LOADING

Type to search

ТҮҮХ

Далан настай ч хүүхдээрээ Буратино эмээ

Share

1968 оны хавар нэрт найруулагч Л.Ванган, Ардын жүжигчин Д.Дамдинсүрэн, Драмын театрын боловсон хүчин Дэндэв тэргүүтэй хэсэг хүмүүс дунд сургуулиудаар явж, хүүхдүүдийг жүжигчний шалгаруулалтад оруулжээ. Театрт шууд хүүхдийн жүжигчин гэдэг орон тоон дээр ажиллах, бие жижиг, авьяастай, сэргэлэн хүүхэд хайж явсан нь тэр байж. Тэд эрснээ ч олж. Нийт 500 хүүхдийн дундаас сонгон авсан таван хүүхдийн нэг Осорын Норолхоо гэж шавилхан биетэй, сэргэлэн цовоо, жигтэйхэн хөдөлгөөнтэй жаахан охин байв. Сонгож авсан таван хүүхэд дунд эдүгээгийн Ардын жүжигчин П.Цэрэндагва, Гавьяат жүжигчин Б.Цэрэнпагма нар бас байсан гэдэг.

О.Норолхоо охин сурагчийн дүрэмт хувцастайгаа Улсын драмын театрын өндөр босгоор алхан орж, дагалдан жүжигчин болжээ. Арваннаймхан настай жаахан охиныг тосон авсан ахмад уран бүтээлчид нь ардын жүжигчин Д.Ичинхорлоо, Төрийн шагналт, Ардын жүжигчин Э.Оюун, Гавьяат жүжигчин Т.Цэвээнжав нар байсан гэдэг.

Алтан үеийн тэр л алдартай уран бүтээлчид түүнийг гараас нь хөтлөн их урлагийн замд хөл тавиулжээ. Энэ тухай О.Норолхоо гуай “Тэр агуу хүмүүс надад уран бүтээлч байх, хүн байхын учрыг заасан. Тэр хүмүүсийн хэлсэн ярьсан бүхэн нь бидэнд багш болсон доо. Тэднийхээ  хүчээр л өдий зэрэгтэй явна. Түүнээс биш би ямар нэгэн урлагийн сургууль төгсөөгүй хүн. Манай ахмадууд ч намайг сургууль, соёлд яваад хэрэггүй гэдэг байсан. Алтан үеийнхэн гэгддэг тэр алдартнуудын ихэнх нь сургууль, соёл төгсөөгүй, жинхэнэ унаган авьяасаараа явсан хүмүүс” хэмээн нэгэнтээ өгүүлсэн юм. Сургуульд сураад олж авдаг зүйл байхад хэчнээн онол, ном үзээд сурч болдоггүй зүйл гэж бас байдаг. Түүнийг л театрын алтан үеийн ахмадууд олж харсан хэрэг байх. Сурагчийн ширээний араас ирсэн охинд тэр л алдартай жүжигчид их сургууль төгссөний дайтай мэдлэг, боловсрол, дадлага туршлага, ур ухаанаа зааж сургаж, өвлүүлсэн нь дамжиггүй.

Монголын театрын түүхэнд анх удаа хүүхдийн жүжигчний орон тоо албан ёсоор бий болж, О.Норолхоо жүжигчин тэр хариуцлагатай бөгөөд нэр хүндтэй албыг хашиж эхэлснээс хойш 60 гартлаа 40 гаруй жил хүүхдийн жүжигт тогложээ. Түүний театрын тайзнаа анх бүтээсэн дүр нь “Гарын таван хуруу” жүжгийн бага хүү Идэр. Анх жүжигчний шалгаруулалтад орж байхад нь шалгалтын комиссынхон “Чи “Гарын таван хуруу” жүжгийг үзсэн үү?” гэж асуугаад байсны учир ингэж тайлагджээ. Тухайн үед уг жүжгийн Идэрийн дүрд тоглож байсан жүжигчин гадаадад ажлаар явах болсон тул уг дүрд тохирох хүн хайж байсан ажээ.  Арваннайман настай бүсгүй арваад настай эрэгтэй хүүхдийн дүрийг бүтээнэ гэдэг амаргүй. Гэвч О.Норолхоо уг дүрийг чадамгай бүтээжээ. Энэ бол түүний урлагийн замд орсон анхны том сорилт байв. Удалгүй тэрбээр эрэгтэй хүүхэд тэр тусмаа бүр дөрвийн дөрвөн хүний дүрийг нэг тайзнаа бүтээсэн юм. Тэр бол Пантеевийн “Шовгор малгайн дууль” жүжгийн дөрвөн ихрийн дүр байв. Жүжигчнээс асар их хөдөлмөр, ухаан, авьяас чадвар шаардсан энэ жүжиг О.Норолхоог нээж, задалж өгчээ. Цагаахан, Хархан, Шархан, Алагхан гэсэн дөрвөн ихрийн дүрийг бүтээж, тэдний бие биеэс ялгагдах онцлог, зан төрхийг О.Норолхоо жүжигчин үнэхээр чадварлаг гаргаснаар тухайн үеийн найруулагчид, театр судлаачдын хараанд өртсөн гэдэг.

