LOADING

Type to search

Ухаарахуй

БАРД ТОЙДОЛ буюу Сонсгоод гэтэлгэгч их хөлгөн судар /П.Бадралын шинэчилсэн орчуулга, бүрэн эхээр/

Share

(бүрэн эхээрээ)

Гурван эрдэнэд залбиръя.

Үнэмлэхүй номын биет Цаглашгүй гэрэлт бурхан,

Төгс жаргалангийн биет амарлингуй, хилэнт бурхан,

Хувилгаан биет Бадмаас мэндэлсэн бурхан лугаа

Хамаг амьтны ивээл болсон гурван биет гүрү багш нарт мөргөе.

Хувь ерөөлт, хурц билигт хүн амьд ахуйдаа сэрж гэгээрнэ. Эс чадвал үхлийн зуурд тохиох агшинд утгыг санан бясалгаж, өөрөө өөрийгөө чөлөөлж чадна. Ухаан чадал мөхөстөж, гэтэлж эс чадваас талийгаачид энэ номыг уншин сонсгох хэрэгтэй. Чингэхдээ шарилын дэргэд болон, эс бөгөөс ор хэвтэр, амьсгал хураасан газар нь гурван эрдэнийн үнэн хүчийг дурдаж, түүний сүнсийг өөрийн өмнө ирүүлэн сонсгож байна гэж санаад тод дуугаар уншвал зохино. Тэр үед үр хүүхэд, амраг садан уйлан хайлах, эмгэнэн гашуудах дуу гаргахыг хатуу хориглоно. Багш лугаа гурван эрдэнэд тахил өргөж, бурхан бодьсадва нарын нигүүлсэл болсон ерөөл үгсийг эгшиглэн уриад энэ номыг эрэмбэ ёсоор үйлд. Эрэмбэ нь:

• Нөгчих үеийн зуурдад гэгээн гэрлийг таниулах.

• Мөн чанарын зуурдад амарлингуй, догшидыг таниулах.

• Сансрын зуурдад умайн үүдийг хаах аргыг заах.

Нөгчих үеийн зуурдад гэгээн гэрлийг таниулах нь:

Аяа, … язгуурт хүү минь! Хүний ертөнцөд амьдрах хугацаа чинь дуусаад эдүгээ сайн мөрийг эрэх цаг чинь боллоо. Амьсгал тасрахын алдад чиний ухаан санаа огторгуй мэт хов хоосон, сав саруул, хязгааргүй уудам, хиргүй тунгалаг болно. Тэр бол оршихуйн мөн чанар – гэгээн гэрэл юм шүү.

(Гадаад амьсгал тасрахын өмнө болоод тасрах агшинд энэ сануулгыг талийгаачийн чихэнд бишрэлт багш нь буюу итгэлт нөхөр нь өгүүлбэл нэн тустай. Гадаад амьсгал тасрах сацуу бэлгэ билгийн хий төв судсанд шингэснээр гэгээн гэрлийн төлөвт орно. Бясалгал их хийсэн, сэтгэл сайхан, үйлс ариун хүний хувьд энэ төлөв удаан үргэлжилдэг бол нүгэлт муу хүний хувьд хуруу инчдэх төдийд үзэгдээд өнгөрнө.)

Хэрвээ чи гэгээн гэрлийг өөрийн мөн чанар хэмээн сэхээрч чадах юм бол мөнхийн амгалан хутгийг олно.

Шороон махбод усанд шингэх үед балчиг харагдана. Усан махбод галд шингэх үед утаан үзэгдэл ургана. Гал махбод хийд шингэх үед оч бутарна. Хий махбод сүнсэнд шингэх үед зулын гэрэл мэт туяа тодорно.

Тийнхүү бие цогцоос нэгэнт халих тул бүхнийг алаггүй тэгш хайрлах бодь сэтгэлийг бясалгатугай. Бурханы хутгийг олж, ертөнцийн хамаг амьтанд тусалъя хэмээн чин сэтгэлээр зорин бясалгавал чи өөрөөн гэгээн гэрэлт номын биеийг олоод Махамутрын дээд шидээр хамаг амьтанд туслан явах болно.

(Буяны нөхөр, номын садан хүн бясалгалын хүчээр зуурдын гэгээн гэрлийг мэдээд өөрөө гэтлэх болно. Бусад хүмүүсийн сүнсийг гэтэлгэхдээ ийнхүү сануулах хэрэгтэй.)

Аяа, … чи сайтар сонс. Эдүгээ үнэмлэхүй гэгээн гэрэл тодорч ирэх тул анхаарлаа хурцал. Өөрийн ухаан гэгээн хоосон болохуйд үзэгдэж буй өнгө дүрс, дуулдаж буй анир чимээ бүхэн зүүд зэрэглээ мэт. Тэр хоосон чанарыг чи Хотол төгөлдөр (Самандабадра) бурхан гэж ойлго. Өөрөө өөрийгөө хүртэн мэдэх ухааны цэлмэг хоосон агаарт хэзээ ч төрөөгүй, хэзээ ч үхэшгүйг мэдэрнэ. Үгээр илэрхийлэх аргагүй энэ гайхамшигт төлөв бол Хотол төгөлдөр бурханы мөн чанар, урвалтгүй гэгээн гэрэл билээ. Бүү эргэлз, бүү түдгэлз, бүү ай. Өөрийн ухаанаар бурханы оршихуйг таньж, эргэлзэж эмээх зүйлгүй, нэгэн үзүүрт сэтгэлээр түүнд уусан нэгдэгтүн.

Хэрвээ түүнийг сэхээрэхгүй бол биеэс хальсан хойно нас барснаа ч мэдэхгүй гайхаж цочирдоно. Амраг садныхаа уйлан гашуудахыг сонсоод үймэрч бачимдана. Далд нуугдаж байсан үйлийн үр чинь сэргэж, дадал зуршлын эрхээр элдэв хуурмаг үзэгдэлд автах болно. Хар дарсан зүүд мэт аймшигт эрлэгийн үзэгдэл ургахаас өрсөж сэхээрэх хэрэгтэй.

Тунгалаг хоосон гэгээн гэрлийг сэхээрэх юм бол чи ямарваа хэлбэр дүрд уягдалгүйгээр шууд гэтлэх болно. Энэ нь чамд хэцүү байгаа бол гэгээн гэрлийг өөрийн шүтэн дээдэлдэг бурханы дүрээр харахыг хичээ. Усны мандалд туссан сарны гэрэл мэт тодрох түүнийг өөрөөс тусдаа гэж бүү сэтгэ. Чухамдаа чиний цэвэр ариун мөн чанар бөлгөө. Хэрэв чамд шүтдэг бурхан үгүй бол хязгааргүй энэрэл хайрын биелэл – Аръяабал бурханыг бясалга. Өмнөө тодрох бурханд чинхүү итгэлээр уусан нэгдээрэй.

Мөн чанарын зуурдад амарлингуй бурхадыг таниулах нь

Нөгчих үеийн зуурдад сэрж чадаагүй бол биеэ орхисон сүнс чинь хий үзэгдэл мэт тэнүүчилнэ. Үр сад хийгээд амраг нөхдөө үзэвч тэд чамайг үзэхгүй. Тэдний яриаг тодорхой сонсовч чиний дууг цаадуул чинь сонсохгүй тул уй гунигт автах вий. Бодот биегүй чамд байх, суух газар олдохгүй, элдэв дуунаас цочиж, гэрлээс айж, өнгө дүрснээс зүдэх буйза. Гэхдээ чи энэ үед сэхээрч чадах юм бол үнэмлэхүй цэвэр ахуйд эх, хөвгүүн учирсан мэт нэгдэх боломжтой. Тийнхүү нэгдвээс нарны гэрэлд харанхуй сарних мэт сансрын үзэгдэл замхрах болно.

(Зуурдын зургаан төрөл бий: Төрлийн зуурд, зүүдний зуурд, дияаны зуурд, нөгчих үеийн зуурд, мөн чанарын зуурд, сансрын зуурд. Эдгээрээс сүүлчийн гурав нь үхлийн ертөнцөд хамаарна. Нөгчих үеийн зуурдыг нэгэнт өнгөрсөн тул эдүгээ мөн чанарын зуурд биежих болно.)

Аяа, … чи анхааралтай сонс. Энэ ертөнцөөс хагацагч нь чи ганцаараа биш. Төрсний эцэст үхэж, ирсний эцэст буцах жамтай тул энэ төрөлдөө шунан хоргодох хэрэггүй. Бурханы гэгээн чанарт төвлөр. Ариун номын утга санаанд төвлөр. Буяны садан, хуврагийн чуулганд төвлөр.

Мөн чанарын зуурдад төрөх үзэгдэл бүхнийг зүүд мэт ойлго. Харагдах өнгө, дүрс, сонсогдох дуу чимээ бүхэн чиний сэтгэлийн агаараас гарч байгаа болохоор айдас хүйдэст бүү авт. Айж сандрах юм бол чи хар дарсан зүүдний ертөнцөд улам бүр хөл алдана. Биеэс хагацах цагт нүд гялбам хурц гэрэл тодорч ирээд хаврын зэрэглээ мэт жирвэлзэх буйза. Тэр бол чиний мөн чанарын өнгө гэрэл юм. Тэр гэрлийн дотроос хоосон чанарын дуу дуурьсах нь мянган лууны хүрхэл мэт аймшигтай сонсогдож магад. Түүнийг өөрийн мөн чанараас гарах аялгуу хэмээн ухаарч, бүү ай, бүү сандар. Мах, цусаар бүтсэн биегүй чамайг дуу, гэрэл, өнгө, дүрсийн аль нь ч хорлохгүй. Чиний бие бол хий сэтгэлийн бие учраас үхэл эндлээс ангид гэж ухаар.

