LOADING

Type to search

Ухаарахуй

Молон тойны эхийн ач хариулсан судар

Share

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны саданд өргөл өргөж, бусчир ядууст өглөг үйлдэн амар жарган суужээ. Тийнхүү жарган суусны хойно эцэг нь өөд болж, Лавай хөвгүүн олон бодьсад хуврагийг залж, хойтын буяныг хичээнгүйлэн үйлдэв. Улмаар гэр хотоо тэргүүлэх болсны учир ашгийг эрж, алсыг зорин худалдаа наймаа хийе хэмээн шийдээд эхдээ санаа зоригоо хэлэв. Эх нь гэрийн түшмэд зарц нарт хандан:

– Дотоод сангийн алт эрдэнэсийг гаргаж дэнсэл хэмээн тушаав. Тийнхүү дэнсэлж нягталбал гурван мянган лан алт байлаа. Лавай хөвгүүн түүнийг гурав хувааж, нэг хувийг нь гэрийн аж ахуйд, нэг хувийг нь буян номын өргөлд, үлдсэн хувийг нь худалдаанд зориулж авч явъя гэвээс эх Молор хатан дотроо ихэд баясан:

– Хүү минь нэгэнт зориглосон бол ар гэртээ зоволгүй, ашиг хэрэгтээ л анхаарч аян замдаа сайн яваад ирээрэй хэмээв. Хатан эхээс бошго авсан тул Лавай хөвгүүнийг Или үеэлийн хамт айл хотлоор бэлэг хадаг өргөж, аян замд үдэн гаргалаа. Олон албат иргэд нь гаднаа даган баясах мэт боловч дотроо санаа зовнин хэлэлцэх нь:

– Ай хөөрхий уршиг ихт Молор хатан Лавай хөвгүүнийг алсад үдэхдээ адган баярлаж байна. Нэг хувь алтыг газарт ус мэт асгах биз ээ…

Гэрийн эзэн өтгөс нь өөд болж, идэр залуус нь алсад одоод айж ичих хүнгүй болсон хойно авир муут хатны зэс цухуйж, аль мууг үйлдэх болов. Урьдын заншил ёсоор бурханы өргөөнд олон хувраг заларч хурал номоо хурах үед Молор хатан уурсан хорсож, “Миний нүдэнд бүү үзүүл, чихэнд бүү сонсго” хэмээн бурхан тахилыг нурааж, буянт хуврагийг саваа модоор занчин хөөв. Амтанд шунамхайрах хүсэлдээ автан мал амьтныг олноор авчирч, амьд биеийг нь мунаар занчин, цус нөжийг биед нь хуруулан алуулж, сонгино саримсаар найруулан архи дарс холин идэж зугаацав. Загас жараахайг амьдаар нь халуун тогоонд хавхаглан хуурч идэв. Галуу, тахиа, нугас зэрэг шувуудыг мөн халуун тогоонд амьдаар нь хавхаглаж, шувууд өөрийн хошуугаар өд сөдөө зулгааж дэвссээр үхэхэд, махыг нь амтархан идэв. Бас гахайн зүрхийг амьдаар нь сугалан аваад хар зүгийн онгодыг тахих болов. Энэ мэт элдэв нүглийг эрээ цээргүй үйлдэн суусаар гурван жил өнгөрсөн хойно нэгэн өдөр зарц охин ирээд:

– Өмнө зүгээс Или хөвгүүн айсуй гэж хэлэв. Молор хатан сандарч:

– Зарц нар бурханы өргөөг бушуу цэвэрлэж, ширээ суудлыг засаж, хурал ном хурж байсан аятай зул хүж, балин тахил өргө. Бүгдийг янзалж эмхэлсэн хойно Илийг нааш оруул гэжээ.

Или хөвгүүнтэй уулзахдаа Молор хатан худал сайхан үгсийг хэлж:

– Би хөвгүүдийн эзгүйд буян үйлдэж бурхандаа залбирч суулаа. Чи очиж бурхан шүтээнээ үз гэхэд Или очиж үзвээс хурал ном саяхан өндөрлөсөн байдалтай ширээ дэвсгэр тавьсан, балин тахил зул хүж өргөөстэй байв. Или даруй буцаж Лавай ахаа угтан очиж энэ тухай дуулгав. Хатан эхийнхээ буян ном үйлдэж суусныг Лавай сонсоод хөх огторгуйдаа залбирч мөргөв. Лавайг их холоос залбиран мөргөсөөр айсуйг үзээд ураг элгэн, албат олон хотоос гаран угтах зуур:

– Та холоос ирж яваа бөгөөтөл өмнө чинь бурхан үгүй, хойно чинь тэнгэр үгүй атал юуны тул мөргөнө вэ? гэхэд Лавай:

– Хатан эх юүгээн буян үйлдэж суусныг сонсоод гурван эрдэнэд бишрэн мөргөмү гэв.

– Ээ халаг, чамайг эзгүй байсан энэ гурван жил Молор хатан эх чинь гурван эрдэнийг гутаан доромжилж, бурсан хуврагийг зодож хөөв. Олон адгуус малыг амьдаар нь занчиж, загас шувууг шалзалж идээд гахайн зүрхийг амьдаар нь сугалж буруу онгодыг тахих болов. Энэ бүхнийг буян ном гэдэггүй юм бол өөрөөр чиний эхийн өглөг буян үйлдсэнийг үзсэн, сонссон нэгээхэн ч үгүй гэхэд Лавай эл үгсийг сонсоод муужран унав. Тэр үед хатан эх нь угтахаар гарч ирээд Лавайн гараас барьж, нүдээ уйлах мэт таглаад их дуугаар өгүүлэв:

– Ай хөвгүүн минь, ашиг үгүйрч эд таваараа алдав уу? Ямар учраас уйлан гашуудах мэт унжийна вэ? Эх, үрс бид мэнд атал юунд үл баясав? гэхэд Лавай нүдээ нээж:

– Ижий минь дээ, ашиг хэрэг талаар болоогүй. Гагцхүү таныг бурхан ном гутааж, амьтны амь хороож элдэвчлэн үйлдсэн нүглийг сонсоод эмгэнэн гашуудлаа гэв.

– Чамайг аянд мордсоноос хойш би мацаг сахил сахиж, өглөг барамид үйлдсэн. Гурван эрдэнийг шүтэж, буян ном хуруулж байлаа. Или дүү чинь бурханы өргөөг нүдээр харсан шүү дээ гэхэд Лавай итгэл алдран эмгэнэхүйд эх нь:

– Хэрэв би буян хураалгүй амьтны амь хороож, арван хар нүгэл үйлдсэн бол гэртээ харимагц хүнд өвчин тусаж, долоо хоногийн дотор үхэх болтугай гэж ам алдав. Эхийн тэр андгайг сонсоод Лавай цочин босож, гэртээ харив. Молор хатан төд удалгүй хүндээр өвдөж, долоо хоногийн дараа амьсгал хураав. Лавай хөвгүүн ихэд энэлэн гашуудаж, олон хуврагийг залан ном уншуулж, буян үйлдээд дөчин есөн хоногийн дараа эхийнхээ цогцсыг ууланд хүргээд дэргэд нь өвсөн урц барьж, зуун өдрийн турш эхдээ бодь хутаг олгох номыг чин сүсгээр уншин залбирч суулаа. Тэр цагт дээд тэнгэрээс таван өнгийн буга хувилж, амандаа цэцэг зуун ирээд эхийн цогцсын өмнө тавив. Цагаан хун шувуу үүлнээс бууж ирээд, нүднээс нулимс цувуулан хошуугаараа шороо зөөж цогцос дээр тавив. Лавай тэдгээрийг үзээд уяран баясав. Улмаар гурван жил тахил буян үйлдээд эхийн нэрийг бичээд галд шатааж, гэр бараа, эд эрдэнэ бүхнээ буянтан олонд өргөл болгов. Тэндээс Лавай мөнх бусын орчлонг ухаарч, үнэн номын мөрөөр явъя хэмээн Ялж төгс нөгчсөн Бурхан багш хаана заларч буй тэр зүгт одож, гурвантаа эргэж алгаа хавсран залбираад Бурхан багшид ийнхүү айлтгав:

– Эцэг, эх минь нас нөгчсөнд хойтын буяныг үйлдэж, ертөнцийн үйлийг дүүргэв. Эдүгээ би Ялж төгс нөгчсөн багшийг дагаж тойн болохыг хүсэж ирлээ. Тойн болсны ач тус юун буй? гэхэд Бурхан багш ийн номлов:

– Замбутивийн хамаг амьтан сүсэг сэтгэл үүсгэж, хөвгүүн ба охин боол шивэгчин алиныг ч бай Ялж төгс нөгчсөн Бурхан багшийг дагуулж тойн болговоос тус эрдэм нь найман түмэн дөрвөн мянган суваргыг их эрдэнээр үүтгэсэн ач буянаас үлэмж болой. Эцэг, эх нь амьд бол нас буян дэлгэрнэ. Нас нөгчсөн бол тэнгэр, хүний сайн төрлийг олно хэмээн айлдаад амин гавьяат Шарибудрад:

– Түүний сахал үсийг тойлж автугай хэмээн зарлиг болоод Бурхан багш авшиг бошгыг төгс өгөөд, алтан мутраа орой дээр нь талбиж, Лавай нэрийг солиод Молон тойн хэмээн нэрийдэж,

– Миний тоо томшгүй шавь нараас гагц Молон тойны рид хувилгаан манлай болох буюу… Суварга бүтээсний ач тус агуу бөгөөд амгалан жаргалангийн дээд боловч тойн болсны буянд үл хүрнэ. Тойн болсноор эвдэршгүй номын биеийг олно хэмээн эш үзүүлвэй.

Молон тойн:

– Би аглаг газар одож дияанд сууя гэхэд Бурхан багш:

– Бэрх нэрт ууланд одож дияанд суугтун хэмээн зарлиг болов.

– Тэр ууланд идэх тариа юу буй? гэхэд Бурхан багш:

– Тэр газрын барс, чоно гүнцгийн цагт үнэр, амт маш тансаг бүрдсэн цэцэгсийг зууж авчраад чамайг тахих болно гэв.

