₮ 0

No products in the cart.

Эцэг эх нь хорвоогийн мөнх бусыг үзсэн ч өдөр тутамдаа ачийг нь санах хэрэгтэй

ЭХ ЭЦЭГ НЬ ҮР ХҮҮХЭДТЭЙГЭЭ ХОЛБООТОЙ УЧРААС ХҮҮХДЭЭ ЯАЖ ЯВАХЫГ НЬ МЭДДЭГ…

Эцэг эх нь хорвоогийн мөнх бусыг үзсэн ч гэсэн ачийг нь санах хэрэгтэй. Би эцэг эхээ хэр ачилсан билээ, тэдэндээ сайн юм хийсэн үү гэж тунгаан бодоход “би эцэг эхээ зовоож дээ” гээд нүднээс нь нулимс гарч байвал хамгийн зөв сэтгэл төрж байгаагийн шинж.

Харин эцэг эх, ах дүү, хамаатан садангийнхаа үгэнд орохгүй өөр хүний үгэнд ороод явж байгаа бол буруудаж байгаагийн шинж. Тиймээс яаж яваагаа байнга шинжилж байх хэрэгтэй.

Эх эцэг нь үр хүүхэдтэйгээ холбоотой учраас хүүхдээ яаж явахыг нь мэддэг. Тиймээс эцэг эхийнхээ үгийг сайн сонсох нь зүйтэй. Монгол хүн бол хэзээнээсээ сонсож ирсэн шүү…

Эцэг, эх хэмээх эрхэм алдарыг олно гэдэг хүн төрөлхтний гурван цагийн тасралтгүй хэлхээс болж байгаа буянт үйл хийгээд агуу их хувь тохиол юм. Тиймээс ирээдүйн ээж, аав нар энэ их хувь тохиолоо утга төгөлдөр байлгах нь хамгаас эрхэм.

Үр хүүхэддээ үлгэр жишээч, сайн сайхан бүхний дээд болсон эцэг эх байснаар таны үр хүүхэд мөн л тийм хүн болон өсөх болно. Тэд ч бас хэзээ нэгэн цагт эцэг эх болж үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх болно.

Хүмүүн заяаг олж төрөөд эцэг эх болж, үр удмаа үлдээж, өнгөрсөн одоо ирээдүйг холбох тавиланг ухаарч ойлгоно гэдэг үнэхээр чухал.

БУРХАН БОДИСАДВА НАР БУСДЫГ ХАЙРЛАДАГ БОЛ БИД ЗӨВХӨН ӨӨРИЙГӨӨ Л ХАЙРЛАДАГ…

Эхлээд аав ээжээ хайрлах, дараа нь ах дүүгээ хайрлах, түүний дараа ураг саднаа хайрлах сэтгэлтэй байж бусдыг хайрлана. Төрөл төрөгсөдөө хайрлахгүй байж бусдыг хайрлана гэж байхгүй.

Бурханы шашны энэрэл хайр бол агуу. Бурхан бодисадва нар бусдыг хайрладаг бол бид зөвхөн өөрийгөө л хайрладаг. Ертөнцийнхөний хайр бол өөрийн хэргээ бүтээгээд авсан бол мартдаг хэрэгцээний хайр юм…

ЭЦЭГ ЭХИЙНХЭЭ АЧИЙГ НЬ ОЙЛГОСОН ЦАГТ Л АЧИЙГ НЬ ХАРИУЛЖ ЧАДНА…

Хүүхэд мэндлээд тодорхой хугацааны дараа нэр авах ёстой. Монголчууд хүүхэддээ нэр өгөхдөө гарсан гараг, эх эцгийн махбод зэргийг харгалзахаас гадна тухайн өдөр ямар онцгой үйл явдал болсон түүнийг нь бэлгэдэж нэр өгдөг ёс бий. Нэр бол чухал бөгөөд тухайн хүнд нэрний мөн чанар оршдог гэж үздэг. Дараа нь эрэгтэй хүүхдийг 3, 5 настайд нь, эмэгтэй хүүхдийг 2,4 настайд нь даахи сэвлэгийг нь үргээдэг. Даахи үргээхийг мөн л чухалд тооцдог. Үүний дараа нас бие гүйцээд хурим найр хийнэ.

Бидний амьдрал ийм үе шатаар явагддаг. Энэ бүх үест хэн ачтай вэ гэвэл ээж аав хамгийн их ачтай. Тэгэхээр ээж аавын ачийг ойлговол бусад бүх хүний ачийг ойлгоно. Эцэг эхийнхээ ачийг нь ойлгосон цагт л ачийг нь хариулж чадна. Ойлгоогүй бол ачийг нь хариулах хэцүү. Тэгээд миний ээж аав хоёр надад ачтай бол тэдний ээж аав бас ачтай. Тэдний ээж аав ачтай юм чинь тэдний ээж аав ч ачтай гэх мэтээр хамаг амьтан ачтай юм.

БУРХАН БАГШИЙН СУРГААЛ НОМЛОЛЫН СУУРЬ НЬ ЭНЭРЭНГҮЙ СЭТГЭЛИЙН ТУХАЙ ЮМ

Бурхан багшийн сургаал номлолын суурь нь энэрэнгүй сэтгэлийн тухай юм. Бодь сэтгэлийг долоон шатлалаар үүсгэдэг.

Эхлээд эх болсон зургаан зүйл хамаг амьтан бол миний эх гэдгийг мэд, дараа нь ачийг нь сана, ачийг нь хариул, дараа нь асрамж сэтгэл, нигүүлсэнгүй сэтгэл, илүүтэй сэтгэл, бодь сэтгэлийг үүсгэдэг.

Бас нэг бодь сэтгэл үүсгэдэг арга нь өөрийгөө бусдаар сольж боддог. Өөрөөр хэлбэл би зовж байгаа юм чинь тэр хүн ч бас зовж байгаа. Тиймээс тэр хүний зовлон ч арилаасай гэж бодох юм. Энэ хоёр аргаар бодь сэтгэлийг төрүүлдэг.

Ачит багшийн айлдвараас

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...