сонин mn

“Шовгор малгайн дууль” жүжигт би дөрвөн ихэр залуугийн дүрд тоглосон. Нэг жүжигт дөрвөн дүр зэрэг бүтээсэн. 18 настай дөрвөн залуугийн дөрвөн өөр араншин, зан төрхийг нэг тайзан дээр илэрхийлж гаргах хэцүү байсан. Бас Буратиногийн дүрийг бүтээхэд маш их хөдөлмөр зарцуулсан хэмээн О.Норолхоо жүжигчин 2008 онд “Үндэсний шуудан” сонинд өгсөн ярилцлагадаа дурдаж байв. Тухайн үеийн ярилцлагаас товч сийрүүлбэл. 

О.Норолхоо: Эмээ болсон ч би Буратинодоо тоглосоор байгаа

-Таныг хүүхэд багачууд, залуус Буратиногийн дүрээр тань сайн мэддэг. Энэ жүжигт хэдэн онд тоглосон юм бэ?

-1982 онд “Буратиногийн адал явдал буюу Алтантүлхүүр” жүжиг тавигдсан. 1982 он миний амьдралын хамгийн аз, хийморьтой, амжилт бүтээлийн олзтой жил байсан. Тэр жил би мөн “Амьдралын анхны хань” жүжгийн Оюунхандын дүрд тоглосон. Буратиногийн дүрээрээ оны Шилдэг дүрийн шагнал авч, театр маань шинэ байр өгч байлаа.

-Буратиногийн дүрд тоглоход ямар нэгэн шалгаруулалт явуулсан уу. Танд өрсөлдөгч байсан уу?

-Тийм юм байгаагүй. Энэ бол театрын тухайн жилийн төлөвлөгөөнд орсон жүжиг. Б.Мөнхдорж найруулагч шууд л намайг Буратино бол гэсэн.

-Та тэр үед хэдэн настай байсан бэ?

-32-той байсан. Буратино бол модон хүүхэд. Маш хөдөлгөөнтэй, дүрсгүй, хөнгөн шингэн, хөгжилтэй хүүхэлдэйн дүр. Тийм дүрийг гаргахад бие хаа, дуу хоолой гээд жүжигчнээс асар их зүйл шаардсан. Намайг энэ дүр асар  их задалж өгсөн. Өөрийн авьяас чадвар, байгаа бүх зүйлээ 100 хувь дайчилж байж энэ дүрийг бүтээсэн. Одоо намайг гудамжинд явж байхад хүмүүс Буратино эгч явж байна гэдэг юм. Тэр үед дунд сургуулийн сурагчдыг зохион байгуулалттайгаар жүжиг үзүүлдэг байсан болохоор “Буратиногийн адал явдал” жүжгийг нэгэн үеийн хүүхдүүд бараг бүгд үзсэн байх. Түүнээс хойш би тэтгэвэртээ гараад Хүүхэлдэйн театрт ирсэн хойноо ч Буратиногийнхоо дүрд тоглосоор байгаа.

-Гуч гаруй настай байхдаа бүтээсэн дүрдээ 60 дөхсөн үедээ тоглох амаргүй биз?