Молон тойн Бурхан багшийн зарлигийг сонсоод ихэд баясаж, эш бошгыг хүртээд бадар аягаа барин оготргуйгаар үүл хөлөглөн дияаны газраа одов. Бэрх нэрт ууланд хүрээд нэгэн ариун газрыг олж үл хөдлөх дияанд суув.

Гурван жилийн дараа дотроос гэгээн гэрэл цацраад билгийн нүдээр гучин гурван тэнгэрийн орныг тодорхой үзвээс эцэг нь буяны эрхээр хан Хурмаст болон төрөөд тэнгэрийн охидоор хүрээлүүлэн бас тэнгэр нарт түшиж элдэв жаргалаар цэнгэн суухыг үзэж Молон тойн баясаад бас эх Молом хатан хаана төрснийг эс үзээд “Миний эх ертөнцөд амьд явах цагтаа аврал гурван эрдэнийг тахиж хүндэлсэнгүй. Амьтныг алах нядлах тэргүүтнийг тэвчсэнгүй. Адаг ядуу гуйлгачинд өглөг өгсөнгүй тул асар муу заяанд төрсөн буй за” хэмээн дотроо гуниг сэтгэл төрөөд Бэрх нэрт уулнаас бууж хувилгаан шидээр огторгуйн үүлээр нисэн явж ирээд Ялж төгс нөгчсөн Бурхан багшийн өлмийд оройгоороо мөргөөд алгаа хавсран айлтгав:

– Бурхан багш аа, эцэг минь гучин гурван тэнгэрт Хурмаст болон төрөөд тэнгэр нарын жаргалангаар жарган суунам. Миний эх Молом хатан амьд бүхүй цагт Бурхан багш, буянт хуврагуудыг эс хүндэлж, нүгэл их үйлдэж үхсэн тул хаана төрөл олоо бол? гэхэд Бурхан багш:

– Тойн оо, чиний эх амьд ахуйдаа гурван эрдэнийг үл бишрэн, амьтны амийг таслан, тачаангуй харам сэтгэлээ үл тэвчин хэв хэзээд муу үйл үйлдэж үхээд нүглийн эрхээр гурван муу заяаны дорд тамд төржээ гэв.

Ялж төгс нөхцсөн Бурханы зарлигийг Молон тойн сонсоод ихэд эмгэнэн үхэдхийн унав. Түр унан сэргээд эх юүгээн энэрэн өрөвдөж уйлаад, Бурхан багшаас бошгыг гуйн мөргөөд арван найман тамын оронд эхээн эрэхийн тул үүл хөлөглөн одов. Тийнхүү явсаар зуурдын оронд хүрэв. Огторгуйн наран, саран, одны гэрэл ч үгүй хав харанхуй зуурдын оронд насны хэмжээнд хүрэлгүй ус мөрөнд унаж үхсэн, худагт унаж үхсэн, хутга мэсэнд алагдсан, догшин морь тэргэнд дайрагдсан ба өөрөө боож үхсэн, цаг бусаар насны эцэс эс хүрч үхсэн амьтны сүнс оршиж байгаад насны хэмжээ хүрвээс тэр зуурдын орноос гарч эрлэг хаанд учрах аж. Молон тойн бээр тэдгээр амьтнаас:

– Та бүхний дотор Молом хатан хэмээх хүн байна уу? гэж асууж сурахад

– Бид үзсэнгүй хэмээв.

– Амьд ахуй цагтаа буян эс үйлдвээс үхсний хойно энэ мэт зовох ажээ хэмээгээд Молон тойн эхээн эрэхээр одов. Тэндээс халуун найман тамын нэгдүгээр Дахин эдгэрэх тамд хүрвэл газар дэлхий нь улайтгасан төмөр мэт галт суваг өрвөлзөн шатаж тулалцсан дөрвөн хаалга бүхий орон аж. Түүнд төрсөн амьтан их галын дотор шатаж, арьс мах нь шалбарах бөгөөд гартаа мэс барьсан эрлэгүүд нааш цааш явж цохилон унагаж байв. Тийнхүү үхэхэд огторгуйгаас “Дахин амьдар” хэмээн дуудваас урьд мэт эдгэрч дахин цаглашгүй зовлонг эдэлнэ. Тэр тамын үүдэнд галт нурман дор амьтныг эрлэгүүд жадаар хатгаж явуулахад тэдгээр амьтны арьс мах шалбаран унах ажээ. Энэ тамын нэгэн өдөр нь хүний 43200 жил болно. Энэ мэтээр таван зуу наслах болой. Бас өргөст модонд авируулах бөгөөд дээш авирах үед өргөс нь доош харж, буух үед дээш харна. Хутга жаднаас өөрцгүй хурц өргөс нь тэдгээр амьтдын яс чөмөгт тултал хатгаж хагачихын зовлонг үгээр өгүүлшгүй.

Молон тойн тэндээс эхээн ололгүй цааш Хураан няцлах тамд хүрэв. Тэнд халуун төмөр мэт хоёр уулын завсар амьтдыг шахсанаас эрхтний үүд бүгдээс цус гол мэт садарч цаглашгүй зовох аж. Насны хэмжээ нь өмнөхөөс хоёр дахин илүү насална. Бас Бааст тамд олон амьтныг оруулж өлсөхөд нь баас идүүлж, ундаасахад нь шээс уулгахыг үзээд Молон тойн:

– Эдгээр амьтан ямар хилэнц үйлдсэн тул энэ мэт зовно вэ? гэхэд эрлэгүүд:

– Амьд ахуйдаа бузар самуунд хутгалдан, амьтны амь хороож, архи дарсанд согтонгуйрч явсан үйлийн үрээр энэ мэт зовном гэв. Молон тойн дотроо ихэд гашуудан “Цэвэр ариун явбал яахин ийм тамд төрөх вэ” гэж наманчилж хайрт эхээн эрэн цааш явсаар Хар шугамт хэмээх халуун тамд хүрэв. Тэдгээр амьтны биед тамын сахиулчин дөрөв буюу найман хар шугам тавиад оройноос нь хөлийн ул хүртэл хөрөөдөн зүсэх аж. Баршгүй зовлонт тэр тамын нас нь өмнөхөөс хоёр дахин илүү бөлгөө. Бас Цусан балчиг тамд эмс охид живж уйлан дуудан гасалж байв.

– Эдгээр эмс охид ямар хилэнцээр энэ мэт зовно вэ? гэж Молон тойныг асуухад эрлэгүүд:

– Эдгээр эмс муу цусаар гол усыг бузарлаж, самуун явдлаар хүн зоныг гутаасан учир энэ мэт зовном гэжээ. Молон тойн эхээн ололгүй цааш яваад Уйлан дуудах тамд хүрэв. Тэр тамд төрсөн амьтан нь гал бадарсан хоёр давхар байшин дотор ширэм буцалгам гал дотор арвай мэт чанагдахын зовлон цаглашгүйг эдлээд амгалангийн нэр төдий ч үл дуулна. Насны хэмжээ өмнөх тамаас хоёр дахин урт. Төмөр өрөлбө дэгээгээр хэлийг нь гаргаж мэсээр огтчих хийгээд газарт сунган хадаж тариа тарих хийгээд тариаг шувууд ухаж идэх тэргүүтэн зовлонг цаглашгүй эдэлж буй амьтныг үзээд

– Ямар хилэнц үйлдсэнээр ийнхүү зовно вэ? гэхэд эрлэгүүд:

– Хов хутгах, худал хэлэх, ширүүн муу аашлах, дэмий чалчих, хараал зүхэл хэлснээр энэ мэт зовно гэв. “Хэл ариун, сэтгэл зөөлөн бол яахин энэ мэт зовох вэ?” хэмээн Молон тойн эмгэнэн гашуудаж, энхэр ээжээ эрэн цааш явсаар Их уйлан дуудах тамд хүрэв. Тэндхийн амьтад гал бадарсан байшин дотор биеэс нь гал дүрэлзэн цаглашгүй зовлон эдлэх аж. Тамын үүдэнд олон мэсний ир дээш дэлгэсэн замаар явуулж хэл хийгээд бие нь хагачих, хатгахын түмэн зовлонг эдэлнэ. Насны хэмжээ урьд мэт хоёр насална. Бас Мөст тамд оруулж толгой дээр мөс өргүүлэн мөсөн дэвсгэр дээр хөлдүүс болгохыг үзээд Молон тойн:

– Ямар нүгэл үйлдсэн амьтныг энэ мэт зовооно вэ, та? гэхэд эрлэгүүд:

– Амьд ахуйдаа баян таргандаа эрдэж, дээл хувцсыг голж хаяж, эд таваар олныг эвдэж үрсэн хийгээд зарим нь бусдын эд хэрэглэл, дээл хувцсыг булааж дээрэмдсэн үйлийн үрээр энэ мэт зовно хэмээв. “Хомхой сэтгэл, хулгай дээрмийн үйлийг ийнхүү эдлэх ажээ” хэмээн Молом тойн гашуудан цааш явсаар Их халуун тамд хүрэв. Тэр тамд төрсөн амьтан нь буцалсан төмөр зэсийн дотор биед гал шатаж, загас мэт буцлан ёроол дор орвоос яс болоод аман дээр гарваас мах нь эргэж гүйцнэ. Бас хайлсан ширмийг ам руу нь цутгаж, галт алхаар нүдэх гэхчлэн элдэв зүйлийн зовлонг тоочиж баршгүй. Насны хэмжээ нь өмнөхөөс хоёр дахин илүү.

