LOADING

Type to search

ТҮҮХ

Жүжигчин Б.Цэрэнпагмын охин А.Сарангэрэл: Ээж чинь тус болж байсан гээд олон хүн надад ханддаг

Share

“Хүн чулууны нулимс” киноны галзуу Цэвэл, “Бага тайз”-ын саальчин Хонгорзул, “Мандухай цэцэн хатан” киноны Шихэр хатан гэх мэт дүрээр олноо танигдсан Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Цэрэнпагма өнөө ч үзэгчдийн сэтгэл зүрхэнд шингэж үлджээ. Б.Цэрэнпагмын охин А.Сарангэрэлтэй ярилцлаа. Тэрбээр өдгөө “Хувийн компанид ажиллаж байгаа” гэнэ. Бизнесийн удирдлага, эдийн засагч мэргэжилтэй юм байна. Б.Цэрэнпагма гурван хүүхэдтэй ажээ.

-Таны бага нас театр, кинотой ойрхон өнгөрсөн байх?

-Драмын театрт ээжтэйгээ цуг очдог байлаа. Ээжийн өрөөнд тухайн үеийн сайхан жүжигчид суудаг байсан. Тэдний хувцсыг зөөж өгдөг байлаа.

-Урлагийн хүмүүс хүүхдүүддээ цаг бага гаргадаг гэдэг. Танай ээжийн хувьд ямар байв?

-Манай ээж мэдээж цаг наргүй ажилладаг байсан л даа. Гэхдээ хүүхдүүддээ маш их цаг зав гаргадаг хүн байсан шүү. Тухайн үед даваа гаригт хагас амраад, мягмар гаригт бүтэн амардаг байсан санагдана. Өглөө драм дээр очиж бэлтгэл хийгээд, гэртээ ирж байж байгаад орой тоглолтдоо явдаг. Манай ээжийн ээж байсан. Эмээ маань биднийг хардаг. Бид нэлээд хожуу цэцэрлэгт явсан даа.

-Ээжийгээ жүжиг, кинонд тоглож байх үед харж байсан уу?

-Драмын театрт сургуулилт хийж байхад зрительд суугаад харж л байсан. “Газрын үнэр”-ийн зураг авалтын үеэр бид цуг явж байсан. Аав, ээжийн дүү, бид нар амралт маягаар очиж байлаа. “Газрын үнэр” кинонд ээж мотоцикль унаад давхидаг хэсэг бий. Ээж тэгэхэд мотоцикль унаж сурсан.

-“Хүн чулууны нулимс” гарахад дунд сургуульд байлаа. Кино театрт анх үзэхэд онцгой сэтгэгдэл төрж билээ. Хорхой иддэг хэсэг дээр нь их л айж байсан?

-Тэр чинь Өвөрхангайн Элсэн тасархайд авсан зураг. Аягүй их хар хорхойтой сонин газар байсан юм. Бид ээжийг эргэх гэж очоод хар хорхойноос нь айж давхисан. Ээж өөрөө хар хорхой идсэн гэж ярьдаг. Уг нь баримлын шавар энэ тэрээр хар хорхойг нь бэлтгээд тавьчихсан байсан гэсэн. Өглөө оймсоо өмсөхөд юм овойгоод байдаг. Хорхойтой оймс өмсчихөөд орилоод бөөн юм болоход ээж хорхойг нь суга татаад авч байсан юм.

-Галзуу хүн шиг дүр төрхтэй явж байгааг нь харахад хэцүү байсан уу?

-“Хүн чулууны нулимс”-ыг сүүлд л үздэг болсон. Урьд нь айгаад, эвгүйцээд үзэж чаддаггүй байлаа. Ээж тэр дүрд тоглох гэж их судалгаа хийсэн гэдэг. Галзуугийн эмнэлгээр баахан явсан гэдэг шүү. “Судалгаа сайн хийдэг” гэж нөхөд нь хэлдэг юм. Батсүмбэрийн асрамжийн газарт байдаг хүний дүрд тоглох гээд асрамжийн газраар бас баахан явж билээ.

-Ээж тань спортын зэрэгтэй байсан гэсэн үү?

-Манай ээж спортлог хүн байсан. Сурагч байхдаа спортын бүх төрлөөр хичээллэж байсан гэдэг. Гар бөмбөг мундаг тоглодог. Тэшүүрээр сайн гулгадаг байжээ. Ууланд явж цанаар гулгадаг. Цанын спортын мастер байсан. Өвөө маань ээжийг урлагийн хүн болгох дургүй. Химийн багш болгоно гэдэг байсан юм билээ. Аравдугаар ангийн хүүхдүүдээс урлагийн ангид шалгаруулж авч байхад Л.Ванган гуай “Энэ охин урлагийн мэдрэмжтэй юм байна” гэж хэлээд ээжийг авсан гэдэг. Ээж маань дуулна, бүжиглэнэ, юм юманд авьяастай байлаа.

