LOADING

Type to search

Uncategorized

Х.Цэрэндорж: Үг, бодол санаа хүнийг эрүүлжүүлэх болон эмгэгшүүлэх шидтэй

Share

Зохиолч, яруу найрагч, хүний их эмч, эзотерик ухаан судлаач Х.Цэрэндорж нь өрнө, дорнын анагаах ухаанд 60 шахам жил зүтгэж, “Дээд эрүүл мэнд” хэмээх сэтгэл зүйн эмчилгээг санаачлан бий болгосон. Энэхүү эмчилгээнийх нь ачаар өвчнөөсөө салсан хүн олон. Х.Цэрэндорж гуай “Судсаар онож танихуйн 108 шид оршвой”, “Нууцын маш гайхамшигт сангийн хураангуй”, “Найман маналын гэгээ” зэрэг ном бичиж хэвлүүлсэн төдийгүй “Мөнхөд бадамлах зул”, “Тулгын гурван чулуу” зэрэг эмнэлгийн түүхэн баримтат кино бичиж олны хүртээл болгожээ. Түүний  “Дотоод дахь бурхнаа сэрээх нь” яруу илтгэлийг хүргэж байна.

Дээд эрүүл мэнд гэж юу юм бэ?

Үд дунд үүр цайж, наран дороос дахин наран мандаж байна. Энэ бол хүн төрөлхтөнд илгээсэн бурхадын таалж буй дээд эрүүл мэнд юм. Хүн найман зүйлээс бүтдэг ба түүний  нэг нь л материаллаг буюу бие махбод юм. Үлдсэн долоо нь гэрэл гэгээ, гал оршихуй, бурханлаг оршихуй, рашаан, мөнхийн усан оршихуй юм. Харамсалтай нь өнөөдрийн дүрст анагаах ухаанд ийм зүйл яриагүй. Нэгэн биеийг эмчилж яваа юм. Дүрст анагаах өнөөдөр хурдацтай хөгжиж, эрхтэн шилжүүлэн суулгах томоохон клиникүүд баригдаж байна. Үүнтэй зэрэгцэн бас нэгэн байгууламжийн тоо нэмэгдэж байгаа нь шорон юм. 1.5 сая км2  газар нутагтай Монгол орон маань эмнэлэг, шорон хоёроор дүүрэх ёстой гэж үү? Мэдээж үгүй. Үүний тулд “дээд эрүүл мэнд”-ийг хүн бүхэн өөрөөсөө нээж, өөртөө хөгжүүлж,  өөрийгөө хамгаалах хэрэгтэй. Дараа нь монгол орон, хүн төрөлхтөн, тэр ч бүү хэл амьд оршихуй хийгээд дэлхийг хамгаалах болно. Энэ бол “Дээд эрүүл мэнд” юм. Энэ нь чухам юуг хэлээд байна вэ?

Хүн ямар 8 зүйлээс бүрддэг вэ гэвэл: 

  1. Бие -бие эрүүл бол гоо сайхан байна
  2. Ухаан- ухаан саруул, мэргэн байх
  3. Сэтгэл ариун- өршөөнгүй уужим  байх
  4. Хийн эргэлт – тэгш амар амгалан
  5. Амин орон – цэвэр, гэрэлтэнгүй тунгалаг
  6. Ухамсар – төгс гэгээрэнгүй
  7. Сэрэмсэг буюу сүнсний орон – төгөлдөр бурханлаг
  8. Орон- тааламжтай бат бөх

Энэ бүгд бүрэлдээд бурхан, тэнгэр, газар гэсэн гурван их хүчний хуулийг танин мэдэх, түүнд зохицон амьдрах арга зүйг ДЭЭД ЭРҮҮЛ МЭНД гэнэ. Үүнийг бурхан хүн төрөлхтөнд таалан болгоож, илгээсэн. Бид үүнийг тоолгүй өдийг хүрчээ. Танд өөрийгөө эрүүл байлгах дээд эрүүл мэндийн энгийн аргуудыг санал болгож байна.

