₮ 0

No products in the cart.

Ө.Хашхүү: Гавал, тархины бэртэл, гэмтэл дэлхийд гуравдугаарт эрэмбэлэгддэг

“Мөнгөн гүүр” эмнэлгийн Гэмтэл согог заслын зөвлөх зэргийн мэс засалч, Монгол Улсын хүний гавьяат эмч, профессор Ө.Хашхүүтэй гавал, тархины гэмтэл, түүний шалтгаан, оношилгоо, эмчилгээний талаар ярилцлаа.

-Манайд гавал, тархины гэмтэл нийт гэмтэл бэртлийн хэдэн хувийг эзэлж байна вэ?

-Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гаргасан судалгаагаар гавал, тархины бэртэл гэмтэл нь хавдар, зүрх судасны өвчлөлийн дараа дэлхийд гуравдугаар байр эзэлж байгаа өвчлөл юм. Манай улсын тухайд бүх гэмтлийн 60 хувийг гавал, тархины гэмтэл эзэлдэг. Учир нь гавал тархины гэмтэл нь хэвлий, цээж, мөчдийн хугарал болон бусад эрхтэн системийн гэмтэлтэй хавсарч тохиолддог хүнд бөгөөд хүндрэл ихтэй гардаг учраас урхаг, үлдэц ихтэй гэмтэл юм.

-Гавал, тархины гэмтэл нь дотроо олон янз уу?

-Гаднын хүчин зүйлээс гавлын яс түүний доторх агууламжид нөлөөлсний улмаас эмгэг өөрчлөлт орсныг гавал, тархины гэмтэл гэдэг. Гавал, тархины гэмтлийг тархины доргилт, тархины эдийн няцрал нь хөнгөн,  дунд, хүнд гэж ангилдаг. Түүнчлэн гавлын ясны хугарал, тархины хатуу хальсны дээрх болон доорх цусан хураа, тархины эдийн доторх цусан хураа гэж ангилна.

-Хүүхэд унаад тархи нь доргичихлоо, нэг тархи нь хөдөлсөн бол байн байн дахидаг гэдэг. Энэ хэр үндэслэлтэй вэ?

-Тархины доргилт бол бүрэн эдгэрдэг. Хүмүүсийн яриад байгаа шиг нэг тархи нь доргисон бол дахин доргидог гэсэн ойлголт байхгүй. Тархины доргилт авч байгаа механизмаасаа болж тухайн үедээ дахин доргихыг үгүйсгэхгүй. Тархины хөнгөн доргилтыг бариа засал болон эмийн эмчилгээгээр бүрэн эмчилдэг. Магадгүй тухайн хүүхэд дахин унахад тархинд хөнгөн доргилт үүссэнийг сэдэрлээ, дахилаа гэх гээд байдаг. Тархины хүнд гэмтлийн үед урхаг салахгүй хэцүү шүү.

-Энэ төрлийн гэмтэл бүрэн эдгэрдэг үү?

-Тархины эдийн няцралын хувьд дунд, хүнд зэргийн үед эдгэрэл бага. Эмчилгээ удаан хийгдсэн ч урхаг, үлдэц ихтэй байдаг. ДАП гэмтлийн үед эмчилгээний үр дүн муутай.

Гавал, тархины мэдрэлийн эсүүд урагдаж гэмтсэн тохиолдолд эдгэрэх магадлал ховор. Тархины хөнгөн доргилтыг бүрэн эмчлээгүйгээс хүндрэх тохиолдол байхгүй. Харин тархины эдийн дундаас дээш хүнд зэргийн няцралыг дутуу эмчилснээс болж толгой байнга өвдөх, нойргүйдэх болон сэтгэхүйн өөрчлөлтүүд гарч унадаг болно. Тархины хүнд гэмтэл зам тээврийн болон үйлдвэрлэлийн ослын дараа ихээхэн үүсдэг.

-Гэмтлийн шалтгаанууд юу вэ?

