LOADING

Type to search

Эрүүл мэнд

Өсвөр насандаа жирэмсэлсэн охид суралцах, хөгжих боломжоо алдаж байна

Share

Боловсролын бодлогын цуврал хэлэлцүүлэг өнөөдөр Жирэмсэн, хүүхэд төрүүлсэн охидыг боловсролд тэгш хамруулах асуудлыг хөндлөө.

Охид, залуу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах “Гүнж” төвийн үүсгэн байгуулагч, Зөвлөх Ч.Ундрах “Хүүхэд төрүүлсэн өсвөр насны охидын эрх, нөхцөл байдал” сэдвээр илтгэл танилцуулсныг хүргэж байна.

Дэлхийд:

  • Хөгжиж буй орнуудад жил бүр 15-19 насны 21 сая охид жирэмсэлдэг. Үүнээс 12 сая нь хүүхдээ төрүүлдэг бол 10 сая хүсээгүй жирэмслэлт байдаг аж.
  • Мөн 15-аас доош насны 770 мянган хүүхэд амаржиж, ээж болдог байна.
  • 15-19 насныхан дунд жил бүр 5.6 сая үр хөндөлт бүртгэгддэг байна.

Сүүлийн 20 жилийн хугацаанд өсвөр насны охидын жирэмслэлт 11.6%-аар буурчээ. Энэ нь улс орнуудын Засгийн газруудын урт хугацааны хөтөлбөрийн үр дүн гэдгийг илтгэгч Ч.Ундрах онцолсон юм.

Монголд:

Монгол Улсад жил бүр 1,000 амьд төрөлт тутмын 30-31 нь охидын төрөлт байна. Энэ нь бүс нутагтаа дээгүүр орох үзүүлэлт аж.

“Гүнж” төвийн үүсгэн байгуулагч, Зөвлөх Ч.Ундрах “Өсвөр насны охидын жирэмслэлт, төрөлтөд нөлөөлөгч хүчин зүйл нь ядуурал, боловсролын байдал, хандлага, соёл уламжлал зэрэг байна” гэв.

Тэрбээр дотоодын нөхцөл байдлын талаар танилцуулахдаа “15-19 насны охидын 2.7% нь хүүхэд төрүүлж, ээж болж байна.

Сүүлийн гурван жилийн дунджаар авч үзвэл нийт төрөлтийн 4.2% буюу жилдээ 3.3 мянган охин ээж болж байгаа” гэсэн юм.

Өсвөр насны охидын жирэмслэлт боловсрол эзэмшихэд нь хэрхэн нөлөөлдөг вэ?

“Гүнж” төвөөс өсвөр насны ээжүүд ямар боловсролтой байгааг судалжээ. Гэхдээ энэ нь улсын хэмжээнийх бус, зөвхөн тус төвийн үйлчилгээнд хамрагдаж буй өсвөр насны ээжүүдийн дунд хийсэн судалгаа гэдгийг тодотгох нь зүйтэй юм.

Тухайн судалгаанаас үзвэл өсвөр насны ээжүүдийн 3.8% нь бага, 30.8% нь бүрэн бус дунд боловсролтой бол 65.4% бүрэн дунд боловсролтой байна.

Мөн судалгаанд хамрагдсан охидын 53% нь жирэмсэн болсон, хүүхэд төрүүлсэн учраас суралцах боломжгүй болжээ. “Энэ нь нөхөн үржихүйн болон сурч боловсрох эрх нь хоорондоо харилцан хамааралтай гэдэг нь харагдаж байна.

Жирэмсэн болсон гэх шалтгаанаар сургуулиас нь хөөдөг, завсардуулдаг, чөлөө олгодог байдал байсаар байна. Бодлогын түвшинд, эрх зүйн орчныг нь судлаад үзвэл сургуулиас хөөх эсэх нь зөвхөн сургуулийн захирлаас хамаарах буюу хувь хүний үзэмжтэй холбоотой болж байна” хэмээн илтгэлийнхээ төгсгөлд Ч.Ундрах цохон тэмдэглэлээ.

Хүний эрхийн үндэсний комиссын референт, багш Г.Золзаяа “Охидод бэлгийн боловсрол туйлын хангалтгүй байна. Мэдлэг мэдээлэл хангалтгүй байгааг өсвөр насны охидын дунд төрөлт эрс нэмэгдсэнээс харагдана.

Судалгаагаар ихэвчлэн амьжиргааны түвшин доогуур айлын охид өртөх нь их байна. Мөн хөдөө орон нутагт түлхүү тохиолддог. Эндээс үзэхэд мэдлэг мэдээлэл багатай газрууд түлхүү гарсан.

Нас насандаа тохирсон мэдээлэл аваагүйгээс болж хүүхдүүд өөрсдөө интернэтээс мэдээллээ хайдаг. Харамсалтай нь ихэвчлэн баталгаагүй буруу мэдээлэл авдаг нь бүр ч муугаар нөлөөлөх магадлалтай. Гэр бүлийн төлөвлөх болон нөхөн үржихүйн ойлголт, боловсролгүй учраас нарийн ширийн зүйлсээ ярьдаггүй. Тохиолдлоор жирэмсэн болчихлоо гэхэд яах ёстойгоо мэдэхгүйгээс болоод дур мэдэн баталгаагүй эм хэрэглэж амь нас, эрүүл мэндээрээ хохирох ч тохиолдол гарч байна.

Өсвөр насны хүүхэд, хүүхэд төрүүлчихсэн учраас гэр бүлийн, нийгмийн, орчны зүгээс анхаарал хэрэгтэй болдог. Жишээ нь өсвөр насны ээж эргээд сурахад янз бүрийн дарамттай учирдаг. Зарим нь сургуулиа төгсдөг ч ихэнх тохиолдолд сургууль завсарддаг.

Ер нь энэ тал дээр манай улс бодлогын хувьд сайжирсан, засаж залруулах ч зүйл бий. Энэ бол нийгмийн асуудал. Тийм учраас тухайн улс орон иргэдийнхээ бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн асуудлыг анхаарч үзэх ёстой. Манай улсад нөхөн үржихүй гэхээр зөвхөн эмэгтэйчүүдийн төрөлтийн асуудал гэж үздэг. Ингэж явцуу хүрээнд авч үзэхгүй, хөгжлийн бодлогогүй орхисноос болж улс орнуудад маш олон хүндрэл бэрхшээл гардаг. Хамгийн наад зах нь ядуурлын суурь шалтгаан болж байна” гэжээ

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!