Бие эрүүл байх олон арга бий үүнээс 3 аргыг дурдъя. Нэгдүгээрт, бие эрүүл байхын тулд өөртөө зөв мэдээлэл өгч байх, мэдээллийг биеэр үлгэрлэх хэрэгтэй. Бид өдөр болгон буруу мэдээллээр өөрийгөө хангадаг. Өвчин эмгэгтэй хүнтэй тааралдвал би ийм болчихвий гэж айдаг, таягтай эмгэн явж байвал би ийм л болох байхдаа гэж эмээдэг эсвэл аав минь тэгж өөд болсон гэх мэтээр дандаа өөрийгөө өвчлөх мэдээллээр хангаж байдаг. Тэгвэл одооноос эхлэн өөдлөн дэвжих, зөв мэдээллээр өөрийгөө хангаарай.

Хоёр дахь нь галбир юм. Бид хэзээ таяганд орсноо мэддэггүй, нэг л мэдэхэд гишгэж чадахгүй таяг тулсан байдаг. Энэ нь хүн өөрийгөө буруу хэлбэр, буруу галбирт хүлж оруулдаг гэсэн үг. 50, 60 нас хүрээд л ёс мэт таяг тулдаг. Тиймээс галбираа өглөө, орой бүр засч байх ёстой. Толинд харах, өөрийгөө цэгцэлж суухаас эхэлнэ. Сандал, ширээнд зөв суу гэдэг нь ийм учиртай юм. Өдөр бүр бие, галбираа зассанаар хүн эрүүл байна. 90 нас хүрсэн ч бөхийхгүй, гэдийхгүй, хотойхгүй, өвдөг түнх тахийхгүй.

Гурав дахь нь амьсгал.  Бид дандаа буруу амьсгалдаг. Хүний амьсгалаар биед байгаа бохир хийн 90% нь цэвэршдэг. Үлдсэн нь нус, нулимс, хөлс, шээс, өтгөнөөр гадагшилдаг. Гэтэл бид уушигныхаа багтаамжийн 35-40%-ийг нь ашигладаг. 100% ашиглаж чадвал бие дэх бохир хий бүрэн цэвэршинэ. “Дээд эрүүл мэнд”-ийн номонд амьсгалаар яаж цөс, дэлүү, ходоод, элэг, яс цусаа цэвэрлэх вэ? гэдэг талаар дэлгэрэнгүй бий.

Дурьдсан найман зүйлийн нэг болох биеийн талаар дээр өгүүллээ. Ухааны талаар дэлгэрүүлэн тайлбарлая.

Ухаан– Оюун ухаанаас бодол гардаг. Бодол маш хүчтэй мөн хувирамтгай. Зөв үү, буруу юу, гоё уу, муухай юу гэх мэт нь бодлоор удирддаг эгэл, жижиг хэсгийг будлиантуулдаг. Бодлоор өвдөж мөн эдгэрч болно. Сэтгэл, сэтгэлгээнээс санаа, санаанаас үг үүснэ. Энэ бүгд оюун ухааныг илэрхийлэх илэрхийлэмж. Сэтгэл бол сүнсний бүтээл юм. Хүмүүн төрөлхтний сэтгэл нь сэтгэхүй, сэтгэлгээг бий болгодог. Сэтгэлгээнээс хүсэл үүснэ.  Хүсэл яг бодол шиг. Бодол нь эс, молекулын түвшинд байхад хүсэл нь түүнээс арай цаана хүслийн орон, хоосон чанарын оронг үүсгэдэг. Санаанд бодол, хүсэл хоёр нэгдэж, үг болон урсана. Үг, санаа хоёр нь тархи, сүнс хоёрын бүтээл.  Ийм учраас хүчтэй болж байгаа юм. Зүрхний доторх амин орны гэрэл гэгээ, долгис үгэнд шингэж, агуулагдаж байдаг. Үүнийг ярианы хэлээр “солитон” үг буюу амин орны нөмрөгтэй шидэт үг гэж нэрлэдэг. Энэ нь нэвтрэхгүй зүйл байхгүй, зүрхэнд шууд хүрнэ. Зүгээр нэг дуу авиа тэгж чадахгүй. Үгийн эрүүлжүүлэх, эмгэгшүүлэх шид нь үүнд оршино.

