LOADING

Type to search

Эмч зөвлөж байна

Ж.Биндэръяа: Тураах бэлдмэл их хэрэглэснээс болж бөөрний үйл ажиллагаа нь нилээн алдагдаж байна

Share

Бөөрний архаг өвчин, түүнээс урьдчилан сэргийлэх талаар ТТАХНЭ-ийн бөөрний их эмч, дэслэгч Ж.Биндэръяа мэдээлэл өглөө.

– Бөөрний архаг өвчин гэж юу вэ. Ямар шалтгааны улмаас үүсэх вэ?

– Бөөрний эдийн гэмтэл болон бөөрний түүндгэнцрийн хурд буурах шинж тэмдэг гурав, түүнээс дээш сараар илэрвэл бөөрний архаг өвчин гэж үзнэ. Шээсээр уураг алдах, дүрс оношилгооны шинжилгээгээр бөөр шээсний замын ямар нэг эмгэг оношлогдох, шээсний шинжилгээгээр нарийн өөрчлөлт гарвал бөөрний эдийн гэмтэлд тооцдог.

Бөөрний архаг өвчний шалтгаан маш олон. Тэдгээрээс дийлэнх хувийг чихрийн шижин өвчин эзэлдэг. Үүний дараагийн шалтгаан нь артерийн даралт ихсэлт, судасны шалтгаантай өвчнүүд байдаг. Мөн бөөрний түүдгэнцрийн эмгэгүүд нь бөөрний архаг өвчинд хүргэж байна. Үүний дараагийн шалтгаанд бөөрний сувганцар завсрын эдийн өвчнүүд ордог.

Мөн бөөр шээсний замын саатлууд гэж байна. Энэ нь урологийн талын өвчнүүд л дээ. Тухайлбал бөөр шээсний замын чулуу, шээсний сүвний төрөлхийн нарийсал, түрүүн булчирхайн томрол, бөөрний усжил, шээс бэлгийн замын халдварууд нь бөөрний архаг өвчин үүсэх шалтгаан болдог.

– Бөөрний архаг өвчний эрсдэлт хүчин зүйл нь юу вэ?

– Ахимаг нас бол бөөрний архаг өвчний эрсдэлт хүчин зүйл. Мөн таргалалт, цусан дахь өөх, тос ихсэх, шээсээр уураг алдах, төрөл бүрийн халдвар, Д витамины дутагдал нь бөөрний архаг өвчин үүсгэх эрсдэлт хүчин зүйл болдог. Эдгээр эрсдэлт хүчин зүйл дээрх шалтгаантайгаа уялдаад хэвийн байгаа бөөрөнд нөлөөлж, гэмтээж эхэлнэ. Мөн бөөрний түүдгэцрүүд нь холбогч эдээр солигдоод бөөрний түүдгэцрийн шүүлтийн хурд нь багасдаг. Бөөрний түүдгэнцрийн шүүлтийн хурд багассанаар бөөрний архаг дутагдалд орно.

– Бөөрний архаг өвчнийг ангиллаар нь таван үе шал болгон хуваадаг. Энэ үе шатуудын талаар тайлбарлахгүй юу?

– Бөөрний архаг өвчний 1-3-р шатанд хүнд ямар нэгэн шинж тэмдэг илэрдэггүй. Дөрөв, тавдугаар үе шатаасаа зовиур өгч мэдэгддэг. Нэгэнтээ бөөрний дутагдлын 4-р шатанд орчихсон бол бөөр эргэшгүй бүтцийн өөрчлөлтөд орчихсон гэсэн үг. Бөөрний архаг дутагдлын 4-р үе шатанд бөөр орлуулах эмчилгээний тухай яригдаж эхэлнэ. Тийм учраас иргэд хожуу оношлогдох гээд байдаг. Бөөрний архаг өвчний 4,5-р шанад орсон үед үндсэн өвчний шинж тэмдэг илэрнэ. Жишээлбэл чихрийн шижинтэй хүн байлаа гэхэд сахарын талын зовиур илэрнэ. Арьс салст хуурайшиж, загатнадаг. Түүнчлэн цусан дахь сахарын хэмжээ өсөхгүйгээр хүндрэлийн шинжүүд гардаг. Тухайлбал хавагнах, шээсний гарц багасах, яс булчингаар өвдөх, арьс хуурайшиж тууралт гарах, шим тэжээл, цус багадалтын шинжүүд нилээн тод илэрч эхэлнэ.

Хоол боловсруулах эрхтэн тогтолцооны талаас махны үнэр авч чадахгүй, дотор муухай оргих, огиулж бөөлжих шинжүүд илэрнэ. Бөөрний архаг өвчин хүндрэхээр цус багадалтад ордог л доо. Мөн эрдсийн солилцоо алдагдсанаар цусан дахь кали ихэсдэг бөгөөд кали ихэссэнээр зүрх гэнэт зогсох эрсдэлтэй. Түүнчлэн зүрх судасны талаас хүндрэл өгнө. Тухайлбал, зүрхний шигдээс, зүрхний ишми, зүрхний дутагдлын зовиурууд илэрдэг.

– Бөөрний архаг өвчний эмчилгээ хэрхэн явагддаг вэ?

– Бөөрний архаг дутагдалд хүргээд байгаа өвчнүүдийн эмгэг жамын эмчилгээг эхлээд хийдэг. Хоёрдугаарт бөөрний цусан хангамж, шүүлтийг сайжруулна. Мөн бөөрний архаг өвчний хүндрэлд хүргээд байгаа цус багадалтын эсрэг эмчилгээг хийдэг. Түүнчлэн цусны сахарыг сайн хянах шаардлагатай. Бөөрний архаг өвчний 4-р үе шатанд нэгэнтээ орсон бол бөөр орлуулах эмчилгээ хийлгэх зөвлөгөө өгнө. Үүнд гемодиализ, хэвлийн диализ, бөөр шилжүүлэн суулгах гэсэн гурван эмчилгээ бий. Ингээд тухайн хүнтэйгээ зөвлөлдөөд аль нэг эмчилгээний аргыг сонгоно.

– Шинж тэмдэг багатай энэ өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

– Бөөрийг гэмтээдэг ургамал, хортой бодис, тураах бэлдмэлийг хэрэглэж болохгүй. Манайхан тураах бэлдмэлийг их хэрэглэснээс болоод бөөрний үйл ажиллагаа нь нилээн алдагдсан байдаг. Тийм учраас тураах бэлдмэлүүдээс зайлсхийх шаардлагатай. Мөн биеийн жингээ хэвийн байлгана. Өдөрт гучин минут өөрт тохирсон дасгал хөдөлгөөнөө хийж байвал сайн. Түүнчлэн хорт зуршлаас зайлсхийж байж бөөрөө хамгаалах хэрэгтэй бөгөөд хооллолтдоо анхаарна. Давс болон амьтны гаралтай өөх тос бага хэрэглэж байх нь зүйтэй. Харин ямар нэгэн бөөрний өвчин оношлогдсон бол бөөрний эмчийн хяналтад байна. Мөн эмчтэйгээ зөвлөлдөж бөөр хамгаалах эмчилгээгээ хийнэ.

Эх сурвалж ZAAG.MN

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!