LOADING

Type to search

ТҮҮХ

Хүмүүс: Гоо сайхнаараа гайхагдсан жүжигчин Н.Батцэцэг

Share

“Гэрлэж амжаагүй явна”, “Сувраган цэнхэр уулс”, “Жинжиймаа”  зэрэг олон сайхан киноны дүрүүдээрээ үзэгчдийн хүндлэлийг хүлээсэн жүжигчин, монголын сайхан бүсгүйчүүдийн нэг Н.Батцэцэгийг энэ удаагийн “хүмүүс” буландаа онцолж байна.

Үзэгч олонд алаг нүдэн гэгдэх түүний жүжигчний гараа 1974 онд “Эх бүрдний домог” киноны Нарангарвуугийн дүрээр эхэлжээ. Энэ үедээ тэрээр МУИС-ийн орос хэлний орчуулагчийн ангид сурдаг байж. 18 настай түүнийг Гавьяат жүжигчин М.Бадамгарав олж харснаар Монголын кино урлаг хэмээх том айлд хөл тавьжээ.   Нэгдүгээр курст байхдаа “Эх бүрдийн домог”, дараа нь “Дэгдээхий нас”, “Хүний амь”, “Суварган цэнхэр уулс”, “Тойрох хуудас” зэрэг кинонуудад тоглож, “Дэгдээхий нас” зэрэг кинонуудад гол дүр бүтээсэн байна.

    Бага насанд нь аав нь цасан охины хувцас өмсүүлж гэзгийг нь сүлжиж өгчихөөд ихэд магтан “Сүүний үнэр шингэсэн”-ээ дуулаарай хэмээн өхөөрдөн дуулуулдаг байсан нь урлагт сонирхолтой болгох анхны гарааг нь тавьж өгсөн төдийгүй урлагт ойр нэгэн болж төлөвшихөд үргэлж дэмждэг эцэх эх нь ихээхэн тусалжээ.

    Тэрээр 1957 оны тавдугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод Ц.Нацагдоржийн гэр бүлд айлын тэрсхэн таван хүүхдийн ууган охин болон мэндэлжээ. Эцэг, эх хоёул Эдийн засагч мэргэжилтэй. Ээж Б.Цэрэнлхам залуудаа Драмын театрын жүжигчин байсан бөгөөд “Кремлийн цаг”, “Эмч нар”, “Тожоо жолооч”, “Санасан ёсоор болтугай” зэрэг жүжгийн гол дүрийг бүтээсэн нэгэн. Авга ах Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Эрдэнэбат юм. “Арав дахь хавраа үдье”, “Хилийн тэнгэр цэлмэг байгаасай” зэрэг дууг зохиосон гэдгээр нь андахгүй. Ийнхүү тэрээр урлагийн удамтай нэгэн юм.

Түүний аав, ээж нь тусдаа амьдрах болсон ч Батцэцэг охин төрснөөс өөрцгүй сайн хуурай аавтай болсон гэдэг. Түүний “пап” Ц.Хасбаатар нь хэл бичгийн ухааны доктор, СГЗ орчуулагч юм. Тэрээр охиндоо тайз, дэлгэцийн мастеруудын бүтээлээс уншиж өгөхөөс эхлээд урлагийн тоглолт, жүжиг үзүүлдэг байж.

  Түүний бага нас 40, 50 мянгатад өнгөрсөн. Нийслэлийн Зургадугаар дунд сургуулийг төгссөн бөгөөд эдийн засагч Н.Дашзэвэг, жүжигчин, Төрийн соёрхолт Ц.Төмөрбаатар нартай нэг ангид байснаараа одоо ч бахархдаг хэмээв. Ангийн найз Төрийн соёрхолт, МУГЖ Ц.Төмөрбаатартайгаа “Хүний амь”, “Суварган цэнхэр уулс” гээд хэд хэдэн уран бүтээлд хамтарч ажилласан байдаг.

   МУИС-ийг 1979 онд төгсөөд “Монгол кино үйлдвэрт” дагалдан жүжигчнээр орж, 1982 онд мэргэжлийн жүжигчний үнэмлэхээ гардан авав. Кино үйлд­вэрт ажиллахын зэ­рэгцээ 1984 оноос Монголын ра­диогийн “Бага үд” хө­төл­бөр, телевизийн “Урын сан” нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллаж эхэл­сэн байна. “Нууц эзний эрэлд”, “Намрын дуун” зэрэг радио жүжиг, “Аянгын гялбаа” хэмээх телевизийн жүжигт ч тог­ложээ.