-Сурчихсан болохоор гайгүй ээ. Эгч нь залуугаасаа л хүүхдийн ертөнцтэй холбоотой байсан болохоор өөрийгөө азтай хүн гэж боддог. Би дандаа эрэгтэй хүүхдийн дүр бүтээдэг байлаа. Одоо Хүүхэлдэйн театртаа хүүхэлдэйнд дуу оруулна, янз бүрийн ан амьтан, байгалийн үзэгдлийн дуу, чимээг хийнэ. Тэр бүхэнд хүүхдүүд баярлаж хөөрөхийг харах сайхан байдаг. Хүүхэдтэй ойр дотно ажилладаг болохоор үргэлж баяр, жаргалтай явдаг. Сэтгэлээрээ ч гэсэн хүүхэд шиг л болчихдог юм байна. Би хүнд буруу, муу санах гэдгийг огт мэддэггүй.

О.Норолхоо жүжигчний энэ ярилцлагын араас түүний бүтээсэн Буратиногийн дүрийн тухай хоёр эрхэм уран бүтээлчийн үгийг эшлэх нь зүйтэй болов уу.

Монгол Улсын Ардын жүжигчин, Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Б.Мөнхдорж:  “Хүүхдийн жүжигчин ямар байх вэ гэхээр олон шалгуур байдаг. Тухайн хүн нь биеийн хувьд уян налархай, бие болоод сэтгэлийн хурдтай байх ёстой. Үүний нэг тод жишээ “Алтан түлхүүр” жүжгийн Буратино юм. Энд О.Норолхоо модон хүүхэд болох гэж тоглоогүй. Харин хүн болсон хойноо шударга бус юмыг хүлээн зөвшөөрөхгүй байгааг хөгжилтэй, зоригтой бүр авангард өөрөөр хэлэх юм бол хошуучлагч байдлаар илэрхийлсэн нь энэ жүжгийн, Буратиногийн дүрийн онцлог юм” хэмээн үнэлжээ.

Харин Монгол Улсын Ардын жүжигчин С.Сарантуяа: “Үнэхээр яалт ч байхгүй уран бүтээлч хүний хөдөлмөр ямар байдгийг харуулсан дүр. Ялангуяа модон хүнээс хүн болж шилжих тэр агшны хөдөлгөөн болгоныг детальчлан хийж байгаа нь үнэхээр гайхамшигтай. Хөдөлгөөнөөс гадна дуу хоолойны өөрчлөлт, дуулах, бүжиглэх зэрэг нь дахин давтагдашгүйгээр энэ дүрийг амилуулсан. Энэ жүжгийг тоглох бүр би Буратино Карло өвөөтэйгөө байгаа эхний хэсгийг нь тайзны хажуунаас мөн ч олон удаа харж, биширч үзэж байсан. Ёстой Станиславскийн хэлснээр дүр дээрээ ажиллахаас гадна жүжигчин хүн өөр дээрээ ажиллах, жүжигчин хүний хөдөлмөр ямар байдгийг үлгэрлэн үзүүлж чадсан хүн бол О.Норолхоо эгч маань юм. Өөрөө жүжгийнхээ дууг дуулсан. Тэр дууг нь сонсож байхад яг л модон хүүхэлдэй ингэж дуугарах болов уу гэмээр, хоосон хөндий дундаас дуу нь гарч ирж байгаа юм шиг мөртлөө яг амьд мэт сонсогддог. Энэ дасгал сургуулилалтыг Нооёо эгч маань уйгагүй хийж байж энэ хэмжээнд хүрсэн гэж өөрөө дурсан ярьдаг юм.  Хүүхдийн жүжигчин гэдэг мэргэжлийг бурхан надад заяасан. Тийм ч учраас би насан туршдаа хүүхдийн инээд, хөөр дунд амьдарч явах азтай хүн гэж Нооёо эгч маань өөрийгөө хэлдэг” хэмээн өгүүлсэн юм.