Хөлгүй уст хэмээх тамд очиж үзвэл, тэндэх амьтныг хөлгүй усанд оруулж төмөр хошуутай өтнүүд махыг нь идэж, яс чөмгийг нь ухаж зовооно. Бас хүнийг үснээс нь дээш өлгөж уяад хөлд нь хүнд чулуу дүүжилж, төмөр бэрээгээр занчих ба сэрээ жадаар шорлохыг үзээд Молон тойн:

– Эд нар ямар хилэнц үйлдсэн юм бэ? гэж асуухад эрлэгүүд:

– Энэ хүмүүс өөрийн эцэг, эх хийгээд хадам эцэг эхээ зодож зүхэж, лам хуврагийг доромжилж, өвгөд настныг эс хүндэлсэн муу үйлээр энэ мэт тамыг эдэлнэм гэв. “Амьд ахуй цагтаа ном ёсыг үл биширсний харгай ийм ажээ” хэмээн Молон тойн наманчлан цааш яваад Маш халуун хэмээх тамд хүрэв. Тэр тамд төрсөн амьтан гал бадран буцалсан төмөр дотор чанагдан хохь яс болж хоцорно. Улмаар улайссан төмөр мэт газарт тавихад арьс мах нь эдгэрээд өмнөх зовлонгоо дахин давтах аж. Бас төмөр сэрээгээр бөгснөөс нь хатгаж орой хийгээд хоёр эгмээр үзүүр нь гарна. Насны хэмжээ галавын хагас ажээ. Бас төмөр хошуут шувуу нүдийг нь ухаж, мах цусыг нь урж цуулан идэх бөгөөд төмөр соёот ноход хэмлэх, урж идэх тэргүүтэн зовлонг өгүүлж баршгүй. “Амьд цагтаа үл үхэх мэт санаж, аймшиггүй их хилэнц гүйцсэний үр энэ мэт амрах цаггүй зовох ажээ” хэмээн Молон тойн халаглан наманчлаад цааш одов. Тасдашгүй хэмээх халуун тамд хүрвээс тэр тамын гал нь дөрвөн талаас тулалцсаны дотор гаслан ёолох дуу гарсан төдийгөөр амьтан буй хэмээн мэдэхээс биш, амьтны бие ба гал хоёр ялгалгүй, завсар зайгүй түлэгдэн зовно. Бас улайссан хавтгай төмрөөр биеийг ороох зэргээр цаглашгүй зовлон эдлэх аж. Насны хэмжээ нэгэн галав буй.

Бас олон амьтны гарыг гинжлэн хөлд нь дөнгө өмсгөж, төмөр шүдэт бэрээгээр занчиж махыг хэсэг хэсэг болгосныг үзэж Молон тойн тамын сахиулаас:

– Энэ дөнгөт амьтад ямар хилэнц үйлдсэнээр ийнхүү зовно вэ? гэхэд сахиул:

– Эд бол эмс хатад өөрийн өнгө зүсэнд хөөрөмшиж, өрөөл бусдыг шоолж доромжилж явсан үйлийн үрээ эдэлж буй гэжээ.

“Омог шуналын эрхээр гурван муу заяаг эдэлнэ. Өнгө зүс, нэр зэрэг нь усан дахь сарны дүрс мэт хоосон ажгуу” хэмээн Молон тойн наманчлаад хөөрхий эхээ олоогүй тул цааш явсаар хүйтэн найман тамын нэг Усан цэврүүтэд хүрэв. Цаст уулаар хүрээлсэн мөсөн хонгил гуу хийгээд цасан шуурга үймсэн хав харанхуй тэнд төрсөн амьтны бие бүхэлдээ усан цэврүү болж зовох ажээ. Бас төмөр шорт ууланд авируулахад үзүүр нь доош харж, буухад дээш харна. Бас олон амьтныг тээрэмд хийн эргүүлэхэд цус нь газар нэлийн урсахыг хараад Молон тойн тамын сахиулаас асуув.

– Ямар нүгэл хийсэн хүн энэ тээрмэнд орно вэ? гэхэд сахиул:

– Эд амьтныг амьдаар нь махалж, цусыг сорж, ясыг хэмхэлж идсэн үйлийн үрээ эдэлж байна гэв.

“Эцсийн үрийг санаж эхэнд нь нүгэл бүү үйлдээсэй” гэж Молон тойн залбирч эхээ эрэн цааш явсаар Цэврүү нэвчих тамд хүрэв. Тэр там нь өмнөхөөс үлэмж хүйтэн бөгөөд түүнд төрсөн амьтны бие нь усан цэврүү нэвчих хийгээд хагарах хумихын зовлон ихийг эдэлнэ. Бас сүмийн багана ба туурга мэт хэлбэртэй дүрсийг өргөх, тулахын зовлонг эдлэх аж.

– Энэ багана мэт биет амьтан ямар нүгэл үйлдсэн юм бэ? гэж Молон тойныг асуухад сахиулчин:

– Эд нар ариун сүм дуганы багана туурганд нус ялгадсаа түрхсэн үйлийн үрээ эдэлж байна гэв.

Бас олон амьтныг дүүжлэн хоёр этгээдээс чулуу уяж, татаж тавин харшуулж цусыг урсган биеийг талхлан буйг хараад асуухад

– Эдгээр амьтан шоргоолж хорхой тэргүүтнийг тамлаж алснаар энэ мэт зовном гэжээ.

“Аяа, хилэнцийг бага хэмээн басаж болшгүй” хэмээн Молон тойн наманчлаад цааш явсаар Шүд хавших тамд хүрэв. Тэнд төрсөн амьтад урьдаас үлэмж илүү даарч, шүдээ хавшин хавшин гаслах аж. Бас шүүр мэт биетэй, тэвш хэлбэртэй болон төрөөд элдвээр зовохыг үзэж Молон тойн:

– Энэ ямар үйлтэн бэ? гэж асуухад тамын сахиул:

– Хуврагийн чуулганы эд юмыг шамшигдуулбал энэ мэт зовно гэв. Бас олон амьтныг хөрөөдөн, цус нь савирч цутгалахыг хараад Молон тойн учрыг асуувал сахиул:

– Бусдын эдийг булааж, хулгайлж, зальдаж завшсаны өр төлөөс гэвэй.

“Ай хөөрхий, түр зуурын ашгийг бодож алс хойчийн зовлонг үл тоох харуусалтай” хэмээн Молон тойн гашуудан наманчлаад цааш явсаар Ай чүү хэмээх хүйтэн тамд хүрэв. Тэр тамд төрсөн амьтан урьдынхаас нэн илүү даарч, ай чүү хэмээн шивнэх төдий энэлэн гаслах ажээ. Бас хутга мэт навчит модны дор суулгаад дээрээс жад мэс унаж нүд хийгээд биеийг хагачна. Бас амьтны биеийг хэсэг хэсгээр огтлоод уурт хийж нүдэхэд мax яс нь талх мэт үйрч, цус нь урсахыг үзээд Молон тойн:

– Энэ тамд түмэнтээ үхэвч түмэнтээ амилан зовох нь ямар үйлийн үр вэ? гэж асуухад тамын сахиул:

– Эд нар амьтныг зодож гөвшиж, элдвээр хочилж хараасан нүглийн үрээ эдэлж байна гэв.

“Амьд цагтаа эрдэж бардаж явахдаа алс хожим амрах чөлөөгүй энэлэх нүгэл юугаа ухаараасай” хэмээн залбираад Молон тойн ижийгээ эрэн цааш явсаар Хоохой халаг хэмээх тамд хүрэв. Тэр тамд төрсөн амьтан урьдынхаас нэн ихэд даарч арай ядан шивнэж Хоохой халаг хэмээн дуудан хөлдөж хөрөөд цаглашгүй зовох аж. Бас амьтны нүд рүү сум харвасныг үзээд Молон тойн:

– Энэ харвуулсан амьтан ямар нүгэл үйлдсэн бэ? гэхэд тамын сахиул:

– Эд нар ачит багш, эцэг эх тэргүүтнээ хялайж харсан нүглээр энэ мэт зовном гэжээ. Бас мэсэн ууланд олон амьтныг хөөн гаргахуйд хурц мэсэнд хөл хийгээд үе мөчис огтлогдон өмөр өмөр эсгэгдэн буйг үзэж Молон тойн учрыг асуухад сахиул:

– Амьтныг мэсээр огтолж алаад, арьс махыг нь бахархалтайяа идэж эдэлсэн нүглийн төлөөс гэв.

“Ай, нүглээс эс айгч нар зовлонгоос эс айх бил үү?” хэмээн наманчлаад Молон тойн цааш явсаар Удвал мэт хагарах тамд ирэв. Тэр тамд төрсөн амьтан урьдаас маш ихэд даарч арьс нь хөхрөөд ам нь тав, зургаа хагарч зовно. Бас тогоо мэт хэлбэрт ороод галд халах хийгээд элдэв зовлон эдэлнэ. Бас нүхэн тамд хүрвээс тэндэх амьтныг их гал бүрхэн шатаана.

– Эдгээр амьтан ямар хилэнц үйлдсэн бэ? гэхэд тамын сахиул:

– Эд нар харам мунхаг сэтгэлээр бусдын гэр бараанд гал тавьж, уул талд түймэр тавьж олон амьтныг түлж үйлдсэн нүглээр энэ мэт зовном гэжээ.

