LOADING

Type to search

ТҮҮХ

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

Share

“… Борхон зүрх минь түг түг хийнэ

Бугуйн цаг маань чаг чаг хийнэ…”

Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж хэлсэн нь бий. Маргаангүй үнэн үг. Б.Содном, Д.Батсүх, Д.Цээеэ, Т.Латиф нар цаг үеийн шалгуураар төрөн гарсан шилдгүүд. Хошин шогийн мэдрэмж, түүнийг бусдад түгээх чадвар бол давтагдашгүй ховор зүйл байдаг. Үзэгч түмнээ инээлгэх хувьтай төрсөн алиалагч нар маань 60 нас ч хүрэлгүй, зарим нь алдар гавьяа ч хүртэлгүй хорвоог орхисон нь юутай харамсалтай.

Ингээд бүтээсэн дүр, хөдөлгөөн, алхаа гишгээ нь хүртэл дахин давтагдахааргүй гайхалтай уран бүтээлч болох, 1970-1980 оны үед од болон гялалзаж асан Т.Латиф гуайн тухай өгүүлье.

Алс баруун хязгаар, Ховд аймгийн Булган сум бол домборын аялгуу, бүргэдийн дэвэлттэй нутаг бөгөөд Төлеген, Замир нарын гэрт мэндэлсэн хүү хожмоо хотол олондоо инээд бэлэглэх учиртай нэгэн болох байжээ. Т.Латиф гуай зургадугаар ангид байхдаа онц сурч Унгарт пионерын амралтад явах эрхийн бичгээр шагнуулж, алс Европт хөл тавиад ирсэн түүхтэй. 1963 оны намар Баян-Өлгий аймгийн 10 жилийг төгссөн казах хөвгүүн их хотыг зорин ирж, Улсын багшийн дээд сургуулийн кино драмын ангид элсчээ.

Элсэлтийн комиссын дарга нь жүжгийн зохиолч Э.Оюун гуай байж. Монголоор жаахан хазгай ярьдаг, хачин янзын төрхтэй казах хүү драмын ангид элсэн орох шалгалтаа казах хэл дээр өгсөн гэдэг. Э.Оюун гуай пантамимо хийж үзүүлсэн Т.Латифд “Хүү минь чамд авьяас байна. Гэвч Монгол хэлийг төгс эзэмших хэрэгтэй. Үүнийг чамд даалгаад сургуульд элсүүлье” хэмээжээ. Ийнхүү Монголын урлагийнхны дунд “Их хар бурхан” хэмээн алдаршсан Раднаа багшийн ангид Т.Латиф гуай жүжигчин болох цагаан толгойгоо заалгаж эхэлсэн байна.

1967 онд Елмес гэх бүсгүйтэй гэрлэж таван хүүхдийн эцэг эх болжээ.

Түүнийг ангийн найз нөхөд нь дурсан ярихдаа “Оюутан байхдаа их дуу цөөтэй хүүхэд байсан, казах хүүхэд Монгол хэл мэддэггүй байх гэж хоорондоо ярилцдаг байсан. Нэг өдөр ангийнхан нь дуулах болж нэрийг нь мэдэхээс цаашгүй Латифаар дуулуулъя  гэхэд мань хүн казах вальсаа хачин гоё дуулсан” гэж дурсан ярьжээ.

Раднаа багш нь “Би Монгол Улсад жүжигчин бэлдэж байгаа, ийм аялгатай байх юм бол нөхөр минь гуравдугаар курсээс би чамайг шууд хөөнө” гэж байсан гэдэг.

Улмаар ангидаа хамгийн сүүлд үлдэн хэл ярианы дасгалуудаа давтсаар төгсөхдөө Монгол хэлдээ үеийн нөхдөөсөө ч илүү дикцтэй ярьдаг болсон байна. Т.Латиф гуайн оюутан ахуй насны бас нэг сонирхолтой яриа байдаг нь тэрээр чулуугаар  мэргэлдэг байсан гэнэ.

