LOADING

Type to search

Эмч зөвлөж байна

Р.Амарбаясгалан: 40 гаруй насны хүмүүс харвалтын ихэнх хувийг эзэлж байна

Share

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн мэдрэлийн зөвлөх эмч, анагаах ухааны доктор Р.Амарбаясгалантай уулзаж ярилцлаа. Бидний яриа сүүлийн үед улам нэмэгдэж буй харвалтын учир шалтгаан, урьдчилан сэргийлэх арга замын талаар голлон өрнөсөн юм.

Цус харвалт гадаадад буурч байхад Монголд ихсээд байх юм. Бодит байдал дээр ямархуу байна вэ?

     Харвалт гэдэг нь хүн суурь өвчнөө тэсвэрлэж чадахгүй болсноос задарч байгаа үзэгдэл. Нийгмийн хувьсгалтай адилхан гэж болно. Энэ өвчин гадаадад болон Монголд аль алинд нь багасаагүй. Харин ч нийгмийн янз бүрийн хүчин зүйлээс шалтгаалаад Монголд улам нэмэгдэж байна. Бас бүтцийн хувьд өөрчлөгдөж байгаа. Өмнө нь зөвхөн настай хүмүүс харвадаг байсан бол одоо 20, 30-тай залуус хүртэл харвадаг болчихлоо. 40 гаруй насны хүмүүс ихэнх хувийг эзэлдэг. Монголд цус харвалтын нэгдсэн бүртгэл байдаггүй. Зөвхөн том том эмнэлэг, дүүргүүдийг хамруулсан судалгаа бий. Эндээс харахад 100 мянган хүн амд ойролцоогоор 240 тохиолдол байна гэж үздэг. Үүний бараг 100 гаруй нь нас барж байна. Хэрэв өндөр хөгжилтэй орнууд шиг харвалтын тохиолдол болгоныг бүртгэж үзвэл илүү өндөр тоо гарах байх.

     Өнөөгийн нийгэмд харвалт нэмэгдэж, нас залуужиж, нас барах тохиолдол их байсан учраас би 2009 онд Монголын харвалт судлалын нийгэмлэгийг байгуулсан. Үүнээс хойш Дэлхийн харвалтын байгууллагын гишүүнээр элсэж, олон нийтэд таниулан сурталчлах үйл ажиллагааг зохион байгуулж ирлээ. Мөн харвалтыг эмчлэх, урьдчилан сэргийлэх удирдамжийн стандартыг боловсруулсан. Одоо бид энэ стандартын дагуу ажиллаж байгаа. Гэхдээ одоогийн нөхцөлд хөрөнгө мөнгө болон хүний нөөц үнэхээр дутагдалтай байдаг. Тархины судасны бөглөрлийн эмчилгээ гэхэд гуравдугаар эмнэлэгт л  хийгдэж байна. Нэг хүнд хийх ганц тариа гэхэд л 1500 ам.доллар гэх мэтээр зардал их л дээ. Мөн нэг хүнийг асрахад багаараа ажилладаг учраас тэр хүмүүсийн цалин хөлснөөс авахуулаад шийдэгдээгүй бэрхшээл их бий. Тиймээс харвалтыг төгс эмчилж чадахгүй байна.

Залуужиж буйн шалтгаан нь юу юм бол?

    Тархины судас бөглөрч харвана, эсвэл хагарч харвалт өгдөг. Харин үүнд хүргэх хүчин зүйлс хүмүүсийн биенд их, залуугаас нь бүрэлдэж байна. Идэж ууж байгаа юм, сэтгэл санааны байдал, суурь өвчнүүд, архи тамхины хэрэглээ голлон нөлөөлнө. Одоо манайд цусны даралт ихдэх өвчин, судасны хатуурал маш их байна. Биед гарч буй бодисын солилцооны өөрчлөлтүүд тархины судас бөглөрөх, хагарах хүчин зүйлийг бүрдүүлж байгаа учир харвалт нэмэгдээд байгаа юм. Гадаадын хөгжилтэй оронд нөхөн сэргээх эмчилгээг маш сайн хийдэг. Нөхөн сэргээх төвүүд нь миний ярьсан өндөр үнэтэй эмчилгээнүүдийг хийнэ. Харин манайд нөхцөл байдал нь алга. Одоо монголчуудын амьдрал ямар байгаа билээ. Гэр бүлийн нэг хүн нь харвалт өгч хөдөлмөрийн чадвараа алдвал эмнэлэгт үзүүлнэ, сувилалд явуулна, гэртээ сахиж асарна. Энэ бүхний ард санхүүгийн асар их дарамт учирч байдаг.