Бас олон амьтны толгой дээр нь галт тэвш тавьж галт тэвшинд суулгахыг хараад асуухад

– Эд нар алба ёс хэмээн бусдын эд зүйлийг шунан эдэлсэн үйлээр ийнхүү зовж буй хэмээн сахиул хариулав. Молон тойн ижийгээ эрэн цааш явсаар Лянх мэт хагарах тамд хүрэв. Тэнд төрсөн амьтан урьдаас нэн илүү даарч арьс нь хөхрөөд ам нь арав илүү хагарч цаглашгүй зовох ажээ. Бас тээрмийн хэлбэрт биет төрөөд эргүүлэх хийгээд хавирахын зовлон эдэлнэ. Молон тойн тэднийг үзээд:

“Өвс модноос эхлээд уул хангай хүртэл цагаа хүрэхэд эвдрэх бөгөөс амьтны мөнх бусыг өгүүлэх юун. Алтан дэлхийд амраг садан, анд нөхдөөр тойрон хүрээлүүлэвч үхэхийн цагт үйлийн үрээ тээн ганцаар одно. Хойчийн заяанд буянаас өөр туслах зүйлгүй. Буян номд хичээж, урьдах нүглээ нимгэлж, хойдох нүглээ боомтолж явбал яахин энэ мэт зовох вэ” гэж наманчлаад цааш явсаар Лянх мэт их хагарах тамд хүрэв. Тэр тамд төрсөн амьтан урьдынхаас машид илүү даарч арьс нь улайж урваад, ам нь зуу илүү хагарч асар бэрх зовлон эдэлнэ. Хүйтэн тамын насны хэмжээ нь наян их ачмаг үрээс хүмүүний жил нэгэн зуун жил болсноос нэгэн ширхэг үр гаргасаар барагдах лугаа адил. Тэр нь анхдугаар богино наст там болой. Бусад долоон там нь урьд урьдаас хойд хойдох нь хорь дахин илүү. Түүнийг үзээд Молон тойн:

– Ай хөөрхий амьтан минь, юуны тулд ийм болов оо. Амьд цагтаа хураасан эд таваар, элгэн садан, хань нөхөд, үр хүүхдээсээ салж одох цагаас гагц өөрөө эдлэх гашуун зовлонгоо юунд эс ухнам? Үйлдсэн нүгэл тань гашуун бол эдлэх зовлон тань ч гашуун бус уу?” хэмээн энэлэн хайлан явсаар ижийгээ эс олов. Тэндээс Замбуулингийн зүүн өмнө зүгт найман түмэн бээрийн цаана арван зургаан давхар үүдгүй төмөр балгасан дотор Эрлэг номун хаан алтан сандал дээр залраад амьтны буян нүглийг ялгаж байнам. Буян үйлдсэн амьтныг амгалант оронд илгээж, нүгэл үйлдсэн амьтныг тамд цаазлах аж. Их хаан түүний баруун этгээдэд махи үхэр толгойтой эрлэг гартаа толь барин сууна. Зүүн этгээдэд сармагчин толгойт эрлэг гартаа жинлүүр барин сууна. Өмнө нь хүдэр толгойтой эрлэг данс бичиг барин сууна. Бас бус олон зүйлийн толгойтой ер бусын зардас эрлэгүүд гартаа жад, илд, нум сум, сүх, цавчуур, хутга, хуурай, алх, цалам, сэлэм, соёо, чимхүүр тэргүүтэн мэсийн зүйлийг бариад аль аль, хэ хэ, хо хо хэмээн аюумшигт дууг дуурьсган дөрвөн зүг найман зовхист үймэлцэн түрхрэхийг үзвээс уушги зүрх гарах мэт айн догдлом. Эрлэгүүд Молон тойныг үзэж эрлэг хаанд ийн айлтгав:

– Тамын ширмэн байшингийн гадна нэг тойн хүн байна. Амарлингуйгаар дияанд суунам гэжээ. Эрлэг номун хаан гарч үзвээс тэр тойн сайтар суугаад үл хөдлөн амарлисныг үзэж, хэдэнтээ дуудан сэрээгээд:

– Хутагт энд юуны тулд ирэв? хэмээн асуухад Молон тойн:

– Би ижийгээ хайж ирлээ. Бурхан багш миний эхийг тамд байна гэж заасан. Би өөрөө Бурханы шавь билээ гэв. Эрлэг номун хаан:

-Их тойн! Энэ тамын орон буртагтай бөгөөд эндээс хол ажирвал сайн сан гэхэд Молон тойн өгүүлрүүн:

– Ай номун хаан! Ачит эцэг эх хоёр минь ертөнцөөс нөгчсөн хойно дээд жаргалант оронд төрсөн буйза хэмээн санавал гагцхүү эцэг минь жаргалант оронд төрсөн байна. Эх юүгээн дээд гучин гурван тэнгэрийн оронд эрээд эс олсон тул Ялж төгс нөхцсөн багш маань эх юүгээн арван найман тамын оронд эртүгэй хэмээн зарлиг болсныг дагаж тамын орон бүгдийг тойрон хэсэж асууваас тэр зовлонт амьтны дотор миний эх алга. Их хаан! Гагц эх, таны нүдэнд үзэгдэж, сэтгэлд тогтов уу? хэмээн асуувал Эрлэг номун хаан:

– Чиний эх хэн нэртэй хүн бэ? гэхэд Молон тойн:

– Миний эх Молом хатан билээ гэв. Эрлэг хаан бичээч нарт зарлиг болруун:

– Ай та нар энэ тойны эх Молом хатныг үзэв үү? Данс дэвтрийг нээж үзтүгэй гэхэд олон бичээч буян хилэнцийн үрийг ялгах дэвтрийг нягтлан сөхөж Молом хатны нэрийг эс олоод хаанд, Молом хатны нэр дансанд алга хэмээн айлтгавал Молон тойн:

– Ай их хаан аа! Хилэнцэт хүн таны дэргэд ирэх учиртай тул ганц миний эх юунд эс ирэв хэмээв. Эрлэг хаан:

– Тойн оо! Надад үл учрах хоёр үйл буй. Эхнийх нь насан турш буянаар явж, ариун бацаг санваарыг сахиж, гурван эрдэнэд тахил өргөж судар номыг бясалгаж, үгээгүйд өглөг өгөх ба өвчин зовлонтонг асран үйлдсэн тийм хүн үхээд жаргалант оронд шууд төрнө. Нөгөө нь бурхан номыг эс бишрэн, лам хуврагийг доромжлон дайрч, гуйлгачин ба зовлонтныг үл асран таван завсаргүй нүглийг үйлдэгч тийм хүн үхээд, нэг эгшин төдөлгүй үйлийн салхинд татагдаж Аюус тамд төрнө. Тэр хоёр надад үл учирна хэмээв. Молон тойн:

– Миний эх энэ бичгийн доторх тамд үгүй бөгөөс ямар тамд одов? гэж лавлахад Эрлэг хаан:

– Өмнө зүгт төмөр уул мэт Аюус там бий. Тэнд үзтүгэй гэв.

Молон тойн заасан ёсоор Аюус тамд хүрвэл тэр там нь орох, гарах хаалгагүйд их дуугаар хэдэнтээ дуугарвал дуу гарах хүнгүй тул Эрлэг хаанд очиж айлтгав.

– Их хаан! Тэр Аюуш тамын хаалга юунд үл нээгдэнэ гэхэд хаан өгүүлрүүн:

– Авралт гурван эрдэнийг үл бишрэн асар мунхаг шунаг омгийг бадруулан, аливаа хилэнцэт үйлийг дураар үйлдсэн хүмүүс Аюус тамд төрөөд үүрд зовно. Тэр тамын хаалгыг хэн ч нээж үл чадна. Түүнийг нээх аргыг Ялж төгс нөгчсөн Бурхан багшаас асуутугай хэмээв. Молон тойн машид гашуудаж, Замбуулинд эргэн зорчоод Бурхан багшид мөргөж ийн өчив:

– Бурханы зарлигаар би эх юүгээн эрж явсаар түүний буй тамыг олов. Нэгэн төмөр балгас хаалгагүй бөгөөд гаднаас дуудавч дуугарах амьтангүй тул эхтэйгээ уулзаж эс чадав хэмээвэл, Бурхан багш:

– Эх чинь их нүгэлтэйн тул үйлийн эрхээр Аюус тамд төржээ гэв. Молон тойн түүнийг сонсоод ихэд уйлахад нь

– Тойн минь, бүү уйл. Тэр тамд хаалга бий. Түүнийг нээж болно. Миний номт дээл, бадар аяга, дулдуйг барьж очоод тамын хаалганы өмнө дулдуйг гурвантаа газар хатгавал хаалга нээгдэнэ. Тамын амьтад зовлонгоос тонилно гэж Бурхан багш айлдав. Молон тойн баясан мөргөөд Аюус тамын хаалганы өмнө дулдуйгаа гурван удаа газар хатгасанд тамын хаалга нээгдэж, дотроос нь догшин эрлэг гарч ирээд:

– Хаалга юуны тул нээв? хэмээн асуухад

– Би Бурханы шавь бөгөөд эхийгээ тамаас гаргахын тул нээв гэлээ. Эрлэг бээр:

– Чиний эх хэн гэгч вэ? хэмээвэл Молон тойн:

– Миний эх Молом хатан гэв.

Эрлэг дотогш орж “Молом хатан!” хэмээн хэдэнтээ дуудахуй Молом хатан сонсоод айн зүрхшээж өчүүхэн дуугаар:

– Би хэмээв.

– Чиний хөвгүүн Молон тойн чамайг эргэхээр иржээ гэж Эрлэгийг хэлэхэд

– Надад ганц хөвгүүн бий. Тэр нь тойн биш хэмээв. Эрлэг гарч ирээд:

– Молом хатан гэж хүн тамд байна. Гэхдээ ганц хөвгүүн нь тойн биш гэж байна гэхэд Молон тойн:

– Эцэг, эхийн өгсөн нэр минь Лавай билээ. Эцэг, эхээ нөгчсөн хойно Ялж төгс нөгчсөн Бурхан багш надад авшиг бошгыг хүртээж, Молон тойн нэр хайрласан билээ хэмээн учирлав. Эрлэг эргэн орж, учрыг хэлбэл Молом хатан нүднээс нулимс цувуулан:

– Миний ганц хөвгүүн Лавай нэртэй билээ гэв.

– Чиний хөвгүүн Бурханы шавь биш бол өөр хэн чамайг эндээс гаргаж чадах вэ гээд эрлэг тамын сахиулууд Молом хатны хадаасыг мулталж, элдэв мэсийг тайлаад хүзүүнд нь төмөр дөнгө, хөл гарт нь гинж зүүн гаргаж ирэв.

Тэртээд суулгаад эрлэг Молон тойн дээр ирж:

– Тойн чи эхийгээ таних уу? гэж асуув.

– Ижийтэйгээ уулзалгүй он удсан тул танихад бэрх ээ гэхэд нь эрлэг өмнө зүгт зааж:

– Тэр бүх биеэс нь гал шатаж, зовлон эдлэгч чиний эх бөлгөө гэв. Молон тойн эхийгээ үзээд үхэтхийн унав. Сэргээд эхдээ мөргөж, уйлан хайлан:

– Амьд эсэн байхдаа буяныг үйлдэж, хилэнцийг тэвчсэн бол юунд ингэж зовох билээ хэмээн халаглахад эх нь өгүүлрүүн:

– Хэлээд яах вэ. Хүүгийнхээ үгэнд оролгүй хүчир зоргоор аашилсаар ийм болов гэж гаслав. Эхийгээ энэрч, Бурхан багшийн хайрласан бадар аяган доторх идээг өгсөнд хэсэг улаан цог болон хувилж идэн эс чадав.