Нас нөгчөөд хэсэг хугацаанд (1-4 хоног) чи юу ч мэдэхгүй явж магад. Гэнэт ухаан сэргээд, “Юу болов оо?” гэж эргэн тойрноо тэмтчих байх. Өөрийгөө биет ертөнцөөс нэгэнт ангижирсныг ойлгож, тайван хүлээцтэй бай. Үймэрч хямрах юм бол бүх юм буруудна. Чи мөн чанарын зуурдад байна. Энд хүртэж буй бүхэн чиний сэтгэлийн хувилгаан юм. Цэвэр мөн чанараа сэхээрэх боломж бурхадын дүрээр тодрох тул анхаарлаа хурцлах хэрэгтэй.

Эхний өдөр

Эн түрүүнд огторгуй махбодын арилсан хөх гэрэл ургана. Тэр бол төв дунд Агнистын орны цагаан өнгөт Машид гийгүүлэгч (Бирузана) бурханы гэрэл юм. Тэрээр Дадишуари эхтэй тэврэлдэж, гартаа найман хигээст хүрд барин, арслант исэр дээр заларч ирнэ. Тэдний зүрхнээс мөн чанарыг таних билгүүн ухааны хөх гэрэл тэсэшгүй хурцаар тусах буйза. Түүнтэй зэрэгцэн тэнгэр нарын сүүмгэр цагаан гэрэл ч ургана. Хэрэв чи хурц хөх гэрлээс айж, сүүмийх цагаан гэрэлд татагдах юм бол тэнгэрийн оронд төөрч, сансарын хүрднээс гэтэлж чадахгүйд хүрнэ. Тийм учир гагцхүү хурц хөх гэрлийн зүг тэмүүлэн залбиртугай:

Аяа, мунхгийн эрхээр орчлонд төөрсөн намайг мөн чанарыг таних билгүүн ухааны замд Ялж төгс нөгчсөн Машид Гийгүүлэгч бурхан минь хөтлөн соёрх. Дадишуари эх минь ивээн соёрх.

Чин зүрхний бишрэлээр тийнхүү залбирах юм бол чиний сүнс Бирузана бурханы зүрхэнд солонгон гэрэл болон шингэж, Агнистын орноо жаргалант биеэр залрах болно.

Хоёр дахь өдөр

Эхний учралыг ашиглаж чадаагүй бол хоёрдахь өдөр усан махбод огоот арилсан цагаан гэрэл тодорч ирнэ. Энэ бол дорно зүгийн Илт баясгалант орны хөх өнгөт Очирт баатар (Базарсад) бурханы гэрэл юм. Тэрээр Лочана эхтэй тэврэлдэж, гартаа таван салаа очир барьж, их заант тавцан дээр залрах бөлгөө. Түүнийг Гишдигарба, Майдар бодисадва хийгээд Ласиа, Бүсба охин тэнгэр дагалдана. Бурхадын зүрхнээс толь мэт билгүүн ухааны тув тунгалаг, цав цагаан гэрэл нүд гялбам хурцаар цацрах болно. Түүнтэй зэрэгцэн сүүмгэр утааны өнгөт тамын гэрэл ч ургана. Хилэнт муу сэтгэл чинь хурц цагаан гэрлээс зугтаж, сүүмгэр утаан гэрэлд татагдах вий. Түүнийг дагах юм бол чи тамын хүрдэнд орж, тэсэшгүй зовлон амсах тул сэрэмжтэй бай. Хурц цагаан гэрэлд сүслэн биширч, ийнхүү залбиртугай:

Аяа, уур хилэнгийн эрхээр орчлонд төөрөхийн цагт намайг толь мэт билгүүн ухааны гэгээн замд Ялж төгс нөгчсөн Базарсад бурхан минь хөтлөн соёрх. Бадрангуй Дар эх минь ивээн соёрх.

Чин зүрхний угаас тийнхүү залбирах юм бол чиний сүнс Базарсад бурханы зүрхэнд солонгон гэрэл болон шингэж, Илт баясгалант орноо төгс жаргалант биеэр залрах болно.

Гурав дахь өдөр

Уг учралыг сэхээрч чадахгүй өнгөрвөл гуравдахь өдөр шороон махбод огоот арилсан шар гэрэл ургана. Тэр нь өмнө зүгийн Цог төгөлдөр орноос залрагч шар өнгөт Эрдэнэ үүдэгч (Раднасамбава) бурханы гэрэл юм. Тэрээр Мамаги эхтэй тэврэлдэж, гартаа чандмань эрдэнэ бариад ажнай хүлэгт исэр дээр заларч ирнэ. Түүнийг Огторгуйн зүрхэн бодисадва, Самандабадра бодисадва болон Мала, Дүва охин тэнгэр хүрээлнэ. Бурхадын зүрхнээс тэгш билгийн тод шар гэрэл тэсэхийн аргагүй хурцаар тусах буйза. Түүнийг чи өөрийн цэвэр ариун мөн чанарын гэрэл хэмээн ухаарч, баясан бишрэх хэрэгтэй. Түүнтэй зэрэгцэн хүний ертөнцийн бүдэг шар гэрэл мөн тусна. Тэр цагт омогт сэтгэлийн эрхээр хурц шар гэрлээс айж, хүний бүдэг шар гэрэлд баясаж магадгүй. Бүдэг шар гэрэлд татагдваас хүний ертөнцөд төрөх, өтлөх, өвдөх, үхэхийн тавиланд унана. Тиймээс хурц шар гэрлийн зүг тэмүүлж, залбиртугай.

Аяа, омгийн эрхээр орчлонд төөрсөн намайг тэгш билгийн гэгээн замд Ялж төгс нөгчсөн Раднасамбава бурхан минь хөтлөн соёрх. Авралт Дар эх минь ивээн соёрх.

Чин зүрхний бишрэлээр тийнхүү залбирах юм бол чиний сүнс Раднасамбава бурханы зүрхэнд солонгон гэрэл болон шингэж, Цог төгөлдөр орноо жаргалант биеэр залрах болно.

Дөрөвдэх өдөр

Үйл түйтгэрийн эрхээр гэрэл, аялгуунаас айж буруулах аваас дөрөвдэх өдөр гал махбод огоод арилсан хурц улаан гэрэл сэтгэлд төрөх болно. Тэр бол өрнө зүгийн Амгалант орны Цаглашгүй гэрэлт (Авид) бурхан бөлгөө. Тэрээр Пандара эхтэй тэврэлдэж, гартаа бадамлянхуа барьсан бөгөөд тогос шувуут тавцан дээр морилж ирнэ. Аръяабал, Манзушри бодьсадва болон Гита, Алоги охин тэнгэр нар тойрон хүрээлжээ. Бурхадын зүрхнээс тус бүрчлэн онох билгийн хурц улаан гэрэл тэсэхэд бэрхээр цацрах буюу. Түүнтэй зэрэгцэн бүдэг улаан бирдийн гэрэл ч тусах болно. Тачаангуй сэтгэлийн эрхээр хурц улаан гэрлээс айж, бирдийн бүдэг улаан гэрэлд дурших юм бол бирдийн оронд унаад, өлсөх, ундаасахын түмэн зовлон эдэлнэ. Тиймээс чи хурц улаан гэрлийг өөрийн ариун чанарын гэрэл хэмээн сэхээрч, баясан залбиртугай:

Аяа, тачаангуйн эрхээр орчлонд төөрсөн намайг тус бүрчлэн онох билгийн гэгээн замд Ялж төгс нөгчсөн Цаглашгүй гэрэлт бурхан минь хөтлөн соёрх. Хутагт эх минь ивээн соёрх.

Чин зүрхний бишрэлээр тийнхүү залбирах юм бол чиний сүнс Цаглашгүй гэрэлт Авид бурханы зүрхэнд солонгон гэрэл болон шингэж, Амгалан энхийн орноо жаргалант биеэр залрах болно.

Тав дахь өдөр

Тэр завшааныг алдах юм бол тавдахь өдөр хий махбодын ариун чанарт хурц ногоон гэрэл тодорно. Энэ бол умар зүгийн Утга төгөлдөр орноос залрагч ногоон өнгөт Үйлс бүтээгч (Амогасиди) бурханы гэрэл юм. Тэрээр Тангарагт эхтэй тэврэлдэж, гартаа загалмай очир бариад, гарьд шувуут хөлөг дээр сууж ирнэ. Түүнийг Очирваань, Түйтгэр арилгагч бодисадва болоод Ганда, Нартъяа охин тэнгэр нар дагалджээ. Эцэг, эх бурхадын зүрхнээс үйлс бүтээгч билгийн хурц ногоон гэрэл нүд гялбуулан тусна. Түүнтэй зэрэгцэн асурын бүдэг ногоон гэрэл ч тусах авай. Атаархалд автаж ирсэн муу үйлийн үрээр чи хурц ногоон гэрлээс далдирч, асурын бүдэг гэрэл рүү өөрийн эрхгүй тэмүүлж магад. Тэр бүдэг гэрэлд автах юм бол өнө мөнхийн тэмцэл тулаан өрнөсөн асурын ертөнцөд одно. Тийм учир сэрэмж сэхээтэй бай. Хурц ногоон гэрлийн зүг айж эмээлгүй зорин залбиртугай.

