LOADING

Type to search

Эмч зөвлөж байна

Ш.Энхмаа: Давхраа хийлгэсний дараа дараах дэглэмүүдийг барих хэрэгтэй

Share

Манай улсад хамгийн өргөн хийгддэг мэс ажилбарын нэг нь давхраа оёулах аж. Азиуд ихэвчлэн онигор нүдтэй, бүлцэн зовхитой байдаг тул давхраа хийлгэх нь олонтаа. Тиймээс нүдний эмч Ш.Энхмаатай давхраа хийлгэх мэс ажилбарын давуу болон сул тал, үр дүнгийн тухай дэлгэрэнгүй ярилцлаа.        

-Хүмүүс ихэвчлэн давхраатай том нүдийг онцолж, сайханд тооцдог. Давхраа хүн бүхэнд зохидог уу? Хийлгэсний дараа сөрөг нөлөө бий юу?

-Ази эмэгтэйчүүд ихэнхдээ бүлцэн нүдтэй байдаг. Сүүлийн үед хүүхнүүд давхраатай нүдийг илүүд үздэг болсон. Зарим хүн нүдээ жижигхэн, бүлцэн учраас давхраа зохихгүй гэж боддог ч хийлгэсний дараа гоё харагдах тохиолдол байдаг. Тэгэхээр давхраа нь хүнийг гоо сайхан харагдуулахаас гадна өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлдэг. Мөн нас ахих тусам хүний зовхины арьс унждаг. Тэр тохиолдолд бас эмчилгээний зориулалтаар давхраа хийнэ. Заавал гоо сайхан, гоё болох гэж давхраа хийлгэдэг юм биш. Учир нь зовхи унжаад нүдний харах талбайг хааж, багасгаад байвал давхраа хийж, татаж эмчилдэг. Ер нь хүмүүс давхрааны хажуугаар нүдний сэтэлгээ их хийлгэдэг болжээ. Энэ ч мөн адил гоо сайхан болон нөгөө талдаа эмчилгээний зориулалттай байдаг. Гоо сайхны талаасаа бол нүдийг арай урт болгох зорилгоор хийдэг гэсэн үг. Нүдний дотор булангийнх нь арьс битүү нүдтэй буюу мэргэжлийн хэллэгээр эпикантустай хүмүүс байдаг. Энэ тохиолдолд эмчилгээний зорилгоор сэтэлгээ хийдэг л дээ. Давхраа хийлгэсний дараа нүдний харах талбай томордог. Манай орон хуурай уур амьсгалтай болохоор нүд хуурайших тохиолдол бий. Хүмүүс давхраа хийлгэхээр хялар болдог, харах байдалд нөлөөлдөг гэж ярьдаг. Тийм ямар ч сөрөг нөлөө байдаггүй. 

-Зовхи унжих үед давхраа хийдэг гэж байна. Энэ нь давхраатай, давхраагүй ямар ч нүдтэй хүнд хийж болно гэсэн үг үү?

-Давхраатай байсан ч хийлгэж болно. Зарим хүн залуудаа би их том нүдтэй байлаа гэж ярьдаг. Нас яваад ирэхээр зовхи нь унжаад давхраагаа даваад сормуусаа дардаг. Хүн хүүхэн хараагаараа бүх талбайг харж байдаг. Гэтэл зовхи унжаад ирэхээр харах талбайн 40-50 хувийг хаачихдаг юм. Үүнээс болоод тухайн хүнд их зовиуртай болчихдог. Тиймээс ийм үед эмчилгээний зорилгоор унжсан арьсыг авч, давхрааг нь том болгох, давхраагүй бол давхраатай болгодог. 

-Давхраа хийлгэсний дараа ямар нэгэн гам барих шаардлагатай юу

-Мэдээж мэс засал учраас давхраа хийлгэсний дараа үрэвслийн эсрэг антибиотик уух хэрэгтэй. Мөн хүйтэн жин тавьдаг. Яг хагалгааны дараах долоо хоногт хүнд юм өргөх, доошоо тонгойх, халуун уур, саунд суух зэргийг хориглодог. Шарх эдгээд 14 хоногийн дараагаас айхтар сахих дэглэм байхгүй. Давхраа хийлгэсэн л бол тэр хүний насан туршийн өөрчлөлт гэсэн үг. Давхраа нь гарчихна гэсэн юм байхгүй. Яагаад гэвэл манайх давхрааг зүслэгээр хийдэг. Тиймээс давхраагүй болох асуудал үүсэхгүй л дээ. Мэдээж бид нар давхраа хийхдээ тухайн хүний нүдний онцлог, зовхины нимгэн, зузаанаас нь шалтгаалж зүслэгээ хийдэг учраас санаа зовохгүй байж болно. Ер нь утас гүйлгэж давхраа хийдэг газрууд байдаг. Хэдэн жилийн баталгаа өгдөг юм байна лээ. 