– Ээж нь ертөнцөд сайхан хүн байсан, эдүгээ хувхай мод адил биеэс гал шатаж тарчилнам. Өлсвөл ширмэн төмөр идээд, цангавал хайлсан ширэм ууж өдөр шөнөд түмэнтээ үхэж, түмэнтээ эдгэрч зовсоор хэмээн эх, хөвгүүн хоёр учир зовлонгоо хэлэлцэж бараагүй байтал эрлэгүүд Молом хатныг тамд авч одох цаг болов. Молом хатан эргэн харж:

– Хүү минь, намайг үтэр тонилгож өгөөч, ээ халаг! хэмээн гасалсаар одлоо. Молон тойн Эрлэг хаанд бараалхаж:

– Эхийнхээ өмнөөс тамын зовлонг энэ биеэрээ эдэлье гэхэд Эрлэг номун хаан:

– Нүгэл үйлдвэл хэн ч хуваадаггүй, өөрөө л эдлэх жамтай гэв. Молом тойн Бурхан багшдаа очиж

– Ижийгээ тамаас гэтэлгэж чадсангүй хэмээн нулимс дуслуулан өчихөд Ялж төгс нөгчсөн багш:

– Би явсугай хэмээн зарлиг болоод тамын оронд залрахад эрлэг сахиул бүгдээр зул, хүж барин Бурхан багшийг тахив. Бурханы биеэс гэрэл цацрахад арван найман тамын хамаг амьтан зовлонгоос гэтэлвэй. Бурхан багш эргэн Очирт сууриндаа залрав.

– Тамын амьтан бүгд гэтэлсэн атал миний ээж хаана байна вэ? гэж Молон тойныг гайхан асуухад Бурхан багш:

– Чиний эх замбуулинд байх цагтаа буяныг тэвчиж, нүглийг асар их үйлдсэн учраас тамаас гэтэлсэн боловч бирдэд төржээ хэмээн айлдав.

Молон тойн Бурхан багшийн хайрласан бадар аяга, дулдуйг барин эхээ эрэн бирдийн оронд хүрэв. Тэндхийн амьтны тэргүүн нь уулын төдий, ам нь зүүний сүвэгч шиг, гэдэс нь төхмийн (довцгийн) чинээ, хүзүү нь дээсний төдий, хоолой нь хялгасны төдий бөгөөд идээ ундаа хүсэн идэвч аманд нь багтахгүй. Аманд нь багтлаа гэхэд хоолой нь хялгасны төдий учраас залгиж чадахгүй. Зүдэн байж залгилаа гэхэд гэдэс нь цадах аргагүй. Жаахан юм идлээ ч өвс шиг нарийхан хөл нь биеэ даахгүй туйвж унана. Молом хатан ийм нэгэн амьтан болоод энэлэн хэвтэх аж.

Молон тойн ээжийгээ өрөвдсөндөө уйлан хайлан, Бурхан багшийн бадар аяган доторх өглөгийн идээнээс авч өгөхөд эх нь харам сэтгэлээ тэвчиж чадалгүй нэг гараараа идээг авч, нөгөө гараараа бусад бирдийг түлхэв. Тийнхүү идтэл идээ нь хэсэг гал цог болж хувираад Молом хатны гэдсэнд түймэр мэт шатаж, зовлон гаслангийн туйл болжээ. Тойн үүл хөлөглөн буцаж ирээд:

– Ялж төгс нөгчсөн минь ээ, би ээжийгээ яаж аврах вэ? хэмээн асуухад Бурхан багш:

– Олон хуврагийг залж буян үйлд хэмээв.

Молон тойн их буян ном үйлдээд Бурхан багшаас:

– Одоо ижий минь хаана төрөө бол? гэж асуухад

– Чиний эх урьдын их хилэнцээс болж бирдээс гэтлэвч Жаншин хэмээх хотод өлөгчин шар нохойн төрлийг олжээ гэв. Молон тойн тэр хотод хүрээд шар нохойг эрж явтал олон хүн хэлэлцэх нь:

– Тэр бярманы шар нохойг нохой биш арслан бар гэвэл таарна. Хавьтсан хэнийг ч тасар татаж мэдэх аймшигт араатан гэцгээв. Молон тойн тэр нохойг ээж минь байх гэж тааварлаад бярманы сууринд хүрч очвол нэгэн шар нохой нисэх мэт хурдлан ирээд дээлийг нь зуун элгэмсэн хөрвөж гэнэ. Гэвч түүний хоолойд яс тээглэсэн учир аврал эрэн гинших аж. Тойн Бурхан багшдаа залбиран:

– Миний итгэл сүжиг үнэн бөгөөс энэ нохой хоолойд тээглэсэн ясаа бөөлжиж гаргаад амарлих болтугай. Ижий минь мөн бөгөөс надтай түр атугай үг хэлэлцэх болтугай гэхэд үнэн үгийн шид хүчээр нохойн түйтгэр арилж, ийн өгүүлэв:

– Хүү минь ээ, би чиний үгийг сонсолгүй буруу явсаар тамд төрж, тоолшгүй зовлон үзлээ. Үр минь намайг авраагүй бол би яаж тамаас гэтлэх вэ. Одоо хүн болж төрөөд буян ном үйлдэхийг л хүснэм гэжээ.

Молон тойн ээжийгээ аргадан тэвэрч асарсны эцэст Бурхан багшид ирээд ийн өчив:

– Ялгуусан багш аа, би ээжийгээ эрээд Жаншин нэрт газар нохой болж төрснийг олж учрав. Одоо ээжийг минь хүн төрөлд дэвшүүлэх арга увдис зааж өгөөч гэхэд Бурхан багш:

– Чи бацаг сахилын өдөр олон бодьсад хуврагийг залж их буян үйлдвэл эх чинь хүн төрөлд төрнө гэв. Молон тойн багшийн зарлигт ихэд баясаад номын олон садан нөхдөө урин залж, ном буян сайтар үйлдэв. Молом хатан тэр буяны хүчээр Замбуутивд хүн болон төрвэй.

– Их нигүүлсэгчийн адис өршөөлөөр ижий минь нохойн төрлөөс гэтлэв. Эдүгээ хаана төрснийг зааж хайрла гэхэд нь Бурхан багш:

– Чиний эх эдүгээ Габали хотод Цогт бярманы охин болон төржээ. Чи тэнд очвол эхдээ цаглашгүй тус болно хэмээн эш үзүүлэв.

Молон тойн Бурхан багшийн айлдсан ёсоор Габали хотод Цогт бярманыд очоод:

– Гэрийн эзэн минь ээ, Ялж төгс нөгчсөн бурхан энэ дэлхийд морилох нь хүслийг хангагч зэндмэнэ эрдэнэ хөх тэнгэрээс буухаас ч ховор тохиол билээ. Тоо томшгүй олон төрөлтнийг бодь хутагт хүргэхийн тулд Бурхан багшийг олон шавь нарын хамт энд би залж ирье. Цаглашгүй буянд даган нөхөрлөж ажаамуу гэхэд гэрийн эзэн ихэд баясаж, өргөл тахилын эд идээг бэлдээд Бурхан багшийг нөхөд сэлтийн хамт залвай.

Ялгуусан багш Цогт бярманы гэрт морилж ирээд рид хувилгаан гэрлээр Габали хавийн хамаг газрыг гийгүүлэхэд тэнд оршсон төрөлтөн бүхний бие, сэтгэл амарлин жаргав. Хамаг амьтан бие биедээ эх, үр мэт элбэрэл хайрыг мэдэрч сэтгэшгүй баясгаланг амсав. Бурханы гэгээн гэрэл газар орныг үзэсгэлэнт алтан дэлхий болгон адислажээ. Гэрэлт шувууд нисэлдэн уянгат дуугаар жиргэн донгодох тэр цагт Бурхан багш:

– Молон тойн оо, Цогт бярманы энэ охин чиний эх буюу. Бурхан бодьсадва нарын нигүүлсэхүйн хүчээр муу заяанаас гэтэлж, хүн болон төрсөн нь энэ билээ гээд тэр охины орой дээр алтан мутраа тавьж, таван зуун авшигийг хүртээв. Тэр адистидын хүчээр охины зуурдын манан, үзлийн хир арилж, бадрангуй сэтгэл гийснээр Бурхан багшийн сургаал номыг ухаарч, буянт үйлсийн мөрөөр бодь хутгийг олохуйяа Молон тойны сэтгэл баяр жаргалаар дүүрэн бялхжээ. Тэр цагт тэнгэр, газар дэнслэн хөдөлж, цэцгийн хур орвой.

БУРХАН БАГШИЙН АЙЛДСАН ШАЛТГААН ҮРИЙН СУДАР

Хувь ерөөлт хөвгүүд, охид минь хичээнгүйлэн сонс, гурван төрлийн шалтгаан үрийн судрыг номлоё. Гурван төрлийн шалтгаан үр хэмээгч шалдар булдар хэрэг биш учраас Бурханы айлдсан үнэн зарлигт тоомжиргүй бүү хандаарай.

Энэ насандаа эрх баялагтан болдог нь урьд төрөлдөө Бурханы гэгээн дүр хөргийг алт эрдэнээр үүтгэж, ариун бишрэлээр танин хүндэлсний үр билээ. Урьд төрлийн буяны үрийг энэ төрөлд амсах тул торгон дээл, хасын бүсийг гагц буяны үйлээр хүсэмжилж, Бурхан багшийн өмнө бишрэнгүй мөргө.

Бурхан бодьсадыг хүндлэх нь өөрийгөө өөд татсан хэрэг. Бурханы сүмийг чимэх нь өөрийгөө чимсэнтэй адил. Энэ ертөнцийн эрх баялаг зоргоор бүтнэ гэж бүү бод. Цэцгийн үр үгүй бол анхилам цэцэг ургахгүйн адил урьдын буян үгүй бол хаанаас бүтэх вэ.

