөрөөс шалт­гаалдаг болчихож. Ингээд бодохоор улстөрийг, нийг­мийг харааж байна. Хууч­ны сайхан цагаа сана­галзаж байна. Энэ нь уран бүтээлч болж байгаагийн маань шинж юм болов уу. Театрт орж, гарч, цалгиж, архи ууж үзлээ. Гундуу явсан үеэ эргээд бодохоор жаахан эм­зэглэдэг. Гэвч энэ бол ми­ний амьдралын түүх. Хэ­нээс нууж, ичих билээ.

-Залуу насны тань ту­хай сонсохоор “Эцэггүй хүүх­дийн толгой том” гэдэг үг санаанд бууж байх чинь?

-Хүнээсээ л шалтгаална. Би бардамнадаг, онгирдог. Гэхдээ театрын маань агуу жүжигчид аавын минь оронд аав болж, би тэдэнд л баригдаж өссөн.

-Ааваараа бахархах сэт­гэл тань хэрхэн илэрдэг вэ?

-Байнга илэрнэ. Театр дотор ахмадуудын зураг өлгөөтэй байдаг байлаа. Би аавынхаа зурганд мөргөөд тайз руу гардаг байсан. Би бурхан шашин шүтдэггүй. Аавыгаа л шүтдэг.

Жүжгийн бэлтгэл болж өгөхгүй, дүрдээ орж ча­дахгүй бол аавынхаа шарил дээр очоод, чулуун дээр нь жүжгийнхээ зо­хиолыг дэлгэж тавиад мөр­гөнө. Хуудсууд нь сал­хинд эргэхээр “Аав минь уншиж байна. Одоо би сайн тоглоно. Харж л байгаарай” гэж өөртөө шивнэнэ. Сэтгэл зүрх­ний зүйл байсан юм болов уу. Үнэхээр ч сайн болоод байх шиг санагддаг байж билээ.

-Тэгвал аав гэдэг хүнээр дутаж байгаагаа ямар үед хамгийн их мэдэрдэг вэ?

-Амьдрал толгой дээрээс байнга лантуудна. Тэрэнд оногдоод ойччихгүй, бултаад байвал л болчих гээд байгаа юм. Гэтэл заримдаа айхтар оногдоно шүү дээ. Тэр үед л “Аав минь байсан бол…” гэж өөрийн эрхгүй бодогдоно доо.

-Амьдралын ямар цо­хилтод хамгийн хүчтэй оногдсон бол?

-Зах зээл эхэлмэгц най­маанд яваад хэзээ ч үүнийг хийж чадахгүй гэдгээ мэ­дэрсэн. “Чи буруу замаар яваад байна” гээд амьдрал на­­майг айхтар хүчтэй лан­туудсан шүү.

Ц.Баттуяа
Эх сурвалж: “Өглөөний сонин”

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!