LOADING

Type to search

Эрүүл мэнд

Яаралтай ууж жирэмслэхээс хамгаалах эмийг 72 цагтаа багтааж уухгүй бол үр дүнгүй

Share

Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн дунд яаралтай ууж жирэмслэхээс хамгаалах эмийг буруу эсвэл байнга хэрэглэх гэх мэт хэрэглээтэй холбоотой буруу ташаа ойлголтууд нилээд түгээмэл байдаг тул энэ сэдвээр зөвлөмж, мэдээллийг хүргэж байна.

Яаралтай ууж жирэмслэхээс хамгаалах эм – Прегнон

Яаралтай ууж жирэмслэхээс хамгаалах эмийг хамгаалалтгүй бэлгийн хавьталд орсноос хойш 3 хоног буюу 72 цагийн дотор жирэмслэхээс хамгаалах зорилгоор ууж хэрэглэнэ.

Үйлчлэх механизм

Эм бэлгийн эсийг гадагшлах, үр тогтох, үр тогтсон эм бэлгийн эсийг умайн хананд бэхлэгдэх үйл явцыг саатуулдаг гэж үздэг. Хэрэв эм бэлгийн эс умайн хананд бэхлэгдэх үйл явц нэгэнт эхэлсэн бол эмийн үйлчилгээ үр дүнгүй болох ба ургийн хөгжилд мэдэгдэхүйц гаж нөлөө үзүүлэхгүй.

Үр дүн

Энэ аргыг зөв хэрэглэсэн тохиолдолд хэрэглэсэн эмэгтэйчүүдийн 2% нь жирэмслэх магадлалтай.

АНХААР!

    Яаралтай ууж жирэмслэхээс хамгаалах эм нь жирэмслэхээс хамгаалах байнгын найдвартай арга биш бөгөөд БЗДХ, ХДХВ/ДОХ-оос хамгаалахгүй.

    Хэрэглэсний дараа зарим эмэгтэйчүүдэд дотор эвгүйрэх, огиулах, бөөлжих, толгой эргэх, толгой өвдөх зэрэг гаж нөлөө үзүүлдэг.

Ямар үед хэрэглэх вэ?

    Жирэмслэхээс хамгаалах эм, хэрэгсэл хэрэглээгүй үед

    Жирэмслэхээс хамгаалах эм хэрэгслийг буруу хэрэглэсэн үед: Тухайлбал:

Бэлгэвч урагдсан, мултарсан, бэлгэвч сугалах үед үрийн шингэн асгарсан – Умайн хүзүүний таглавч, үтрээний хаалтыг буруу байрлуулсан, эсвэл тэдгээр нь урагдсан, цоорсон

Жирэмслэхээс хамгаалах уламжлалт аргаар биений юмны мөчлөгөө буруу тооцсон

        Ерөндөг унасан, доошилсон

        Бэлгийн хүчирхийлэлд өртсөн

Хэрэглэх заавар

    Яаралтай ууж жирэмслэхээс хамгаалах эмийг /Прегнон/ хамгаалалтгүй бэлгийн хавьталд орсноос хойш 72 цагийн дотор эхний шахмалыг, түүнээс 12 цагийн дараа дараагийн шахмалыг ууж хэрэглэнэ.

    Мөн дааврын хавсарсан уух эм /Феминил, Микрогинон/-ийг хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орсноос хойш 72 цагийн дотор 4 ширхэгийг давхарлан түүнээс 12 цагийн дараа дахин 4 ширхэг эмийг ууж хэрэглэнэ

АНХААР!

    Эмийг хэрэглэснээс хойш 2 цагийн дотор бөөлжсөн тохиолдолд эмийг заавал давтан хэрэглэнэ.

    Хоол идсэний дараа эмийг хэрэглэснээр бөөлжис цутгах, дотор эвгүйрэх, бөөлжих гэх мэтийн гаж нөлөөг бууруулж болно.

    Энэхүү эм нь жирэмслэхээс байнга хамгаалах арга биш бөгөөд жирэмслэхээс яаралтай хамгаалахад тохиромжтой. Өөрөөр хэлбэл байнгын хамгаалах хэрэгсэл болгож болохгүй.

    72 цаг уруу ойртох тусам хамгаалах чадвар нь буурна.

Яаралтай ууж жирэмслэхээс хамгаалах эмийн үйлдэл

    24 цагийн дотор эмийг хэрэглэвэл 95%

    25-48 цагийн хооронд эмийг хэрэглэвэл 85%

    49-72 цагийн хооронд эмийг хэрэглэвэл 58 %

Хэрэв эмийг 72 цагийн дараа уувал эмийн жирэмслэхээс хамгаалах үйлдэл байхгүй байна.

Прегнон эмийн хэрэглэх арга, тун

Бэлдмэлийг бэлгийн хавьтлын дараа 72 цагийн дотор 750 мкг тунгаар ууж хэрэглэх бөгөөд эхний тунгаас хойш 12 цагийн дараа дахин 750 мкг тунгаар хэрэглэнэ.

Прегнон ямар нэгэн гаж нөлөөтэй юу?