100 мянган хүн тутамд 240 тохиолдлыг дэлхийн дундажтай харьцуулж үзвэл хэр их вэ?

    2008 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Монголд харвалтын түвшин өндөр байгааг сануулж байсан. 100 мянган хүнд 240 тохиолдол гэдэг тун өндөр үзүүлэлт. Монголын хувьд судас задрах харвалт их тохиолддог. Энэ нь архидалт болон цусны даралттай холбоотой л доо. Гаднынхан бидэнд “Та нар цусныхаа даралтыг яагаад эмчилдэггүй юм бэ, яагаад сэргийлж чаддаггүй юм бэ” гэж их асуудаг. Энэ нь идэж ууж буй зүйлсээс гадна үрэвсэлт өвчин их байгааг харуулж байна. Мөн иргэд нь хайхрамжгүй, эмнэлгийн байгууллага нь хяналтаа сайн тавьж чаддаггүйтэй нэг талаар холбоотой. Хяналтын карт нээгээд, өвчтөнөө дуудаж үздэг байсан хуучны уламжлал одоо байхгүй шүү дээ.

Айдас төрж байна л даа иргэд харвалтаас урьдчилан сэргийлэхийн тулд юунд анхаарах ёстой вэ?

    100 хүн харвалаа гэхэд 25 нь газар дээрээ нас бардаг. Үлдсэн хүмүүсийн 25 нь хоёр сарын дотор нас бардаг гэсэн судалгаа бий. Үлдсэн 50 хүний 25 нь хоёр жилийн дотор давтан харвалт өгч, нас бардаг. Амьд үлдлээ гэхэд эмчилгээний зардал асар өндөр. Тиймээс урьдчилан сэргийлэх нь хүн бүрийн мэдэх ёстой хамгийн чухал асуудал. Хүмүүс эргэн тойрных нь аль нэгэн хүн цус харваагүй л бол энэ талаар тийм сайн мэддэггүй. Тиймээс бид жил болгон ярьж, сануулах хэрэгтэй болдог. Хүн харвалтаас урьдчилан сэргийлэхийн тулд бага залуугаасаа анхаарлаа хандуулах ёстой. Хүүхдийг эрүүл өсгөж, зөв хэвшилд сургах нь хамгийн түрүүнд анхаарах зүйл. Жишээ нь, өөх тостой хоол идээд байвал хүний цус өтгөрч, судас бөглөрөх аюултай. Тамхи татдаг хүмүүс толгой дараалан тархины судасны бөглөөс болдог. Архи уудаг хүн судас хагарах харвалтад заавал өртдөг. Энэ бүхнийг ойлгуулахын тулд ерөнхий боловсролын сургуульд тусгайлсан хичээл орох ёстой. Герман зэрэг хөгжилтэй оронд дунд сургуулиа төгсөхдөө энэ боловсролыг эзэмшсэн байдаг юм билээ.