Сэтгэлийг буюу сүнсийг яаж эрүүлжүүлэх тухай цөөн үг хэлье.

 Юун түрүүнд өөрийнхөө муу үйл, буруу үйл, дутуу үйлд гэмших хэрэгтэй. Энэ бол сүнслэг орон, ухамсар, сэрэмсэгийн түвшинд цэвэрших хамгийн хүчтэй арга. Жишээлбэл, тантай зөрж өнгөрсөн хүн халааснаасаа  5 мянган төгрөг унагачихлаа гэж бод. Үүнд хандах 3 янзын хандлага бий.

        – дотроо баярлан мөнгийг авч халааслах

        -араас нь дуудаад хэлэх

        -гээсэн мөнгийг нь авч өгөх

Гурав дахь хандлага нь танийг ариусгана. Хоёр дахь нь аль алиндаа гэм зэмгүй өнгөрнө. Эхнийх нь өөрт нүгэл болно. Сүнс, сэтгэлийг ариусгах арга ийм энгийн, жижиг зүйлээс эхэлдэг. Бас нэгэн жишээ нь, нэгэн жаал хүү таны өмнүүр гарахдаа хөл дээр чинь гишгэлээ гэж бодъя. “Уучлаарай, яарч байгаад таны хөл дээр гишгэчихлээ” гэхэд хариуд нь “зүгээр дээ миний дүү” гээд өнгөрлөө. Энэ тохиолдолд хоёулаа ариусна. Ундууцсан байдалтай өнгөрвөл хоёулаа бохирдоод үлдэнэ. Ийм жижигхэн зүйлээс эхлээд амин орон цаашлаад эс, 10, 20 эс, хэдэн мянган эс бохирдож өвчин үүсгэнэ. Сэтгэлээр өвдөж сэтгэлээр эдгэнэ гэдэг энэ.

Амин орон хийн эргэлт ихтэй. Хүн дотор хийн эргэлт гэж бий. Хүмүүс амьсгалж буй агаараа хийн эргэлт гэж ойлгодог. Гэтэл энэ тийм биш юм. Нарийн хий гэдэг зүйл бий. Хийн тухай яривал 3 зүйлийн тухай яригдана. Нэгдүгээрт, суваг судлал, хоёрдугаарт,  хэлдэс, хүрдүүд, гуравдугаарт,  хий орно.

Үүнийг энгийнээр тайлбарлахын тулд нэгэн жишээг дурьдья. Эр, эм бэлгийн эс ойртох тусам орон зай нэгддэг. Юм бүхэн гадуураа орон зайтай. Олон хүнийг холоос харахад бүхэл, бөөн харагддаг ч ойртоод харахаар хүн бүр өөр өөрийн орон зайтай. Эр бэлгийн эс, эм бэлгийн эс нэгдэснээр өөр нэгэн орон үүсгэдэг. Ингсэнээр эм судал, эр судал, завсрын буюу төв судал үүсч байгаа юм. Эдгээр орнуудаар хий гүйнэ. Дундын орон үүсээд 18 хоноход зүрх цохилж эхэлнэ. Тэрхүү орноор хий гүйж, эсүүдийг амьд байх, цааш олшрох боломжийг хангаж байгаа юм. Энэ үйл явц бүхий л амьд амьтанд явагдаж, өсөж үржих амьдлаг чанар буюу сүнс үүснэ. Хий гүйж эхлэхэд босоо орон (удган ээрүүл) бий болно. Энэ нь 9 хүрдээс бүрддэг бөгөөд одоогоор 7 хүрдний талаар номонд бичигдсэн байгаа. Хүрд гэдэг нь ухамсрын үлдэц гэсэн үг. Хамгийн доод талаас нэрлэе.