Жууз тэргэнд заларч явах нь урьд насандаа гүүр барьж, зам тавьсны ач үр. Торго дурдан өмсөж эдлэх нь урьд төрөлдөө ядуу хоосон хүмүүст хувцас хунар өгч тусалж явсны ач үр. Идэж өмсөхөөр элбэг хангалуун байгаа чинь урьд төрөлдөө өлсөж цангасан хүн амьтныг хоол ундаар дайлсны ач үр. Идэх өмсөхөөр дутуу гуцуу байх нь урьд төрөлдөө бусдад гар сунгаж яваагүйн уршиг болой.

Тавлаг сайхан орд өргөөнд амьдарч байгаа чинь урьд төрөлдөө сүм байгуулж, орон гэргүй ядууст орох орноор тусалж явсан буянаас үүдэлтэй. Зүс царай өнгөлөг сайхан төрөх нь урьд төрөлдөө бурханы өмнө цэцэг өргөж, уургүй номхон байсны ач үр. Оюун билиг хурц сэргэлэн байх нь урьд төрөлдөө судар уншиж, бурханы алдрыг магтан дуудаж байсны буян болой.

Үнэнч сайхан ханьтай болох нь урьд төрөлдөө ном ёсон лугаа барилдлагатай байсны адистид. Эхнэр нөхөр хоёр ханиндаа урт насалж, удаан жаргах нь урьд төрөлдөө бурхан бодьсадва нарын өмнө хамт тахил өргөж, мацаг сахисны буян болой. Эцэг эх лүгээ хамт байгаа нь урьд төрөлдөө өнчин өрөөсөн хүнийг өргөж тэтгэж явсны ач үр. Эцэг эхээс эрт өнчрөх нь урьд төрөлдөө амьтан, шувуу агнаж байсны учир шалтгаанаас улбаатай. Үр ач нараар өнөр өтгөн байгаа чинь урьд төрөлдөө торонд хоригдсон амьтныг тавьж байсны учир болой.

Үр хүүхэд хүн бололгүй энддэг нь урьд төрөлдөө нялх ургийг зулбуулж явсны уршиг. Энэ насандаа үр үндэс тасрах нь урьд төрөлдөө ан амьтны нүхийг битүүлэн агнаж байснаас үүдэлтэй. Энэ насандаа урт удаан насалдаг нь урьд төрөлдөө мал адгуусны амийг хэлтрүүлж байсны ач үр. Энэ төрөлдөө насан охор байдаг нь урьд төрөлдөө амьтны амь хөнөөж байсны шалтгаан болой.

Энэ насандаа хань ижилгүй байгаа чинь урьд төрөлдөө бусдын хань ижилтэй буруу хурьцсан үйлийн үр. Энэ насандаа бэлбэсрэн үлдэх нь урьд төрөлдөө хань ижлээ гутаан доромжилж байсны гай. Энэ насандаа боол шивэгчин болсон нь урьд төрөлдөө ачийг умартаж журмыг тэрсэлснээс үүдэлтэй.

Энэ төрөлдөө нүд хурц байгаа нь урьд төрөлдөө бурханы өмнө зул өргөж байсны үр. Энэ төрөлдөө нүд харалган болдог нь урьд төрөлдөө бусдад зам мөрийг буруу заасны гэм. Энэ насандаа сэтэрхий уруултай төрдөг нь урьд насандаа бурханы өмнөх зулыг үлээж унтрааж байснаас үүдэлтэй. Энэ төрөлдөө хэлгүй дүлий болж төрсөн нь урьд төрөлдөө эцэг эхийгээ эвгүй муухай үгээр харааж загнаж байсны учир.

Энэ насандаа бөгтөр болж төрсөн нь урьд төрөлдөө бурханд мөргөж залбирч байгаа нэгнийг элэглэн шоолсных. Энэ насандаа тахир дутуу болдог нь урьд төрөлдөө муу санаалан бусдыг хорлож байснаас үүдэлтэй. Энэ насандаа доголон төрдөг нь урьд төрөлдөө бусдын замыг тосож дээрэм хийсний гэм.

Энэ насандаа үхэр, морь болон төрдөг нь урьд төрөлдөө бусдад тавьсан өрөө төлөлгүй луу унжиж байсны хохь. Энэ насандаа гахай нохой болон төрдөг нь урьд төрөлдөө бусдыг хууран мэхэлж байснаас үүдэлтэй.

Энэ насандаа өвчин эмгэгт баригддаг нь урьд төрөлдөө бусдын амь насыг хохироож байсных. Энэ насандаа өвчин эмгэг бага тусдаг нь урьд насандаа өвчтөнийг асарч, эм тангаар тусалж явсны үр шим болой. Энэ насандаа орон шоронд сууж байгаа нь урьд төрөлдөө бусдыг хилсээр гүжирдэж явсны уршиг.

Энэ насандаа өлсөж үхдэг нь урьд төрөлдөө бусдын амин зуулга, тариаланг сүйтгэж явсны гэм. Энэ насандаа хордож үхдэг нь урьд төрөлдөө хүн амьтныг хордуулж байсны учир. Энэ насандаа анд нөхөргүй ганцаардаж шаналдаг нь урьд төрөлдөө нөхдийн дунд яс хаяж явсны уршиг. Элгэн садангаараа энх жаргалтай байдаг нь урьд төрөлдөө өнчин өрөөсөн хүмүүсийг өргөж тэтгэж байсны буян болой.

Энэ насандаа галзуу солио өвчин тусдаг нь урьд төрөлдөө лам хуврагийг архи махаар шахаж байсны гэм. Энэ насандаа боомилж үхдэг нь урьд төрөлдөө хөдөө хээр бусдыг тонон дээрэмдэж байсан үйлийн үр. Энэ насандаа түшиг тулгуур болох хүнгүй явдаг нь урьд төрөлдөө бусдад атаархан хорсож байснаас үүдэлтэй. Энэ насандаа аянганд ниргүүлж үхдэг нь арилжаа наймаан дээр жин дэнсээр бусдыг ямагт мэхэлж явсны гай. Араатан амьтанд уруулж бариулдаг нь урьд төрлийн өстөнтэйгөө учирч буй хэрэг.

Анх үрийг өөрөө тарьчихаад хожим тамыг амсахдаа бусдад ялархаж гомдоод яалтай. Шалтгаан үрийн биелэл хаана байна гэж бүү хэлээрэй. Алс ирээдүйд биш гэхэд сайх өөрийн биед тусах бус уу? Учир ёсыг илт тольдоё гэвэл цагаан хоол идэж, бясалгал дияан үйлдэж билгийн нүдээ нээгтүн. Тэр цагт гагцхүү буян номын мөрөөр чанадад хүрэхийг хүсэх буйза.

Урьд насанд буян хурааснаар энэ насанд үрийг нь амсана. Энэ насанд нүгэл үйлдвээс хойд төрөлдөө уналд орно. Хэн нэгэн хүн шалтгаан үрийн энэ судрыг муушаан гутааваас хойд төрөлдөө гурван муу заяанд унах тавилантай. Хэн нэгэн хүн шалтгаан үрийн судрыг уншиж, ухаарч сүжиглэх аваас сайны ерөөл үүдэж, саруул замаар одохыг хамаг бурхан бодьсадва нар гэрчилнэм. Хэн нэгэн хүн шалтгаан үрийн судрыг хуулан бичиж бусдад түгээвээс үеийн үед үр ач нарт хүртэл өлзий буян дэлгэрэх болно. Хэн нэгэн хүн энэ шалтгаан үрийн судрыг бусдад тайлбарлан таниулах аваас төрөл тутамдаа сэцэн мэргэн болно.

Бурханы айлдсан шалтгаан үрийн сударт чин зүрхнээс итгэн сүжиглэж залбирсан хүн гэгээн гэрэлт Авидын оронд төрөх нь тодорхой. Гурван төрлийн шалтгаан үрийн талаар тоочин өгүүлэвч баршгүй. Гагцхүү товчилбол сэтгэл буртагтай бол үйл буруу. Үйл буруудвал заяа буруудна. Сэтгэл цэвэр ариунаар гийх бөгөөс буянт үйлсийн найлзуур дэлгэрч, бурхан тэнгэр лүгээ заяа нэгдмүй. Ум сайн амгалан болтугай.

НЭГЭН ҮСГИЙН ЭРДЭМ ХЭМЭЭХ СУРГААЛ

Нэгэн үсгийн эрдэм хэмээгч нь: Эрдмээс гайхамшиг буяныг үүтгэж, хотол лугаа хамтаар эдэльюү. Эрдэм сурч шударгаар зүтгэж олондоо тус үйлдэхийн учир: Ер хүн сайн үйлийг үйлдэхдээ өөрөө л сайн болъё, өөрийн нэр алдрыг дэлгэрүүлье хэмээн санавал яахин буян болох. Үнэн сүсгээр олон амьтны тусын тулд хэмээн магтаал сайшаалыг эс хэрэгсвэл өөрөө сайныг олох нь магад болой. Хүлцэх, уучлах учрыг хамт багтаан ухаар.

Хоёр зохимжтой хүсэл хэмээгч нь: Дэлхий дахины хүн адил тэгш сайн болтугай хэмээн хүснэ. Дээд доордын сэтгэл нийгмээр ариун болтугай хэмээн хүснэ. Энэ хоёр хүслийн утга нь маш гүн болой. Богд мэргэдээс бус хүнд яахин ийм хүсэл төрөх аж. Итгэл номын дөрвөн цаглашгүйтэй адилтган санаж яв.

Хоёр гагцхүү хэмээгч нь: Гагцхүү арвилан хичээвээс ариун цэвэр байна. Гагцхүү уучлан энэрвээс ахуй их буян цогцолно. Энэ нь дэмий задгай сүйтгэхгүй арвич хичээнгүй байвал амь зуухын хөрөнгө тогтож, ховдоглох санаагүй бол аяндаа цэвэр цэгцтэй аж төрнө гэсэн үг. Жич: сэцэн сэргэлэн, тэнэг мунхаг болох нь цөм эртний хувь зохиолоор болох тул мэргэн хүн мунхаг хүний эндэгдлийг уучилж, эерэг сайнаар залруулбал энэрлийн буян цаглашгүй болой.