Аяа, атаач сэтгэлийн эрхээр орчлонд төөрсөн намайг үйлс бүтээгч билгийн гэгээн замд Ялж төгс нөгчсөн Амогасиди бурхан минь хөтлөн соёрх. Тангарагт эх минь ивээн соёрх.

Чин зүрхний бишрэлээр тийнхүү залбирах юм бол чиний сүнс Үйлс бүтээгч бурханы зүрхэнд солонгон гэрэл болон шингэж, Утга төгөлдөр орноо жаргалант биеэр залрах болно.

Зургаа дахь өдөр

Өдөр өдрөөр цувран тодорсон ариун бэлгэ тэмдгийг ухаарч чадалгүй өнгөрвөл зургаадахь өдөр таван махбодын ариун чанар, таван билиг ухааныг илэрхийлэгч таван бурхан эх дагинас, нөхдийн хамтаар нэгэн зэрэг залрах болно.

• Төв дундын Машид Гийгүүлэгч (Бирузана) бурханы зүрхнээс хурц хөх гэрэл

• Дорно зүгийн Очирт баатар (Базарсад) бурханы зүрхнээс хурц цагаан гэрэл

• Өмнө зүгийн Эрдэнэ үүдэгч (Раднасамбава) бурханы зүрхнээс хурц шар гэрэл

• Өрнө зүгийн Цаглашгүй гэрэлт (Авид) бурханы зүрхнээс хурц улаан гэрэл

• Умар зүгийн Үйлс бүтээгч (Амогасиди) бурханы зүрхнээс хурц ногоон гэрэл тус тус цацарна.

Бурхадын гадна хүрээнд догшин дүрт Бизъяа, Ямандаг, Хаянхирваа, Амирда Гүндали хэмээх дөрвөн эр хаалгач, Амгуша, Паша, Исбода, Ганди хэмээх дөрвөн эм хаалгач, зургаан зүйл ертөнцийн эзэд, тухайлбал: тэнгэрийн бурхан Хурмаст, асурын бурхан Вимазидра, Хүний бурхан Шагжамүни, Адгуусны бурхан Симхам, бирдийн бурхан Зуламуха, тамын бурхан Эрлэг номун хаан заларна. Түүнчлэн бүх бурхадын өвөг эцэг Хотол төгөлдөр (Самандабадра) бурхан, эх дагина лугаа заларна.

Амарлингуй, догшин бурхадын дүр тодрох цагт хурц тунамал гэрэл мянган нарны гал мэт тусч ирнэ. Тэр бүхнийг чи өөрийн зүрхэн төвөөс ургасан гэгээн тэмдэг хэмээн ухаар. Тэдгээр хурц гэрлээс үл айн, баясан биширч залбирвал хамаг гэрэл нь чамд шингэж, бурхан болох болно.

Билгүүн ухааны хурц гэрэлтэй хамт зургаан зүйл амьтны бүдэг гэрэл төрж ирнэ.

• Тэнгэрийн гэрэл бүдэг цайвар

• Асурын гэрэл бүдэг ногоон

• Хүний гэрэл бүдэг шар

• Адгуусны гэрэл бүүдгэр бараан

• Бирдийн гэрэл бүдэг улаан

• Тамын гэрэл сүүмгэр утаан өнгөтэй.

Хэрэв чи өөрийн цэвэр мөн чанарын хурц гэрлээс айгаад, сүүмийх гэрэлд баясан дурлавал зургаан зүйл амьтны аль нэгэн биеийг аваад орчлонгийн хүрднээс гэтлэх цаггүй болно. Иймээс чи энэрэл хайр, билгүүн ухааны хурц тод гэрэлд нэгэн үзүүрт зорин залбиртугай.

Аяа, би сэтгэлийн таван хороор орчлонд төөрөхийн цагт таван билгүүн ухааны гийгүүлэх замд Ялгуусан таван бурхан минь хөтлөн соёрх. Хутагт таван эх минь ивээн соёрх. Зургаан зүйл төрлийн замаас гэтэлгэж, зуурдын бэрх ертөнцөөс аварч, ариун дагшин бурханы оронд хүргэж хайрла.

Чин итгэл бишрэлээр тийнхүү залбирах аваас сэтгэл чинь цэлмүүн тунгалаг болж, хоёргүйн чанарт уусаад бурханы хутгийг олно.

Долоо дахь өдөр

Тэдгээр ариун дохиог муу үйлийн үрээр ухаарч чадахгүй өнгөрвөл долоо дахь өдөр арилсан огторгуйн орноос ухаан баригч тэнгэрийн чуулган тодорч ирнэ. Солонгын гэрэл туяарсан хүрээ мандлын

• Төв дунд Лянхуа бүжгийн эрхэт хэмээх таван гэрлийн өнгөт бурхан улаан дагина лугаа тэврэлдэн бүжнэ.

• Зүүн зүгт Урьд насны ухаан баригч хэмээх цагаан өнгөт бурхан цагаан дагина лугаа тэврэлдэн бүжнэ.

• Өмнө зүгт Энэ насны ухаан баригч хэмээх шар өнгөт бурхан шар дагина лугаа тэврэлдэн бүжнэ.

• Баруун зүгт Махамутрын ухаан баригч хэмээх улаан өнгөт бурхан улаан дагина лугаа тэврэлдэн бүжнэ.

• Хойд зүгт Цог жавхлант ухаан баригч хэмээх ногоон өнгөт бурхан ногоон дагина лугаа тэврэлдэн бүжнэ.

Тэд бүгд гартаа бөхгөр хутга хийгээд цуст гавал барьж, мишээх атлаа ширүүн харцыг үзүүлэх болой. Тэднийг тойрон баатар дагинас, сахиусан тэнгэрүүд үхээрийн зургаан чимгийг биедээ агсаад, хүний арьсан туг хийсгэж, хүний арьсан лавир татаж, хүний арьсан манжлага дэрвүүлэн, хүний өөхөөр хиншүү утаа тавьж, яхир хахир хөг дуу гарган ертөнцийг донсолгон чичрүүлж ирнэ. Толгой хагарам чанга дуу хадаан, үсчин бүжиглэх тэдгээр тэнгэрүүд тангараг ариун, санаа зөвтнийг ивээж, тангараг буруутныг залхаан цээрлүүлэхээр ирнэ.

Анхааралтай сонс. Ухаан баригч тэнгэрүүдийн зүрхнээс таван өнгийн хурц гэрэл нүд гялбуулан цацрах болно. Түүнтэй хамт адгуусны бүүдгэр бараан өнгө гэрэл ч ургана. Чи таван өнгийн хурц гэрлээс бүү ай. Энэ нь чиний дотоод ухааны хүч юм. Хэрэв чи түүнээс айн буруулж, адгуусны бүүдгэр бараан гэрэлд татагдвал адгуусан төрөлд төрөөд, хэлгий мунхаг, бие биенээ барьж идэх, арьс мах, биеэ бусдад эдүүлэх буюу төрөх, өвдөх, өтлөх, үхэхийн түмэн зовлон эдлэх болно. Тиймээс ухаан баригч тэнгэрийн чуулганд хандан залбиртугай:

Аяа, харанхуй мунхгийн эрхээр орчлонд төөрсөн намайг ухаан баригч баатар дагинасын чуулган билгийн гэгээн замд хөтлөн соёрх. Эх дагинас минь ивээн соёрх. Зуурын ангалаас гэтэлгэж, арилсан огторгуйн оронд хүргэж хайрла.

Чин зүрхний угаас тийнхүү залбирах юм бол чиний сүнс ухаан баригч тэнгэрийн чуулганд солонгон гэрэл болон шингээд арилсан огторгуйн оронд төрөх болой.

Догшидыг таниулах нь

Амарлингуй бурхадын дүрээр тодорсон ариун чанарыг сэхээрч амжилгүй өнгөрвөл хилэнт догшидын дүр ургах болно. Хэтэрхий аймшигт үзэгдэлд өөрийн эрхгүй айх вий. Айснаас болж зуурдын хавцалд төөрөх тул анхаарал сэрэмжээ хурцлах хэрэгтэй. Ухаан санаагаа удирдаж чадахгүй бол далай мэт номыг номловч ашиг тусгүй.

(Эгэл хүмүүс айдсаас болж мөр буруудан, муу заяаны ангалд унаж зовох нь олонтаа. Нууц тарни бясалгагчид дээрх догшидыг ургах цагт урьдын сайн танилтайгаа учрах мэт тэдгээр дүрийг өөрийн уг чанар болсон ядам бурхан хэмээн ухаарч, хоёргүй утгаар шингэж бурхан болдог.

Харин ном ёсыг мэдэхгүйгээр үл барам доромж тохуу хийж явсан хүн зуурдын ертөнцөд төөрч яваагаа ч үл мэднэ. Урьд өмнө үзэж амсаагүй аймшигт дүртэй гэнэт учрах үед хорлох дайсан хэмээн бодож, айн зугтсанаар муу заяанд унадаг. Нууц тарнийн номд баясах боловч утгачлан бясалгаж чадаагүй хүн буруу үзэл хийгээд айдас сэжигт автах тул гэтэлж чадахгүй. Хүний төрөлд их нүгэл үйлдэж, зохисгүй явдлаар явсан бол элдэв муу ёрын үзэгдэлд автана. Амьд ахуйдаа бясалгал хийж, оршихуйн утгыг ухаарсан нэгэнд муу ёрын үзэгдэл ургахгүй.

