LOADING

Type to search

Онцлох

С.Чинзориг: Говийн газар доорх усны нөөц нөхөн сэргээгдэхэд хэдэн мянган жил зарцуулна

Share

Монгол орны нийт усны нөөцийн зөвхөн 2 хувь  нь газрын доорх ус байдаг. Гэвч ус ашиглалтын 82 хувийг газрын доорх уснаас авч хэрэглэдэг байна. Усны нөөц, ашиглалтын талаар Шинжлэх ухааны академи, Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн Усны нөөц, ус ашиглалтын салбарын дарга, Усны барилга байгууламжийн инженер, доктор С.Чинзоригтой ярилцлаа.

-Монгол орны усны нөөц, ус ашиглалтын талаар товч мэдээлэл өгнө үү?

-Усны тухай хуульд, Монгол улсын нутаг дэвсгэр дэх усан сан бүхий газарт байгаа гадаргын ус болон газрын доорх усыг “Усны нөөц”гэсэн байдаг. Манай орны усны нөөц нь гол, нуур, мөнх цаст уулс, мөсөн голууд болон газрын доорх уснаас бүрддэг. Усны салбарын эрдэмтэн судлаачдын хийсэн судалгааны дүнгээс харахад, Монгол орны усны нөөц 40 жилийн өмнө 608.3 км3 байсан боловч дэлхийн дулаарлын улмаас мөнх цаст уулс, мөсөн голууд хайлж 2012 оны байдлаар 564.8 км3 болсон байдаг. Өмнөх судалгаануудаас харахад Монгол орны нийт усны нөөцийн 98 хувь нь гадаргын уснаас, 2 хувь нь газрын доорх уснаас бүрддэг.  Манай орны хувьд 2018 онд нийт 0.57 км3 усыг, усалгаатай газар тариалан, бэлчээр усжуулалт, уурхай, унд ахуй, үйлдвэр, эрчим хүчний үйлдвэрлэлд ашигласан байна. Үүний 18 хувийг гадаргын уснаас 82 хувийг газрын доорх уснаас авч ашигладаг.

-Монгол орны нийт усны нөөцийн зөвхөн хоёр хувь  нь газрын доорх ус байдаг гэлээ. Гэвч ус ашиглалтын 82 хувийг газрын доорх уснаас авч байгаа юм байна?

-Усны тухай бодлогын зарим баримт бичгүүд дээр гадаргын усны хуримтлалыг бий болгож ашиглах тухай байдаг. Магадгүй нийгэм эдийн засгийн боломж, байгаль цаг уурын нөхцөл, зарим хүчин зүйлээс шалтгаалан гадаргын усыг хуримтлуулах, ашиглах асуудал хүндрэлтэй байна. Гэхдээ бид усны нөөцийг зүй зохистой ашиглах, хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулахын тулд гадаргын усны хуримтлалыг бий болгож гадаргын ус ашиглалт, хэрэглээг нэмэгдүүлэх хэрэгтэй.

Манай орны ус ашиглалт, хэрэглээний ихэнх хувийг газрын доорх хоёр хувийн уснаас хангаж байгаа. Газрын доорх усыг тэжээмжийн хэмжээнд нь ашиглавал болохгүй зүйлгүй. Газрын доорх усыг тэжээмжийн хэмжээнээс нь хэтрүүлэн авч ашиглавал газрын доорх усны түвшин буурах, гол, нуурын түвшин багасах, ширгэх, газар суух зэрэг сөрөг үр дагавар илэрнэ. Жишээ нь Улаанбаатар хотын ундны болон үйлдвэрийн ус хангамжийн эх үүсвэрүүдийн худгууд Туул голын хөндийн дагуу байрлаж ус олборлодог. Тэжээмжийн хэмжээнээс нь давсан их ус олборлолт болон уур амьсгалын өөрчлөлтийн улмаас 1997 оноос хойш Туул голын ус Улаанбаатар орчим хэд хэдэн жилийн давтамжтай тасарч байна. Хаврын улиралд 3-30 хоног, 20-30 км орчим тасарч, шургадаг болсон. Голын мөсний үзэгдэл болон мөс хайлах хугацаанаас хамаараад энэ тоо ихсэх магадлалтай. 

   /Туул гол Улаанбаатар хот орчим 2012 оны 4-р сарын  24 өдөр/

Туул гол, ус голын хөндийнхөө газрын доорх устай холбоотой байдаг. Газрын доорх усны түвшин буурахаар Туул голын ус доош алдагддаг. Өөрөөр хэлбэл Туул голын ус газрын доорх усаа тэжээдэг. Харьцангуй богино хугацаанд нөхөн сэргэдэг Туул голын аллювийн хурдас дахь газрын доорх усыг тэжээмжийн хэмжээнд нь олборлон хэрэглэвэл байгаль орчин, голын экосистемийн тэнцвэрт байдлыг алдагдуулахгүй. Туул гол хаврын улиралд Улаанбаатар орчим шургаж ширгээд байгаа нь газрын доорх усыг экологийн хязгаараас нь давуулан олборлоод байн уу гэж бодож байна. Цаашид хүн ам, үйлдвэржилт өсөхийн хэрээр ус хэрэглээ, ашиглалт ихэснэ. Иймээс гадаргын усыг газрын доорх устай улирлын шинж чанарыг харгалзан үзэж хосолмол байдлаар ашиглаж ирээдүйн Улаанбаатар хотын ус хангамжийг шийдвэл зүгээр байна.

