LOADING

Type to search

Мэдээ

Тоосгоны үйлдвэрт 13 настай охин зуны халуунд халуун гал дотор ажилладаг

Share

Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21 дэх илтгэлээс хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн байдал, тулгамдаж буй асуудлын талаарх судалгааг танилцуулж байна. 

Гэрээгүй, цалин хөлс, ажлын нөхцөл тодорхойгүй ажиллаж байгаа хүүхдийн ажиллах нөхцөл муудаж, улмаар боолчлолын илүү хүнд хэлбэрт шилжих магадлалтай. Тухайлбал, хүүхэд ажиллаж байгаа газраа орхиж явах эрхгүй, боломжгүй нөхцөлд хүрсэн тохиолдол цөөнгүй. 

Өрхийн үйлдвэрлэлд 15-17 насны хүүхдүүд хамгийн олон цагаар, хамгийн их оролцож байгаа бол 12-14 насны бүлгийнхэн дундаж хэмжээнд, дундаж цагаар,  харин  5-11  насныхан хамгийн бага хувиар, цөөн цаг оролцож байна. Үүнээс үзэхэд 5-11 насны харьцангуй олон хүүхдүүд 9 болон түүнээс дээш цаг ажиллаж байгааг хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хөдөлмөр гэж үзэж болохоор байна.

Хүүхдийн  ажил, хөдөлмөрт  хөдөлмөрийн мөлжлөгийн бүх шинжүүд илэрсэн. Ялангуяа унаач хүүхдийн ажил, түүнийг хийж гүйцэтгэдэг нөхцөл нь дангаараа хөдөлмөрийн мөлжлөгийн бараг бүх шинжийг агуулж байсан нь анхаарал татаж байна.

Бүтэн хонины мах авах гэсэн хүрээгүй. Тэгээд төлөгний мах авч өгсөн

КЕЙС-1 

…Аав, ээж нь гэрээ хийгээд өөрсдийнхөө дансаар мөнгийг нь аваад, хүүхэд нь өөр аймагт ажилладаг байсан тохиолдол байгаа. Тэр хүүхэд маань энд ирээд хар үгээр хэлэхэд зарцын байдалтай бүх л ажлыг нь хийж байгааг амьдрал дээр нь очоод харж байсан. Зарим хүүхэд гэрээ байхгүйгээ шууд хэлдэг. Зарим нь гэрээ байгаа гэдэг боловч харуулж байсан удаа байхгүй…(Аймгийн цагдаагийн албан хаагчтай хийсэн ганцаарчилсан ярилцлагын хэсгээс)

КЕЙС-2

3.17…Найз маань онц сурдаг, ирээдүйд хуульч болно гэж ярьдаг байсан. Гэхдээ аав нь нас бараад, тэгээд ээж нь өвчтэй болсон болохоор эцэг, эхийнхээ тавьсан өрийг  дарах  гээд  арга  үгүйн  эрхэд 11  дүгээр  ангиасаа  сургуулиа хаяад  ажил хийж байна. Сардаа олсон мөнгөө өр төлөхөд зарцуулдаг болохоор гэртээ болон өөртөө юм авч чаддаггүй. Хүүхдэд өгдөг хөдөлмөрийн хөлс бага болохоор хоёр ажил хийсэн ч гэсэн сардаа  500,000-800,000 төгрөг олдог ч хүрэлцдэггүй. Манай найз өглөө нь цагийн ажил хийдэг, худалдагч, бараа өрөх гэх мэт, үдээс хойш нь бааранд ажилладаг. Миний хувьд ажил хийдэг найзууд олон бий. Бид нар ажил хийж, олсон мөнгөөрөө энэ найзынхаа гэрт нь хоол унд авч өгдөг. Саяхан мөнгөө нийлүүлээд гэрт нь хонины мах авч өгсөн. Бүтэн том хонины мах авах гэсэн хүрээгүй л дээ. Тэгээд төлөгний мах авч өгсөн… (Ажил, хөдөлмөр эрхэлдэг хүүхэдтэй хийсэн ганцаарчилсан ярилцлагын хэсгээс)

