LOADING

Type to search

Онцлох

НД-ын шимтгэлийн буцаалт өнөөдрөөс иргэдийн бүртгэлтэй дансанд орно

Share

Нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлсөн зарим даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг буцаан олгох журмыг Засгийн газраас баталсан.

Энэ журмын дагуу нэг сая ба түүнээс доош төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл ногдуулах сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос шимтгэлээ төлсөн даатгуулагч өөрийн хариуцан төлсөн 2022 оны 5-12 дугаар сарын шимтгэлийн 50 хувийг сар бүр буцаан авна.

Даатгуулагчийн тавдугаар сарын шимтгэлийн буцаан олголтыг энэ сарын 25-наас буюу өнөөдрөөс иргэдийн дансанд нь шилжүүлнэ.

Нийгмийн даатгалын шимтгэлийн буцаан олголттой холбоотой зарим зүйлийг Нийгмийн даатгалын ерөнхий газрын Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Б.Мөнхбаяраас тодрууллаа.

– Нийгмийн даатгалын шимтгэлийн буцаан олголтод ямар шаардлага хангасан иргэд хамрагдах вэ?

– УИХ-аар эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлд иргэдийн бодит орлогыг хамгаалах, амьжиргааг дэмжих зорилгоор нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлсөн зарим даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг буцаан олгох тухай хуулийг баталсан.

Энэхүү хуулиар нэг сая ба түүнээс доош төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл ногдуулах сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос албан журмаар болон сайн дураар даатгуулсан даатгуулагчийн 2022 оны 5-12 дугаар сард өөрийн хариуцан төлсөн тэтгэврийн, тэтгэмжийн, ажилгүйдлийн, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийн 50 хувийг сар бүр буцаан олгохоор заасан.

– НДШ-ийн 50 хувийн буцаан олголтоо хэрхэн авах вэ. Хүсэлт гаргах шаардлагатай юу?

– Даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийн буцаан олголт нь шимтгэлээ төлсөн сарын дараагийн сард даатгуулагчийн төрийн байгууллагуудад бүртгэлтэй байгаа арилжааны банкин дахь дансанд нь шилжиж орно. Өөрөөр хэлбэл, иргэд шимтгэлийн буцаан олголт авах хүсэлт гаргах шаардлагагүй. Тавдугаар сард төлсөн шимтгэлийн буцаан олголтыг 6-р сард, 6-р сард төлсөн шимтгэлийн буцаан олголтыг 7-р сард авах байдлаар 2022 оны 5-12 дугаар сарын шимтгэлийн буцаан олголтоо дансандаа хүлээн авах юм.

Нийгмийн даатгалын байгууллага энэ ажлыг холбогдох журмын дагуу төрийн бусад байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байна.

– Нэг сая ба түүнээс доош цалинтай төрийн албан хаагчид болон сайн дураар даатгал төлөгчид буцаан олголт авах уу?

– Авна. Хуулийн үйлчлэлд аж ахуйн нэгж, байгууллагын өмчийн хэлбэр, үйл ажиллагааны төрөл хамаарахгүй. Нэг сая ба түүнээс доош орлогоос нийгмийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагч өмчийн ямар хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллагад ажиллаж байгаагаас үл хамааран шимтгэлийн буцаан олголт авах боломжтой.

– Жирэмсний болон амаржсаны чөлөөтэй байгаа эхчүүд хамрагдах уу?

-Хүүхдээ гурван нас хүртэл асарч байгаа нийгмийн даатгалд сайн дураар даатгуулагч эх өөрийн хариуцан төлсөн шимтгэлийн 50 хувийг буцаан авах эрхтэй.

-Баярлалаа

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!