А.Толстойн “Алтан түлхүүр” жүжгийн Буратиногийн дүр нь эзэндээ 30-аад жилийн дараа хүртэл шагнал авчирсан нь “Гэгээн Муза” наадмын хүндэт цом байв. О.Норолхоо жүжигчин дандаа хүүхдийн жүжигт дүр бүтээсэнгүй. Үндэсний болон дэлхийн  сонгодог жүжгүүд, тухайлбал Чингиз Айтматовын “Эхийн дууль”-ийн Жанболат, П.Хорлоогийн “Өрсөлдөөн” жүжгийн Осор, С.Удвалын “Цэрэн хаачив” жүжгийн Мандал гэх мэтчилэн “Оролмаа”, “Дөшин жирэмийнхэн”, “Нандин эрдэнэ”, “Цаг өөр болжээ”, “Игорь Блючевийнхэн”, “Аз жаргалын эрэлд”, “Бумбат эрдэнэ”, “Гургалдайн дуучин”, “Хөхөлдэй хүүгийн үлгэр”, “Сандрал”, “Алтан түлхүүр”, “Найрын ширээний ууц”, “Муурын байшин” гээд 50-аад жүжигт гол болон туслах дүр бүтээсэн юм. Өөр өөр цаг үеийн тусгал болсон олон өнгө аяс, янз бүрийн хэв шинжит дүрүүдэд тэрбээр хувирч байж. Энэ бол уран бүтээлч хүн ямар ч дүрд хувирах боломжтой байдгийн илрэл.

сонин mn

О.Норолхоо жүжигчин тайзнаа анх “Гарын таван хуруу” жүжгийн Идэрийн дүрийг бүтээжээ

сонин mn

Түүний бүтээсэн хагас зуу орчим жүжгийн дүрүүд дотроос Төрийн шагналт Д.Батбаярын зохиол, нэрт найруулагч Г.Доржсамбуугийн найруулсан “Хөхөлдэй хүүгийн үлгэр”-ийн шулмас эмгэний дүрийг онцлох учиртай. Энэ бол социалист нийгмийн үед үзэл сурталд нийцэхгүй хэмээн хаагдаж байсан жүжиг. Уг жүжигт гардаг 15 толгойтой атгаалжин хар мангасаар оросуудыг төлөөлүүллээ, 15 толгой гэдэг нь ЗХУ-ын 15 республик буюу бүгд найрамдах улсуудыг хэлсэн байна хэмээн хардаж сэрдсэн гэдэг.

1990-ээд онд Драмын театрынхан “Хөхөлдэй хүүгийн үлгэр” жүжгээрээ Орост болсон олон улсын фестивальд оролцжээ. Уг фестивальд жүжгээ толилуулсны дараа манай жүжгийн талаар ярилцлага болоход нэгэн орос эмэгтэй, “Эмгэн шулмын дүрд тоглосон хүнийг харъя” гээд О.Норолхоо жүжигчнийг босгож харж байжээ. Тэр эмэгтэй хэлэхдээ, “Танай монгол жүжигчдэд гурван өөр сургууль байна. Нэгдүгээрт манай Орост төгссөн жүжигчдийн сургууль, хоёрдугаарт дотооддоо төгссөн жүжигчдийн сургууль, гуравдугаарт цэвэр монгол хүний авьяасаар тоглодог жүжигчдийн сургууль байна. Тийм монгол авьяастай жүжигчдийн нэг нь энэ эмгэн шулмын дүрд тоглосон эмэгтэй байна. Танд баяр хүргэе. Та бол жинхэнэ национальный, жинхэнэ үндэсний школ гаргалаа” гэж хэлсэн гэдэг. “Надад жаахан ч гэсэн монгол “юм” байгаа бол тэр нь алтан үеийнхнийг дагаж, үг сургаалыг нь сонсож явсны минь ач. Урлагт хайртай явсны минь буян гэж л боддог” хэмээн О.Норолхоо жүжигчин хэлсэн нь дээрхийг улам батлах ажгуу. “Хөхөлдэй хүүгийн үлгэр” жүжгийн тухай ярихад нэрт найруулагч Г.Доржсамбууг заавал дурсах учиртай. Монголын  театрын нэгэн үеийг эзэгнэсэн энэ хүмүүний тухай О.Норолхүү гуай ийн дурссан юм.

-Би их азтай. Г.Доржсамбуугийнхаа “Найрын ширээний ууц”, “Хөхөлдэй хүүгийн үлгэр”, “Эмч нар” гээд олон жүжигт тоглосон. Манай Доржоо бол үнэхээр шилдэг найруулагч. Манай Драмын театрт Дармаагийн Оюунцэцэг бид хоёр л хүүхдийн жүжигчин байсан. Бид хоёрт их хайртай. Г.Доржсамбуу өөрөө хэлдэг байсан. “За би та хоёрыг хэзээ ч халахгүй. Намайг амьд байх цагт хэзээ ч театраас гаргахгүй. Би та хоёрыгоо тэгж л хайрлана” гэдэг байсан. Тэр хүн тэгж бид хоёрыг үнэлж, хайрлаж байсан. Г.Доржсамбуугийн нэг сайхан чанар нь энэ.

