₮ 0

No products in the cart.

20 гаруй төрлийн жимс, ногоог тасалгаандаа тарих боломжтой

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гаргасан тооцооллоор хүн өдөрт 400 грамм хүнсний ногоо хэрэглэх ёстой байдаг. Ингэснээр биед хэрэгтэй амин дэмээ бүрэн авч чадна. Гэхдээ эрүүл мэндийн толгой байгууллагаас гаргасан энэ тоо монголчууд бидний хувьд дэндүү алс хол. Өдгөө монгол хүн дунджаар өдөрт 60 орчим грамм хүнсний ногоо хэрэглэдэг гэсэн статистик бий.

Тасалгааны ургамалд боловсруулсан хөрс шаардлагатай 

Манай улс дотоодын төмсний хэрэгцээгээ бараг 100 хувь хангаж чадаад байна. Харин бусад хүнсний ногооны 50-60 хувийг дотооддоо ургуулдаг. Нарийн ногооны хувьд бүр ч бага буюу ердөө 10 орчим хувийг л хангаж, үлдсэнийг нь импортоор (ихэвчлэн БНХАУ-аас) авсаар байгаа юм. Эндээс хүнсний ногооны хэрэглээ импортоос бүрэн хамааралтай болох нь харагдана.

Дотоодын хүнсний ногооны хүртээмжийг нэмэгдүүлэхэд олон хүчин зүйл нөлөөлөх нь ойлгомжтой. Гэхдээ заавал төр засгийг харж, бусдыг царайчлан суухын оронд хүн бүр өрх гэрийн хэмжээнд жимс, хүнсний ногоо ургуулах хандлага дэлхий нийтэд түгээмэл болжээ. Тасалгаандаа цэцэг ургуулдаг айл олон. Үүний нэгэн адил цонхны тавцан дээрээ хүнсний ногоо тарьж, үр жимсийг нь өөрсдөө иднэ гэдэг дажгүй санагдаж байгаа биз. Тэгвэл орчин үеийн энэхүү чиг хандлага Монголд ч хэдийнэ нэвтрээд байна.

ГАДНЫН ТУРШЛАГА МОНГОЛД НЭВТЭРСЭН НЬ

Тасалгааны нөхцөлд жимс хүнсний ногоо тарих туршлагыг Монголд нэвтрүүлсэн хүний нэг нь аграномич Ж.Болд. ХААИС-ийг газар тариалангийн чиглэрээр төгссөн тэрбээр сүүлийн долоо, найман жилийн турш гаднын улс орнууд орон гэртээ жимс, ногоо хэрхэн тарьж байгааг судалжээ. Улмаар өөрийн хуримтлуулсан туршлагыг бусадтай хуваалцах үүднээс “Өрхийн тариалан эрхлэлтийг дэмжих төв”-ийг үүсгэн байгуулжээ.

“Хүнсний ногоог төмс, хүнсний ногоо, нарийн ногоо гэж гурав хуваадаг. Ногоо тарихад анхаарах хамгийн эхний зүйл бол хөрс. Хөрс нь ус, чийг, агаар сайн нэвтрүүлдэг байх ёстой. Тасалгаанд ногоо болон цэцэг тарихдаа байгалийн хөрснөөс татгалзаж, боловсруулсан хөрс ашиглах хэрэгтэй. Учир нь байгалийн хөрс нь амьд организм учраас шавьж, хорхойн өндөг, авгалдай хадгалагддаг. Тэгээд тасалгааны дулаан нөхцөлд ороод ирэхээр шавьж үржих нөхцөл бүрддэг. Дараагийн анхаарах зүйл бол үр. Үрийн сорт нь тасалгааных, зусланд тарих гээд ялгаатай.

Монгол орон эрс тэс уур амьсгалтай учраас ургамал ургах хугацаа богино. Тиймээс хугацаа чухал. Харин эцэст нь гэрэлтүүлэг. Хүнсний ногоог тасалгаанд тарихад гэрэл их шаарддаг. Тиймээс зарим тохиолдолд зориулалтын гэрэл ашиглах шаардлага гардаг” хэмээн Ж.Болд ярилаа.

Тэрбээр энэ оны нэгдүгээр сард “Өрхийн тариалан эрхлэлтийг дэмжих төв”-ийг байгуулжээ. Өнгөрсөн хугацаанд 150 гаруй хүн тэднийд хандан зөвлөгөө авч, сургалтад хамрагдсан байна. Ер нь гэртээ төрөл бүрийн ногоо тарих сонирхолтой хүний тоо нэмэгдсээр байгаа аж.

УЛААН ЛООЛЬ 75 ХОНОГТ УРГАДАГ

Тасалгаа болон тагтан дээр улаан лооль, шош, навчит ногоо, чинжүү, гүзээлзгэнэ, лууван, улаан лууван, өргөст хэмх, хаш, хүрэн манжин, хулуу, сонгино, сармис, төмс… гээд олон төрлийн жимс, ногоо тарих боломжтой. Үрсэлгээгээ суулгаснаас хойш өргөст хэмх, чинжүү 65-70, хулуу, улаан лооль 70-75, улаан лууван 25 хоногт ургаж гүйцдэг байна. Савны хэмжээ нь дундаж цэцгийн ваартай харьцуулахад илүү том учраас мод, бут үржүүлэх үрсэлгээний сав хэрэглэх нь тохиромжтой. Тагтан дээр тарихдаа дулааны хэм хангалттай сайн байх шаардлагатайг анхаарах хэрэгтэй.

