₮ 0

No products in the cart.

А.Цогцэцэг: Харшлаас сэргийлэх хоёр эмчилгээ үр дүнтэй байна

Тавдугаар сараас наймдугаар сарын эхэн хүртэл ургамлын тоосны харшилтай хүмүүсийн харшил сэдэрдэг бөгөөд хамрын салст, нүдний салстыг хавагнуулж, улайлгаж загатнуулж, шөнө ч тайван унтуулдаггүй билээ. Иймээс бид харшилтай хүмүүст хийгдэх эмчилгээ, урьдчилан сэргийлэлт, хоол хүнсэнд хэрхэн анхаарах талаар Эрүүл мэндийн сайд асан А.Цогцэцэгтэй ярилцлаа.

-Хүмүүс харшлын шинж тэмдэг илрэхээс өмнө мэргэжлийн эмчид үзүүлж, юуны харшилтай байна гэдгээ мэдэх боломжтой юу?

-Биед ямар нэгэн зовуур илэрч, хэт олон удаа найтаах, хамар битүүрэх, нүд аргах, чих загатнах шинж тэмдэг илэрсэн тохиолдолд мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй. Ер нь бол ургамлын тоосны өвчин гэнэт гараад ирдэггүй. Хүүхэд байхдаа арьсаар нь юм гардаг манайхны хэлж заншсанаар диатезтэй байсан эсвэл ээж аав нь харшлаар өвчилсөн тохиолдолд 80-90 хувийн магадлалтай уг харшлаар өвддөг.  Өөрөөр хэлбэл харшил удамшдаг гэсэн үг.  

Дээрх зовууруудаас аль нэг байгаа тохиолдолд төрөлжсөн мэргэжлийн улсын эмнэлгүүд болон хувийн эмнэлэгт очиж, сорил тавиулж шинжилгээнд хамрагдах боломжтой. 

Сорил тавиулахаар очихдоо харшлын эм 72 цагийн дотор уугаагүй байх, урд өдөр нь архи дарс ууж, халуун ногоо идээгүй байх шаардлагатай. Учир нь сорил буруу гарах магадлалтай.  

-Ургамал болон шарилжны харшилтай хүмүүс ямар хоол хүнснээс татгалзах хэрэгтэй вэ?

-Ургамлын тоосны харшлыг сэдрээдэг хүнсний бүтээгдэхүүнүүд байдаг. Таны хэрэглэх гэж буй хүнсэнд харшил төрүүлэгч байгаа эсэхийг заавал шалгах хэрэгтэй. Ялангуяа ургамлын тоосны харшилтай хүн модлог ургамлаас ургасан мандерин, алим, киви зэрэг бусад ургамлаас гарч байгаа жимс жимсгэнээс болгоомжлох хэрэгтэй. Мөн харшлыг сэдрээх хүнсний бүтээгдэхүүний тоонд спирт, газтай ундаа, айраг ордог. 

-Айраг, тараг нь шарилж болон ургамлын харшилтай хүмүүсийн харшлыг сэдрээх үү? 

-Мэдээж харшил сэдрээнэ. Ялангуяа айраг ургамлын тоосны харшилтай хүмүүсийн харшлыг огцом сэдрээдэг. Учир нь хөдөө орон нутагт шарилж маш их ургадаг учир  мал шарилж идсэн байх магадлалтай юм. Шарилж идсэн малын сүү, айраг харшил сэдрээх магадлал маш өндөр. Тиймээс иргэд маань болгоомжлох л хэрэгтэй.

-Өвөл болон намрын саруудад тараг айргийг өдөр тутам хүнсэндээ бага багаар хэрэглэвэл зуны улиралд харшил хөдөлдөггүй гэсэн ойлголт хүмүүсийн дунд олширсон байна?

-Ургамлын тоосны харшилтай хүн тараг болон айргийг огцом их тунгаар хэрэглэх нь эрсдэлтэй. Харин харшилгүй хүмүүс хэрэглэж болно. Харшилтай хүмүүс маш багаас нь эхэлж, тунг нь ихэсгэж, бие организмдаа дасгаж хэрэглэвэл энэ нь эмчилгээ болно.

-Харшлаас урьдчилан сэргийлэх эмчилгээний ямар аргууд байдаг вэ?

-Урьдчилан сэргийлэх эмчилгээний хоёр арга байдаг.