1981 онд Югославын “од” Гойко Митичтэй хамт “Газарчин” кинонд хамтран тоглосон тухайгаа тэрээр “Югослав гаралтай Германы Дефа студитэй ажилладаг Гойко Митич тэр үед индианы цуврал кинонууд болох “Хэлмэгдсэн омгийнхон”, “Опачи” зэрэгт тоглоод Монголд их танигдсан алдартай жүжигчин байлаа. Би анх их сүрдсэн. Хоёр талын найруулагчид гол дүрийн жүжигчдээ дагуулж ирээд анх танилцацгаасан. Тэгээд зураг авалтын явцад дасаад их дотно найзууд болсон доо. Манай Гойко оросоор их сайхан ярьдаг. Зургийн завсар чөлөөгөөр надаас их юм асууна. “Танай монголчууд охидоо гадаад хүнтэй суулгах дургүй гэл үү? Бас хүүхдийнхээ гэрлэлтийг ээж аав нь зөвшөөрөхгүй бол суудаггүй гэсэн үнэн үү” гээд л асууна. Заримдаа Гойко усны машины жолоочийн кабинд суугаад тарвага эргүүлээд явчихсан байдагсан. Биднийг Германд очиход сүйд болсон. Германд нээлтээ хийх үед очиход миний дүрд их бүдүүн дуутай хүүхэн дуу оруулсан байсан. Би “Чамайг Монголд байхад ийм од гэж мэдээгүй” гэхэд надаар тоглоод “Чи ч бас нутагтаа од шүү дээ” гээд инээж байсан. ”

  Ийнхүү тэрээр жүжигчний амьдралд эргэлт буцалтгүй орж “Эх бүрдийн домог”, “Дэгдээхэй нас”, “Жинжиймаа”, “Суварган цэнхэр уулс”, “Гэрлэж амжаагүй явна”, “Зүүдэнд ирсэн хонгорхон ижий” зэрэг 30 гаруй киноны гол дүрд тоглосон билээ. Мөн “Үгүйлэн санана” нэвтрүүлэг, “Америк дахь монголчууд” 100 сурвалжлага, “Монголын шилдэг гэр бүлүүд” цуврал зэрэг цуврал нэтрүүлгүүдийг бэлтгэжээ. Мөн жүжигчний мэргэжлийг сонгосон, сонгох гэж байгаа залуучуудынхаа хүсэлтээр “Жүжигчин ба Би” нэртэй ном бүтээжээ.

Хүүхэд байхаасаа л киног нүд цавчилгүй шимтэн зэж байсан тэрээр өөрийгөө тэрхүү дэлгэцээр гарна хэмээн мөрөөдөж, урлагт их дуртай хэдий ч кинонд  гардаг хүмүүсийг тэнгэрээс заяасан авьяастай хүмүүс гэж боддог байж. Гэсэн хэдий ч монголын алтан үеийн сор болсон уран бүтээлчдийн нүдэнд өртөж, хамт кинонд тоглоно гэдэг тийм ч амар олдох тохиол биш биз ээ.   Түүний авьяас хөдөлмөрийг үнэлж 1982 онд VII таван жилийн гавшгайч цол тэмдэг, 1983 онд МХЗЭ-ийн ТХ-ны “Тэргүүний сэхээтэн залуу” алтан медаль, 1984 онд “Хөдөлмөрийн алдар” алтан медаль, 1996 онд “Соёлын тэргүүний ажилтан”, 2000 онд Алтан гадас одонгоор шагнажээ.

1986 онд насны хань О.Машбаттайгаа учиржээ. О.Машбат нь Москвагийн Театр урлагийн дээд сургуулийн найруулагчийн ангийг төгссөн уран бүтээлч бөгөөд ажлын гараагаа Улсын циркийн уран сайхны удирдагч, ерөнхий найруулагчаар эхэлсэн. Тэд хоёр сайхан хүүтэй.

1991 он хүртэл Цирк болон Кино үйлдвэрт ажиллаж байгаад “Өргөө” циркийн бүрэлдэхүүнд багтан Герман, Польш улсад таван жил ажилласан юм. 1996 оноос хамтран “Монголжин” студийг байгуулав.