– Давхрааг зүслэгээр хийх, утсаар гүйлгэх зэрэг олон төрлөөр хийдэг байх нь ээ. Ер нь давхрааг хэдэн аргаар хийдэг вэ?

– Ерөнхийдөө хоёр л арга байна. Нэг бол зүслэгээр давхраажуулах эсвэл утас гүйлгэж давхраа хийдэг. Утсаар хийсэн давхраа эргээд тавигдах тохиолдол байдаг. Энэ төрлийн арга голдуу нимгэн зовхитой хүмүүст тохирдог. Өөхөн эд багатай гэсэн үг шүү дээ. Давхрааны зүсэлт харагдахгүй учраас өөрийн юм шиг харагддаг. Гэтэл манай охидын нүд ихэнх нь бүлцэн, зузаан зовхитой байдаг. Ийм тохиолдолд утас гүйлгэсэн ч нэмэр байхгүй л дээ. Харин хийлгэх хэлбэр нь янз янз. Зарим хүмүүс нүдний булан руу гүн орсон давхраа сонирхдог. Эсвэл булан руугаа ороогүй задгай давхраа гоё гэдэг хүмүүс ч бий. Сүүлийн үеийн чиг хандлагаар хүмүүс нүднийхээ булан руу давхраагаа нэг их гүн оруулахгүй байгаа. Эмч нарын техник хүртэл өөр өөр. Зарим эмч нар булан руу оруулбал зүгээр гээд хийдэг. Энэ нэршлүүд нь зүгээр хүмүүсийн л нэрлэсэн байдал шүү. Анагаахын хэллэгээр задгай, битүү гэсэн зүйл байхгүй л дээ. Сүүлийн үед хүмүүс сэтэлгээ их сонирхож байгаа. Азиуд зовхи зузаантай, богинохон нүдтэй байдаг. Богинохон нүдэнд давхраа хийхээр бөөрөнхий товч шиг өөрийн биш харагдах магадлалтай болохоор сэтэлгээ хийвэл илүү урт нүдтэй харагддаг. 

– Дэлхий нийтэд давхраа хийдэг дээрх хоёр арга байдаг гэж ойлгож болох уу. Эсвэл зөвхөн Монголд л энэ хоёр аргаар давхраа хийж байна уу?

– Дэлхий нийтэд гэж хэлж болохгүй. Саяхан би азийн нэг оронд давхраа хийж байгаа бичлэг харлаа л даа. Зовхийг гаднаас нь зүсэлт хийхгүй дотор талаас нь оёж давхраа хийж байсан. Ийм аргаар Монголд хийдэг тохиолдол байдаг гэсэн. Маш мэдрэмжтэй, туршлагатай эмч л энэ аргаар хийх байх. Яагаад гэвэл зовхины цаана байгаа өөх, булчинг аль түвшинд авч байгаагаа мэдрэхэд эмчид маш их туршлага хэрэгтэй. 

– Нүд бол маш эмзэг, чухал эрхтэн шүү дээ. Зовхинд зүсэлт хийхэд нүдний хараанд гаж нөлөө үзүүлдэг үү. Зарим хүн хараандаа нөлөөлөхөөс эмээгээд давхраа хийлгэдэггүй гэсэн.

– Нүд давхраажуулах нь зовхины өнгөц хагалгаа юм. Хагалгаа хийх явцад булчингийн эдийг хүчтэй, гүн авах юм бол нүд өргөгч булчинг гэмтээх магадлалтай. Нүдний гүнийг тойрсон нүдийг хөдөлгөгч зургаан булчин бий. Хэрвээ зүслэг хийж байхдаа өргөгч булчинг гүн хайчилбал нүдний булчингийн үйл ажиллагаа алдагдана. Өөрөөр хэлбэл, эргээд нүд анигдахгүй эсвэл өргөгдөхгүй болно гэсэн үг. Гэхдээ ийм тохиолдол манай улсад гарсан эсэхийг мэдэхгүй юм. Хараанд нөлөөлөх зүйл байхгүй. Хүмүүс хараагүй болох уу, хялар болох уу гэж их асуудаг. Нүдний өнгөц мэс ажилбар учраас ийм зүйл болохгүй. Хэрвээ хэт том давхраа хийвэл нүд хурц төрхтэй болох тохиолдол бий. Ази царай их зөөлөн төрхтэй. Гэтэл европчууд шиг хурц болгох гээд байдаг л даа. Эмч өөрийнхөө мэдрэмжинд тохируулж хийх хэрэгтэй. Хүний нүд яг нэг шугаманд, нэг хэмд байдаггүй болохоор заримдаа сайн ажиглавал давхраа нь дээр доор болох тохиолдол байна. 