-Гавал тархины гэмтлийн шалтгаан нь санамсаргүй тохиолдол, ахуйн гэмтэл, үйлдвэрлэлийн осол, зам тээврийн ослууд юм. Зам тээврийн ослууд дийлэнхдээ жолооч хурд хэтрүүлсэн, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон, зорчигчийн буруугаас болон жолооч, зорчигч суудлын бүс хийгээгүйтэй холбоотой үүсдэг. Суудлын бүсийг монголчууд бэлэг тэмдэг төдий боддог. Гэтэл суудлын бүс бол хүний эрүүл мэнд, амь насыг хамгаалдаг маш хэрэгтэй зүйл. Алсын замд заавал суудлын бүс зүүж явах хэрэгтэй. Мөн явган зорчигч согтуу замын хөдөлгөөнд оролцох, гарцгүй газраар гарах, бага насны хүүхдүүдээ хараа хяналтгүй замын хөдөлгөөнд оролцуулсны улмаас автомашинд мөргүүлэн хавсарсан гэмтэл авч гавал, тархи гэмтэх нь их тохиолддог. Гэтэл иргэд эдгээр зам тээврийн ослоос сэргийлэх бүрэн боломжтой шүү дээ. 

-Хэдэн насныхан илүүтэй осол, гэмтэлд өртөж байна вэ. Энэ талаар судалгаа байдаг уу?

-7-35 насныхан энэ төрлийн осол, гэмтэлд их өртдөг. 40-өөс дээш насныхан хөдөлгөөнд хянамгай оролцдог, биеэ хямгатай авч явдаг учраас осол, гэмтэлд өртөх нь харьцангуй бага. Мөн 18-40 насны хооронд бол ид хөдөлмөрийн нас учраас үйлдвэрийн осол буюу барилгын осол, авто осолд өртөн ид хөдөлмөрийн насныхан гэмтэх хандлаг байдаг. Түүнээс болоод тархины гэмтлийн улмаас хөдөлмөрийн чадвараа алдан групп тогтоолгох тохиолдлууд ч цөөнгүй бий. Тархины гэмтлийн урхаг бол нэгдүгээрт сэтгэхүйд өөрчлөлт орно. Хоёрдугаарт унадаг болно.

-Тархины гэмтэл, бэртлийг 100 хувь бүрэн оношилж чадаж байгаа юу?

-Манай эмнэлэг дээр бүх төрлийн гавал, тархины гэмтэл, нуруу, нугас, үе мөчний гэмтлийг бүрэн оношилно. Манайд компьютерын томограф, MRI оношилгоо, дижитал рентген, тархины цахилгаан бичлэг, дофлертой гээд бүгд байдаг учраас 100 хувь оношилно.

Түүний дотроос гавал, тархины гэмтлүүдэд мэс засал хийж бүрэн эмчилж байна. Тодруулбал, гавлын  дотор хурсан цусан хурааны мэс заслыг хийлгэхэд 7-10 хоногийн дотор өвчтөн эдгээд гарна. Саяхан 61-ын гармын ойролцоо малчин залуу мориноосоо унан тархины гэмтэл авч манайд хандан ирсэн. Түүний тархинд үүссэн цусан хурааг мэс ажилбар хийн авч 7 хоног эмчлээд гаргасан. Одоо манайд боолт хийлгээд явж байх жишээтэй.

-Иргэд MRI оношилгоо гэж их ярьдаг. Гавал, тархины гэмтэлд MRI оношилгоо хэр зөв сонголт вэ?

-Монголчууд тархи, гавлын гэмтлийн оношилгооны үед заавал MRI хийлгэнэ гэж ярьдаг. Гэтэл энэ гэмтлүүдэд компьютерын томограф хийхэд болно шүү дээ.

Хэрвээ өмнө нь гэмтэж хүнд зэргийн тархины эдийн няцралтай, цус хуралттай дахин гэмтэж байгаа хүн биш л бол MRI хийлгэх шаардлагагүй. Урхаг гэмтэл маань хэр зэрэг болж гэдгийг шалгахад л тодосгогчтойгоор MRI оношилгоо хийлгэж болно. Түүнээс биш ослын улмаас үүссэн тархины гэмтлийн дунд зэргийн няцрал, цусан хурааг компьютерын томограф бүрэн оношилно.

Манайд компьютерын томограф оношилгоо 120 мянган төгрөг бол MRI оношилгоо 340-400 мянган төгрөг гээд иргэдэд хүртэл халгаатай үнэтэй учраас оношилгоогоо зөв сонгож хийлгэх нь маш чухал.

Эх Сурвалж: Eagle.mn

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...