-Өмнөд говийн бүсэд манай улсын уул уурхайн хөгжил хамгийн хурдацтай байна. Эдгээр томоохон уул уурхайн хэрхэн усаар хангаж болох вэ?

-Манай хүрээлэн нь газрын доорх усны менежментээр Олон Улсын Атомын Энергийн Агентлагийн техникийн хамтын ажиллагааны олон төсөл дээр ажилласан.  Усны молекул дахь устөрөгч, хүчилтөрөгчийн изотоп болон усанд ууссан давсан дахь нүүрстөрөгч, хлорын изотопууд нь дэлхийн усны эргэлтийн явц, газрын доорх ус, уст цэгийн гарал үүсэл,газрын доорх усны нас, тэжээмж, сэлбэгдэх хугацаа, хөдөлгөөн, усны бохирдлын эх үүсвэр зэрэг мэдээллүүдийг агуулж байдаг. Өөрөөр хэлбэл тухайн газрын доорх ус нь хаанаас ирсэн, хэдий хугацаанд тухайн газар оршиж буй гэх мэт маш олон мэдээллүүдийг агуулж байдаг. Дээрх мэдээллүүд нь усыг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх арга хэмжээг төлөвлөх, гадаргын болон газрын доорх усны нөөцийн тогтвортой менежментийг хэрэгжүүлэх, явуулахад шаардлагатай шинжлэх ухааны үндэслэл болдог.

Усны эрдэмтэн судлаач нар өмнөд говийн бүсэд толбо байдлаар хэд хэдэн газрын доорх ус илрүүлээд байгаа. Гэвч бидний Олон Улсын Атомын Энергийн Агентлагийн техникийн хамтын ажиллагааны хүрээнд хийсэн 30 орчим жилийн судалгаагаар тухайн ордуудын усны тэжээмж нэн ядуу байдаг. Өөрөөр хэлбэл тухайн ордын усыг экологийн хязгаараас нь давуулж, олборлон ашиглавал эргээд нөхөн сэргэх хүртлээ хэдэн мянган жил зарцуулна. Иймээс  экосистемийн хувьд томоохон уул уурхай, аж үйлдвэрийг усаар хангаж чадахгүй.

Говь, цөлийн бүсийн тэжээмж нэн ядуу, нөхөн сэргээгдэх хугацаа хэдэн мянган жил байдаг. Газрын доорх усыг авч ашиглавал ирээдүйд говь, цөлийн бүсийн эмзэг экосистем, түүний тэнцвэрт байдал өөрчлөгдөж болзошгүй юм. Харин энэ бүс нутагт судлагдсан цэнгэгдүү усны нөөцтэй ордуудыг Монголын соёлыг өдий хүртэл тээж яваа манай орны эдийн засгийн суурь салбар болсон бэлчээрийн мал аж ахуй болон өсөн нэмэгдэж буй хүн ам, шинэ, хуучин төв суурин газар, мөн зэрлэг ан амьтдыг усаар хангахад ашиглах ёстой юм.

Говийн бүсэд байрлах томоохон уул уурхайг усаар хангахын тулд гадаадад урсан гардаг Орхон, Сэлэнгэ, Хэрлэн зэрэг томоохон голууд дээр урсцын тохируулга хийж хаврын шар усны болон зуны хур борооны үерийн зарим хэсгийг говийн бүсрүү дамжуулах боломжтой. Ингэснээр бид говь, цөлийн бүсийн газрын доорх усны нөөцөө үр хойчдоо үлдээж, гадаадад урсан гардаг гадаргын усны нөөцийнхөө багахан хэсгийг эх орондоо үлдээж усны нөөцөө нэмэгдүүлж чадна.

-Хүн амын ус хангамж, ундны усны хүртээмж, чанар ямар байна?

-Монгол улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал /2010/-ын 3.5.1.1 дэх заалт хүн амын ус хангамж, үйлдвэрлэлийн усны хэрэгцээг “хүртээмжтэй”, тогтвортой хангах нөхцөлийг бүрдүүлнэ гэсэн байдаг. Мөн тогтвортой хөгжлийн 17 зорилтын 6.1-т “Хүн амыг баталгаатай, хямд ундны усаар тэгш хангах” тухай заасан байна. Манай улс Тогтвортой хөгжлийн зорилт 6.1.1-ийн хүрээнд 2020, 2030 онд баталгаат ундны ус хангамжийн үйлчилгээ хүртэж байгаа хүн амын эзлэх хувийг 80, 90 хувь гэж заасан байгаа. Одоогоор манай улсын нийт хүн амын 56 хувийг стандартын шаардлагад нийцсэн чанартай усаар хангах шаардлагатай байгаа.

Манай орны газрын доорх усны чанар тухайн бүсийн геологи, гидрогеологи, байгаль цаг уурын нөхцөлөөс хамаараад харилцан адилгүй байдаг. Жишээ нь  Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэр болсон Туул голын хөндийн газрын доорх ус төв цэвэрлэх байгууламж Туул голд нийлэхээс дээш хэсэгт нэн цэнгэг, маш зөөлөн сайн ус байдаг. Харин говь бүсийн зарим газрын доорх ус чанарын хувьд хатуулаг, эрдэсжилт харьцангуй өндөр, ундны усны  стандартад нийцэхгүй байдаг. Иймээс ундны усны баталгаатай, найдвартай байдлыг хангах ажлыг бодлогын түвшинд авч үзэж шийдвэрлэх хэрэгтэй байна.

Г.Жаргал

ЭХ СУРВАЛЖ ZAAG.MN

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!