Хоёр сурваас зохистой хэмээгч нь: Баян эрхэм хүн ялангуяа амарлингуйгаар буяны үйлийг судалбал зохистой. Баатар сэцэн хүн ялангуяа номхон шударга санааг судалбал зохистой. Баян эрхэм боловч эртний хувь зохиол сайнаас үүдсэн учрыг сүслэн мэдээд дээрэнгүй бардмыг тэвч. Улам хөгжихийн тулд баясалтайгаар буянт үйлэнд мэргэшвэл тэгш сайн болох нь магад. Бас баатар сэцэн бологч нь мөнхүү эртний заяа сайны гараг буйза. Үүнийг ухамсарлан улам номхон шударга болж, залихай хуурмагийг орхивол зохино.

Хоёр хүлээхийг тэвч гэсэн нь: Эд юм элбэг болохыг хүлээж өглөг буян үйлдэнэ гэвэл өглөг өгөх цаг олдохгүй. Энэ бие чөлөөтэй болохыг хүлээж эрдэм ном суръя гэвэл эрдэм ном сурах цаг олдохгүй. Учир нь хүний сэтгэл эдээр ханах нь маш бэрх бөгөөд тэгж харамлан хураасан хойно яахин харамгүй өглөг өгч чадах вэ. Харамгүй өглөг гэдэг нь хэр байгаа бүхнээрээ бусдад туслахын нэр. Ертөнцийн хэрэгт нэгэнт баглагдсан хүн сул чөлөөтэй болох нь маш бэрх. Эрдэм суръя гэвэл урьдаас хичээ. Ялангуяа үхэл болзоогүйг санаж, дотроос гийх эрдэмд шамдъя гэвэл чөлөө аяндаа гарна.

Гурван битгий хэмээгч нь: Тунгалаг хэмээгч түшмэл ноёдын уг болой. Битгий дээрэнгүй бардмаар бузар будангуй бол. Хичээл хэмээгч дээд ихсийн онол болой. Битгий их хэргийг хичээгээд бага хэрэг дээр осол бол. Болгоомж хэмээгч засаг цааз тогтох ур эрдэм болой. Битгий эхэнд болгоомжлоод адагт эндэгдэл бол.

Гурван хайран хэмээгч нь: Энэ бие эрдэмгүй болбол нэг хайран. Энэ өдрийг дэмий өнгөрүүлбэл хоёр хайран. Энэ насанд өглөг буян эс үйлдвээс гурван хайран. Учрыг тайлбал: Хүмүүн биеийг олох нь маш бэрхийг мэдсээр мөртөө эрдэм эс сурваас хайран биеийг талаар сүйтгэсэн хэрэг. Өдөр цаг хэмээгч нь агшин хормоор өнгөрөх тул хэзээ үхэх магадгүйг мэдсээр мөртөө сайн үйлс бүтээлгүй өдөр цагийг дэмий нөгчөөх нь үнэхээр харуусалтай. Эрдэнэт хүний төрөлд төрчихөөд шалиг найдангуйгаар насыг бартал буян эс үйлдвээс юу бодож харих вэ? Эд өчүүхнийг алдваас хайран хэмээн гаслах атлаа энэ чөлөө учралаа хайран хэмээн үл бодох нь юу вэ хэмээн тунгаа.

Дөрвөн байг хэмээх сургаал нь: Хүний зальхай лугаа ханилахыг байг. Хортой нөхрийн чирэгдэл маш ихийг мэдээрэй. Хүслээр журамгүй эд авахыг байг. Загас ба жигүүртэн өгөөш үмхээд урхинд баригдахыг бод. Хөндлөнгөөс омтгой хэргийг хамаарахыг байг. Нүдээр эс үзсэн хэргийг омтгой болохыг сэргийл. Хүчээр дарангуйлах зоригийг байг. Сүр хүчиндээ эрдэж бүү дээрэлх. Чиний цаана бас чамайг дарах аймшигтай нь бий. Энэ дөрвөн зүйлийн сургаалыг дагавал хэдий дээд суудал эс оловч хэвээ сахисан сайн эр болох нь магад.

Дөрвөн санаа хэмээгч нь: Гэргий хүүхдээ хайрлах санаагаар эцэг эхийг ачилбал элбэрэл мөн. Гэр бараагаа хамгаалах санаагаар төр улсад зүтгэвэл шударга сайд мөн. Гэдрэг бусдыг буруушаах санаагаар өөрийн биеийг буруушаавал эндэгдэлгүй. Өөрийн бурууг өршөөх санаагаар бусдын алдааг уучилбал эцэст сайн. Энэ дөрвөн зүйл санааны утгыг дахин давтан эргэцүүлж дагавал мэргэн болно.

Дөрвөн өчүүхэн хэмээгч нь: Өчүүхэн буруугаа гэмшиж хэлбэл эрдмийн уг болой. Өчүүхэн амьтныг энэрч аварвал буяны үндэс болой. Өчүүхэн эдээ хэмнэж хэрэглэвэл баяжихын хөрөнгө болой. Өчүүхэн сүсгийг хүндэлж хичээнгүйлбэл өөдлөхийн мөр болой.

Дөрвөн зүйл болохгүй хэмээх сургаал нь: Чалчаа үг, зальхай явдалтан лугаа арга зөвлөж болохгүй. Цаг бүр зан хувилах хүн лүгээ удаан ханилж болохгүй. Чамламхай бөгөөд завших дуртай хүнтэй эд нэгдэж болохгүй. Цалхай боловч сэжиг их хүнтэй хэрэг сэтгэж болохгүй. Энэ дөрвөн болохгүйг сэргийлбэл гэнэдэхийн аюул үл болно.

Дөрвөн бүү хэмээгч нь: Нэгэн хэрэг буруу болох юухан хэмээн бүү бас. Бэлгэ билгийн нүдтэн толилсоор бий шүү. Нэгэн хэрэг зальхай болох юухан хэмээн бүү эрд. Хэрэг балардаггүй гэсэн хууч үгийг сана. Нэгэн цагт дээрэнгүй загнах юухан хэмээн бүү бас. Хойч өдөр үр хүүхдийг чинь тийнхүү тавлавал хэцүү. Нэгэн санаа омтгой байх юухан хэмээн аашил. Санаа омтгойн хэрээр гэмшил олохыг хянаарай. Энэ дөрвөн бүү хэмээгчийг болгоомжлон санагч хүнийг мэргэн ухаант хэмээн шүтэлтэй.

Дөрвөн зүйлийн сахих арга хэмээгч нь: Гэгээн ухаантан сэцэн сэргэлэнгээ тэнэг мэтээр сахих. Гэгээн огторгуй мэт гавьяагаа сул тавиунаар сахих. Гэгээн Гэсэр мэт баатар боловч сэрэмжилж айхаар сахих. Гэгээн Намсрай мэт баялаг боловч даруу хөнгөмсгөөр сахих. Энэ нь сэцэндээ эрдэж мунхгийг битгий доромжил. Гавъяа байгуулсандаа эрдэж түмэнд битгий бард. Баатар хүчиндээ эрдэж дайсныг битгий басамжил. Баян элбэгтээ эрдэж ядуусыг битгий дарла гэсэн үг.

Дөрвөн үлдээ хэмээгч нь: Заяаны хишгийг бүү сүйтгэ. Үр хөвгүүндээ үлдээ. Эрхэм сүрээ бүү гайхуул. Хойч үрдээ үлдээ. Тэмцэлдэх ухаанаар дэмий бүү мэдэмхийр. Үгийн сүүлийг үлдээ. Тэрслэх заргаар хэрэг бүү дэгдээ. Хойшид зам үлдээ. Энэ дөрвөн үлдээ хэмээгчийг дагавал хэвээ сахих нарийн арга болой.

Дөрвөн уг хэмээгч нь: Баян болохын уг нь хичээнгүйлэн арвилахаас бүтнэ. Эрхэм болохын уг нь номын утгыг нэвтэрхийлэхээс бүтнэ. Баясгалан болохын уг нь эе эвийн найраас бүтнэ. Буянтай болохын уг нь үйлийн үрийг ухаарахаас бүтнэ. Ертөнцийн хүн урьдаар энэ дөрвөн угийг мэдэгтүн.

Дөрвөн зүйл хичээл нь: Чихэндээ нүгэлт үгийг бүү сонсъё хэмээн хичээ. Нүдэндээ самуун өнгийг бүү үзье хэмээн хичээ. Амандаа чалчаа шалигийг бүү өгүүлье хэмээн хичээ. Санаандаа хортой сэтгэлийг бүү үүсгэе хэмээн хичээ. Энэ дөрвөн зүйлийг хичээн чадваас хэдий бурхан эс боловч сайн хүн болох нь магад болой.

Дөрвөн хэрэглэхүй хэмээгч нь: Сул зүгээр цагт эрдмийг шамдаж сураад яарах дээр хэрэглэнэ. Залуу идэр цагт зүтгэж, эдийг хураагаад өтлөхдөө хэрэглэнэ. Энх эсэн цагт ном буян үйлдээд үхсэний хойно хэрэглэнэ. Амьд бүхий цагт нүгэл хилэнцийг арилгаад хойдын сүнсэнд хэрэглэнэ. Бидний энэ бие байтугай Бурханы гэгээн нирваан дүр үзүүлснийг бодох хэрэгтэй.

Дөрвөн зүйл мэд хэмээгч нь: Өөрийн биеийг өөрөө эрхэмсэглэвээс ичгүүр олохыг мэд. Өөрийн үрийг дэмий эрхлүүлбээс гэмшил олохыг мэд. Зарим хүн өөрийн нүүрийг магтаад бусдад элэглэгдэнэ. Зарим хүн өөрийн чадлыг гайхуулаад муу хүнд хорлогдоно. Зарим хүн өөрийн үр хөвгүүнийг бага цагт зэмлэлгүй зальхай дасгаад их болсны хойно залруулах бэрх үед гэмшихгүй юу.