О.Машбат 2000 онд “Зүүдэнд ирсэн хонгорхон эжий”, “Жинжиймаа” 2002, “Мэлмий”, “Сийлэн бөөр”, “Вансэмбэрүү”, “Хэен Хуар зэрэг есөн киног найруулсан.

“Зүүдэнд ирсэн хонгорхон эжий” кинонд хүү М.Ивээл дүр бүтээсэн байдаг. “Хүү маань “Зүүдэнд ирсэн хонгорхон ижий” кинонд тоглосныхоо дараа “Вансэмбэрүү”, “Цагаан сүүний домог” кинонуудад бас дүр бүтээсэн. Намайг киноны натур дээр байхад аавтайгаа ирэх үед, Ардын жүжигчин Г.Жигжидсүрэн найруулагч харчихаад “танай М.Ивээл их сэргэлэн хүү шүү. Хүүтэй чинь ярьж үзлээ. Цагаан сүүний домог кинондоо тоглуулмаар байна” гэж хэлсэн.Тэгээд л хүүтэйгээ хамт хоёр дахь кинондоо тоглож билээ” хэмээв.

2005 онд гэр бүлээрээ АНУ-ийг зорьсон бөгөөд том хүү М.Бишрэл нь  Чикагогийн их сур­гуулийг төгссөн бол бага хүү М.Ивээл нь Колумбын их сургуульд кино найруулагчаар сурчээ. Хөвгүүд нь хамтран “Mashbat Brothers Film”-ыг байгуулсан.

Миний хүү Ивээл кинонд тоглохоосоо илүү кинонд найруулах сонирхолтой байсан. Америкт кино найруулагчийн ангийг төгсөж ирээд “Цэн тогоруу” нэртэй анхныхаа киног найруулж “Улаанбаатар олон улсын кино наадам”-ын тэргүүн байрын шагналыг хүртсэн. Хүүгийнхээ найруулсан кинонд би проддессараар нь ажиллаад тус кинонд туслах дүр бүтээсэн. Би хүүгээ “Цэн тогоруу” кинонд найруулагчаар ажиллаж байхад миний анх кинонд тоглож байсан үеийн дурсамж сэдрээд их сайхан санагдсан хэмээн дурссан байдаг.

Түүнийг Ардчилал таймс сонинд өгсөн ярилцлагыг сэргээн хүргэж байна.

-Та нэлээд хугацаагаар Америкт амьдарсан. Одоо хаана амьдарч, юу хийж байна? 

-Би Монголдоо ирээд нэлээд удаж байгаа. Одоо Халх голын 80 жилийн ойд зориулан Монгол кино үйлдвэрийн бүтээж байгаа киноны менежментийн ажлыг хариуцаад явж байна. Цэрэг эх орны сэдэвтэй, цэрэг залуусын дүрүүдтэй учраас эмэгтэй хүний дүр цөөнтэй кино л доо. Энэ киног бид намар Халх голын ойгоор хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна.

-Таныг өөр ямар уран бүтээл хийж байгаа бол гэдэг их сонирхол татаж байна даа?

-Нөхрөөсөө хойш Монголжин студиэ бүрэн хүчин чадлаар нь ажиллуулахгүй байгаа. Гурав дөрвөн ном гаргасныгаа үргэлжлүүлээд бичих ажилтай л байна. Бас их аялж байна. Намайг ном бичиж байна гэсэн чинь Төрийн шагналт зохиолч, Ардын уран зохиолч П.Бадарч ах “За яг ном ёсоороо л явж байгаа юм байна” гэсэн. (инээв) Уран бүтээлч хүн нас жаахан ахиад ирэхээр аялж, ном бичдэг болдог юм байна.

Залуудаа бид чинь цаг наргүй аахилж уухилж амьдардаг шүү дээ. Энэ насанд их юм хүсч, хөөцөлдөж тэмүүлээд байх шаардлага алга. Залуу байхад хаусанд ч нь суумаар, онгоц ч унамаар санагдаад тайван суулгадаггүй байж. (инээв) Тэр алжаалаа өдийд тайлдаг юм болов уу.

-Бичсэн номынхоо өгүүлэх гэсэн санаа, бичих болсон зорилгоосоо хуваалцана уу? 

