LOADING

Type to search

Онцлох

T.Цэнпилмаа: Дэлгэцийн бүтээл дуу хоолойгоороо амилуулах бүрт нэг их сайхан мэдрэмж төрсөөр нэгэн насныхаа амьдралыг энэ урлагт зориулж явна даа

Share

МУГЖ монголын кино урлагийн алтан үеийнхний удаах төлөөлөл болсон дуу оруулагч, жүжигчин Т.Цэмпилмаатай ярилцлаа. Тэрбээр урлаг хэмээх их айлтай нэгэн насныхаа амьдралын турш гүн бат холбоотой байж, олон арван дэлгэцийн бүтээлийг та бидний  чихэнд хоногштол амилуулсан эрхэм хүмүүнтэй  амьдрал, уран бүтээлийнх нь талаар нилээд дэлгэрэнгүй хөөрөлдсөн юм.

-Та анх Монгол кино үйлдвэрээс ажлынхаа гарааг эхлэж байсан. Тэр үеийнхээ дурсамжаас хуваалцвал?

-Тийм ээ. Би багаасаа хүүхдийн дэврүүн хүслээр жүжигчин болохыг мөрөөддөг байлаа. Энэ мөрөөдлөө биелүүлэхийн тулд арван жилээ төгсөөд тэнцсэн сургуульдаа орж суралцахыг хүсээгүй. 1967 онд монгол кино үйлдвэр дээр очоод өөрийн хүсэлтээ уламжлан, зүрх гарган хэлснээр миний ажил амьдралын гараа эхэлсэн. Ингээд 4 жил хальс боловсруулах цехэд ажиллаж байгаад, УБДС-ийн кино драмын ангид элсэн орж, “Тайз дэлгэцийн жүжигчин” мэргэжлээр дүүргэж үйлдвэртээ дуу оруулагчаар  үргэлжлүүлэн ажиллаж эхэлсэн дээ. 

-Монгол кино урлагийн алтан үеийнхэнтэй мөр зэрэгцэн ажиллаж байсан хүний хувьд яг тэр үеийн кинонд дуу оруулагчдын нөр их хөдөлмөрөөс цухас дурдвал?

– Ер нь одоо үеийнхээс эрс өөрөөр ажилладаг байсан. Тэр үед Дубляж буюу ам барих гэж одоо нэрлээд байгаа хэлбэрээр бүх киногоо амилуулдаг байлаа. Өөрөөр хэлбэл зөвхөн хөдөлгөөн бүхий кино хальсан дээрээ гадны жүжигчдийн аманд тааруулан, монгол хэлээрээ уг киног амилуулж байсан гэсэн үг. Энэ нь биднээс илүү их ур чадвар анхаарал, мэдрэмж шаарддаг байсан хэрэг. Одоо кинонд дуу оруулахдаа хагас тоглолттой явдаг болсон нь жүжигчдэд илүү хялбар болсон талтай. Гэхдээ энэ бол шүүмжлэл биш. Ийм байдлаар хөгжүүлэх техник,технологи орчин нөхцөл нь сайн бүрдэж байгаад л асуудлын гол нь оршиж байгаа юм.  Аливаа юм бүхэн цаг үеэрээ хөгждөг гэдэг утгаараа монголын кино урлагийн түүхийг бичилцсэн бидний үеийнхний үнэ цэнэ, уран бүтээлийн амьдлаг чанар хүндтэй хэвээр байгаа гэж боддог доо. 

-Сайн уран бүтээл, гайхам амжилтын ард түшиг тулгуур болсон багш хүн заавал байдаг. Эрхэм багш нарынхаа талаар?

– Намайг кинонд дуу оруулах тал дээр мэргэшүүлсэн хүн бол алдарт Б.Дамчаа багш минь байгаа юм. Намайг очиход ажиллаж байсан У.Осор, Д.Чимэд-Осор , Р.Дамдинбазар, Н.Дагийранз, М.Бадамгарав, Ц.Цэнд- Аюуш, Д. Элбэгсайхан нар бол цөмөөрөө миний багш юм. Би яг цэвэр ам барилтаар 400-аад кинонд дуу оруулсан байдгаас 150-аад гол дүрийг дуу хоолойгоороо амилуулсан. Сүүлийн үеийн хагас тоглолттой кинонууд хэдэн мянгад хүрсэн байхаа.  Миний уран чадварын багш В.М.Бейлис, Д.Маамхүү, тайзны ярианы багш Р.Уртнасан, Л.Тунгалаг нар бол эрхэм хүмүүс билээ. Ер нь эргээд бодоход нэгэн үеийнхэн хүртэл бие биендээ багш болдог юм байна. Жишээ нь: Г.Равдан, Ш.Цэцэг, Т.Карма,  Ж.Дарамсүрэн гээд олон сайхан авьяас билэг нь буцалсан алдартнууд төрөн гарсан даа.

-Н.Нэргүйбаатар найруулагч таны гарын шавь. Тэгэхээр Б.Дамчаа гуай та гурав багшийн эрдэм шавьд гэсэн замаар явсан гинжин  хэлхээ мэт санагдаад явчихлаа.