  • Амин хүрд
  • Тааламжийн хүрд
  • Хүчирхийллийн хүрд
  • Хайрын хүрд
  • Нигүүлсэхүйн хүрд
  • Энэрэхүйн хүрд 
  • Бурханлаг хүрд
  • Цовхны хүрд
  • Дагзны хүрд.

Эдгээр хүрдүүдээр 108 төрөл хий гүйнэ. Монголын Тэжээхүйн ухаан үндсэн 10 хий байдаг гэж үзэн эмчилгээ оношилгоонд хэрэглэсээр ирсэн. Хийн хүрд тэгш бол хүн амар амгалан байна, хий тэгш бус байхад хүн амархан юманд уурлаж уцаарладаг. Үүнийг засахын тулд тогтмол зөв дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй. Үндсэн гурван хий байна. Үүнд:  

  • Дүрсэлж шүтсэн хий- Үүнийг дээр дурьдсан галбираар засдаг. Ууцаа дээш нь татах, таван хошуу болох, хоёр тийшээ мушгирах, сайн гэдийх, босоод өвдөг дээрээ хэвтэх зэрэг дасгалаар засах боломжтой. Ингэснээр таагүй зүйл сайхан болж, галбир засагддаг.
  • Судалж шүтэн гүйдэг хий– Үүнийг бясалгал амьсгалаар хөтөлдөг. Энэ хийг удирдаж чадвал гэгээрэлд хүрдэг. Бурханлаг, дээд хүчний мэдээллийг авдаг болно.
  • Оронд шүтэн гүйгч хий– Өөрийгөө тайвшруулж, цэвэрлээд, өөртөө урьж залдаг. Энэ нь дээрээс бууж ирэх биш чиний дотор байдаг.

Амин орон нь цэвэр, гэрэлтэнгүй, тунгалаг. Хүний гадна талаар гэрэлт орон буюу аура гэж бий. Аура оронг яаж засах вэ? Хоёр арга бий. Үүнд:

Дотроос нь тунгалагжуулах– гэгээн цагаан юм бодох

Гадна талаас нь тунгалагжуулах– сахил залбирал, мөргөл, бясалгал хийх. Өөрийн аав ээжийн шүтдэг, тахьдаг бурханд залбирч мөргө. Өдөр болгон дээрх үйлдлийг хийж, чин сэтгэлийн хандлагаар бурхдад хандах юм бол цэвэр тунгалаг болно. Мөн амьсгалын дасгал хийх. Өглөө, өдөр, орой өдөрт гурван удаа, 36 тоогоор хийнэ. Гурав дахиад 108 удаа хийхэд таны амин орон тааламжтай, амар амгалан байна.

Орон тааламжтай амар амгалан – Орон бол амьсгал авч байхад орж гарч л байдаг. Хүний халуун суудалд бүү суу гэдэг учиртай. Тэр хүн ямар нэгэн хууч өвчтэй байвал танд мөн хүрнэ гэгддэг нь үнэний мөртэй. Хүнд дүрстэй 7 орон байдаг. Үүнд: Амин, эрхтний, эдийн, эсийн, молекулын, атомийн, бөөмсийн орон багтана. Оронлог оршихуйн нягт нь хязгааргүй. Орон цэвэр тунгалаг бол урт удаан амьдарна. Үүгээр дээр дурьдсан найман зүйлийг товч тайлбарлалаа.

Мөнх тэнгэр бурхантай барилдаж, түүний хуулийг дагаж амар амгалан оршдог. Газар тэнгэр, бурханлаг хуулийг зөрчих арга байхгүй.

