LOADING

Type to search

Uncategorized

Хөнгөвчлөхийн эмч Ч.Наранчулуун: Манай төв энэ онд 4000 гаруй хүнд тусламж үйлчилгээ үзүүлсэн

Share

Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төв нь 2018 оноос Хөнгөвчлөх тусламж үйлчилгээг гэрээр, багаар үзүүлж эхэлжээ. Энэ багт хөнгөвчлөхийн эмч, сувилагч, харьяа хорооны өрхийн эмч, сувилагч шаардлагатай тохиолдолд бусад нарийн мэргэжлийн эмч, сэтгэл зүйч, нийгмийн ажилтан, сайн дурын идэвхтэн гэсэн хүмүүс байдаг. Тэд 2019 онд 4000 гаруй хүнд тусламж үйлчилгээ үзүүлж эмнэлгийн болон нийгмийн халамжид хамруулсан үр дүнтэй ажиллаж байна. Сүхбаатар эрүүл мэндийн төвийн Хөнгөвчлөхийн эмч Ч.Наранчулуунтай ярилцлаа.

-Юуны өмнө хөнгөвчлөх эмчилгээ, үйлчилгээнийн талаарх ойлголтыг өгнө үү?

Хөнгөвчлөх эмчилгээ үйлчилгээ нь 1940-өөд оноос үүсч хөгжсөн байдаг. Харин 1956 оноос Анагаах ухааны бие даасан салбар болон хөгжсөн бөгөөд манай монголд хөнгөвчлөх эмчилгээ анх 2000 онд нээгдэж байсан түүхтэй. Энэхүү тусламж үйлчилгээний зорилго бол хүнд өвчтэй хүнийг амьдралынх нь сүүлчийн мөч хүртэл нь бие болон сэтгэл санааны зовлон шаналалгүй амар тайван байлгахад оршдог. Өөрөөр хэлбэл зөвхөн хавдрын үед ч биш бусад төрлийн архаг хууч өвчтэй хүний зовиур шаналгааг арилгаж, өвчтөн ба түүний ар гэрийхэний сэтгэл зүй болон нийгмийн асуудалд дэмжлэг үзүүлж, өвчтөний амьдралын чанарыг дээшлүүлэхийг хэлдэг.

-Хөнгөвчлөх тусламж, үйлчилгээнд ямар тохиодолд хамрагдах вэ?

-Хорт хавдрын III-IV зэрэг, цус харвалтын хүнд хэлбэрийн улмаас саажилт үүсч, өөртөө бүрэн үйлчилж чадахгүй болох, элэгний хатуурал өвчний үед хэвлийд шингэн хуралдаж, хордлоготой болох, бөөрний дутагдал өвчний хүнд үе, ДОХ- ын өвчний улмаас эмчилгээгүй болох, зүрх, уушгины архаг өвчин даамжирсан зэрэг өвчнийг нь илааршуулан эдгээх боломжгүй болсон өвчтөнүүд болон тэдгээрийг асран халамжилж байгаа хүмүүс хамрагдана.

-Хөнгөвчлөх тусламж, үйлчилгээнд юу ордог юм бэ?

-Өвдөлт ба биеийн зовиур шаналгааг намдаах эмчилгээ. Тодруулж хэлбэл өтгөн хатах, бөөлжих, амьсгаадах, байнга ханиалгах, тамир тэнхээ алдах, шээс ба өтгөнөө өөрийн мэдээгүй алдах, хавагнах гэх мэт шинж тэмдэгийн эсрэг эмчилгээ. Мөн хэвтрийн холголт, цооролтоос сэргийлэх, арьс салстыг угааж арчлах, шээлгүүр ба бургуй тавих зэрэг асаргаа сувилгаа, амьдралын төгсгөлийн шатанд буй өвчтөн болон түүний ар гэрийнхэнд сэтгэл заслын эмчилгээ орно. Дээр нь сэтгэл гутрал, түгшилт, айдас, нойргүйдэл, ганцаардал ба хагацал, өнчрөлийн уй гашууг нь тайлахад мэргэжлийн сэтгэл зүйч туслана. Ер нь амьдралын төгсгөлийн шатанд буй өвчтөнийг гэрийн нөхцөлд асарч сувилах, хооллох, сэтгэл засах талаар ар гэрийнхэн болон асран сувилж буй хүмүүст сургалт явуулах, зөвлөлгөө өгөх, өвчтөн өөд болсны дараа шаардлагатай тохиолдолд ар гэрийнхэнд нь сэтгэлзүйн ба нийгмийн халамжийг үзүүлэх зэрэг ажлыг хэлнэ. Манай эрүүл мэндийн төв энэ бүх үйлчилгээг үзүүлж ажиллаж байна.

-Хүнд өвчин туссан, эцсийн шатандаа орсон эмчилгээгүй болсон хүмүүстэй ар гэрийнхэн нь хэрхэн харьцах ёстой вэ?

-Урт удаан амьдрах боломжгүй, эмчилгээгүй болсон хүнд өвчтөнтэй харьцахдаа түүнийг сайн ойлгох хэрэгтэй. Удаан хугацаанд өвдөж шаналсан учраас уур уцаартай болох, наад зах нь “эм уу” гэхээр уухгүй аашлах, эсвэл дураараа эм тариа хэрэглэх явдал олон тохиолддог үүнийг сайн ойлгох хэрэгтэй. Манай эмнэлэгт тухайн өвчтөн болон ар гэртэй нь уулзаж, зөвлөгөө өгдөг сэтгэл зүйч байдаг. Хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөн бүрт үзүүлж буй үйлчилгээ нь тэдний төлөө байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Зарим хүмүүс нэгэнт эмчилгээгүй юм чинь гэртээ байж байя гэж хэлдэг. Харин бид нарын зүгээс аль болох өвтгөхгүй, зовлон шаналалгүй тайван байлгахыг ар гэрт нь зөвлөж, эмчилгээ бичиж өгдөг.

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!