-Бид гэр бүлээрээ Америкт арваад жил амьдарлаа. Тэнд байхдаа монголчууд төвлөрөн амьдарч байгаа мужуудаар явж нэвтрүүлэг хийсэн. Нэвтрүүлэг бол үзээд л өнгөрчихдөг учраас энэ олон сайхан хүмүүсийн уулзалтыг ном болговол үлдэцтэй, өгөөжтэй юм байна гэж Машка бид хоёр ярьж байсан юм. Гол агуулга нь Америкт ажиллаж, амьдрахаар ирж байгаа монголчууд маань юуг анхаарах, хаана, хэнд хандах, яаж хэл сурч, жолооны үнэмлэх авах, хөл гараа хэрхэн хурдан олох вэ гээд хүмүүст тус дэм болж, тулгамдсан асуудалд нь нэмэр болох талаас нь гаргасан ном л доо. Хүний нутагт өвдөж зовох тохиолдол гарна энэ бүхнийг бодоод номондоо олон нийтийн байгууллагуудыг нь хүртэл оруулсан. “Америкт амьдрахуй” номонд маань 100 зочин орсон юм. Гэтэл нүсэр болсон учраас одоо тэр дундаасаа хүн болгоны хэлсэн зөвлөмжийг нь түүж бичихээр бодож байна. Визинд орохоос эхлээд л бүгдийг багтаасан авсаархан зөвлөмж маягтай ном болно. Энэ номыг маань Төрийн шагналт, АУЗ, Соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч П.Бадарч редакторлож өглөө. Дараа нь “Жүжигчин ба Би” гээд анх урлагт дуртай болсон буюу хөл тавьсан үеэсээ өнөөг хүртэлх амьдралаа өгүүлсэн ном гаргасан. Энэ номыг Төрийн шагналт, Ардын уран зохиолч Б.Догмид редакторлаж өгсөн. 

Гэхдээ ганцхан манай гэр бүлийн биш, нэгэн цаг үед мөр зэрэгцэн хамтарч ажиллаж, уран бүтээлээ туурвиж байсан урлагийн гэр бүлийнхэн маань энэ номонд дурдагдах учраас цуврал хэлбэрээр бичсэн. Цувралын гурав дахид Машкатайгаа хувийн студи байгуулснаасаа өнөөг хүртэлх амьдралын замналаа өгүүлэхийг зорьсон. Энэ ном маань ганцхан миний амьдралыг өгүүлэх юм биш. Ямар ч ном бүтээл гэдэг хүний дурсамжинд л үлддэг тухайн цаг үеийнхээ бодит түүх, ойр тойрны уран бүтээлчдийн тухай дурсамж, баримт, бас сайхан хүмүүсийн түүхийг миний нүдээр харснаар үлдэх юм болов уу л гэж бичсэн дээ. Энэ ном маань удахгүй гарчих байх. Бас “Шилмэл цэцэн үг” гээд нэг номыг бараг санаандгүйгээр гаргасан. КУДС-д багшилж байхдаа оюутнууддаа монгол ардынхаа үнэт өв сан болсон түргэн хэллэг, жороо үг, зүйр цэцэн үгсийг цээжлүүлж сургуулилт хийлгэдэг. Олж цуглуулсан бүхнээ хүүхэд болгонд хувилж тарааж байснаас ном болгоод гаргачихвал оюутнуудаас гадна олон нийтэд ч хэрэгтэй юм байна гэж бодоод эмхтгэсэн. Энэ өв сан бол монголчуудыг цараатай сэтгэдэг, баялаг хэл яриатай болгодог том сургуулилт шүү дээ.

-Таныг “Супер онигоо”-ны ном гаргана гэж ер бодсонгүй? 

-Би ном, шүлэг найрагт дуртай Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, АУЗ Б.Лхагвасүрэн ах маань номоо их бэлэглэдэг, би ч алгасалгүй унших дуртай байсан. Америкт байгаа монголчууд маань үндэсний баяруудаа хамтдаа тэмдэглэнгээ уулзаж инээж, хөхөрч онигоо ярьдаг. Дэлгүүрт явж байгаад нэг жижигхэн ном хараад онигоооны номоо ийм жижигхэнээр гаргавал болох юм байна гэж бодлоо. Тэгээд монголчуудтайгаа уулзахдаа инээд хөөр дээр нь баяр баясал нэмж байя гээд бэлэглэх зорилгоор жижигхэн ном хэвлүүлсэн чинь том номноосоо үнэтэй болдог юм билээ. (инээв) Гэхдээ яах вэ хөөрхөн ном болгоод цүнхэндээ хийж яваад хүмүүст бэлэглэдэг. Би өөрөө хааяа уншиж инээдэг юм. Онигоо хүнийг инээлгэдэг их гоё шүү дээ.