    Зарим эмэгтэйчүүдэд толгой эргэх, ядрах, хөх хөндүүрлэх, хэвлий орчмоор өвдөх
    Цөөн тооны хүмүүс дотор муухайрах бөөлжих
    Биений юмнын мөчлөг богиносох, цусархаг ялгадас гарах шинж тэмдгүүд ажиглагдаж болно.

Прегнон эмийн ашиг тус:

Эм нь яаралтай жирэмслэхээс хамгаалах үйлдэлтэйгээс гадна доорхи эерэг нөлөө үзүүлнэ.

    Хөхний хавдараас урьдчилан сэргийлэх

    Төмөр дутагдлын цус багадалтыг бууруулах.

    Эндометрийн хавдраас сэргийлэх

    Умайн гаднах жирэмслэлтээс сэргийлэх

Прегнон эмийг ууж хэрэглэсний дараа эмчид хандах хэрэгтэй юу?

    Өөрийгөө жирэмсэн гэж үзсэн тохиолдолд

    Биений юмны мөчлөгийн хугацаа 7 өдрөөр хойшлох эсвэл хугацаа нь богиносох, мөчлөг хэвийн ирдэг хэмжээнээс багасах

    Гэнэт хэвлийн доод хэсгээр өвдөх

    Яаралтай жирэмслэхээс хамгаалах эмийн бэлдмэлийг буруу хэрэглэсэн

    БЗДХ авсан байж болзошгүй гэж үзсэн тохиолдолд та эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй Доорхи тохиолдолд жирэмслэхээс хамгаалах эмийн үйлдэл үйлчлэхгүй

    Эмийг 72 цагаас хоцорч уусан

    Эмийг ууснаас 2 цагийн дотор бөөлжсөн

    Эмийг ууснаас хойш дахин хамгаалалтгүй бэлгийн хавьталд орсон

Цээрлэлт:

    Элэг ба цөсний замын өвчнүүд, шарлалт

    Жирэмсэн үе

    Бэлгийн бойжилтийн үе

    Чихрийн шижин өвчтэй

Анхааруулга

Бэлдмэлийг биений юмны мөчлөг нь хэвийн явагддаг эмэгтэйчүүд л хэрэглэнэ. Рифампицин, тетрациклин ампициллин зэрэг бэлдмэлүүдтэй хамт хэрэглэхэд бэлдмэлийн үйлдэл сулардаг.

Прегноныг хаанаас худалдаж авч болох вэ?

Прегнон-ыг Мари Стопсын Жирэмслэхээс хамгаалах хэрэгслийн нийгмийн маркетингийн хөтөлбөрөөс бүх эмийн сангуудаар дамжуулан худалдаалж байна.
Хэрэв танд энэ эмийн талаар ямар нэг тодруулах зүйл юмуу эсвэл нэмэлт зөвлөгөө шаардлагатай бол Мари Стопсын нөхөн үржихүйн эмнэлэгүүд, өрхийн эмч, эмийн санч эсвэл гэр бүл төлөвлөлтийн эмнэлэгт хандана уу.

Түгээмэл ирдэг асуултууд:

– Яаралтай ууж жирэмслэхээс хамгаалах эмийг хэдий хэр хугацаанд дахин давтан хэрэглэж болох вэ?

Хариулт: Өндгөвчний үйл ажиллагаанд өөрчлөлт үзүүлдэг учраас аль болох нэн яаралтай үед хэрэглэх. Жилд 1-2 удаа буюу 6 сард 1 удаа хэрэглэж болно. Ойр ойрхон хэрэглэх нь өндгөвчний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг.

– Яаралтай ууж жирэмслэхээс хамгаалах эм нь үргүй болгодог уу?

Хариулт: Өндгөвчний үйл ажиллагааг дарангуйлдаг учраас хэсэг хугацаанд өндгөвчний үйл ажиллагаа хэвийн болтол жирэмслэхгүй байж болно. Үргүйдэлд хүргэхгүй.

– Яаралтай ууж жирэмслэхээс хамгаалах эмийг уусан цагаасаа хойш яг 12 цагийн дараа уух ёстой юу, хэтэрч уусан тохиолдолд эм үйлчлэх үү?

Хариулт: Өндгөн эсийг умайн бэхлэгдэхээс аль болох өмнө нь уух шаардлагатай бөгөөд хожуу уусан тохиолдолд жирэмслэх боломжтой. Эмийг яг цагтаа буюу 12 цагийн дараа уух хэрэгтэй.

– Энэ эмийг ууснаар биений юмны мөчлөгт өөрчлөлт оруулах уу?

Хариулт: Дээрх эм нь дааврыг өндөр тунгаар агуулсан байдаг учраас өндгөвч, умайн үйл ажилагаанд сөргөөр нөлөөлж мөчлөггүй цус алдах буюу биений юмны хооронд бага зэргийг цусархаг ялгадас гарах, биений юм олон хоногоор ирэх, биений юмны мөчлөг богиносох, уртсах гэх мэт өөрчлөлт гарч болно.

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!