Нууц тарнийг зүй ёсоор бясалгасан хүнийг нөгчих цагт нь ухаан баригч баатар дагинасын чуулган магадаар удирдан огторгуйн оронд хүргэнэ. Түүний шинж нь цэлмэг огторгуйд солонго татаж, гэрэл үзэгдээд шингэх ба цэцгийн хур буух, хүжийн үнэр анхилах хийгээд огторгуйгаас сонсголонт аялгуу дуурьсана.

Гэгээн гэрлийг таньж чадвал агшин зуурын гэгээрлээр огторгуй мэт номын бие дармакаяа-г олно. Мөн чанарын зуурдад амарлингуй болон догшин бурхадыг таньж чадвал төгс жаргалант бие буюу самбогакаяа–г олдог. Сансарын зуурдад сэхээрч чадвал хувилгаан бие буюу нирманакаяа-г олж, дээд язгуурт төрнө. Боломж завшааныг алдахгүйн тулд сэхээлэг байх хэрэгтэй.)

Найм дахь өдөр

Аяа, чи анхааралтай сонс. Мөн чанарын зуурдад төөрөх аваас найм дахь өдөр цус уугч тэнгэрийн чуулган угтаж ирнэ. Их цогт Будда Хэрүга хэмээх хар бараан биетэй догшин бурхан заларна. Тэрээр гурван толгойтой, баруун нүүр нь цагаан, зүүн нүүр нь улаан, дунд нүүр нь харавтар бөгөөд толгой бүртээ гурван нүдтэй. Зургаан мутар, дөрвөн хөлтэй. Дөрвөн хөлийн баруунаа нугалж, зүүнээ жийсэн. Баруун гурван мутартаа хүрд, илд, сүх барьсан. Зүүн гурван мутартаа хонх, гавал, анжис барьсан. Улбар шар үсээ дээшид сэгсийлгэж, нар, сар хийгээд хохимой толгойг хүзүүндээ зүүж, хар могойгоор биеэ ороон, цус гоожсон нойтон толгой хэлхэж бэлхүүсэндээ зүүсэн. Биеэсээ хурц догшин гэрэл цацруулж, есөн нүдээр хилэгнэн ширтэх бөгөөд аньсага нь цахилгаан мэт цахилж, аймшигт хурц соёоноосоо гал бадрааж, “Элээ халаг, Ха Ха Ха” хэмээн инээх чанга дууг дуурьсгана.

Буд дагина баруун гараараа хүзүүг нь ороон тэвэрч, зүүн гараараа цус бялхсан дунг аманд нь барьж, тагнайгаа таших нь луу хүрхрэх мэт. Үсний завсраас нь гал дүрэлзэх бөгөөд нэг хөлөө хумиж, нөгөө хөлөө жийжээ. Тэд гарьд шувуут тавцан дээр заларч ирнэ.

Түүнээс бүү ай, бүү зугт. Өөрийн ухаанаас төрсөн ядам бурхан тул баясах сэтгэлээр хүлээн ав. Аймшигт догшин дүртэй боловч уг утгандаа ялж төгс нөгчсөн Машид гийгүүлэгч эцэг, эх бурхан хэмээн биширч, “Би бол Та, Та бол Би билээ” хэмээн залбирвал ядам бурхан лугаа нэгдэж, жаргалант биед хувилна.

Есдэх өдөр

Түүнээс айн цочиж, нүүр буруулбал есдэх өдөр цус уугч Базар Хэрүга бурхан угтаж ирнэ. Тэрээр хөх биетэй, гурван тэргүүн, зургаан мутартай, дөрвөн хөлийн баруунаа хумиж, зүүнээ жийсэн. Баруун нүүр нь цагаан, зүүн нүүр нь улаан, дунд нүүр нь хөхөмдөг. Баруун гурван мутартаа очир, гавал, сүх барьсан. Зүүн гурван мутартаа хонх, гавал, анжис барьсан байна. Базар дагина баруун мутраараа түүний хүзүүгээр тэвэрч, зүүн мутраар аманд нь цуст лавайг барьжээ.

Энэ нь өөрийн ухаанаас төрсөн ядам бурхан учраас бүү ай. Уг чанартаа Ялж төгс нөгчсөн Очирт бурхан эцэг, эх хэмээн ухаарч бишрэн залбирах аваас гэтлэх болно.

Арав дахь өдөр

Түүнээс айн цочиж, нүүр буруулбал арав дахь өдөр цус уугч Радна Хэрүгэ бурхан угтаж ирнэ. Тэрээр шаравтар биетэй, гурван тэргүүн, зургаан мутартай, дөрвөн хөлийн баруунаа хумиж, зүүнээ жийсэн. Баруун нүүр нь цагаан, зүүн нүүр нь улаан, дунд нүүр нь шар бараан. Баруун гурван мутартаа номин эрдэнэ, сэрээ, шийдэм барьсан. Зүүн гурван мутартаа хонх, гавал, сэрээ жад барьсан. Эрдэнэ дагина баруун мутраараа түүний хүзүүгээр тэвэрч, зүүн мутраар аманд нь цуст лавайг барьжээ.

Энэ нь өөрийн ухаанаас төрсөн ядам бурхан учраас бүү ай. Уг чанартаа Ялж төгс нөгчсөн Эрдэнэт бурхан эцэг, эх хэмээн ухаарч бишрэн залбирах аваас хоёргүй чанарт болж, гэтлэх болно.

Арван нэгдэх өдөр

Түүнээс айн цочиж, нүүр буруулбал цус уугч Бадам Хэрүга бурхан угтаж ирнэ. Тэрээр улбар хар биетэй, гурван тэргүүн, зургаан мутартай, дөрвөн хөлийн баруунаа хумиж, зүүнээ жийсэн. Баруун нүүр нь цагаан, зүүн нүүр нь хөх, дунд нүүр нь улбар хар. Баруун гурван мутартаа лянхуа, сэрээ, бэрээ барьсан. Зүүн гурван мутартаа хонх, гавал, хэнгэрэг барьсан. Бадам дагина баруун мутраараа түүний хүзүүгээр тэвэрч, зүүн мутраар аманд нь цуст лавайг барьжээ.

Энэ нь өөрийн ухаанаас төрсөн ядам бурхан учраас бүү ай. Уг чанартаа Ялж төгс нөгчсөн Цаглашгүй гэрэлт эцэг, эх хэмээн ухаарч бишрэн залбирах аваас хоёргүй чанарт болж, гэтлэх болно.

Арван хоёр дахь өдөр

Түүнээс айн цочиж, нүүр буруулбал цус уугч Гарма Хэрүга бурхан угтаж ирнэ. Тэрээр ногоовтор хар биетэй, гурван тэргүүн, зургаан мутартай, дөрвөн хөлийн баруунаа хумиж, зүүнээ жийсэн. Баруун нүүр нь цагаан, зүүн нүүр нь улаан, дунд нүүр нь ногоовтор. Баруун гурван мутартаа илд, сэрээ, бэрээ барьсан. Зүүн гурван мутартаа хонх, гавал, анжис барьсан. Гарма дагина баруун мутраараа түүний хүзүүгээр тэвэрч, зүүн мутраар аманд нь цуст лавайг барьжээ.

Энэ нь өөрийн ухаанаас төрсөн ядам бурхан учраас бүү ай. Уг чанартаа Ялж төгс нөгчсөн Үйлс бүтээгч эцэг, эх хэмээн ухаарч бишрэн залбирах аваас хоёргүй чанарт болж, гэтлэх болно.

Арван гурав дахь өдөр

Аяа, чи анхааралтай сонс. Дүр тэмдгийг таниж сэхээрэхгүй бол ангал руу хөл алдах мэт аймшигт үзэгдэл улам бүр эрчээ авна. Арван гурав дахь өдөр ухааны тойрог мандлын найман зүгээс үхлийн охин тэнгэрс морилно.

• Зүүн зүгээс цагаан өнгөт охин тэнгэр баруун гартаа бэрээ, зүүн гартаа цус дүүрэн гавал барьсан.

• Өмнө зүгээс шар өнгөт охин тэнгэр нум, сум эвшээлгэн барьсан.

• Баруун зүгээс улаан өнгөт охин тэнгэр матрын дүрст тэмдэг барьсан.

• Хойд зүгээс хар өнгөт охин тэнгэр очир хийгээд цуст гавал барьсан.

• Зүүн өмнөөс улбар шар өнгөт охин тэнгэр цувьсан гэдэс барьж, амандаа үмхсэн.

• Баруун өмнөөс хар ногоон өнгөт охин тэнгэр баруун гартаа цуст гавал барьж, амандаа цус балгасан.

• Баруун хойноос цайвар шар өнгөт охин тэнгэр хүний бүхэл биеийг барин идсэн.

• Зүүн хойноос хөхөмдөг өнгөт охин тэнгэр толгойг нь салгасан биеийг барин идсэн.

Эдгээр найман охин тэнгэр цус уугч таван эцгийг хүрээлэн гарч ирнэ. Бүү ай, бүү сандар.