Н.Б: Би нэг онигоо ярьж өгөх үү? 

АТ: Тэгээч манай уншигчдад зориулаад… 

-Автобусны жолооч хөдлөхдөө цүнх саваа сайн барьж яваарай. Газар унасан юм минийх болдог юм шүү гэж. Тэгтэл нэг эмгэн “Хүү минь ээ, зөөлөн явахгүй бол эмээ нь газар унаад чинийх болох гээд байна шүү” гэж гэнэ. (инээлдэв)

-Та онигооны ном гаргаж бас хүмүүст ярьж инээд хөөр бэлэглэдэг нь сайхан санагдлаа. Өөдрөг хөгжилтэй, амар амгалан амьдрах аргуудаасаа хуваалцаач? 

-Хүн гадаад орчноо хэцүү, намайг бухимдуулаад байна гэхээсээ илүү өөрөө эерэг өөдрөг орчныг бий болгож, баяр баясгаланг бүтээж болно шүү дээ. Сайхан хөгжим сонсож, онигоо уншаад инээж хөхрөөд сууж болно, үр хүүхэд хайртай дотны хүмүүсээ бодоод сэтгэлээ хайраар дүүргээд явж болно. Амьдралд баярлах түмэн шалтгаан бий.

-Та номоо хэрхэн бичиж байна, ном бичих ямар санагдав? 

– Манай паaп чинь МУСГЗ Ц.Хасбаатар гээд хэл бичгийн доктор, нэртэй судлаач шүүмжлэгч, орчуулагч хүн байлаа. Мөн МУСГЗ, нэрт орчуулагч Х.Мэргэн дүү маань байлаа. Хэлбичгийн ийм өндөр боловсролтой хүмүүсийн дунд байсан болохоор бүгдийг нь сурч аваагүй ч гэсэн эх хэлээрээ бичих, найруулах дуртай. Юм бичиж байгаа маань энэ том бичгийн хүмүүсийн дэргэд сүрхий мундаг ажил биш л дээ. Өөрийн үзэж, туулснаа цаасан дээр бичээд үлдээх гэсэн сонирхогчийн түвшний л ажил. Бичнэ гэдэг оюуны асар хөдөлмөр. Бас мэргэжлийн мундаг хүнээр хянуулах гээд уншихын эцэсгүй болхи юм аваад очиж болохгүй шүү дээ. Тиймээс би ганцаараа амралтанд очиж бичдэг. Тэгээд өглөө 04 цагт босч бичнэ. Өдөрт нэг цагийг л өөртөө зарцуулах нь хоол идэх цаг. Өөртөө ийм хатуу шаардлага тавиад л орой 22 цаг хүртэл суудаг даа. Эхлээд толгойдоо биччихсэн юмнуудаа цаасан дээр буулгахад хөнгөн байдаг. Машка маань ”Тэмүжин” зохиолынхоо анхны хэвлэлтийг Америкт гаргаж байсан юм. Хань маань бие нь тавгүй байхдаа намайг завтай болохоороо тухтай суугаад эргээд нэг уншаарай гэж хэлж байсан. Түүнийг уншихаар их сайхан, сэтгэлд хүртэл бичсэн байдаг. Энэ номоо жаахан хянаж янзлаад дахин хэвлүүллээ. Кино болгох гэж байгаад хөөрхий минь амжаагүй юм л даа. Хоёр хүү маань энэ зохиолыг кино болгох байх.

-Хүн нутагтаа эргэх сэтгэл ямар үед төрдөг юм бол? 