Нэгдүгээрт, өвөрмөц дархлаа үүсгэх замаар тухайн ургамлын тоосноос нь гаргаж авсан вакцин эмчилгээ хийх,

Хоёрдугаарт, угтуулах эмчилгээ хийлгэж болно. Уг 2 эмчилгээний алийг нь сонгохыг нарийн мэргэжлийн эмчээс асууж, зөвлөгөө авах хэрэгтэй.

-Харшлаас урьдчилан сэргийлэх эмчилгээний дээрх хоёр аргыг тодруулаач?

-Өвөрмөц дархлаа тогтоох вакцин эмчилгээ нь тухайн харшил төрүүлэгч  ургамлаас нь үйлдвэрийн аргаар бага тунгаас нь их тун руу нь ихэсгэх зарчмаар бэлдсэн бэлдмэлийг дэлхий нийтэд өвөрмөц дархлаа тогтоож организмыг дасан зохицуулж байна.  Энэхүү бэлдмэлийг хэлэн дор уусгах, хамарт цацах, тарих зэрэг аргуудаар хэрэглэдэг. Энэ нь орчин үеийн эмчилгээний өндөр үр дүнтэй арга бөгөөд уг эмчилгээг  ургамлын тоос агаарт цацахаас 2 сарын өмнөөс хэрэглэдэг.

Олон төрлийн ургамлаас харшилтай байх юм бол энэ өвөрмөц эмчилгээ үр дүнгээ өгөхгүй. Олон төрлийн ургамлаас харшилтай хүн угтуулах эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Угтуулах эмчилгээ гэдэг нь хоёр сарын өмнө, сарын өмнө эмийн эмчилгээ хийлгэнэ гэсэн үг. Манайхан дур мэдэж өндөр тунгаар гормонтой тариаг Хятад болон Улаан-Үдээс авчирч тарьдаг. Энэ нь маш аюултай. Дараа нь эргээд түүний гаж нөлөөг дарах гэж хэцүү. Тиймээс мэргэжлийн эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй. Одоо хүмүүс цахим орчинд баталгааны бичиггүй зарагдаж байгаа эм худалдаж аваад байгаа нь маш буруу.

-Харшил бүрэн эдгэрэх боломжтой өвчин үү? 

-Харшил насан туршид байж л байдаг учир аль болохоор тухайн харшил төрүүлэгчээс зайлсхийх хэрэгтэй. Тэгэхээр ургамлын тоосны харшилтай хүмүүс өглөө эрт 05-08 цаг, орой 19-21 цагийн хооронд шарилж, лууль хөл газрын болон үет ургамлууд тоосоо агаарт хамгийн их гөвдөг тул энэ үед гэрийн болон машины цонхоо хаах, гадуур явах шаардлагатай бол маск зүүх хэрэгтэй. Мөн гэртээ ургамал, цэцэг тарихгүй байх хэрэгтэй.

-Жирэмсэн эхчүүд харшлаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Хэрэв төлөвлөгөөтэй жирэмсэлж байгаа бол жирэмслэхээсээ өмнө харшлын эмчид үзүүлж, зөвлөгөө авах хэрэгтэй. Нэгэнт харшилтай хүн жирэмсэн болчих юм бол ямар эмчилгээ, ямар дэглэм барихаа эмчээс л зөвлөгөө авна. Дур мэдэн эмчилгээ хийж огт болохгүй. 

-Ургамлын тоосны харшлыг эмчлүүлэхгүй удвал ямар сөрөг үр дагавартай вэ?

-Ургамлын тоосны харшлыг эмчлүүлэхгүй удвал ганц төрлийн биш олон төрлийн харшилд мэдрэмтгий болдог. Эхлээд хамар битүүрч, найтаадаг. Нүднээс нулимс гардаг байсан бол хамрын салстууд хөөж, таславч мурийх, астматай болох амьсгалын дутагдалд орох зэрэг шинж тэмдэгүүд илэрнэ. Хүндэрсэн тохиолдолд бусад олон эрхтэн тогтолцооны хүндрэлүүд гарч, амьдралын чанарт нь өөрчлөлт оруулдаг. 

-Дэлхийн олон орон харшилтай иргэддээ хэрхэн анхаарч, ямар бодлого хэрэгжүүлдэг юм бол?

-Олон улсын харшлын нийгэмлэгээс гаргасан эмчилгээний удирдамжийг мөрдлөгө болгож, урьдчилан сэргийлэх эмчилгээ оношлогоо хийдэг. Энэхүү эмчилгээний удирдамжид тухайн харшил төрүүлэгчээс хол байлгаж, орчны болон эрсдэлт хүчин зүйлийн нөлөөг багасгах арга хэмжээг авч байдаг.

