₮ 0

No products in the cart.

Л.Амгалан: Цөсний хүүдийгээ авахуулсан ч хөдөлгөөн багатай байдаг, илүүдэл жинтэй бол дахиад чулуу үүсэх тохиолдол бий

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий мэс заслын тасгийн эрхлэгч, анагаах ухааны доктор, гавьяат эмч Л.Амгалантай цөсний өвчлөлийн талаар ярилцлаа. 

-Монголчууд цөсний хагалгаанд их орох боллоо гэж ярих юм. Танай эмнэлэгт жилд хэчнээн хүн цөсний хагалгаанд ордог вэ? 

-Орон нутгийн эмнэлгүүдийн хагалгааны тухай мэдээлэл манай эмнэлэгт ирдэг л дээ. 2014 оны байдлаар улсын хэмжээнд нийт 155 мянга гаруй хүн хагалгаа хийлгэсэн байна. Үүнээс 120 мянга гаруй нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Статистик мэдээллээс харахад улсын хэмжээнд жилд 6000 гаруй иргэн цөсний хагалгаанд орж байна. Үүний 4000 гаруй нь нийслэлд. Орон нутагт 2000 орчим, манай эмнэлэгт 1200 гаруй хүн цөсний хагалгаанд ордог судалгаа бий. 

-Цөсний өвчлөл залууст хэр их тохиолдож байна вэ. Таны мэдээллээс харахад өвчлөл өндөр байгаа бололтой? 

-Сүүлийн үед цөсний өвчлөл залуужиж байна. Энэ нь хөдөлгөөний хомсдол, хэт таргалалттай холбоотой. Мөн өөх тостой хоол их идсэнээс шалтгаалж цөс өвчилдөг. Бодисын солилцоо алдагдсанаас болж цөс өвчилдөг. Хүмүүс явган явах, гүйх дургүй болж. Энэ нь цөс өвчлөх үндэс болж байна. Цөсний хагалгааг хоёр өвчний шалтгаанаас болж хийдэг. Цөс чулуужих, цөсний уутанцрын идээт үрэвслийн үед хагалгаа хийх зайлшгүй шаардлага гардаг. Ер нь ажиглаад байхад баяр ёслолын дараа цөсөө авахуулах нь эрс нэмэгддэг. Саяхан Цагаан сарын дараа гэхэд л манай эмнэлэгт 8-9 хүн цөсний хагалгаа хийлгээд байна. 

Өөх тостой хоол идэх, хөдөлгөөн дутагдсанаас цөс чулууждаг

Бид өмнө нь цөсний хагалгааг нээх аргаар хийдэг байлаа. Сүүлийн жилүүдэд дурангаар хийдэг болсон. Дурангийн хагалгаа манай улсад нэлээд хөгжиж байгаа. Манай эмнэлэгт 2014 онд 800 гаруй хүн дурангийн хагалгаа хийлгэсэн байна. Ийм хагалгаа нь хөдөлмөрийн чадвар алдалтын хугацааг багасгах давуу талтай. Залуучууд ихэвчлэн дурангийн хагалгааг сонгодог. 

-Цөсний чулуу юунаас болж үүсдэг вэ. Чулуутай байна гэж оношлуулсан тохиолдолд заавал хагалгаанд орох шаардлагатай юу? 

-Сүүлийн үед технологи сайжирч, эмч нарын чадвар дээшилсэнтэй холбоотой цөсний чулууг сайн оношилдог болсон. Намайг оюутан байх үед 10 хүн үзэхэд хоёрынх нь чулууг л оношилж чаддаг байлаа. Одоо 10 хүнээс найм, ес нь чулуутай байх жишээтэй. Гэхдээ бид чулуутай гэж оношлогдсон тохиолдол бүрт хагалгаа хийхийг хүсдэггүй. Хүний эрүүл мэндтэй холбоотой асуудал учир тухайн өвчтөнийг эрхтнээс нь тийм хурдан салгах бодол эмч нарт байхгүй. Тиймээс олон чулуутай гарсан, жилд хоёроос гурван удаа хүчтэй өвдсөн, мөн эмийн эмчилгээ хийлгээд үр дүн гараагүй, нүд шар туяатай болж, цөс цусандаа орсон тохиолдолд л хагалгаанд орохыг зөвлөдөг.