Тэнгэрийн хууль

Мөнх тэнгэрийн хуулийг таньж мэдэн, дагаж мөрдөн, зохицож амьдрах ёстой. Эрт үед монгол төр шоронгүй, монгол гэр цоожгүй, монгол эр зэвсэггүй байсан шүү дээ. Өнөөдөр цоожгүй гэр, шоронгүй аймаг байхгүй болжээ. Үүнээс аврах ангижрах арга нь ард иргэд маань “дээд эрүүл мэнд”-ийн талаарх ойлголт ухагдахуунаа дээшлүүлэх, сайжруулах, хичээж эхлэх. Ингэвэл, хүн бүхэн эрүүл саруул, энх тунх амьдарна. Тэнгэрийн хуулинд тусгагдах юм бол сар, нар, оддын хууль байгаа. Энэ талаар  монгол зурхайд бичсэн. Сарны нөлөөллийн давтамжийн хуулийг сарны зурхайгаар 7 хоног, нарныхыг 9-11 хоног, оддынхыг 12 жилээр тооцон зурхайн ухаанд боловсруулдаг.

Газрын хууль

Газрын хуулинд зохицож амьдрах ёстой. Өнөө үед газрын хуулийг зөрчин баялагийг нь цөлмөж байна. Үүнээсээ болоод хүн төрөлхтөн сүйрэх вий дээ! Байгаль эхийн хуулинд ойр оршиж, захирагдах нь бидний үүрэг. Энэ газар, тэнгэр, бурханы хуулинд яаж зохицох вэ? Хэрэв бурханд хүрч чадвал энэ 3 хуулинд шууд зохицдог. Тиймээс  хүмүүнд мөнхжингийн чанар байна гэж үзэж болно. Бидний үгэнд мөнхийн чанар бий. Бодол мөнх оршино. Мөнхийн тухай байнга бодож, тэр үйлийг хийж байвал хүн мөнхжингүй чанартай байж болно.  Хүнд 7 эргэлтийн тогтолцоо байдаг. Эдгээр нь цусан, агаарын, хийн, галан, орны, мэдээллийн, усан эргэлт юм. Эдгээрээс усан эргэлтийн талаар тодруулбал:

Энэ нь дотроо 

  • хөндийд урсан байх усан эргэлт
  • судсаар гүйх усан эргэлт
  • эрхтний засвар байх усан эргэлт
  • эрхтний төвд байрлах усан эргэлт
  • цөмд байрлах усан эргэлт
  • төрөгч мөнхийн рашаан гэсэн төрлүүдтэй.

Хүн төрөлхтөн гурван зүйлийг бүхий л цаг хугацааны туршид эрэн хайж байна.

  1. Мөнхийн рашаан
  2. Бурхан
  3. Сүнс

Эрлээ олоогүй л байна. Эр эм бэлгийн эс ойртоход дундын орон бий болж хоёр орны мэдээллээр сүнс бий болно хэмээн дээр дурьдсан билээ.

 1. Мөнхийн рашааны талаар дурьдвал:

Усан бясалгал хийн биед байгаа бүх эргэлтүүд, их ус, зүрхэн хүрд, нигүүслийн буюу цовхны хүрдийг цэвэрлээд “умаа хум” авиаг дуудан хатан булчирхайдаа гэрэл буулга. Ингэснээр зулайн хүрдэнд чинь ямар нэгэн гэрэл цацарч буй нь өөрт мэдрэгдэнэ. Түүнийг ажихад тань руу гэрэл нэвтэрч орж ирнэ. Таниас цацарч байгаа гэрэл өөрт буцан орж ирнэ. Тэгмэгц хатан булчирхайнаас өвөрмөц гэрлэн шингэн унаж, бүх мэдрэлийн эсийг цочрооно. Хүнд байх 108 их наяд мэдрэлийн эсийг цочроож, бүгдээс нь гэрэл цацран, дуу авиа гарна. Түүнийг сонсох ёстой. Энэ нь таны хүрдний хий юм. Эсийн ДНХ буюу удамшлын уургийн мушгиа гэсэн үг. Мушгианы дээд талын гурван утаснаас бурханлаг дуу авиа, гэрэл цацардаг. Алтан шар, мөнгөн цагаан, дун цагаан, хэт ягаан авиа гарна. Эдгээрийг сонсож чадвал та өөртөө мөнхийн усаа нээж чадна. Энэ шингэнийг байнгын бясалгаараа удирдаж чадах юм бол 100 жил амьдарсан ч хэвээрээ л байна. Мөнхийн рашаан гэж үүнийг хэлнэ.