-Бид хэд чинь нутагтаа байнга ирэн очин байдаг байсан. Тэнд хэчнээн бүх юм амар хялбар байдаг ч гэсэн нутгийн салхинаас эхлээд ирэхэд бас л бүх юм сайхан. Хоёр хүү маань тэндээ төгсөөд нэгийг нь гэрлүүлээд, одоо л нэг амар жимэр сууя гэтэл хань маань эндээ ирээд л өвдчихсөн. Амьдралын зарим зүйлс яг амдаад л байж байсан шиг их хачин шүү…. Ер нь монгол хүн насаа ахиад ирэхээр өөрийн өсч төрсөн тэр л өнцөг булангаа санагалзаж тэндээ очмоор санагддаг юм болов уу. Манайхан бүгдээрээ нутаг амьтай, хөдөөд дуртай, хоёр хүү маань монгол хоолоо идэж, монголоороо байх дуртайд би баярладаг.

Эхэн үед хүмүүс гадаадад амьдарч байгаа хүмүүсээ тэндээ ясаа тавиарай гэх зэргээр хэлдэг байлаа. Одоо бүгд л гадаадад явдаг болсон болохоор тэгж хэлэхээ байжээ. Манай Монголд маргааш яах вэ гэдэг нь баталгаагүй учраас баталгаатай газар очиж хэл сурах, мөнгө төгрөг хураах, юм сурах, энд байгаа ар гэрийнхэндээ тус нэмэр болох зорилгоор л явцгаадаг. Тэр олж цуглуулсан бүхэн нь эргээд л энэ нутагтаа ирнэ шүү дээ. Манай нийгмийн тогтолцоо л буруу байгаа болохоос манай монголчууд буруу хүмүүс биш. Тэнд очоод ажиллаж амьдарч байгаа монголчууд маш хөдөлмөрч, хий гээгүй юмыг ч сэтгэлээсээ хийчихдэг, цаг сайн барьдаг. Америк айлд ажилладаг эмэгтэйгээс сурвалжилга аваад явж байхад айлын эзэн нь монгол эмэгтэйг их магтаж байсан. Хүн асрах үүрэгтэй ч тэр хүнийхээ үсийг засаад, хумсыг нь будаад, гэрийг нь цэвэрлээд өгчихдөг гэж. Тийм халуун сэтгэлтэй, хөдөлмөрч, тусч сайхан сэтгэлтэй монголчууд маань тэнд ажиллаж амьдарч байна.

-Та таван номын зохиогч болжээ. Кино зохиол бичих бодол байдаг уу? 

-Манайхан мэргэжлийг нь эзэмшээгүй талбар луугаа хамаагүй ордог тал байна. Энэ байдлаас болж уран бүтээлийн чанар муудаад байгаа юм шиг санагддаг. Жишээ нь найруулагч хүн л киног найруулах ухааныг онол болоод практик талаас нь сурсан байгаа шүү дээ. Бусдаар энэ салбарыг мэднэ гэдгээрээ жүжигчин нь кино найруулаад, кино зохиол бичээд байх нь зохистой биш. Би бол жүжигчин хүн. Ханьтайгаа хөтлөлцөөд гүйж байснаасаа эхлээд хувийн студиэ байгуулаад хамтраад зүтгэж байсан тухай хоёр дахь номоо бичих байх. Тэр үед ажиллаж байсан жүжигчдээсээ яриа аваад цуглуулсан. Буулгаж найруулна гээд их ажил байгаа.

-Хоёр хүү тань найруулагч боллоо. Ээждээ дүрийн санал тавьж байна уу, хамтын уран бүтээл хийж байна уу? 

-Бишрэл АНУ-ын Иллиной мужийн их сургууль, Ивээл мөн Чикаго хотын Колумбын киноны дээд сургуулийг төгслөө. Хоёр хүүгээрээ их бахархаж байна. Ивээл энд ирээд “Цэн тогоруу” гээд кино хийсэн. Би битгий ажилла гэсэн ч хүүгийнхээ ар тал болж ажиллана шүү дээ. Бишрэл маань Америкт нэг кино хийсэн гэсэн. Хоёр хүү маань надад зориулж ээжийн тухай кино хийе гэдэг юм. Би тэгж бодож байгаа чинь л ээжид нь хангалттай, ээж нь заавал тоглоё гэхгүй ээ л гэдэг.

-Яагаад өөрөө тоглохгүй байсан ч яах вэ гэж? 

-Аав нь насаараа дуу, шүлэг, кино хамаг л сайхан үгээ надад зориулж амьдарлаа шүү дээ. Одоо миний сэтгэл бүр ханачихсан.