– Давхраа хийлгэхээр төлөвлөж байгаа олон хүн байгаа байх. Та тэдэнд зориулж зөвлөгөө өгөөч?

– Үнэхээр давхраа зохидог бол давхраа нааж цаг алдалгүй хийлгэх хэрэгтэй. Учир нь байнга хуулж, наагаад байхаар зовхи суларчихдаг. Дээр нь харшилтай болох ч магадлалтай. Насан туршийн өөрчлөлт учраас маш сайн бодох хэрэгтэй. Хумсаа янзлуулж, үсээ засуулах төдий зүйл биш шүү. Эцэг эхээс заяасан нүдийг өөрчлөх гэж байгаа учраас сайн бодох хэрэгтэй. Хамгийн гол нь эмэгтэй хүн өөртөө сэтгэл хангалуун байх хэрэгтэй гэж боддог. 

– Давхраа хийлгэхэд насны зааг байдаг уу?

– Хүний нүдний өсөлт 17, 18 нас хүрээд зогсдог гэж анагаахын шинжлэх ухаанд үздэг. Гэхдээ бага насны хүүхдэд сормуус нь дотогш эргэж нүд рүү нь орох тохиолдол байдаг. Сормуус нүд рүү нь орж, нулимс нь гараад байдаг завороть гэж өвчин байхгүй юу. Тэр үед 7, 8 настай хүүхэд байсан ч гэсэн давхраа хийдэг. Хэрвээ гоо сайхан харагдах талаасаа хийлгэхээр бол 16-аас дээш наснаас эхэлж хийдэг. 

– Ямар улиралд хийвэл илүү тохиромжтой байдаг вэ?

– Мэдээж мэс засал учраас сэрүүний улиралд хийлгэхэд үрэвсэх нь бага байдаг. Халууны үед онцгүй. Гэхдээ сүүлийн үед улирал хамаарахгүй хийж байна. Хүн чинь өөрийгөө мэдэж байгаа шүү дээ. Мэдээж нүд нь ийм байхад халуунд шараад, өвөл хүйтэнд гадаа гүйгээд байх хүн байхгүй болохоор аль ч улиралд хийлгэсэн болно. Халдвар орох магадлалтай учраас ус хүргэхгүй, ариутгалын уусмалаар арчиж, тосоо түрхэх хэрэгтэй байдаг. Хийлгэснээс хойш долоо хоногийн дараа оёдлоо авдаг. Тэгээд шарх эдгэрдэг гэж үздэг. 

– Давхраа хийхэд тухайн хүний нүүрний хэлбэрийг хардаг байх. Тохирсон давхраа хийхийн тулд нүүрний аль хэсгээс хэмжилт хийдэг вэ?

– Тухайн хүний хүсэлтийг асуудаг. Хэр том давхраа сонирхож байгааг нь мэдэх хэрэгтэй. Жижигхэн, богинохон нүдтэй охин орж ирээд өндөр давхраа хүсээд байвал эмчийнхээ үүднээс ойлгуулна. Хиймэл харагдуулахгүйн тулд чамд цэвэрхэн, жижиг сэтэлгээтэй давхраа тохирно гэдгийг тайлбарладаг. Харин урт нүдтэй нимгэн зовхитой охин орж ирээд жижигхэн давхраа хүсээд байвал чамд өргөн давхраа зохино гэдгийг эмчийнхээ зүгээс зөвлөдөг. Түүнээс биш төдий өдий см гэсэн техник байхгүй л дээ. Харин нүд, хөмсөг хоёрын хоорондох зай давхрааг өргөн, нарийн хийхэд нөлөөлнө. 

– Хүний наснаас үл хамаараад нүдний аяганы хэмжээ ижил байдаг тухай уншиж байсан. Энэ үнэн үү? 

– Яг үнэн. Хүний гар, хөлний яс маш сайн томордог. Гэтэл хүний нүдний ухархайн яс багахан хэмжээнд томордог. Багадаа дүрлийсэн том нүдтэй хүүхэд томроод тэгж харагдахаа болих тохиолдол байдаг. Энэ нь нүд жижигхэн болох биш, хамар шанааны яс том болсонтой холбоотой. Харин хасах шил зүүдэг хүмүүс байдаг шүү дээ. Тэдний нүдний алим өсвөр насандаа эрчимтэй арагшаа сунах тохиолдол байдаг. Тиймээс шилийг нь жил болгон тааруулж байх хэрэгтэй. 

Эх сурвалж zaluucom

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!