-Аав тань ямар хүн байв?

-Манай аав сайхан дуулж, бүжиглэдэг, хөгжим сайхан тоглодог хүн байсан. Ах ээжтэй цуг хөдөө явж, тоглолтын дараа хөгжим дараад, бүжиг явуулдаг байсан. Урлагийн хүмүүс хүүхдэдээ цаг зав гаргадаггүй л гэж ярьдаг. Би бол ээжийгээ маш их цаг гаргадаг байсан гэж боддог. Орой ирээд хичээл давтуулна. Муухай бичсэн бол эхнээс нь хуулах хэрэгтэй болно. Шөнөжингөө хуулуулаад суулгачихдаг. “Дэвтэр дээр балласан цохолсон юм байх ёсгүй” гэж ээж шаардана. Өглөө гарахдаа ээж гал тогоондоо мөнгө үлдээгээд ийм юм авах ёстой гээд жагсаагаад биччихдэг. Хүүхдүүдээ багаас нь мөнгөтэй харьцаж сургасан.

-Зааснаас нь өөр юм авчих удаа байсан уу?

-Ёстой тийм юм байхгүй. Юмаар дутаж өсөөгүй болохоор өөр юм авъя гэж боддоггүй байлаа. Алим чихэр жимс ховор үе. Ээж дэлгүүрийн дарга таньдаг, танил тал ихтэй байсан шиг байгаа юм. Хайрцгаар нь авчраад тавьчихдаг. Ээж өглөө гэрт юу хэрэгтэй байгааг бичдэг. 10 кг гурил, таван кг төмс гэх мэтээр авах юмнуудаа бичээд мөнгө тавьчихдаг. Ах бид хоёр түүгээр нь хэлснийг нь авдаг. Ээж, аав хоёр олсон бүх юм аа л хүүхдүүдийнхээ ходоодонд хийчихдэг байсан юм болов уу. Амттай шимтэй юм, хувцас хунар бүгдийг эдлүүлж өсгөсөн.

-Ээж тань ямар нэг юмыг онцолж захидаг байсан уу?

-“Хүнд тусалж яваарай” гэж хэлдэг байсан нь санаанд үлджээ. Өөрөө их тусархуу хүн байлаа. “Булгийн ус ундарч, хүний буян барагддаг гэнэ лээ” гэж ээж нэг удаа хэлж байсан. Тэр үг нь яагаад ч юм санаанаас гардаггүй юм. Ээж уучлаарай гэдэг үгэнд дургүй. “Битгий чи уучлаарай гэж бай. Уучлаарай гэж хэлэхгүйн төлөө амьдрах ёстой. Буруу юм хийчихээд худлаа уучлаарай гэсэн үг хэлэх хэрэггүй” гэж билээ.

-Хүүхдүүдээ урлагийн хүн болгох гэж хичээдэг байв уу?

-Урлагийн хүн битгий болоорой л гэсэн дээ. Жүжигчин болно гээд би нэг хэсэг өвчиллөө. Хүүхэлдэйн театрт шалгалт өгч дагалдан жүжигчнээр орж байсан хүн шүү дээ. Ээжид баригдаад багшийн сургуульд орж байлаа.

-Тэр сонголтдоо харамсдаг уу?

-Манай ээж зөв сонголт хийсэн. “Чамд жүжигчний авьяас байхгүй шүү, Сараа” гэдэг байсан. Одоо бодоод байхад зөв л юм билээ.

Манай дүүгийн зургаан настай хүү бий. Тэрийг урлагийн хүн болчих байх гэж хардаг. Тэр ер нь болчихоор шинжтэй хүүхэд шүү.

-Б.Цэрэнпагма гэдэг жүжигчний бүтээсэн дүрүүдийг хүмүүс харах дуртай. Үр хүүхдүүдийнх нь хувьд дурсгалыг нь мөнхлөх ямар нэг юм хийсэн болов уу?

-Бид “Монгол” телевизтэй хамтраад “Тэр” гээд ээжийн тухай хөрөг нэвтрүүлэг хийсэн. Ээжийнхээ 65 насны ойд зориулаад бид нэг дуу хийлгэсэн юм. Тэр нэвтрүүлгээр анх цацсан. Б.Лхагвасүрэн гуай үгийг нь бичиж, А.Энхтайван гуай ая хийж, А. Долгор гуай дуулсан. “Ижий сүүтэй хайр” гэж сайхан дуу болсон.

