₮ 0

No products in the cart.

“Элэгний хавдрыг 3 см-ээс бага үед нь оношилж чадвал 15 минутад эмчлэх боломжтой”

Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Чинбүрэнтэй ярилцлаа.

-Та ажлаа аваад удаагүй байна. Манай улсын хамгийн ачаалалтай, нарийн мэргэжлийн эмнэлгийг цаашдаа хэрхэн удирдах төлөвлөгөөтэй байгаа вэ?

-Хавдар судлалын үндэсний төв хоёр төрлөөр үйл ажиллагаа явуулж байгаа. Эмнэлгийн тусламж үйлчилгээ бол тийм муу биш. Бид маш олон төрлийн эмчилгээг нэвтрүүлж байна. Мөн Засгийн газар хоорондын хөнгөлөлттэй зээлээр туяа эмчилгээний том дэвшил гарах гэж байна . Хамгийн төвөгтэй асуудал нь урьдчилан сэргийлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх. Тиймээс хүн амд тохиолдож байгаа хорт хавдрыг хэрхэн бууруулах, эрт илрүүлэх, эрсдэлт хүчин зүйлүүдийг хэрхэн арилгах вэ гэдэгт илүү чиглэсэн үйл ажиллагаа явуулна гэж бодож байна. Нэг үгээр хэлбэл, хожуу үед нь илрүүлж эмчлэх биш, эрт үед нь эмчлэх, цаашилбал урьдчилан сэргийлэх тал дээр анхаарч ажиллана.

-Монгол Улс хавдрын өвчлөлөөр дэлхийд тэргүүлдэг гэдэг яг аль төрлийн хавдрын өвчлөл их байдаг вэ?

-Манай улсад элэгний хорт хавдар, ходоодны хорт хавдар, умайн хүзүүний хорт хавдар гурвуулаа нийлээд Монголд тохиолдож байгаа хорт хавдрын 60 хувийг эзэлж байна . Энэ гурван төрлийн хорт хавдрын асуудлыг шийдсэнээр асар их асуудлыг шийдэх юм. Зөвхөн энэ гурван хавдраар эрт илрүүлэлтийн хөтөлбөр хэрэгжүүлэхэд л 10 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай байна. Гэхдээ “Элэг бүтэн Монгол” Засгийн газрын хөтөлбөрт элэгний хорт хавдрыг эрт илрүүлэх асуудал туссан. 2018 оноос ходоодны хорт хавдрыг эрт илрүүлэх, дараа нь умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлэх хөтөлбөр туссан байгаа ч санхүүжилтийн дутагдлаас болоод үргэлжлүүлж чадахгүй байна.

-Өнөөдөр таван хүн тутмын нэг нь хорт хавдраар өвчилж байна. Энэ өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ. Хувь хүн эрүүл мэнддээ анхаарахаас гадна төрөөс ямар бодлого барьж энэ өвчтэй тэмцэх хэрэгтэй байна вэ?

-Манай улсын хорт хавдрын эмчилгээний үр дүн тийм ч сайн биш. Гэхдээ үүнийг шийдэх арга зам байна. Цаашдаа бид хорт хавдрын эмчилгээ болон нийгмийн эрүүл мэндийн асуудал гэсэн хоёр чиглэлд хувааж үзэх ёстой гэж дээр хэлсэн. Тэгэхээр Хавдар судлалын үндэсний төвийн ажлын томоохон хэсэг бол хорт хавдрыг эрт илрүүлэх буюу оношлох нь нэлээд тулгамдаж байгаа асуудлын нэг.

Бид эрт илрүүлж чадвал эмчилгээний үр дүн төдий чинээ сайн байна. Өнөөдрийн байдлаар нийт оношлогдож байгаа иргэдийн 80 орчим хувь нь хожуу үедээ оношлогдож байна. Ингэснээрээ эмчлэгдэх магадлалтай хүмүүс 20 хүрэхгүй хувьтай байна. Гэтэл БНСУ ходоодны хорт хавдраар дэлхийд тэргүүлдэг. Тэгсэн хэрнээ эрт илрүүлэг нь 80 хувьтай. Эдгэрэх магадлал нь 65-аас дээш хувьтай байдаг. Тиймээс манай улс эрт илрүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд ойролцоогоор 10 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай байна. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлснээр бид жилд хорт хавдраар нас барьж байгаа 3000 хүний 2000-ыг нь аврах боломжтой. Гэтэл одоо бол таван сая төгрөгөөр нэг хүний амийг аварч байна. Харин эрт илрүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлснээр 10 тэрбум төгрөгөөр 2000 хүний амь насыг аварна.

-Жил бүр 10 тэрбум төгрөгийг улсын төсөвт суулгах хэрэгтэй гэсэн үг үү?

-Эрүүл мэндийн бодлогод эмнэлгийн тусламж үйлчилгээ тусдаа, нийгмийн эрүүл мэнд рүү чиглэсэн хөтөлбөр гэж хуваах хэрэгтэй. Ингээд нийгмийн эрүүл мэнд рүү чиглэсэн том хөтөлбөрт 10 тэрбум төгрөг суулгах хэрэгтэй гэсэн үг. Үе шаттайгаар хийж болно. Тухайлбал, эхний жил элэгний хорт хавдар, дараагийн жил ходоодны хорт хавдрын эрт илрүүлэх ч гэдэг юм уу. Жил бүр 10 тэрбум төгрөгийг төсөвлөдөг болоод, аймаг болон дүүргийн эрүүл мэндийн төвүүд дээр энэ үйл ажиллагаа хэрэгжээд эхэлвэл хүн амын дунд хорт хавдрын эрт илрүүлэлт сайжирна. Хорт хавдрын эрт илрүүлэлт сайжирвал эмчилгээний үр дүн сайжирна. Тухайлбал, элэгний хорт хавдрыг гурван см-ээс бага үед нь оношилж чадвал эмчилгээ нь 15-хан минут байдаг. 15 минут эмчилгээ хийлгээд маргааш нь тэр хүн ажлаа хийх боломжтой.

-Санхүүжилт суулгаж иргэдийг сайн дурын үзлэг оношлогоонд үнэгүй хамруулна гэсэн үг үү?

-45-аас дээш настай хүмүүс жил бүр ходоодоо дурандуулах ёстой . Харин В, С вирустэй хүмүүс хяналтад орох, умайн хүзүүний хорт хавдрыг үүсгэдэг вирустэй хүмүүс шинжилгээнд хамрагдаж байх ёстой. Энэ нь эдийн засгийн өгөөжтэй байх хэрэгтэй. Гурван сая хүнд бүгдэд хийгдэхгүй шүү дээ. 

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...