    Ер нь хүн толгой өвдөж, хүзүү хөшөөд байвал залуу, хөгшин гэлтгүй даралтаа үзүүлэх хэрэгтэй. Хэрэв даралт чинь хэлбэлзсэн байвал даралтны аппарат гэртээ заавал авч, байнга шалгахад илүүдэхгүй. Даралтны аппарат зөвхөн эмнэлэгт зориулсан зүйл биш шүү дээ. Үнэтэйг нь авч чаддаггүй юм аа гэхэд хорин хэдэн мянгынхыг аваад эмнэлгийн хүмүүсээр заалгаад даралтаа үзүүлж болно. Хэрэв даралт ихэссэн бол даралтны эмнээс салж огт болохгүй. Ер нь 30 нас гараад ирэхээс жилдээ нэг удаа эмнэлэгт очиж даралт, цусан дахь сахрын хэмжээ, өөх тосоо үзүүлдэг болох хэрэгтэй. -Залуус фитнесст их ачаалалтай бэлтгэл хийснээс болоод харваж байна гэж яригдсан. Энэ хэр бодитой вэ? -Бидэн дээр бөх залуу ирж байсан. Бас нэг удаа фитнесст хичээллэдэг залуу ирсэн. 20 гаруйхан настай л залуус. Тэдний хувьд уураг их хэрэглэсэн юм билээ. Тэгээд бөөрний үйл ажиллагааг алдагдуулж, цус өтгөрүүлсэн байна гэж дүгнэсэн. 

Ер нь харвасан хүнийг эдгээж, хөл дээр нь босгох боломж хэр байдаг вэ?

    Эхний тусламж хэрхэн ирснээс их зүйл шалтгаална. Жишээ нь, судас бөглөрсөн үед гурван цагийн дотор бөглөөсийг гаргаж чадвал тэр хүн зүгээр болчихно. Ер нь хүний тархи гурван цаг болоод үхдэг. Тархины эсүүд үхсэн тохиолдолд эргэн сэргэдэггүй. Яахав, эрүүл тал нь үхэжсэн хэсгээ нөхөх асуудал байж болно. Үүнийг хийхэд нарийн мэргэжлийн эмч нар хэрэг болдог. Гэхдээ бүрэн дүүрэн эрүүл болж чадахгүй. Уг нь гадаад оронд сэргээн засах үйлчилгээ нь роботод шилжсэн. Гар нь саажсан байлаа гэхэд тусгай бээлийнд хийгээд автоматаар ажиллуулна. Гар нь ажиллаад байхаар сүүлдээ тархинд холбоос үүсэх тохиолдол байна. Мөн явагч гутал бас байдаг. Иймэрхүү сүүлийн үеийн технологийг Монголд нэвтрүүлмээр л байдаг юм.

Нөхөн сэргээх том төв байгуулж, харвасан хүмүүст тусламж үзүүлбэл олон хүнд буян болох байх даа…?

    Тэгэлгүй яах вэ. Оргил рашаан сувилал нөхөн сэргээх тасагтай. Хажуу талд нь сэргээн засах төв бий. Гэхдээ эдгээр төв хожуу үеийн сэргээн засах эмчилгээ хийдэг. Тэгээд ч ачаалал нь дэндүү их. Бид нөхөн сэргээх төв байгуулахаар хөөцөлдөж л байсан. Гэвч санхүүжилт дээр очоод гацчихдаг юм.

Харвалтаас өөр санаа зовоож буй мэдрэлийн ямар өвчлөл байна вэ?

    Зөндөө өвчин бий. Хамгийн түгээмэл тохиолддог нь вирусийн гаралтай өвчлөл. Хавар, намар ханиад томуу дэгддэг. Энэ үед улаанбурхан, салхин цэцэг болон янз бүрийн ханиадны вирус тархдаг. Эдгээр вирус явсаар байгаад мэдрэлд халдварладаг. Ингэснээр тархи нь саажих, ухаангүй болох, нугасанд өвчний голомт үүсэж, биеийн доод хэсэг нь мэдээгүй болох, нүүр саажих гээд олон эмгэг тохиолдоно. Мөн мэдрэл, сэтгэц хоёрын дунд талын невроз гэж эмгэг нэмэгдэх хандлагатай байгаа. Сэтгэл санаанд нөлөөлдөг эмгэг юм. Эмч нар тухайн хүнийг үзэж, шинжилгээнд хамруулахад ямар ч өвчин зовиур илэрдэггүй. Тэгсэн хэрнээ бие нь байнга өвдөж байдаг. Энэ бол нийгмийн байдал, стресстэй холбоотой эмгэг.

Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: Засгийн газрын мэдээ

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!