LOADING

Type to search

Эмч зөвлөж байна

Б.Онон: Ходоод, улаан хоолойн сөөргөө өвчний үед унтахаар хэвтэхэд хоолой загатнаж, ханиалгах шинж илэрдэг

Share

ЭМЯ-наас “Нэгдүгээрт эрүүл мэнд” нэвmрүүлгийг бэлтгэн хүргэж байна. Тус нэвтрүүлгээр “Ходоодны эмгэгүүд, түүнээс урьдчилан сэргийлэх нь” сэдвийн хүрээнд Улсын хоёрдугаар төв эмнэлгийн мэс заслын их эмч Б.Онон дараах зөвлөгөө, мэдээллийг өглөө.

-Ходоод гэдэг эрхтэн ямар онцлогтой вэ?

-Ходоод нь идэж буй хоол хүнсийг богино хугацаанд нөөцөлж, түүнээс хэрэгцээт шим тэжээлүүдийг ялган ходоодны шүүрэлтэй хольж цааш дамжуулах үүргийг гүйцэтгэдэг.

Ходоодонд олон төрлийн өвчлөл үүсдэг. Тухайлбал, хеликобактерын халдвар, ходоод, улаан хоолойн сөөргөө, хэвлийн хөндийн дотоод даралт нэмэгдэх гэх зэрэг олон төрлийн өвчлөл үүсч болно. Ходоод өвдлөө гэхээр ганцхан ходоодны шарх мэтээр ойлгож болохгүй.

Сүүлийн жилүүдэд амьдралын хэв маяг суугаа байдалд шилжсэнээс шалтгаалаад хэвлийн дотоод даралт нэмэгдэж, хөндийт эрхтнүүд шахагдах болсон. Хөндийт эрхтнүүд шахагдаж эхлэхээр ходоодны сөөргөө өвчин үүсдэг. Мөн үүнд таргалалт нөлөөлнө. Ходоод нь хүчиллэг орчин бүхий эрхтэн. Харин ходоод руу хоол дамжуулах улаан хоолой гэх эрхтэн нь илүү шүлтлэг орчинтой. Хүчил, шүлтийн тэнцвэр алдагдсаны улмаас монголчуудын ярьдгаар цээж хорсох буюу сөөргөө үүснэ. Ходоодны биеэ даасан эмгэг байхаас гадна ходоод-улаан хоолойн, ходоод-12 хуруу гэдэсний гэх зэргээр зэргэлдээх эрхтнүүдийнхээ байрлалаар эмгэг үүсдэг.

Эдгээрээс манай улсад хеликобактер буюу ходоодонд идэвхтэй шимэгчлэн амьдардаг бактерын халдвар түгээмэл байдаг. Халдвар дамжих замыг сайн мэддэг байснаар уг халдвараас сэргийлэх бүрэн боломжтой.

Тухайлбал, хүнсний бүтээгдэхүүн савлан худалдаалдаг газрын ариун цэврийг сахих, аяга, тавгийг дамжуулан хэрэглэхгүй байх, нэг тавагнаас хооллохгүй байх, аяга, тавгийг уураар, содтай усаар угааж ариутгах, үйлчилгээний байгууллагууд сав суулганы ариун цэврийг сайтар сахих гэх мэтээр сэргийлж болно.

Эцэг, эхчүүд хүүхдээ хооллохдоо халуун бүлээнийг нь үзэхийн тулд амсдаг, үлээдэг. Энэ бол буруу. Бид өвчин эмгэг хэрхэн үүсдэг, эдгээх аргын талаар их ярьдаг боловч урьдчилан сэргийлэлт, ариун цэврийн тал дээр хойрго хандаад байна.

Гэр бүлийн хэн нэгэн гишүүн хеликобактерын халдвар авсан бол бусад гишүүд шинжилгээ өгч, шалгуулах хэрэгтэй.

-Хеликобактер тээгч хүүхдээ ам дамжуулан хооллосон тохиолдолд хүүхдэд ямар эрсдэл үүсэх вэ?