2. Бурхныг эрье. Хайр– Танд хайр байгаа юу? Мэдээж байгаа. Гэвч бидний хайр бага юм. Бурхан бүгдийг хайрладаг. Бидэнд хайрын үр нь байгаа ч түүнийгээ маш бага цагирганд хийчихсэн. Хэрэв бүх зүйлийг хайрлаад эхэлвэл чи Аръяавал бурхан шүү. Чиний дотор бурхан бий.  

Оюун ухаан – Амитаба буюу дээд будда орчлонгийн бүх зүйлийг алган дээрээ байгаа юм шиг мэддэг. 2500 жилийн өмнөх будда бурхан 84000 судар бичсэн. Гайхамшигтай биз. Гэхдээ тэр чинь жирийн нэгэн хүмүүн шүү дээ. Тантай, надтай адил ээжээс төрсөн.  Гагцхүү тэр хүн дээд оюунаа өөрөө хөгжүүлсэн учраас бид бурхан гээд байгаа юм. Бид түүнд хүрч бололгүй яахав. Энэ таниас л хамаарна.

Мэдрэхүй – танд байгаа юу? Дуулах, хуурдах, шүлэг унших, бичих тэр битгий хэл нэгнээ  шоглох хүртэл мөн шүү дээ.  Үүнд  Янжинлхам бурхны мэдрэхүй мэдрэмж байгаа юм. Бидэнд Янжинлхам бурхны үр бий.  Гэвч тэрхүү мэдрэмжээ хөгжүүлэлгүй хөгцрүүлдэг. Ариусган хөгжүүлэх бүрэн боломж бий.

Хүч – танд хүч байгаа юу? Байх байхдаа гурван хүч бий.

  • биеийн хүч
  • ухааны хүч
  • сэтгэлийн хүч

Хүчний дээд тэнгэр Очирваань билээ. Монголчууд оройн дээд Очирваань хэмээдэг. Танд энэ хүчнүүд бий. Хөгжүүлэх л хэрэгтэй. Хэдэн жилийн өмнө монголд ирсэн Японы нэгэн 70 гаруй настай эрдэмтэн багш 720 кг ачааг 10 секундэд 11 удаа өргөж байсан. Тэр явдлыг эрдэмтэд судлаад энэ бол оюуны хүч гэж үзсэн. Булчингийн хүчээр хийх боломжгүй бөгөөд бүх булчин, шөрмөс тасрах болно гэж үзсэн. Ийм гайхамшигтай хүчийн үр хүн бүрт бий.  

Бие – энэ бол таван бурхны цогц нэгдэл болсон Манал бурхны хэлбэрээр илэрч байгаа юм.  Манал бурхнаас долоон өнгийн солонгон гэрэл цацарч байдаг. Биднээс ч мөн цацарч байгаа. Гэхдээ маш бага. Хөгшчүүд “саахалтын газраас гэрлээрээ танигддаг байсан үе өнгөрөөд уджээ” гэж ярьдаг. Тэгэхээр таны дотор Янжинлхам, Амида будда бурхан, Аръяавал, Очирваань, Манал гэсэн таван бурхан байгаа. Харамсалтай нь бид бүхэн дотоод бурхдаа сэрээсэнгүй.

Тиймээс монгол хүмүүн та өөрийнхөө дотор байгаа таван бурхнаа сэрээж, монгол түмэндээ түгээгээрэй. Дотор чинь байсаар байгаа бурхад чинь сэрэх болтугай. Ерөөл бат оршиг.

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!