-Бид бол бүтээсэн дүрүүдээр нь л мэднэ. Амьдрал дээр харин ямархуу ааш зантай хүн байв?

-Маш дөлгөөхөн. Үр хүүхдэдээ хамаг байдгаа зориулчихдаг тийм л хүн байсан. Ээж цаг наргүй ажилтай учраас амрах өдрөө хүүхдүүдийнхээ хоолыг долоо хоногоор бэлтгэж тавьдаг. Бууз, хуушуур есөн шидийн юмаа хийгээд чимхээд хөлдөөчихдөг. Мантуу хийсэн ч жигнээд хөлдөөчихдөг. Арвын хувингаар дүүрэн төмс шараад хөлдөөчихдөг. Хоолны мах хүртэл хэрчээд, уутанд боогоод тавьчихна. Хоол унд сайхан хийдэг. Их нямбай. Бид өнгө алдсан хувцас өмсч байгаагүй. “За, баян айлын бандгар Сараагаар юу байна” гэж найзууд маань шоолдог байлаа. Манай сургуулийн хүүхдүүд одоо ч ярьдаг юм. “Танайд очиж ээжийг чинь харах гээд чамаас их гуйдаг байж билээ” гэж. Манайд очихоор ээж бууз шарж өгдөг. Одоо бодоход цаг зав багатай л байж дээ. Түргэн болдог хоол их бэлтгэдэг. Их л ажилтай, анхиатай хүн байлаа. Юм ховор үед цамц, хувцас их нэхнэ. Манай ангийнхан “Ямар гоё юм бэ” гэдэг. Ээжийнхээ оёсон хувцсаар их гайхуулдаг байлаа.

-Энэ хүний хувьд дуусаагүй ажил, биелээгүй мөрөөдөл байсан уу?

-Ээж тэгэх юмсан, ингэчих юмсан гэж ярьдаггүй байсан. Сүүлийн үед харвасныхаа дараа “Биеэ гайгүй болохоор нэг тайлан тоглолт хийнэ” л гэдэг байсан. Бие нь тааруу байсан болохоор тайлан тоглолтоо хийж амжаагүй. Ээж бид хоёр Австрид явж байхдаа театрт нь орж үзсэн юм. “Ямар гоё юм бэ. Ийм тайзан дээр тогловол мөн сайхан аа” гэсэн. Сүүлдээ хошин шогийн тоглолт үздэг болсон. Манай хүүд “Эмээдээ нэг сайхан шинэ хошин шог аваад ирээрэй” гэдэг. Шинэ тоглолт үзчихээд инээж суудаг. Манай залуучууд өсч байна, мундаг болжээ гэж суудаг сан.

-Ээжийн тань найзууд гэж олон хүн байдаг уу?

-Хүнд тусархуу болохоор ч тэр үү, найз нөхөд ихтэй. Өөд болсных нь дараа ч “Ээж чинь тус болж байсан” гэж олон хүн надад хандсан. “Аягүй их даараад явж байхад гутлаа тайлж өгөөд, өөрөө пүүз өмсөөд явж байсан” гээд нэг эгч ирж байсан. Нэг жирэмсэн эмэгтэй унаа хүлээгээд хүйтэнд зогсч байсан юм билээ. Нимгэн хувцас хунартай явжээ. Ээж 69-тэй явж байгаад дэргэд нь ирж зогсчээ. “Хаа хүрэх гэж байгаа юм бэ” гэж асуусан ч зам нийлэхгүй болохоор нь “Өө чи яасан нимгэн хувцастай явж байгаа юм бэ, эгчийнхээ гутлыг ав” гээд гутлаа тайлж өгөөд, өөрөө пүүз өмсөөд гадуур нь дэгтий углаад явчихсан гэдэг. Тэр хүн ээжтэй уулзах юмсан гэж их бодсон гэдэг. “Уулзаж амжсангүй, баярлаж талархсанаа тухайн үедээ олигтой ч хэлж чадаагүй” гээд надад өвлийн идэш авчирч өгч байсан. Тийм тохиолдол олон. Би ээжийгээ олонтой хүн байжээ гэж боддог. Одоо ч холбоотой байдаг хүмүүс бий. Ээж маань хүний сайн талыг олж хардаг. Бусдын амжилтаар их бахархдаг. “Тэр ёстой алаад хаячихсан, ёстой мундаг” гэж ярьдаг байж билээ.

БАТСҮХИЙН ЯНЖМАА

ЭХ СУРВАЛЖ ӨДРИЙН СОНИН

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!