Сүүлийн жилүүдэд манай оронд төвлөрсөн хот суурин газруудын хот тохижуулалтын алба нь ургамлуудыг цэцэглэхээс нь өмнө тайралт таналт хийх, шарилж, хөл газрын ургамалтай тэмцэж байна. 

Манай улсын харшил судлалын салбар төр, хувийн хэвшлийн түвшинд маш сайн хөгжиж байна. Орон нутаг болон  төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгүүд дээр харшлын тасаг, кабинетүүд хүртэл бий болсон.

-Та Эрүүл мэндийн сайд байхдаа харшлын эсрэг ямар бодлого хэрэгжүүлсэн бэ?

-Халдварт бус өвчний үндэсний хөтөлбөр батлагдсан. Халдварт бус өвчний үндэсний хөтөлбөр дээр бүхий л нийгэмд гажуудал болж иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж буй өвчин эмгэгийн өвчлөлийг бууруулах талаар тодорхой зүйл заалтууд орсон байдаг. Төвлөрсөн хот суурин газруудын хот төлөвлөлт, орчны эрүүл мэндийн талаар сөрөг нөлөө үзүүлж буй зарим хүчин зүйлийг бууруулах тал дээр засгийн газар, хотын захиргаа бусад холбогдох яамдуудтай хамтарч ажилласан.

Тухайлбал ургамлын тоос тоосонцороос хамгаалах талаар улсын зөвлөгөөн хийж “Шарилжгүй Улаанбаатар” хөтөлбөрийг анх санаачилж байлаа. Ямар ч байсан иргэн бүр хашаандаа шарилж ургуулаад байвал болохгүй, мод нахиалаад гудамжинд тоос нь хийсээд байвал болохгүй гэдгийг иргэд аж ахуйн нэгжүүд ойлгож тандалт тайралт хийдэг болсон доо. 

-Хувийн эмнэлэгт иргэд ихэвчлэн ямар хүсэлт тавьдаг вэ. Улсаас ямар дэмжлэг үзүүлдэг вэ?

-Монгол Улсын иргэд эрүүл мэндийн засаглалаас үл хамааран төрийнх ч бай, хувийнх ч бай адил тэгш үйлчлүүлэх эрхтэй. Тийм учраас төрөөс зөв бодлого явуулбал иргэдийнхээ халааснаас төлөх төлбөрийг багасгах, тэднийг санхүүгийн эрсдэлээс хамгаалах бүрэн боломжтой. Хувийн хэвшил нь төрийн эмнэлгийнхээ ачааллыг хуваалцах зарчмаар ажиллах ёстой. Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хэмжээнд хувийн хэвшил гэдэг бол эрүүл мэндийн салбарын нэг л хэсэг нь. Тийм болохоор хувийнх, улсынх гэж ялгахгүйгээр аль болох ялгаа заагийг төрийн бодлогоор зохицуулж арилгах хэрэгтэй. Тиймээс би Эрүүл мэндийн сайд байхдаа иргэдээ санхүүгийн эрсдэлээс хамгаалах зорилгоор төр хувийн хэвшлийн түншлэлээр маш олон зүйлийг хийсэн. Үүний үр дүнг ард иргэд л хүртэж байгаа.  

Тухайлбал, бөөр орлох гемодиализийн тусламж үйлчилгээг хувийн хэвшлээр гүйцэтгүүлж санхүүжилтийг нь төрөөс дааж иргэнд санхүүгийн дарамт үзүүлэхгүйгээр Засгийн газрын тогтоол гаргуулж байсан. “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд элэгний С вирусын илрүүлэг болон тоолох шинжилгээг хувийн хэвшлээр хийлгүүлж төрөөс зардлыг нь олгосон. Мөн хэвтэн эмчлүүлэх тусламж, үйлчилгээг үзүүлэхэд хувийн хэвшлүүд улсын эмнэлгүүдтэй адилхан болсон. Өөрөөр хэлбэл, даатгалаас санхүүжих санхүүжилт нь адилхан болсон учир иргэдийн халааснаас гарах мөнгө нь багасна гэсэн үг. Санхүүжилтийн орчин нь адилхан болоод ирэхээр төрийн ачааллыг хувийн хэвшил хуваалцдаг зарчим үйлчилнэ. Энэ тогтолцоог цаашид улам сайжруулбал олон эмнэлэг барих шаардлагагүй бөгөөд иргэдийн хүлээгдэл чирэгдэл багасна.

-Баярлалаа

Эрхэмбаяр БУЛГАН

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...