Жүжигчний ангиа төгсөөд Улсын драмын театрт орохдоо Д.Намдаг гуайн “Ээдрээ” жүжгийн “Доголон Дорлиг”-ийн дүрд тоглож. Үүнээс хойш театрын тайзнаа 10 гаруй жүжигт тогложээ. 1971 онд Дамдин найруулагчийн бүтээсэн “Улаан дарцаг” киногоор кино урлагт хөл тавьсан. Залуу нас халгиж, цалгисан авъяас хоёр хамт байхдаа үргэлж шинийг эрэлхийлж бүтээж байдаг гэдэг. Монголын соёл урлагийн түүхэнд түүний нэртэй холбогдсон олон шинэ өнгө гарч ирж Т.Латифгүй, түүний хамтран тоглоогүй үдэшлэг, цэнгүүн гэж үгүй он жилүүд удаан үргэлжилсэн гэдэг.

“Хүний мөр”, “Улаан дарцаг”, “Амьдралын нахиа” гэх хэдхэн кинонд дүр бүтээсэн ч ямар ч алдартай жүжигчнээс дутахгүй олон (одоогийнхоор) фэнтэй байж, хаа ч явсан хүүхдүүд дагаж гүйлддэг байлаа.

Тэрээр 1973 онд “Соёл-Эрдэнэ” чуулга анхны тоглолтоо хийж байхад хөтөлж  байсан Монголын эстрадын урлагийн анхны хөтлөгчдийн нэг.

Түүний хүү Л.Байзада аавынхаа тухай “Миний аав Ховдын Булган сумын уугуул хүн. Байгалиас заяасан урлагийн мэдрэмжтэй. Домбор хөгжмийг их сайхан тоглоно. Бүтээсэн дүр, хөдөлгөөн, алхаа гишгээ нь хүртэл ахин давтагдахааргүй гайхалтай хүн байсан. Баян-Өлгийн Дэлүүн сумын 10 жилд сурч байхдаа дууны аварга болоод Унгар улсын хүүхдийн зусланд хүртэл амарч байсан гэдэг.

Миний сэтгэлд тодорч үлдсэн ганцхан шинэ жил байдаг нь аавтай байхдаа тэмдэглэсэн шинэ жил. 1979-1983 оны хоорондох шинэ жил буюу би тав, зургадугаар ангид байсан үе. Манайх орос маягаар шинэ жил тэмдэглэдэг байлаа. Тэр үеийн сүлд модны чимэглэл, жүржийн амт ямар гоё байсан гэж санана. Цас, цаг агаар нь хүртэл өөр байсан. Улаанбаатар чинь үлгэрийн хот шиг л сайхан байлаа. Цирк дээр Б.Бадрууган агсны найруулсан “Гайхамшигт цаг” гээд хөтөлбөр болдог байсан юм. Тэр жилүүдийг их үгүйлдэг дээ. Аавыгаа дурсахаар үүлэн чөлөөн дундаас дөнгөж нар харагдаад эргээд бүрхэж бороо асгаж байгаа юм шиг тийм саарал мэдрэмж төрдөг.

Миний аав алиалагч Цээеэ буюу Цэдэнбал ахтай хамт тайзан дээр олон жил тоглож, улсын төлөвлөгөө биелүүлэх гэж олон хоног, сараар хөдөө бригадаар явдаг байсныг дандаа санадаг юм. Харин аавын уран бүтээлийн нэг онцлогийг би инээдмийн өгүүллэг  унших тал дээр их юм хийжээ гэж дүгнэдэг. Мэдээж хэрэг тайзан дээр циркийн жүжигчин хүн инээдмийн төрлийн өгүүллэг унших амаргүй байсан биз. “ Онгод” гээд нэг өгүүллэг уншдаг байсан. Бараг 25 минут тасаралтгүй уншихад үзэгчид уйдахгүй сонсдог. Тэгж хүний сонирхлыг алдахгүй өөр дээрээ барьж уран бүтээлээ хүнд хүргэх амаргүй. Гэхдээ л миний аав чаддаг байсан” хэмээн дурссан байдаг.