Түүнээс ганц чулуу байсан тохиолдолд хагалгаа хийхгүй. Ер нь цөсний хагалгаанд голдуу эрчүүд ордог. Эмэгтэйчүүд хоолны дэглэм барих, өөх тостой хоол бага иддэг учраас өвчнийг хянаж чаддаг. Харин эрчүүд дэглэм сахиж чаддаггүй. Цөсний чулууг зарим хүмүүс давсны хэрэглээтэй холбож ойлгодог. Гэхдээ давс цөсөнд нөлөөлөхөөс илүү бөөрний чулуу үүсэхэд нөлөөлдөг. Цөс чулуужих өвчин бол өөх тостой хоол идэх, хөдөлгөөн дутагдсанаас болж үүсдэг. Зарим хүний цөснөөс зангидсан гар шиг хэмжээтэй чулуу гарах нь ч бий. 

-Сүүлийн үед өөх бол өвчин гэж ярих боллоо. Гэтэл зарим эмч тодорхой хэмжээгээр өөх идэх хэрэгтэй гэж зөвлөх юм? 

-Монгол орон эрс тэс уур амьсгалтай учраас огт өөх идэхгүй байж болохгүй. Гурван есийн хүйтнийг мах, өөх хэрэглэхгүйгээр давах аргагүй шүү дээ. Бидний уламжлалт зан үйл, амьдралын хэв маяг зэргээс шалтгаалаад гадныхныг бодвол цөс чулуужих өвчин элбэг тохиолддог. Манай тасагт хийдэг хагалгааны 30- 40 хувь нь цөснийх байдаг. 

-Цөсний хагалгаа хийлгэсний дараа чулуу үлдэх тохиолдол гардаг уу? 

-Цөснийхөө уутанд болоод сувгандаа чулуутай байсан тохиолдолд хүүдийг нь авсны дараа сувган дахь чулуу нь үлдэх гээд байдаг тал бий. Маш ховор тохиолдол л доо. Хэдийгээр цөсний хүүдийгээ авахуулсан ч хөдөлгөөн багатай байдаг, илүүдэл жинтэй бол чулуу үүсгэх эх үүсвэр нь тухайн хүний биед байна гэсэн үг. Тэгэхээр дахиад чулуу үүсэх тохиолдол бий. Дахисан чулууг манай эмнэлэгт ирж авахуулдаг. 

Таван эмэгтэй, 10 эрэгтэй тутмын нэг нь цөсний замын өвчнөөр өвдөж байгааг судалгаагаар тогтоожээ

Зөвхөн чулуужих өвчнөөс гадна цөсний хүүдийд ургацаг ургасан тохиолдолд хагалгаа хийдэг. Энэ бол хавдрын урьтал өвчин. Тиймээс ургацагтай гэж оношлуулсан үед заавал цөсөө авахуулах шаардлагатай. 

-Цөсөө авахуулсны дараа хүний биед ямар өөрчлөлт гарах вэ? 

-Хүний элэг цөсийг үүсгэдэг. Өдөрт 800 гаруй грамм цөс ялгарна. Өөх тостой хоол идэх үед уутанд байгаа цөс шахагдаж гэдсэнд орно. Ерөнхийдөө өөх тосыг боловсруулдаг эрхтэн гэж ойлгож болно. Хэрэв чулуутай болсон тохиолдолд өөх тостой хоолоо боловсруулж чадахгүй болдог. Хүний биед айхтар шинж тэмдэг илрэхгүй ч тодорхой хэмжээний зовиур мэдрэгдэнэ. Монголчууд бол хүн эмчлэх хамгийн дуртай хүмүүс. Аналгин уугаад намдахгүй бол ношпа өгчихдөг. Өөрсдөө эмчлээд эдгэрэхгүй бол эцсийн мөчид эмчид ханддаг. 

Хүн олон удаа өвдөөд ирэхээр гэр бүлээрээ хямардаг учраас эцэстээ цөснийхөө чулууг авахуулах шийдвэр гаргадаг. Гэвч цөсний хагалгаа 100 хувь амжилттай болдоггүй. Хагалгааны дараах эрсдэлийг давах чадвартай байх шаардлагатай. Нэг эрхтнээсээ сална гэдэг юу нь сайхан байх билээ. Барагцаагаар зургаан сар дэглэм барихаас эхлээд тэвчээр шаардсан зүйлтэй тулгардаг л даа. Тиймээс хүмүүс өвчлөхөөсөө өмнө урьдчилан сэргийлэх л хамгийн зөв зам. 

-Хүмүүс хэрхэн урьдчилан сэргийлэх ёстой вэ?

-Цөсний өвчлөлөөс урьдчилан сэргийлэхийн тулд хөдөлгөөнтэй байх хэрэгтэй. Өөх тос бага хэрэглэх, шарсан хуурсан хоол байнга идэхгүй, зөв хооллох ёстой. Жилд нэг удаа мэргэжлийн эмчид хандаж зөвлөгөө авбал сайн.

Б.Гандолгор 

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...