Мандлын гадаад хүрээнээс найман эм чөтгөр гарч ирнэ:

• Зүүн зүгээс хар хүрэн өнгөт Арслан толгойт эм чөтгөр хоёр гараа өвчүүн тус газраа эвхэж, амандаа яс зуусан.

• Өмнө зүгээс улаан өнгөт Барс толгойт эм чөтгөр хоёр гараа өмнөө солбиж, хурц нүдээрээ машид догшноор ширтэн, соёогоо ярзайлгасан.

• Баруун зүгээс хар өнгөт Цөөвөр толгойт эм чөтгөр баруун гартаа хяргуур барьж, зүүн гараараа цувьсан гэдэс барьж цусыг нь долоосон.

• Хойт зүгээс хөхөмдөг өнгөт Чонон толгойт эм чөтгөр хоёр гартаа араг яс барьж, амаа ангайн нүдээ ширүүнээр ширтсэн.

• Зүүн өмнөөс цайвар шар Тас толгойт эм чөтгөр хүүр үүрч, гартаа хувхай яс барьсан.

• Баруун өмнөөс баргар улаан Харцага толгойт эм чөтгөр нуруундаа хүүр үүрсэн.

• Баруун хойноос хар өнгөт Хэрээ толгойт эм чөтгөр зүүн гартаа гавал барьж, баруунаараа уушги, зүрх барин идсэн.

• Зүүн хойноос хөхөмдөг өнгөт Ууль толгойт эм чөтгөр баруун гартаа очир , зүүн гартаа илд барьсан.

Тэдгээр найман эм чөтгөр цус уугч таван эцгийг хүрээлэн гарч ирнэ. Тэд чиний сэтгэлээс үүдсэн тул бүү эмээ. Хүүр нь чи өөрөө, хүүр идэгч нь ч чи өөрөө. Түүнийг ухаарч чадвал гэтлэх болно.

Арван дөрөв дэх өдөр

Энэ өдөр мандлын үүдийг хамгаалагч дөрвөн охин тэнгэр гарч ирнэ.

• Зүүн зүгээс цагаан өнгөтэй барс толгойт эх зүүн гартаа дүүрэн цуст гавал барьсан.

• Өмнө зүгээс шар өнгөтэй гахай толгойт эх гартаа цалам барьсан.

• Баруун зүгээс улаан өнгөтэй арслан толгойт эх төмөр чөдөр барьсан .

• Хойт зүгээс ногоон өнгөтэй могой толгойт эх хонх барьсан.

Тэд бүгд чиний сэтгэлийн хувилгаан хүч учраас бүү ай. Айж сандрах аваас багшийн увдис номыг дуудан дуудан бясалгаарай.

Энэ үед зүүн зүгээс:

• Харавтар өнгөт Мангас эх, бух толгойтой, очир барьсан.

• Улбар өнгөт Эсүрва эх , могой толгойтой, лянхуа барьсан.

• Ногоовтор өнгөт Тэнгэр эх, ирвэс толгойтой, сэрээ барьсан.

• Хөх өнгөт Хүсэгч эх, үнэг толгойтой, хүрд барьсан.

• Улаан өнгөт Залуу эх, луус толгойтой, жад барьсан.

• Цагаан өнгөт Хурмаст эх, баавгай толгойтой, цалам барьсан.

Зүүн зүгийн зургаан эх өмнө чинь төрж ирнэ. Тэднээс бүү ай.

Өмнө зүгээс:

• Шар өнгөт Бясалгагч эх, баавгай толгойтой, хяргуур барьсан.

• Улаан өнгөт Амарлингуй эх, матар толгойтой, хонх барьсан.

• Ногоон өнгөт Рашаан эх, дигваранз толгойтой, лянхуа барьсан.

• Цагаан өнгөт Саран эх , халцгай толгойтой, очир барьсан.

• Ногоовтор өнгөт Билгийн эх, үнэгэн толгойтой, бэрээ барьсан.

• Шар өнгөт Ягшис эх, барс толгойтой цустай гавал барьсан .

Өмнө зүгийн зургаан эх өмнө чинь төрж ирнэ. Тэднээс бүү ай.

Баруун зүгээс:

• Ногоовтор өнгөт Идэгч эх, тас шувуун толгойтой, шийдэм барьсан.

• Улаан өнгөт Баясгалант эх, морин толгойтой, араг яс барьсан.

• Цагаан өнгөт Хүчит эх, гарьд шувуун толгойтой, бэрээ барьсан.

• Шар өнгөт Мангас эх, нохой толгойтой, очир барьсан.

• Шаравтар өнгөт Хүсэгч эх, өвөөлжин толгойтой, нум сум барьсан.

• Ногоон өнгөт Эд сахигч эх, буга толгойтой, бумба барьсан.

Баруун зүгийн зургаан эх өмнө чинь төрж ирнэ. Тэднээс бүү ай.

Хойд зүгээс:

• Хөх өнгөт Хий тэнгэр эх, чонон толгойтой, дэгээ барьсан.

• Улаан өнгөт Мам эх, ямаан толгойтой, таяг барьсан .

• Хар өнгөт Варахи эх, гахай толгойтой, соёо барьсан.

• Улаан өнгөт Ради эх, хэрээн толгойтой, зулбасга барьсан.

• Ногоовтор өнгөт Том хамарт эх, заан толгойтой, хүүр барьсан.

• Хөх өнгөт Усан тэнгэр эх могой толгойтой, хар могойн цалам барьсан.

Хойд зүгийн зургаан эх өмнө чинь гарч ирнэ. Тэднээс бүү ай.

Эцэст нь дөрвөн хаалгач эх гарч ирнэ. Үүнд:

• Зүүн зүгийн хаалгач: Хар өнгөт Хөхөө толгойт эх, гартаа сэрээ барьсан.

• Өмнө зүгийн хаалгач: Шар өнгөт Ямаан толгойт эх , гартаа цалам барьсан.

• Баруун зүгийн хаалгач: Улаан өнгөт Арслан толгойт эх, гартаа төмөр чөдөр барьсан.

• Хойт зүгийн хаалагч: Ногоовтор өнгөт Могой толгойт эх, гартаа хонх барьсан.

Ийм дөрвөн хаалгач эх өмнө чинь гарч ирнэ.

Энэ мэт дөрвөн зүгийн зургаа, зургаан хорин дөрвөн эх, дөрвөн хаалгачтай нийлээд хорин найман эх, Цус уугчдын чуулган нь угтаа Бурханы билгүүн чанар буюу. Тэд бүгдийг өөрийн дотоод ухааны хувилгаан дүр хэмээн ухаар. Тийнхүү ухаарсан даруйд чи цус уугч бурхадын биед шингээд, хоёргүй чанарт бурхан болно.

Тэдгээр амарлингуй хийгээд догшидын биеийн хэмжээ нь: Их нь огторгуйн хязгаар лугаа чацуу, дунд нь сүмбэр уулын төдий, бага нь чиний биеийг арван найм давхарласан чинээ болж үзэгдэх тул бүү ай.

Үзэгдэл бүхэн гэрэл. Гэрэл бүхэн бурхан. Амарлингуй, догшин бурхан бүгд чиний өөрийн ухааны эрчим хүч. Хэрэв чи тэдгээр гэрэл буюу бурхадын дүрд сүслэн нэгдвээс орчлонгийн хүрднээс гэтэлнэ.

Харин айдас хүйдэс, эргэлзээ сэжигт автах юм бол амарлингуй бурхадын дүр аймшигт Махагалын дүрд хувирна. Догшин бурхадын дүр өршөөлгүй эрлэгийн биед урваснаар чи орчлонгийн эргүүлэгт хөл алдах болно. Өөрийн сэтгэлийг л танихгүй бол бүхэл галвын туршид судар, дандарыг уншиж судлаад, мэргэн ухаантан болсон ч бурхан болохгүй. Өөрийн сэтгэлийг илт танивал нэгэн тарнийн ганц оньсоор бурханы хутгийг олъюу.

Сэтгэлийн үзэгдлийг сэхээрч чадахгүй бол номын чанарын зуурдад Эрлэг Номун хааны бие тодорч ирнэ. Тэрээр хөмхийгөө зууж, хурц догшин нүдээр сүлбэх мэт ширтэн, гартаа шулмасын эрээн мод бариад “Цохь, цохь, ал, ал!” хэмээн хахирган дуугаар хашгирч, амин зүрхийг суга татан, толгойг тасдаж, цусыг сорж, тархийг идэх тэргүүтэн аймшигтай дүрээр ертөнцийг донсолгож ирнэ.

Түүнээс бүү ай. Чи сэтгэлийн биет болсон тул алах, огтчих болбоос чамд үхэхийн шалтгаан байхгүй. Амарлингуй хийгээд хилэнт бурхад, цус уугчид, элдэв толгойтой эрлэг чөтгөрүүд, өнгө өнгийн гэрэл, солонго зэрэг нь үзэгдэх төдий боловч хоосон чанартайг мэдвэл чиний айдас бүхэн аяндаа алдарч, хоёргүйд шингээд бурхан болно. Энэ утгыг эс мэдвээс ийнхүү залбир:

Аяа, Гурван эрдэнэд итгэн биширч, ядам бурханаа дуудан залбиръя. Зуурдын хавцгайд төөрч яваа намайг нигүүлсэн соёрх. Эндүүрэлт сэтгэлээр орчлонд төөрч яваа намайг айдас зовлонгоос сэрээж, гэгээн гэрлийн мөрөөр Ялж төгс нөгчсөн догшидын чуулган өмнөөс удирдан соёрх. Хилэнт охин тэнгэрийн чуулган хойноос хашин соёрх. Зуурдын аюулт хавцгайгаас гэтэлгэж, туулсан бурханы оронд хүргэн соёрх.