“Хөхөлдэй хүүгийн үлгэр” жүжгийг хийчихээд бөөн асуудал болсон. Филатовад үзүүлсэн чинь энэ арван таван толгойтой мангас чинь ЗХУ-ын 15 республикийг хэлж байна гээд л. Доржсамбуу “Тийм юм байхгүй. Манай ардын үлгэрт 15 толгойтой мангас гардаг. Би ардынхаа үлгэрээр л хийсэн” гээд л. Тэгээд хаасан шүү дээ. Хоёр гурван удаа хаасан. Тэрийгээ боль, энийгээ боль гээд л. Доржсамбуу “Үгүй ээ. Намайг ингэсэн цагт л гаргана” гэсээр байгаад хэвээр нь гаргасан. Дараа нь Г.Доржсамбуу “Эмч нар” жүжиг тавьсан. “Эмч нар” жүжиг дээр хөтлөгч оруулж ирсэн. Тэрэндээ намайг авсан. Би хөтлөгч, дуучин болж тоглосон. Тэр нь яах вэ гэхээр орчин үеийн охин. Тэгээд дээр үеийнхийгээ шоолж байгаа юм. Ээ тэгдэг гэнэ ээ, ингэдэг гэнэ ээ гээд. Дэнгийн гэрэлд хүн үздэг гэнэ ээ, энэ юу нь гайхамшигтай байгаа юм, тэнэг энэ тэр гээд л би дуулдаг. Тэгээд амьдрал нь гардаг. Гэтэл тэр жүжгийг хаачихсан. Ийм тэнэг юм хийгээд байхдаа яадаг юм. Энэ хөтлөгчийн дүрээ авч хая. Тэгвэл жүжгийг чинь гаргалаа гэсэн. Г.Доржсамбуу бас л “Үгүй ээ. Би хөтлөгчөө авахгүй. Энэ хөтлөгч байж байж л энэ жүжиг гарах ёстой” гээд маргалдсаар байгаад хэвээр нь гаргасан. Манай Г.Доржсамбуу бол өөрийнхөө хийнэ гэсэн юмаа хийж чаддаг. Хэлье гэсэн санаагаа зоригтой хэлж чаддаг тийм л хүн.

“Хөхөлдэй хүүгийн үлгэр”-т би 15 толгойтой атгаалжин мангасын эх эмгэн шуламд тоглосон. 15 эр хүн мангасын толгой болоод порлон дотор ороод хашгирч байгаа юм. Нөгөөдүүлийг чинь давж намайг хашгир гэж найруулагч хэллээ. Тэгэхээр нь миний дургүй хүрээд чадахгүй гэсэн. Би гараад явчихсан. Г.Доржсамбуу найруулагч “Чи яагаад явж байгаа юм” гэнэ. Эднүүсийгээ дуугүй болгооч. Наадуул чинь бүгдээрээ хашгирчихаар би яаж давж хашгирдаг юм гэлээ. Чи ямар нэгэн аргаар хашгир гэсэн. Тэгж тэр дүрээ бэлдэж байлаа. Тэгээд бид Москвад социалист орнуудын театруудын фестивальд очиж тоглож, манай жүжиг шагнал авсан. “Хөхөлдэй хүүгийн үлгэр”-ийг маш сонирхсон.

Тэрэн дээр Г.Доржсамбууд би их баярлаж явдаг юм. Миний Доржоо бол намайг тэр дүрээр гаргаж ирсэн. Маш олон хүнд тэр дүр таалагдсан. Жирийн нэг жүжигчин намайг тэр жүжгээр маш их хөглөсөн. Би тэгээд Доржоодоо хэлж байсан. “Баярлалаа. Чинийхээ буянаар Монголдоо магтагддаггүй хүн энд Оросын сэтгүүл дээр гарлаа” гэж. Г.Доржсамбуу бол дүрээ их мундаг харж чаддаг. Ямар нэгэн жүжиг аваад л дүрийг босгодог. Доржсамбуугийн хийсэн жүжиг болгоны дүр нь мундаг гайхамшигтай “Хөхөлдэй хүүгийн үлгэр”-ийн бүх дүр тийм. Шар зурхайчид Цэрэндагва, Долдойд Цэвээнравдан, Шуламд Гэрлээ гээд л…