-Тохиолдол бүрд халдвар дамжина гэж байхгүй. Дамжсан ч хүүхдэд өөрийн гэсэн хамгаалалтын урвал гэж бий. Харин энэ үйлдэл олон дахин давтагдаад халдвар нэмэгдээд байвал тодорхой эрсдэлүүд үүснэ. Тухайлбал, хоол боловсруулах чанар муудах, ходоод, улаан хоолойн сөөргөө, хоол боловсруулахад хүндрэл учирснаас болоод хүүхэд бага идэх, удаан хугацаанд шингэдэг хоол идэхэд ходоод хүнд оргидог тул амархан боловсордог түргэн хоол, чихэр, шоколад түлхүү хэрэглэх зэрэг сөрөг нөлөөллүүд бий болно. Ингэснээр дэлхий дахинд таргалалт гэх хүндрэлтэй асуудал тулгараад байна.

Хүмүүс бага идсэн ч таргалаад байна гэдэг. Тэр чинь цагийн дэглэмгүй, замбараагүй хооллолттой холбоотой. Өглөөний цайгаа уугаагүй явж байгаад өдөр гэнэт их иддэг, идэхдээ амьдралын хэв маягаас шалтгаалан яарч, хам хум иддэг.

Гэх мэтчилэнгээр хүүхэд байхаасаа анх эхэлсэн нэг буруу зуршил цаашид эдгэршгүй өвчин эмгэг үүсгэх эрсдэлийг үүсгэнэ.

-Хеликобактерын шинжилгээнээс аль нь илүү үр дүнтэй вэ?

-Ер нь үр дүн муутай шинжилгээ гэж байхгүй. Шинжилгээ өгөхийн өмнө мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй. Эмч үзээд тохирох шинжилгээг зөвлөнө. Үүний дагуу тухайн иргэн шинжилгээг өгч, дараа нь эмчдээ шинжилгээний хариуг дүгнүүлэх ёстой. Манайд нэг тулгардаг асуудал нь шинжилгээний хариуг хувь хүн өөрөө дүгнээд явчихдаг.

-Хеликобактерын халдвар авсан үед ямар шинж тэмдэг илэрдэг вэ. Амнаас эвгүй үнэр гарах нь гол шинж тэмдэг гэдэг?

-Ходоодны бүх эмгэгийг хеликобактертай холбож болохгүй. Энэ нь хавдар, ходоодны шархлаа үүсгэж байгаа үндсэн шалтгаанд томоохон байр суурь эзэлдэг.  

Улаан хоолой, ходоод хоёрын холбогдож байгаа хэсгүүд булчинлаг хаалттай. Эдгээр нь хоол идсэний дараа, бие махбод тайван байх үед хаалттай байх ёстой.

Гэтэл сөөргөө өвчний улмаас булчингийн сулрал үүсч, ходоодонд байх ёстой агуулагдахуун дээш сөрж явснаар улаан хоолойд очно. Үүний улмаас амнаас эвгүй үнэр гарах шинж тэмдэг илэрч болно. Зөвхөн ходоод гээд яриахад ходоодны суналт, хатангиршал, шархлаа, улайлт, гүн шарх, эмийн гаралтай шарх, архины гаралтай шарх зэрэг олон өвчний аль нэг нь байж байж амны эвгүй үнэрийг гаргадаг. Эдгээр өвчнүүдийг үүсгэдэг шалтгааны нэг хэлбэр нь хелкобактер юм.

 -Ходоод, улаан хоолойн сөөргөө өвчин юунаас болж үүсдэг вэ?