Өмөг түшгээ алдан орь ганцаар төөрөөд, өөрийн сэтгэл хоосон хөрөг мэт болж, айх цочихын цагт бурхадын нигүүлсэхүйн хүчээр аюул үл болтугай.

Билгүүн ухааны таван гэрэл төрөх цагт өөрт айх, зүдэх зүйлгүйгээр өөрийн сэтгэлийг илт мэдэх болтугай. Амарлингуй, догшидын өнгө, бие ургах цагт аюулгүй чанарыг олоод зуурдыг илт мэдэх болтугай. Муу үйлийн эрхээр зовбол Ядам бурхан зовлонг арилгах болтугай.

Хоосон чанарын дуу мянган лууны дуу мэт хүрхрэх болбоос тэд маанийн аялгуу болтугай. Таван махбодын орны дайсан үл хөдлөөд, язгурын таван бурханы орныг үзэх болтугай.

Чин сэтгэлээсээ тийнхүү залбирвал хамаг аюул арилж, төгс жаргалангийн биет бурхан болно.

(Ер нь амьд ахуй цагтаа бясалгалд хичээсэн хүн нөгчсөний дараа зовлон бага амсах буюу огт амсахгүй байж болно. Иймд амьд ахуй цагтаа ”Сонсгоод гэтэлгэгч” судрыг ахин дахин уншиж, бясалга. Олон эрлэг хөөж ирэхийн цагт мартахааргүй энэ номын утгыг тогтоо. Таван завсаргүй нүгэл хилэнц үйлдсэн хүний чихэнд сонсгосон ч гэтлэх замд хөтөлнө. Тиймийн тулд энэ номыг олон хүнд сонордуул. Амьд үхсэн алин боловч энэ номтой учирсан нь эрхэм сайн заяатай болно. Хилэнцэт хүн энэ судартай учрах бэрх бөгөөд учирсан ч сэтгэлдээ тогтоож чадалгүй, буруу үзэл төрж төөрөх тул энэ номыг машид дээдлэн хүндэлж, хичээн ойлгох хэрэгтэй.)

Сансрын зуурдыг таниулах нь

Аяа,.. чи анхааралтай сонс. Нэгээс таван хоногт үхэтхийгээд сэрэхэд сүнс чинь улам тодорхой болж, урьд амьд байсан шигээ бодитой сэтгэл төрөөд хотол эрхтэн төгссөн мэт санагдана. Тэр үед юунд ч торолгүй явах заяаны хувилгаан хүчин төгөлдөр болж, тэнгэрийн арилсан нүдээр ертөнцийг үзэх болно гэж сударт номлосон тул энэ нь чиний сэтгэлийн бие болой. Аль оронд төрөх бөгөөс тэр орны тэмдэг байдал чамд үзэгдэх болно. Аливаа үзэгдэх юмст автахаас сэрэмжилж, шунах сэтгэлийг тэвч. Эс чадвал чи зургаан зүйл амьтны оронд төрж, зовлон эдлэх болно. Амьд цагтаа сохор, дүлий, хэлгүй, доголон байсан бол эдүгээ зуурдад нүдээр дүрс үзэн, чихээр дууг сонсон, хэлээр үг өгүүлэхчлэн бүх эрхтэн бүрдсэн мэт санагдана. Энэ нь төрөл егүүтгэж, зуурдад төөрсөн шинж мөний тул номын утгыг дурдан сана.

Ухаан сэтгэл чинь мах цусаар бүтсэн биеэсээ хагацсан тул Сүмбэр уул, байшин барилга, хад чулуу юунд ч торолгүй нэвт яван чадах. Нэгэн агшинд хаа хүрэхийг хүсвээс тэр даруй тэр газраа хүрэх болно. Энэ нь бясалгалаар бүтсэн рид хувилгаан биш, заяаны хүчнээс бүтсэн хувилгаан буюу. Тиймээс ачит багшаа дурдан бясалгаж, Арьяабал бурханд залбиртугай. Ингэвэл чи юмс үзэгдлийг арилсан тэнгэрийн нүдээр үзэх болно.

Өөрийн эхнэр нөхөр, үр хүүхэд, садан нөхөддөө сэтгэл хоргодох нь тусгүй тул хичээн хорьтугай. Чамайг үйлийн хий үзэгдэл үлдэн хөөснөөр өөрийн эрхгүй сүнс чинь орших оронгүй болсон тул шувууны өдийг салхинд хийсгэх мэт хийн морийг хөлөглөн тогтож ядна. Үүнийг бодитой зовлон хэмээн бүү сэтгэ. Чиний сэтгэлд өдөр шөнөгүй, цаг үргэлж тэнгэрийн заадас мэт зурвас цагаан зам дөчин есөн хоног хүртэл үргэлжлэн үзэгдэх болно.

Тэр цагт үйлийн үрийн догшин салхи тэсэхийн аргагүй хойноос хөөж, их аюулт харанхуй өмнөөс угтана. Их хилэнтэн, мах идэгч, ягшисууд, элдэв зүйлийн ирт мэс барьсан олон яргачид “Дэлдтүгэй, алтугай” хэмээх хүрхрэх аюулт дуу гарган айлган ирэх болно. Аймшигт дүртэй элдэв зүйлийн араатан, гөрөөс араас элдэх, цасан шуурга, шороон шуурга, усан бороо хийгээд олон хүн хойноос хөөх мэт ирэх болно. Уул нурах, далай лавалгаалах, түймэр шатах, салхи шуурга хөдлөх мэт дуу гарна. Тэдгээрээс айж, нуугдах газар эрж, зовохын цагт өмнө чинь ёроолгүй гүн улаан, цагаан, ногоон өнгөтэй гурван нуур байх бөгөөд түүнд унаж үхэх мэт сэтгэгдэл төрнө. Энэ нь чиний уур, тачаангуй, мунхаг гурав болой. Үүнийг сансрын зуурд мөн байна хэмээн мэдээд Аръяабал бурхан хийгээд лам гурван эрдэнийг дуудаж, “Ийм нэртэй намайг муу заяанд бүү унагаач ээ” хэмээн чин сэтгэлээр бишрэн залбиртугай.

Харин буян үйлдэж, чуулган хураасан бол төгс сайн эд таваар, элдэв зүйл амгалан жаргалан чамайг угтаж авна. Аяа, чи хүсэл хийгээд зовлон, жаргалан юуг ч үл анзааран зөвхөн лам гурван эрдэнийг сэтгэлдээ бясалган залбир. Ухаан чинь биеэсээ хагацсаны эрхээр сэтгэл чинь тогтворгүй болж, нэг газар сууж үл чадан сүнс чинь долгисох болно. Энэ үед сэтгэлээ бат тогтвортой баригтун. Ингэж эс чадвал чи үр садныхаа хайлан уйлалдах дуу хийгээд өөрийн эд мал, хөрөнгө, хүүрэндээ хоргодох сэтгэл төрж, гутан гашуудаад өөрийн хүүрэнд есөн удаа хүртэл орохыг сэтгэнэ. Гэвч мөн чанарын зуурд өнө хол учир өвөл хөлдөж, зун өмхийрч, үр сад чинь булшинд дарж, галд түлж, усанд хийж, араатан жигүүртэнд өгөх зэргээр эргэн орох хүүр үгүй болно. Энэ үед чи гаслан гунихарч хад чулуу, өвс мод, эрэг ганган дор нуугдах сэтгэл төрөх нь сансрын зуурдын чанар буюу. Чи өөрийн биеийг эрэх хийгээд шунан тачаахыг тэвчиж хоосон чанарын агаарт бат нот агуултугай.

Эрлэгийн шүүлт

Ийн таниулахад муу үйлийн эрхээр үл гэтлэх бөгөөс сануулах нь:

Аяа, чи алгасалгүй сайтар сонс. Их зовлон болох нь өөрийн үйлийн үр учраас гүрү багш, гурван эрдэнэдээ чин зүрхнээс залбир. Ядам бурханаа танихгүй, бясалгал хийхгүй алгасарбал эдүгээ чиний хамт төрсөн бурхан амьд ахуйдаа үйлдсэн буяны чинь хэмжээгээр цагаан чулуу, хамт төрсөн чөтгөр чинь хилэнц хийсний хэмжээгээр хар чулуу аваад тус тус угтаж ирнэ. Хэрэв буян хийсэн бол цагаан чулуу нь их, нүгэл хилэнц хийсэн бол хар чулуу нь их байна. Тэр цагт айсандаа би нүгэл хийгээгүй гэж худал хэлбэл тусгүй болно. Учир нь эрлэгүүд толь дэнсэндээ үзэж, чиний буян хилэнцийг илт мэдэх буюу. Тэндээс эрлэгүүд цалам уяагаар хүзүүнээс чинь боомилж, төмөр дэгээгээр эгэмнээс чинь гогодож чирээд хүзүүг чинь огтлох, зүрхийг сугалах, гэдсийг цувуулах, тархийг бяцлах, цусыг уух, махыг идэх, ясыг чинь хэмхлэвч үхэхгүй. Биеийг чинь хэдэн хэсэг огтчин хуваасан ч ахин дахин эдгэж, хэмжээлшгүй зовлонг амсана. Тиймээс чулуу авч ирэхэд айж сандарч, булзаж мэлзэх гэж бүү оролд.