-Та мөрөөдлийнхөө дүрийг бүтээчихсэн үү? 

-Сэтгэл ханах цэгтэй хүн юм билээ. Гэхдээ би өөрөөсөө хэт өөр, хол юм руу зүтгэдэггүй. Би чинь орчуулагчийн анги төгссөн хүн шүү дээ. Гэхдээ нэгдүгээр курсээсээ “Эх бүрдийн домог” киноны Нарангарвууд тоглоод оюутан байхдаа жил дараалан тоглож энэ урлагт хөл тавьсан. Ингээд насаараа кинонд тоглолоо. Өөрийгөө азтай хүн юм гэж бодохоор л сэтгэл ханачихдаг. Орчуулгын кино группт ороод ам барьж, дуу оруулж сурсан.

-Одоо танд дүрийн саналууд ирж байна уу, ямар цензур тавьж байна? 

-Хамгийн түрүүнд зохиолтой юу гэдгийг л харна. Манай зарим залуучууд зургийнхаа талбай дээр зохиолоо гаргана гээд байдаг. Тийм амьдралгүй, хийсвэр юм байж болохгүй шүү дээ. Зохиолоос үндэслээд найруулагчийн төлөвлөгөө цагтай, нартайгаа гардаг ёстой. Өглөө, орой шөнө хэзээ авах вэ гэдэг нь наашаа цаашаа гурав хоногтой л байна уу гэхээс намар ч, хавар ч авч магадгүй гэдэг юм байж болохгүй. Ер нь бусад ахмад жүжигчид ч гэсэн ийм юм шаардана. Урлагаа хүндэтгэх үүднээс хүн үзчихээд юу дутлаа гэж ийм кинонд тоглоно вэ гэмээр юм хийж болохгүй.

-Та олон хатны дүр бүтээсэн үү, тоглох юмсан гэсэн хатны дүр байгаа юу? 

-Түүхэн дүр бүтээх нь дагаад үнэлэмж нь өндөрсдөг тийм жишиг байдаг л даа. Ер нь том дүрдээ орно. Миний хувьд УГЗ Ж.Солонго найруулагчийн “Хааны сүүлчийн хатан” киноны Гэнэнпил хатан, МУАЖ Г.Жигжидсүрэн найруулагчийн “Цагаан сүүний домог” кинонд Монголжин хатанд мөн “Мэлмий” киноны хатанд тоглосон. Залуу байхдаа маш олон дүрд тоглосон болохоор одоо мартчихсан. (инээв) Одоо би номоо бичээд суухыг л илүүд үзээд сууж байна. Сэтгэл тэгширсэн насанд хүссэнээ хийгээд л амар тайван сэтгэлээ долгисуулаад л суух сайхан байна шүү. Жүжигчний мэргэжил тэтгэвэрт гардаггүй ч гэсэн үзэгчээ, урлагаа хүндэтгээд тартагтай дээрээ дэлгэцнээсээ явах зоригтой л байх хэрэгтэй.

-Та эмээ болсон уу? 

-Болоогүй байна. Тэгж байгаад болох байлгүй дээ.

-Та бас багш хүн. Шавь нартаа юуг сургадаг вэ? 

-Оюутнууддаа кинонд онолоор тоглодоггүй. Онолоо авах хэмжээгээрээ авах ч хамгийн чухал нь практик. Хүн ер нь ямар ч ажил хийсэн хүнлэг байх хэрэгтэй гэж л хэлдэг дээ.

-Харин хүүхдүүдэдээ юуг захиж сургадаг вэ? 

-Хоёр хүү маань орчин үеийн дэлхийн киноны эрдмээр суралцаж төгслөө. Хоёр хүүдээ “Хэн нэгэн болж амьдраарай, хэн ч биш битгий яваарай. Аав, ээж хоёрынх нь хүрсэн цэг энэ л байлаа. Үүнээс цааш та хоёр өөрсдийнхөө бамбарыг бариад хүрнэ гэж бодсон тэр цэгтээ хүрээрэй л гэж хэлдэг.

-Таны мөрөөдөл юу вэ? 

-Эрүүл л байх. Би учиргүй урт наслахыг ч хүсдэггүй. Үхэхийн цагт надад зүрхний өвчин л оногдоосой гэж хэлж ээждээ загнуулдаг. (инээв)

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!