Хүний амьдрал хойно асгаж цалгисан амжилт, алдар нэр гэж байхад алдаан дээр нь дөрөөлөхөөр анаж хүлээсэн нэгэн ч байдаг. Монгол Улсын гавъяат цол 37 насандаа  хүртэх гэж явсан Т.Латифын амьдралд нэг л өдөр бараан сүүдэр туссан. Тухайн цаг үеийн мэдээлэл, радио телевизийн улсын төв хорооныхон зусланд болсон нэгэн үдэшлэгт Т.Латифыг урьсан гэдэг. Тоглолт дуусч, жаахан ч халсан байж. Энэ үед гарсан маргаанаас болж театрт байх уу үгүй юу, цаашлаад аавын хаалга татахдаа ч тулсан гэх харамсалтай яриа бий.

Драмын театраас гарсан жилдээ бүтэн жил гаруйн хугацаанд циркт малчнаар ажилласан гэдэг. Ингээд үүрээр эртлэн босож циркийн гадна талыг цэвэрлэдэг байсан гэх. Алтан үеийн жүжигчин Цээеэ гуай тэр үед ид алдаршиж буй алиалагч байв. Портнёр дутаж байх үед нь найруулагчид хоёр, гурван удаа алиалагч болооч гэсэн санал тавихад нь хэдийгээр татгалзсан ч олон удаа ятгасны эцэст Цээеэ гуайтай хамтарч, дараа нь жүжигчин Батсүх сургуулиа төгсөж ирээд хамт ажилласан байдаг. Ингээд алиалагч болох зам нь нээгдсэн жүжигчин Т.Латиф циркийн тайзнаа дүрээ мөнхөлсөн юм.

Алиалагч болох зам мөр нь анхнаасаа л драмын жүжигчин байх үед нь “татаж чангааж” байсныг гэрчлэх нэгэн дурсамж бий. Т.Латиф агсан драмын театрт байхдаа Отелло жүжигт тоглосон тухайгаа ”Нэг удаа Отелло жүжгийн Ягогийн дүрд тоглов оо. Дүрийн шаардлагаар бол үзэгчид намайг үзэн ядаж л суух ёстой юм. Гэтэл намайг тайзанд гарахаар л цөм тачигнатал инээлдэнэ. Бүр хүн алахаар гэтэж явахад хүртэл тэд инээгээд байхыг нь яана. Тоглолтын дараа найруулагч намайг зад загнав. Тэднийг инээлгэхээр ер оролдоогүй, дүрээ бүтээх гэж л чармайсан. Үзэгчид л инээлдээд байх чинь билээ гэж өчлөө. Тэгтэл нэг ахмад жүжигчин “Латиф ер нь драмын жүжигт тохирохгүй юм шиг байна. Энэ бол ерөөсөө байгалиас заяасан алиалагч юм. Латифт хамгийн тохиромжтой нь хошин шог дүр л юм шиг байна” гэсэн байдаг.

Тэрээр Чехийн Копенгагэн, Дани зэрэг олон улс орнуудад очиж тоглолтоо хийжээ. Т.Латиф гуай 45 насандаа МУСТА цол тэмдэг авч нэг жилийн дараа буюу 1990 онд циркийн суудал дүүрэн үзэгчтэй тайлан тоглолтоо хийгээд 1991 онд 46 насандаа өөд болсон билээ.

Энэ тухай хүү Л.Нурбулан “Монгол улсын төр засгаас аавыг маань СТА цолоор шагнаж байсан юм. Шагнал авна гэж сонссон аав маань өмднийхөө зүүн карманд гараа хийчихээд энэ карманд гавьяат байгаа хэмээн хэлээд л гарч байсныг санагддаг юм. Бид хүүхэд ч байж. Тэгээд гавьяат авна хэмээн итгэлтэй гарсан хүн СТА авсан даа  битүүхэндээ гомдсон байж магадгүй. Энэ шагналаа аваад жил гаруйн дараа л бурхан болсон доо” хэмээн дурссан байдаг.

Хувь хүний хувьд  цайлган итгэмтгий, тун ч хээнцэр хүн байсан гэдэг. 1991 онд өнгөрөхөд нь хүний нутагт авъяастнаа алдсан найрагч халаглан гашуудахдаа “…бараан захын Эрээн хот бурхангүй юм байлгүй чааваас” гэж халагласан аж.

Г.Бадамцэцэг

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!