Чи сэтгэлийн биет болсон тул алах, хэрчих, огтчих боловч үхэхгүй. Энэ бүх үзэгдэл өөрийн сэтгэлээс үүдэлтэйг ухаар. Чиний сэтгэлийн бие хоосон чанарт бөгөөд аливаа үзэгдэх эрлэг чөтгөр, аймшигт дүрс зэрэг нь бодитой бүтээгүйг илт мэдэж, зуурдад Махамутар (оршихуйн нэгдмэл чанар)-ын дияаныг төгс бясалгатугай. Үзэгдэл, хоосон хоёр нь салшгүй чанартай тул тэр мэтийг үл алгасран мэдтүгэй. Илт мэдвээс дөрвөн бие огоот туулсан бурхан болох нь магад. Энэ цагт алгасарвал эцэс төгсгөлгүй зовлонгийн балчигт унах болно. Тэр мэт бясалгалыг мэдэхгүй бол бурхан, ном, хуврагуудад чин сэтгэлээсээ биширч их нигүүлсэгч Аръяабал бурханд сүсэглэн залбиртугай.

Эдүгээ чиний сэтгэлд нэгэн эгшний төдийд зовлон хийгээд жаргалан чавхны чулуу мэт үсэрч ирэх тул уурлах, тачаах хоёрыг хатуу тэвч. Хэрэв дээд язгуурт төрөх бол өндөр язгууртны өнгө гэрэл үзэгдэнэ. Чиний араас өглөг тахил үйлдэхэд зориулж, олон амьтны амь тасалбал чамд эс арилсан эндүүрэх сэтгэл үүсч, догшин уур төрснөөр тамд унах болно. Өөрийн ард үлдсэн эд таваарт хоргодоод түүнийг бусад хүмүүс эдлэхийг үзээд чи хармын хар сэтгэл, шунал тачаал төрүүлэх болбоос өндөр язгуурт төрж чадалгүй там, бирдийн аль нэгэнд төрөх болно. Эдлэх эрхгүй болсон тул чамд ямар ч үнэтэй эд таваар хоцорсон тэдгээрт уурлах, тачаахыг тэвч. Тэр бүхнийг багш гурван эрдэнэд өргөж байна хэмээн бат сэтгэтүгэй. Бас хойно хоцорсон ураг садан, үр хүүхэд, дотно нөхөд чинь нүгэл хилэнц лүгээ эс холилдсон цагаан номын явдал хийгээд лам багшаар буяны зан үйл үйлдүүлэхийг үзээд түүнд дуршин баясвал муу заяанд уналгүй дээд язгуурт төрөх болно. Амьд ахуй цагтаа буян их үйлдсэн бол түүнийгээ дурдан бясалга. Буян үйлдээгүй бол Ядам бурхан хийгээд Аръяабал бурханд чин сэтгэлээс залбирч, ийн ерөөтүгэй:

Аяа, олон нөхдөөсөө хагацаж, орь ганцаар сэтгэл хоосрон тэнэхийн цагт хамаг бурхадын нигүүлсэхүйн хүчээр айх, цочих, зүдэх зуурдын аюул арилах болтугай. Хоосон үзэгдлийн дуун мянган лууны дуу мэт чангаар дуурьсахуй маанийн зургаан үсгийн аялгуу болох болтугай. Авралгүй заяа хойноос элдэж, аймшигт харанхуй урдаас угтахад минь Аръяабал бурхан намайг авран соёрх. Муу үйлийн эрхээр зовлон үзэхийн цагт гэгээн гэрлийн амгалан дияан төрөх болтугай.

Ийнхүү нэгэн үзүүрт сэтгэлээр ерөөвөл зам мөрийг чинь магад удирдах болно. Энд нүүр эс таниад доош унах аваас зургаан зүйл амьтны гэрэл төрж ирэх болно. Үйлийн хүчээр аль оронд төрөх бол түүний гэрэл ургана. Зургаан зүйл амьтны гэрэл нь аль вэ хэмээвээс:

• Тэнгэрийн гэрэл бүдэг цагаан

• Асурын гэрэл бүдэг ногоон

• Хүний гэрэл бүдэг шар

• Адгуусны гэрэл бүдэг хар

• Бирдийн гэрэл бүдэг улаан

• Тамын гэрэл бүдэг утаа мэт өнгөтэй.

Эдгээрийн аль нэг нь төрж ирэхийн цагт Аръяабал бурханыг бясалгавал төрлийн хаалгыг хаах болно. Бас өөрийн Ядам бурхнаа бясалгавал төрлийн орныг хаагч бурхан болъюу. Ингэж эс чадвал сансраас үл гэтлэн, умайд орох учраас умайн үүдийг хаах увдисыг мэдэх хэрэгтэй.

Умайн үүдийг хаах арга

Олон удаагийн сануулгыг эс мэдвэл эдүгээ үйлийн эрхээр дээш дүүлэх, хөндлөн нисэх, толгойгоо уруу нь харуулж явах гэхчлэн сэтгэл төрнө. Мөн дээр номлосон хий салхи хөдлөх ба шороо, цасан шуурга тавих, бороо мөндөр орох, тэнгэр бүрхэх, олон хүн амьтан хойноос үлдэн хөөхүйд айх сэтгэл төрж, зугтан буруулснаар зовлонгийн оронд одно. Тэр цагт Аръяабал бурханыг алгасралгүй санан дурдагтун. Умайн үүдийг хаах арга нь:

Нэгдүгээрт: Хармын хар сэтгэлийг тэвчин багшаа эцэг, эх бурхан болгон бясалгаад “Би эдүгээ сансрын зуурдад төөрч явна. Аварч хайрла” хэмээн өгүүлнэ. Энэ үеийн шинж нь: ус хийгээд толин дотор чиний өнгө дүрс үзэгдэхгүй бөгөөд биеийн сүүдэр үгүй болсон байна.

Хоёрдугаарт: Чамд эр, эм лүгээ тачаадах сэтгэл төрөх болно. Энэ үед тачаах сэтгэлийг тэвчин, лам багш лугаа бясалган мөргөөд, сэтгэлээрээ тахил өргөж, чин бишрэлээр номд дуршин баясах сэтгэл төрүүлбэл умайн хаалгыг хаах болно.

Үүгээр хааж эс чадвал (3-рт): Уур, тачаалыг хариулах увдисыг мэдэх хэрэгтэй. Уур тачаалаас болсон дөрвөн зүйлийн төрөлт байна. Үүнд:

• Өндөгнөөс төрөх,

• Умайнаас төрөх,

• Хувилж төрөх,

• Чийг дулаанаас төрөх.

Өндөгнөөс төрөх хийгээд умайнаас төрөх хувь адил буй. Тэр цагт эр, эм хоёр хурьцалдахад уур, тачаалын эрхээр умайн хаалгаар ороод морь, нохой, шувуу, хүн тэргүүтний аль нэгэнд төрнө. Хэрэв эр төрөл бөгөөс өөрт эр сэтгэл төрнө. Эцэгт догшин уур төрөөд, эхэд харам хийгээд тачаангуй сэтгэл төрнө. Хэрэв эм төрөл бол өөрт эм сэтгэл төрнө. Эцэгт тачаах бөгөөд эхэд уурсах, эмгэнэх сэтгэл төрнө. Түүгээр шалтгаалж эцэг эхийн цагаан, улаан дусал учралдах цагт баясгалант тэгш үзэж, сүнс нь бие лүгээ нөхцөнө. Тэндээс бие гүйцэж, төрөх цаг болсноор мунхагийн чанараар элдэв зүйлийн зовлонг тасралтгүй амсана. Тэр мэтээр зургаан зүйл амьтны оронд төрвөл цаглашгүй зовлонгоор энэлэх болно. Тиймийн тул уур, тачаалыг хариулаад умайн хаалга хаах ёсыг дурдан санатугай. Уур тачаал хийгээд хармын сэтгэлийг тэвчиж, Багш хийгээд Ядам бурханыг бясалгатугай. Үүгээр умайн хаалгыг хаах болно.

Дөрөвдүгээрт: Дээрх аргуудыг умартан умайд орохыг завдвал хуурмаг илбэ мэт увдисаар хаах хэрэгтэй. Сансрын зуурдад чиний үзсэн элдэв аймшигт үзэгдлүүд нь бодит мөн чанаргүй, зүүд зэрэглээ мэт мөнх бус бөгөөд худлыг үнэн хэмээн баримталж, илбийг бодит хэмээн эндүүрвэл орчлонд төөрөн өнө удаан хугацаанд элдэв зүйлийн зовлонгийн балчигт унах болно.

Энэ мэт хамаг үзэгдэл нь үзэгдэвч усанд туссан дүрс мэт, сонсогдовч цуурай мэт, баригдавч зүүд мэт хуурмаг хэмээн нэгэн үзүүрт сэтгэлээр бясалгаж чадвал умайн хаалгыг хааж чадна. Үүгээр хааж чадалгүй бас дахин умайд орохыг завдвал гэгээн гэрлийг бясалгагтун. “Би торох, түрдэхээс хагацсан хоосон чанар, арилсан сэтгэлт болсон” хэмээн бясалгаж чадвал умайн хаалгыг хааж болно. Эдгээр аргыг дахин давтан бясалгатугай.