ХАМГИЙН ХУРДАН БОЛЦТОЙ НЬ НАВЧИТ НОГОО

Бууцай, юүцай, яншуй болон гааны навч, розмарин зэрэг навчийг нь хэрэглэдэг ногоонууд навчит ногооны төрөлд орно. Навчит ногоог үрээр тарьдаг бөгөөд соёолсноос хойш 30 хоногийн дотор бүрэн боловсордог байна. Ганц сар хүлээгээд л ургацаа хурааж, хүнсэндээ хэрэглэнэ гэсэн үг. Мөн бусад нарийн ногоотой харьцуулахад хавьгүй бага арчилгаа шаарддаг байна.

Ногооны төрлөөс хамаарч ургамлын гэрлийг нэмэлтээр ашиглах хэрэгтэй 

Хүнсний ногоог нарны гэрэл ашиглах байдлаар гурав хуваана. Навчит ногоо нь нарны гэрэл өдөрт дөрвөн цаг туссан нөхцөлд хангалттай сайн ургадаг бөгөөд хайрцаглаж тарих нь илүү тохиромжтой.

Харин нарны гэрлийг зургаан цаг шаарддаг үндэс үртэн буюу хөрсөн дор ургадаг ногоонд лууван, манжин, байцаа ордог байна. Хэрэв танай байр нарны гэрэл хангалттай тусахгүй газар байршилтай бол зориулалтын гэрлийг нэмэлтээр тавих боломжтой. Харин өргөст хэмх, улаан лооль, хулуу, амтат чинжүү, сонгино зэрэг нарийн ногоонууд өдөрт найман цаг нарны гэрэл шаарддаг аж. Үүнээс гадна усалгаа, хөрс сийрэгжүүлэх, үхэжсэн хэсгийг хайчилж танах гээд арчилгаа хэрэгтэй. Бүх төрлийн хүнсний болон нарийн ногоо ургахад тааламжтай хэм гэж бий. Тасалгааны хэм өдөртөө 25-27, шөнөдөө 15 хэм байхад ямар ч ногоо сайн ургана. Хэрэв гэрэлтүүлэг, усалгаа сайн байвал ямар ногоо асуудалгүй ургана гэдгийг Ж.Болд тайлбарлсан юм.

ХАМГИЙН ИХ ТЭВЧЭЭР ШАЛГАДАГ НЬ ГҮЗЭЭЛЗГЭНЭ

Хүний биед олон талын ашиг тустай тансаг амттай жимс бол гүзээлзгэнэ. Гүзээлзгэнийг үрээр болон үрсэлгээгээр тарьж болно. Бэлэн үрсэлгээтэй бол хурдан ургах хэдий ч баталгаатайг нь авахгүй бол жимсээ өгөхгүй байх магадлалтай. Харин үрээр тарихад найдвартай ургана, гэхдээ удаан. Жимсээ өгөхдөө 7- 8 сар болж, тэвчээрийн хязгаарыг багагүй шалгадаг байна. Гэхдээ жимсээ өгөөд эхэлсэн бол 5-6 жил тасралтгүй идсээр л байх болно. Гүзээлзгэний нэг бутнаас жилдээ нэг кг орчим ургац хураах боломжтой.

  • Өргөст хэмх, чинжүү 65-70, хулуу, улаан лооль 70-75 хоногт ургадаг.
  • Навчит ногоог үрээр тарьдаг бөгөөд соёолсноос хойш 30 хоногийн дотор буюу хамгийн хурдан боловсордог.
  • Хэрэв гэрэлтүүлэг, усалгаа сайн байвал ямар ногоо асуудалгүй ургана.

ТАГТАН ДЭЭРЭЭ ТӨМС ТАРИХ БОЛОМЖТОЙ

Хүмүүс төмсийг зөвхөн газарт булж тарьдаг гэсэн ойлголттой байдаг. Гэхдээ төмсийг тагтан дээрээ, зориулалтын саванд тарих боломжтой. Ингэхдээ түрүүлж болсныг нь савныхаа доороос авч, нэмж шороо хийх байдлаар тарина. Хэрэв 10 саванд таривал жилдээ хоёр шуудай буюу 80 кг төмс хураан авах боломжтой аж.

Намрын улиралд сэрүүхэн болохоор дээрээс нь хучаад төмсний бутаа хамгаалж болно. Түрүүлж ургаснаас нь бага багаар нь идээд байхад төмсний хэрэглээгээ овоо удаан хангачих боломжтой аж.

Тус төвд гэрийн нөхцөлд жимс, хүнсний ногоо тариалах сонирхолтой хүмүүс ихэвчлэн хандана. Мөн мэргэжлийн ногоочид хүртэл ургацаа нэмэгдүүлэх зөвлөгөө авахаар тэднийд ирдэг байна. Үрээ гэрээт дэлгүүрүүдээс авдаг аж. Ихэнх үр 1500-2500 төгрөгийн үнэтэй. Мөн нэг үрсэлгээ ч иймэрхүү үнэтэй гэж бодохоор боломжийн санагдаж байгаа биз. Тиймээс та ч гэсэн урин дулааны улиралд гэртээ төрөл бүрийн жимс, ногоо тариалж туршаарай гэж зөвлөе. 

Б.Баярмаа

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...