– Тийм шүү. Б.Дамчаа багш маань амьдралын их олон өнгө төрхийг өөрийнхөө амьдарлаар бичиглэсэн хүн. Анх машинист хийж байгаад Төмөр замын соёлын ордонд бүжигчин, дуучин байсан. “Үер” уран сайхны кинонд алдарт Д.Жигжид гуай урьж тоглуулснаар тэр үеийн нэрт кино найруулагчдын анхааралд өртөж хожмоо тэднээс дутахааргүй сайн найруулагч болсон түүхтэй. Орчуулгын олон киног найруулсны дээр, бүтээсэн бүх дүрдээ чадамгай хувирч чаддаг хүн байсныг үзэгчид андахгүй. Манай Н.Нэргүйбаатарын хувьд бол өөрөө их уран бүтээлийн эрэл хайгуул сайтай, хөдөлмөрч хүн дээ.

-Таны дуу оруулсан дэлгэцийн бүтээлүүдээс  хамгийн их сэтгэлд тань хүрсэн кинонуудынхаа талаар?

– Цэвэр ам барилтаар уншсан кино бүр маш их хөдөлмөр, хичээл зүтгэл дээр суурилан амилдаг болохоор тэр нь сайн, энэ нь муу гэх бас хэцүү. Гэхдээ өөрийн дотоод сэтгэлдээ “За энэ ч нэг овоо болчихлоо доо” гэж боддог бүтээлүүд бол бий л дээ. Тухайлбал: Дөрвөн ангит “Анна Павлова”, “Хайрт Елена Сергейевна”, “Уучил” гэх мэт. Сүүлийн үеийнхээс “Хатан хаан Сиси”, “Ромео Жульета”. Ер нь сонгодог кинонд дуу оруулах сайхан шүү дээ. Дэлгэцийн бүтээлийг дуу хоолойгоороо амилуулах бүрт нэг их сайхан мэдрэмж төрсөөр нэгэн насныхаа амьдралыг энэ урлагт зориулж явна даа.

-1990 он гарсаар танай үеийнхэн чөлөөт уран бүтээлчид гэсэн нэрээр овоглогдох болсон. Зах зээл гарснаар монголчууд янз бүрийн л зүйл хийж, туршиж байсан шүү дээ. Таны хувьд?

– Монгол кино үйлдвэр маань зах зээлд шилжсэнээр эдийн засгийн хувьд хэвийн ажиллах боломжгүй болсон л доо. Н.Нэргүйбаатар маань санал гаргаж, бид хэд хөдөө орон нутгаар тоглолт хүртэл хийж байлаа. Мөн Соёмбо кино театрын захирал Нямдорж гуай  Д.Элбэгсайхан, Н.Нэргүйбаатар бид гурваар орчуулгын групп бүрдүүлэн ажилтай болгож байсанд нь бид одоо хүртэл байрлаж явдаг. 1995 онд “МҮОНТ”-ийн дууны найруулагч  Ц.Гүндэгмаа анх жүжигчдээр дуу оруулах саналыг бидэнд тавьснаар одоог хүртэл мэргэжлийн жүжигчид дуу оруулж байна

-Сүүлийн үед та хоёр ч олон ангит уран сайхны  кинонд тоглолоо. Дуу оруулагч хүний нүдээр өөрийгөө дэлгэцээр харах ямар санагдаж байна?

-Миний оролцон тоглосон дэлгэцийн бүтээл 10-аад бий: “Бушхүүгийн үлгэр”, “Эцгийн голомт” гэх мэт. Сүүлийн үед тоглосон олон ангит уран сайхны киноны хувьд бол сайн зохиол дээр чадварлаг жүжигчидтэй хамтран, гар нийлж тоглох сайхан байлаа. Үзэгчид чухам юу гэж үнэлэх нь бидний гол шалгуур шүү дээ.

-Уран бүтээлч хүний хамгийн сайхан мөн чанарын тухай яриагаар хоёулаа ярилцлагаа өндөрлүүлэх үү?

– Уран бүтээлч хүний хамгийн сайхан мөн чанар,ёс суртахуун бол хүнийг чин сэтгэлээсээ энэрэн хайрлаж, хүндлэн дээдлэж, аливаа бүхэнд үнэн сэтгэлээсээ ханддаг тэр л ариун чанарт оршдог болов уу? Урлагийн бидний хувьд хэдий нас өтлөөд байв чиг урлагтаа улам бүр гүн шимтэн, тэр л халуун тогооноос гарч чадахгүй болтлоо ээнэгшин дасдаг. Ер нь хүн утга учрыг нь бүрэн ойлгосон зүйлдээ, ойлгож мэдрэх гэж тэмүүлдэг тэр л зүйлдээ нэгэн насаараа үнэнч явах шиг сайхан зүйл  үгүй. Ингээд монгол түмэндээ үндэснийхээ их баяр наадмаа өргөн олноороо хуран чуулж, бэлгэ төгөлдөр сайхан тэмдэглэхийг хүсэн ерөөе.

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!