Чиний зуурдын сүнс зөн билигт болсон тул амьд цагтаа сохор, дүлий байсан бол эдүгээ эрхтэн бүрдэж, юу өгүүлснийг ойлгох болно. Айж цочин алгасахгүйн тул миний хэлж байгааг анхааран сонсох хэрэгтэй. Бас чиний сүнс уягдах биегүй болсон тул хаана хүрэхийг сэтгэвээс тэр газраа хялбархан очно. Энэ бүх шинж бүрдсэнээр юу сургасан бүгдийг бясалгах эрдмийн оньс бий болсон тул хичээтүгэй.

Төрөл сонгох нь

Хэрвээ үйл түйтгэрийн хүч ихэдсэнээр умайн хаалгыг хааж чадахгүйд хүрвэл умайн үүдийг сонгох нэгэн увдис бий. Аяа, чи үл алгасран сонсогтун. Дээрх нүүр таниулах, умайн хаалга хаах олон аргыг эс мэдсэнээр эдүгээ умайд орж, бие авах болбоос төрлөө зөв сонгох хэрэгтэй. Эдүгээ аль тивд төрөх бөгөөс түүний шинж тэмдэг ургана. Анхааралтай бай.

Зүүн зүгийн Үлэмж биетийн тивд төрөх бол эр, эм ангир шувуугаар чимсэн ахуй үзэгдэх болно. Тэр тивд төрвөл амгалан жаргал бүрдэх боловч ном эс дэлгэрсэн тив тул бүү ор.

Өмнө зүгийн Замбу тивд төрөх бол сэтгэлд зохистой сайхан байшин үзэгдэх болно. Түүнд орж болно.

Баруун зүгийн Үхэрт тивд төрөх бол адуу мориор чимсэн ахуй үзэгдэх болно. Эд таваар буй боловч ном эс дэлгэрсэн тив тул түүнд бүү ор.

Умар зүгийн Муу дуут тивд төрөх бол үхрээр чимсэн ахуй ба галбарваас модоор чимсэн ахуй үзэгдэнэ. Урт наслах буянтай боловч ном эс дэлгэрсэн тив тул түүнд бүү ор.

Тэнгэрийн оронд төрөх бол элдэв зүйлийн эрдэнэсээр бүтсэн ахуй хийгээд сэтгэлд зохистой орд харш үзэгдэх болно. Түүнд зохисоор хичээн ортугай.

Асур нарын оронд төрөх бол балар ширэнгэ хийгээд галын хүрдэн эргэх үзэгдэнэ. Түүнд бүү ор.

Адгуусны оронд төрөх бол хадны хөндий, газрын нүх, харанхуй будан манан үзэгдэх болно. Түүнд бүү ор.

Бирдийн оронд төрөх бол өвс, модгүй хоосон тал, өндөр ганга, эрэг, харанхуй тив үзэгдэх болно. Тэнд хэрхэвч бүү ор.

Тамд төрөх бол муу заяаны гаслах дуун сонсогдох ба хав харанхуй тив, хар байшин, улаан байшин тэргүүтэн үзэгдэнэ. Түүнд яавч бүү ор.

Чи өөрөө үл орохыг сэтгэсэн ч үйлийн эрлэгүүд хойноос үлдэн хөөж, амь таслагч эрлэгүүд өмнөөс хөтлөх ба хав харанхуй манан хийгээд их улаан салхи шуурга, их дуу шуу, хур бороо, догшин мөндөр тэргүүтнээс айж, буруулах сэтгэл чамд төрнө. Айснаас болж хаа нэг газар нуугдвал чамд чөтгөр шулмын биед төрөх шинж болно. Түүгээр аль нэг доорд биеийг аваад элдэв зовлонг цаглашгүй эдлэх тул Хэрүга бурхан хийгээд Хаянхирваа, Очирваань зэрэг хамаг муу бүгдийг үнсэн товрог болгогч аймшигт догшидыг сэтгэлдээ бодитой үүсгэ. Тэдгээрийн адистид хийгээд нигүүлсэхүйн хүчээр чи эрлэгийн яргачнаас ангижирч, умайн хаалгыг хаах болно.

Аяа, бас самадийн бурхад нь бясалгалын хүчээр төрдөг. Бирд хийгээд чөтгөр шулмын бие, наян мянган ад тэргүүтэн хамаг дурын бие нь зөвхөн сэтгэлийн чанарт юм шүү. Тэр цагт хоосон чанар Махамутрын утгыг санан, Аръяабал бурханыг бясалгаснаар төгс жаргалангийн биет туулсан бурханыг олох болно. Хэрвээ гэтлэх мөр буруудан орчонд эргэн төрөх болбоос баруун зүгийн Сухавадийн оронд Авид бурханы дэргэд бадамлянхуа цэцгэнд хувилж төрөх болтугай хэмээн чин сэтгэлээр зорь.

Бас Илт Баясгалант ба Агнистын орон, Адагивандын орон, Хязгаарлашгүй Лянхуан гэрэлт орноо Бадамсамбава багшийн дэргэд буюу өөрийн аль таалсан ариун оронд дуршин санаад, нэгэн үзүүрт сэтгэлээр баясан биширвээс тэр орондоо төрөх болно. Түшидийн оронд Майдар бурханы дэргэд лянхуан цэцэгнээс хувилж төрье хэмээн чин сэтгэлээр биширвэл Майдарын оронд төрөх болно.

Ингэж чадалгүй умайд татагдан орохдоо тулбал умайн хаалгыг сонгох увдис бий тул сонстугай. Энд уур, тачаалыг тэвчиж, ном дэлгэрсэн оронд сайн умайг сонгох хэрэгтэй. Үүний тул дурдан сануулах нь:

“Аяа, би хамаг амьтны тусын тулд Загарвардын хаан ба номын үндэст, хиргүй язгуурт, их сүсэгт эцэг, эхийн шидэт хөвгүүн болон төрж, хотолд туслан явах буянт биеийг авсугай” хэмэн дурших сэтгэлээр ерөө. Орох хэвлийгээ тэнгэрийн хязгаарлашгүй орд болгон адислаад, арван зүгийн бурхан бодисадва нар болон Арьяабал бурханд залбирч “Авшиг хайрлана уу” хэмээн хүсээд ор. Тэр үед муу зуршлын эрхээр умайг сонгохдоо эндүүрэх нөхцөл гарах вий. Сайныг муу, мууг сайн хэмээн үзэх эндүүрлийн орон буй тул сайнд үл шунан, мууг үл голон алагчаалах үзлээс ангид тэгш сэтгэлийн чанараар олох хэрэгтэй.

Муу үйлийн эрхээр гэнэт нөгчсөн буюу уур, тачаалын эрхээр цогцос хийгээд үр садан, ах дүүс ба эд хөрөнгөнөөсөө хагацан ядагчдад жич сануулах нь:

Аяа, чи эдүгээ умай сонгох аргыг үл мэдээд уур, тачаал хоёроосоо хагацаж чадалгүй төөрөн явах бөгөөс хойно хоцорсон үр хүүхэд, амраг садандаа хоргодон шунах сэтгэлийг тэвчиж, багш гурван эрдэнэдээ итгэл одуулж, Аръяабал бурхандаа залбиртугай. Хэрэв энэ ертөнцөд эргэн төрөх болбоос хүний бүдэг шар гэрэл хийгээд тэнгэрийн бүдэг цагаан гэрлийг сонгож, эрдэнийн сайн байшин, сэтгэлд зохистой баясгалант цэцэрлэгт ортугай.

Төгсгөл

Зуурдын хавцалд хаа хол төөрч явсан ч энэ номыг сонссон төдийхнөөр үзэгдэл бүхэн урваж, гэтлэх болно. Иймд амьд ахуй цагтаа энэ номыг олонтаа уншин тогтоохоос гадна үхсэн хүний шарилын дэргэд хамраас цус ба шар ус гарахын наана дахин давтан урь.

Үхэгсдийн хойноос баримтлах хатуу тангараг нь: Амьтны амь таслахыг хатуу цээрлэх. Шарилын дэргэд үр садан, амраг нөхөд нь уйлах, энэлэн гаслах дуу гаргахыг хатуу цээрлэх. Шарилыг ахин дахин хөндөж төнхөхгүй байх.

“Зуурдад сонсгоод гэтэлгэгч” энэ номыг зохих ёсоор нь шүтвэл маш гүнзгий. Хэзээ ч үхэж магадгүй тул энэ номыг уншин бясалгах аваас үхэх шинжээ илт мэдэх увдистай болно. Амьд тэнхлүүн цагтаа үгийг нь тогтоож, утгыг нь сэтгэлдээ шингээн бясалгавал нэн тустай. Нөгчсөн цагийн сүнсийг бурхан болгогч адис төгөлдөр арга билиг бөгөөд гурван цагийн бурхадын ном дотроос эрэвч үүнээс дээд нь үгүй билээ. Өлзий хутаг орштугай. Ум мани бадмэ хум.

Төвд хэлнээс шинэчлэн хөрвүүлсэн П.Бадрал

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!