КЕЙС-3

…Биднийг ажлын байран дээр суухыг хориглодог, өдөржингөө зогсоод, холхиод байхаар хөл их өвддөг…(Гоо сайхны бүтээгдэхүүн худалдах ажил хийж байсан хүүхэдтэй хийсэн ярилцлагын тэмдэглэлээс)

КЕЙС-4

…Ганданд хүүхдийг ороолгосон, цохисон асуудал гардаг. Түүнийгээ “бэрээдэнэ” гэдэг  ёстой  холбож  тайлбарласан. Угаасаа  уламжлалт  байдлаараа хандаж  байгаа мэт өөрсдийгөө зөвтгөж байсан бөгөөд хүүхдээ тэжээж чадахгүй байгаа айлын хүүхдүүдийг номд хүргэж байна гэж хамба нь тайлбар хэлж байсан. (Аймгийн цагдаагийн байгууллагын алба хаагчтай хийсэн ярилцлагын тэмдэглэлээс)

КЕЙС-5

…Овоолсон хог дээр өглөө 10:00 юм уу 11:00 цагт гараад орой гэгээ тасрахаар ажлаасаа буудаг. Хог дээр ажиллахад эхлээд муухай үнэртдэг байсан боловч одоо үнэрт нь дассан. Хогийн машин дээр гарч байгаад хөргөгч буулгаж байсан нь хамгийн хүнд зүйл байсан…(Хогийг цэг дээр ажилладаг 14 настай хүүтэй хийсэн ярилцлагын тэмдэглэлээс)

Зуны халуунд халуун гал дотор ажилладаг

КЕЙС-6

…Хүнд  ажил  хөдөлмөр  хийлгэдэг,  унах, бэртэх,  түлэгдэх магадлал  өндөр  газар бол тоосгоны  үйлдвэр,  барилга  байдаг. Манай  аймагтай  ойр  байрладаг  нэг  тоосгоны үйлдвэрт хувийн ажлаар очиход 13 настай охид ажиллаж байсан. Шөнө хоноод үүрээр 3:00, 4:00 цаг хүртэл ажилладаг гэж тэр хүүхдүүд ярьсан. Манай сургуулийн хүүхдүүд байгаагүй. Танихын  аргагүй  болчихдог юм билээ. Цалин  нь сая төгрөг шахуу авдаг  гэсэн. Тэндээ  хонож байрладаг, зуны халуунд халуун гал дотор ажилладаг. Өвөл бас ажилладаг байх гэж ярьсан. (Аймгийн сургуулийн нийгмийн ажилтантай хийсэн ярилцлагын тэмдэглэлээс)

КЕЙС-7

…Хүүхдийг  ажиллуулж  байгаа  хүмүүс  нь  хүүхдүүдтэй  п…  гэх  мэтээр хэлэх хэлэхгүйгээр  харааж  загнадаг. Хариуцсан багшид нь хэлэхээр  хүүхдүүд  ажил  хийж харилцаа сурах ёстой гэдэг. Тэднээс хүүхэд харилцаа сурах юм уу? Ер нь одоо  үүнийг байгууллагын түвшинд,  холбогдох  байгууллагуудад хандъя гэж бодож байгаа. Дээр нь багш нар үе тэнгийн хүүхдүүдийг хүчирхийлдэг. Магадгүй эмэгтэй хүүхдийг оролддог асуудал хүртэл байгаа байх…(Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд сурдаг хүүхдийн эцэг, эхийн төлөөлөлтэй хийсэн ярилцлагын тэмдэглэлээс)

Мэдээллийн эргэлт байхгүйгээс хөдөлмөр эрхэлж буй хүүхдүүдэд үзүүлэх хариу үйлчилгээ, тэдний эрхийг хамгаалах асуудал орхигдсон, тус тусдаа чиг үүргийнхээ хүрээнд бусад асуудлыг шийдвэрлэсэн байдалтай адил авч үзсэн байдаг бөгөөд шийдвэрлэсэн байдлын талаарх мэдээлэл нь хүүхдийн байгууллагад огт очдоггүй хэмээн ХЭҮК дүгнэсэн байна. 

Эх сурвалж: ХЭҮК

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!