Дөрвөн эрдэм хэмээгч нь: Баян хүн өглөг өгч чадваас эрдэм мөн. Эрхэм хүн дордост тус хүргэвээс эрдэм мөн. Ядуу хүн шуналгүй бөгөөс эрдэм мөн. Дорд хүн зусаргүй бөгөөс эрдэм мөн. Баян хүн харамгүй өглөг үйлдвээс чухам эрдэм. Ядуу ард өөрийн хэрийг мэдэж эс шунаваас чухам эрдэм. Дорд хүн хэвээ сахин эс зусардваас чухам эрдэм мөн. Эрдэм хэмээгч нь гагцхүү сурах судлахын нэр биш. Энгийн зан явдал энэ мэт болбоос сая эрдэм болой.

Таван зүйл мэдэх хэрэгтэй хэмээгч нь: Ачтаны ач тусыг үргэлж сүслэн мэдэх хэрэгтэй. Улсын хууль цаазыг үргэлж даган мэдэх хэрэгтэй. Өөрийн хувь зохиолыг үргэлж ухааран мэдэх хэрэгтэй. Ертөнцийн жам ёсыг үргэлж жишээлэн мэдэх хэрэгтэй. Хүн болсон зол заяаг үргэлж баясан мэдэх хэрэгтэй. Энэ тавыг эс мэдвээс үнэхээр хүн бус болой.

Таван сайн хэмээгч нь: Эрдэм чадал төгссөн боловч эгнэгт даруухан нь сайн. Эд юмаар хогшсон боловч үүрд номхон нь сайн. Энэ бие насжсан боловч үргэлжид ёстой нь сайн. Элдэв зүйл бүрдсэн боловч ашид сүжигтэй нь сайн. Энх төвшин жаргасан боловч насад хичээнгүйтэй нь сайн. Энэ таван сайныг дагавал эрдмийн дээд болъюу.

Зургаан гэмшил хэмээгч нь: Ноёд засаг цаазыг гажуу баривал алдагдсан хойно гэмшинэ. Залуу цагтаа эрдэм чадал эс сурвал өтөлсний хойно гэмшинэ. Баяд юмаа бүрэлгэн сүйтгэвэл ядуурсны хойно гэмшинэ. Хэрэг учрыг анхнаас эс хянавал эндсэний хойно гэмшинэ. Хүн согтуугаар агсам аашилбал сэргэсний хойно гэмшинэ. Үг хэлэхийн урьд болгоомжлохгүй бол гэнэт хэлсний хойно гэмшинэ. Энэ нь урьдаас хичээтүгэй гэсэн санаа.

Зургаан цээрлэл хэмээгч нь: Журамгүй эдийг айлган хяхаж аваад буян хийхийг цээрлэ. Эцэг эхээ ачлахгүй атал ном уншиж юу хийнэ. Өөрийн биеэ төвшитгөөгүй бол бусдыг яахан залруулж засах вэ. Өөрийн заяаг мэдээд бусад лугаа атаархахыг цээрлэ. Өлөн зуд болох цагт тэнгэрийн улирал тул дэмий гаслахыг цээрлэ. Худал хуурмаг хэмээгч нь эцэст ичгүүртэй тул нэгмөсөн цээрлэ. Эрс тэс үгийг эргэцүүлэн хянагтун.

Долоон зүйл инээдтэй хэмээгч нь: Хожгор хүн малгайгаа аваад халзан хүнийг элэглэх нь инээдтэй. Хортой хүн хөмсгөө атируулан уйлан дуугарах нь инээдтэй. Худалч хүн үг хэлэхийн урьд ам алдах нь инээдтэй. Ховдог хүн зажлахгүй залгиад хахах нь инээдтэй. Ховч хүн худалчийг лавлахад нүүр улайлган ам алдах нь инээдтэй. Хоосон цээжинд эрдэмгүй атал дэмий дэлдэгнэж нэрэлхэх нь инээдтэй. Хонжиход шунасаар харин өөрөө өрөнд орох нь инээдтэй. Энэ долоон зүйл инээдтэйг болгоомжилж яв.

Найман битгий хэмээгч нь: Битгий үзэсгэлэнд тачааж хайран шимийг сүйтгэ. Битгий архинд шунаж хайран биеийг эмгэгтэй болго. Битгий өчүүхэн хорслыг зангидаж угсаа төрлийг холдуул. Битгий шинэ гомдлыг баримталж хуучин ачийг март. Битгий үг хэлэндээ эрдэж их нүгэл хилэнц хураа. Битгий өчүүхэн ашгийг хөөж их үйлсийг балла. Битгий зэрэг хэргэмд дурлаж ёс төрийг алд. Битгий ертөнцийн өнгөнд хууртаж хожмын сүнсээ гутаа.

Есөн зохистой хэмээгч нь: Идээ ундаа тааруулж эрдэнэт биеэ тэтгэх зохистой. Эв найрыг эрхэмлэж ижил олонтой эергүү явах зохистой. Элбэрэл журмыг дээдэлж эцэг эх буяны садныг ачилбал зохистой. Эрдэм ухааныг шүтэж ном, ертөнцийн үйлэнд уран дархан мэт болбоос зохистой. Чин сэтгэлийг барьж ураг элгэн, үр садаа эеэр асрамжлах зохистой. Төр ёсыг дээдэлж түмний тус дор хичээнгүйлэх зохистой. Тэнгэрийн дор үр хойчид улиран дурсагдах эрхэм хүний нэр төрийг эрхэмлэж явах зохистой. Төрөл магадгүй орчлонд эх, үрийн барилдлагыг санаж дорой буурай амьтанд тусалж явах зохистой. Чөлөө учрал бүрдсэн энэ заяандаа хойшдын хүнс болох буян ерөөлөө тариалж явах зохистой. Эдгээр есөн зохистойг ухаарч, ухаан явдал хоёр нийлбэл хүслийг хангагч чандмань лугаа эрхэм чухаг болъюу.

“Бид гаднах ертөнцийг ажиглахдаа өөрсдийнхөө сонирхсон өчүүхэн жижиг хэсгийг л тогтож хардаг юм байна. Бидний харж буй ертөнц бол бүхэл орчлон бус, харин оюун санааны л анхаарлыг татсан хязгаарлагдмал ертөнц юм.”

“Ихэнх хүмүүсийн амьдралыг бүхэлд нь цөөн хэдэн үгээр илэрхийлбэл “бүх зүйлтэй эцэсгүй тэмцэлдэх” гэж хэлж болно. Бид эсэргүүцэх тусмаа тасралтгүй өөрчлөгдөх гэж хичээдэг хэдий ч бүх зүйлд сэтгэл дундуур үлддэг.”

“Бусдын оронд өөрийгөө тавьж үзэх нь амьдралын олон ч зөрчлийг шийдвэрлэхэд тусалдаг. Тиймээс аливааг бусдын талаас харахыг хичээ. Хэрэв юм бүхнийг зөвхөн өөрийнхөө талаас л харгалзан үзвэл танд хүүхдээс ялгарах зүйл алга.”

“Хариуд нь ямар нэгэн зүйл олж авна хэмээн найдсандаа хэн нэгэнд тусалж буй бол энэ нь өгөх бус, ердөө зээлдүүлэх явдал юм. Жинхэнэ сэтгэл бусдад гараа сунгахдаа ямар ч хариу хүлээдэггүй. Энэ нь бид өгсөн зүйлээ бодож тооцохоо болино гэсэн үг.”

“Зуны үдэш түг түмэн оддын дундаас би нэгийг нь л сонгон ажиглаж зогсоно. Тэр од ч ялгаагүй үй олон хүний дундаас гагц л намайг л олж харжээ. Хоёр хүн учран золгох нь үүнтэй эгээ адил, огторгуй ертөнцийн ховор нандин явдал байдаг. Магад сая, тэрбум, их наяд учрал тохиол тутамд ердөө ганц тохиож ч мэднэ.”

“Сурч боловсроход хамгийн том саад болдог зүйл бол мэдэхгүй атлаа мэддэг мэт дүр эсгэх явдал юм. Та ямар нэгэн зүйл мэдэхгүй гэдгээ хүлээн зөвшөөрдөг байх хэрэгтэй. Үгүй бол үргэлж дүр исгэх хэрэг гарна. Бардам зангаа хойш тавьж, шударга байж сурвал аливаад илүү амархан суралцана.”

“Зөвхөн ажилд орох гэж анкет дүүргэхийн оронд шинэ зүйл сурах явцаа таашааж, үнэлж сур. Ганцхан үр дүнгийн төлөө битгий улайр. Цаад утга учрыг нь үнэлж, хөөр хөгжөөнтэй бай.”

“Бүх зүйл түр зуурынх, дэлхийн хамгийн тохь тухтай орон зай байсан ч ялгаагүй.”

ДҮГНЭЛТ

“Бодлынхоо үүлнээс ангижрахыг хүсвэл бодлоо зүгээр л одоо цагт нь байлга. Санаа бодлын үүл гэдэг зөвхөн өнгөрсөн, эсвэл ирээдүй цагт л оршдог. Оюун санаагаа эдүгээ цагт хамаатуулсан цагт л бодол тань амарна.”

Хэмин Суним “Аядуу тайван ахуйдаа л бидний анзаардаг зүйлс”

Бид өнгөрснөө бодон сэтгэлдээ шаналал, зовиур тээж амьдрахын оронд одоо цагт өрнөж буй учрал, тохиолд анхаарал хандуулж, оршин буй цаг мөчөө нандигнан хайрлах нь чухал юм шиг. Цаашлаад ирээдүйнхээ төлөө үнэнч, шударга байж, жаргалтай байх замыг эрэлхийлэх нь илүү бодитой санагдана. Ингэхдээ хэтэрхий их улайран зүтгэх нь хүссэн үр дүндээ хүрэх замд тань тээг л болох магадлалтайг санахад илүүдэхгүй биз ээ. Амьдралын энгийн мөч бүрээс аз жаргалыг мэдэрч, ямар нэгэн зүйлд хэт яаралгүйгээр, бодож тунгаан аядуу тайван амьдарцгаая!

Хөрвүүлсэн П.Бадрал

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!