-12 хуруу гэдэс, ходоод, улаан хоолойн сөөргөө өвчин гэж ярих нь зөв. Ам, улаан хоолой, ходоод, нарийн гэдэсний дотоод орчин бүгд өөр өөр. Босоо тэнхлэгийн хувьд авч үзвэл амаар орж буй бүхэн доош чиглэсэн хөдөлгөөнтэй байна. Гэтэл амьдралын хэв маяг алдагдах, таргалалт, хөдөлгөөний хомсдол, удаан хугацаанд сууж ажиллах, хоолыг сайтар зажилж идэхгүй байх, тамхидалт зэргээс шалтгаалан улаан хоолой, ходоодны амсар суларч эхэлдэг. Өрцний доор байрлах тухайн булчин нь хоол идэхэд нээгдэж, ходоодонд орсны дараа хаагдаж байдаг. Гэтэл энэ процесс алдагдсанаар сөөргөө өвчин үүснэ.

Хүмүүс сөөргөө өвчнийг зөвхөн цээж хорсолтоор дүгнэдэг. Талх зэрэг гурилан бүтээгдэхүүн идэхэд цээж хорсож байна гэдэг нь сөөргөө өвчний үе шат нэлээд ахисан байна гэсэн үг. Мөн сөөргөө өвчний үед амнаас эвгүй үнэр гарах, шөнө унтахаар хэвтэхэд хоолой загатнаж, ханиалгах шинж илэрнэ.

Гэтэл хүмүүс ханиалгалтыг сөөргөө өвчнөөс болж байгааг мэдэхгүйгээс болоод ханиалга намдаах эмийг хэрэглэдэг. Ханиалга намдаах эмийн ихэнх нь гааны найрлагатай. Энэ нь ходоодны хүчиллэг чанарыг улам нэмэгдүүлдэг талтай.

Энэ өвчин монголчуудын дунд, ялангуяа Улаанбаатарчуудын дунд түгээмэл. Учир нь суурийн амьдралын хэв маягаас шалтгаалан бид удаан хугацаагаар сууж ажиллаж байна.

-Дээрх шинж тэмдэг илэрсэн тохиолдолд хаана хандаж, ямар шинжилгээ өгөх вэ?

-Өөрт аливаа нэгэн зовиур илэрч байвал эмнэлгийн байгууллагад хандаж, зөв мэдээллийг авах хэрэгтэй. Аливаа өвчнийг эрт илрүүлэх нь хамгийн чухал. Ходоодны хавдрын хувьд ч тэр эрт үед нь илрүүлэх юм бол эмчлэх боломж, арга тактик их байгаа.

35, 40-өөс дээш насныхан заавал ходоод, бүдүүн гэдсээ дурандуулах шаардлагатай.

Ходоодны дуран зөвхөн ходоодны эмгэгийг оношилдоггүй. Давхар улаан хоолойн эмгэгүүдийг оношилно. Ходоод, улаан хоолойн сөөргөө, хавдар, ходоодны шарх, шархлаа, цөсний замын эмгэг, түүний хажууд байгаа цүлхэн зэргийг оношлох боломжтой тул дурангийн шинжилгээний ач холбогдол их. Бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээгээр хавдар, ургацаг, цүлхэн, бүдүүн гэдэсний хэмжээ хэт урт эсвэл богино байх, шимэгчийн халдвар зэргийг оношилно.

Тиймээс 40-өөс дээш насны хүмүүсийг хоёр жилд нэг удаа хоол боловсруулах дээд зам буюу ходоод, улаан хоолой, таван жилд нэг удаа хоол боловсруулах доод зам буюу бүдүүн гэдсээ дурандуулах зөвлөмжийг өгдөг.

Хүмүүсийн дунд дуран хийлгэхээр ходоодыг гэмтээдэг гэх буруу ойлголт байдаг. Мэдээж дурангийн шинжилгээ механик үйлдэл учраас дуран ходоод, улаан хоолойн хананд хүрэх зэрэг өөрчлөлт гарч болно. Гэхдээ үүнээс болоод хүнд өвчлөлд хүрнэ гэсэн зүйл байхгүй. Хоёр жил тутамд дурандуул гээд байгаагийн учир нь өвчин цаашид хөгжихөөс сэргийлж байгаа юм.

ЭХ СУРВАЛЖ ZAAG.MN

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!