…“Хөхөлдэй хүүгийн үлгэр” жүжигт шулмас эмгэнийг тайзан дээр гарч ирэхэд зритель навтасхийгээд л ханардаг байсан гэдэг. Тийм л айж жихүүцэм, үнэмшиж жигшим дүрийг О.Норолхоо жүжигчин бүтээж чаджээ. Үүний цаана жүжигчний авьяас, хөдөлмөрөөс гадна найруулагчийн ухаан бий нь дээрх ярианаас тодорхой. Уг жүжгийн бэлтгэлийн үеэр Шар зурхайчийн дээгүүр шулмас эмгэн харайж гардаг хэсэг дээр жүжигчдийн тоглолт нэг л болж өгөхгүй байж. Шар зурхайчид тоглосон П.Цэрэндагва жүжигчин толгой дээгүүрээ эмэгтэй хүн гаргахаас жаахан цэрвээд байсан ч юм уу, ямар ч байсан нэг л хуурамч хиймэл болоод байжээ.  Г.Доржсамбуу найруулагч “Та хоёрт би нэг өдрийн хугацаа өглөө. Нэг өдрийн дотор наадахаа хийгээрэй” гэж үүрэгдэж. О.Норолхоо жүжигчин найруулагчийн хэлснийг бодон бодон маргааш нь тайзан дээр ёстой л өөрийнхөөрөө, зоргоороо тогложээ. 

“Яадаг юм, би шулмас юм чинь” гэж бодоод л Шар зурхайчийг мөргөөд л дээр нь гарч суугаад л байж. Үүнийг харсан Г.Доржсамбуу найруулагч “Зөв, би яг үүнийг л хүлээж байсан юм. Яг ингэж хийгээрэй. Би чамд баярлалаа” хэмээн дуу алдаж байсан аж. Тэр гуай Г.Доржсамбуу найруулагчийн хэд хэдэн жүжигт тоглосны дотор “Найрын ширээний ууц” жүжигт мөн л эрэгтэй хүүхдийн дүрийг бүтээж байжээ. 

Тэрбээр театртаа 24 жил ажиллаад 1992 онд гавьяаны амралтаа авчээ. Тэтгэвэртээ гарахаас нь хоёр жилийн өмнө нэрт найруулагч Г.Доржсамбуу түүнд Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол, тэмдгийг зүүж өгч байсныг бахархан дурсдаг. Буратино эмээ тэтгэвэртээ гараад ч тайзнаасаа холдсонгүй. Эрдэнэт хотын  хүүхдийн театрт хоёр жил болоод улмаар 1994 оноос Хүүхэлдэйн театрт найруулагчаар ажиллажээ. О.Норолхоо гуай Хүүхэлдэйн театрын жүжигчдийг албадмал биш үнэн, энгийн ярьж сургах, мөн харьцах харьцааг их анхаарч ажилласан гэдэг. Үүнээс гадна нийслэлийн “Улаанбаатар” чуулга, Сүхбаатар аймгийн “Жаахан шарга”, Баянхонгор аймгийн “Тэмүүжин” чуулга гэх мэт хот, хөдөөгийн чуулга, театрууд, “Логарифм”, “Орчлон” зэрэг сургуулиудад зөвлөгөө өгч, жүжиг найруулан, тун завгүй гүйсээр. Үе үеийн хүүхэд багачуудын хайртай Буратино эмээ эдүгээ 70 насны өндөр босго давсан ч идэр залуугийнх шигээ эрч хүчтэй, цоглог, дайчин хэвээр, бяцхан иргэдэд инээд хөөр бэлэглэсээр явна.

Үнэхээр л хүүхдийн жүжигчин гэдэг мэргэжлийг бурхан түүнд заяажээ. Тийм ч учраас тэрбээр насан туршдаа хүүхдийн инээд, хөөр дунд амьдрах азтай хүн ажгуу.

Г.Сонинбаяр

Эх сурвалж: “Монголын үнэн” сонин

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!