₮ 0

No products in the cart.

Ажлын бор

Хаа газрын хамаатнууд дунд зоолттой нэг тийм нэр муутай, архичин гэдэг нэрээр ах дүүс дундаа цоллуулчихсан бүдэгхэн хорвоог бүдчин туулж явдаг нэг ах хүү байдаг тэ? Энд тэнд зарим хамаатнуудынхаа хамаг л хар бор юмыг хийж гар хөлийн үзүүрт нь зарагдаад л явж байдаг түүнийг архиар аргалаад сурчихсан зарим гарууд шанд нь БАЯРЛАЛАА ч гэхгүй болсон болоогүй ганц юм аваад өгчихнө. Өнөөх муу нь мөрөөрөө тэрийг нь хөнтөрч орхиод чимээгүй явчихна.

Тэгсэн хэрнээ найр наадам, баяр ёслол, хурим найр дээр нөгөө муу “ажлын бороо” нэг удаа ч гэсэн уриад хатавч бараадуулаад ч хамаагүй суулгачихдаггүй нь муухай. Архичин, гуйлгачингаараа ад үзэгдэж, хөөгдөж туугдаад яваад байдаг хэрнээ барагтай бол тэр хэддээ муу санаад явдаггүй нь гайхмаар.

Аавын талын маань хамаатан дунд Галаа гээд нэг ах маань байдаг байсан юм. Хар багадаа ижий ааваа алдчихсан бүтэн өнчин. Гэхдээ айхтар толгой сайтай, сурлага сайтай хүүхэд байсан гэлцдэг. Тэр ч бүү хэл улсаас түүнийг ЗХУ- Архитектур, инженерийн сургуульд сургаж тэр сургуулиа ч амжилттай төгсөж ирсэн гэдэг. Орос, Англи, Герман хэлээр ус, цас. Эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаж, цалин хөлс ч сайн авдаг байсан болохоор тухайн үедээ бас чиг овоо дориун амьдралтай болоод төвхнөөд авсан гэнэ лээ. Хүүхэд байхад их л ганган байрын ах байсан даа. Төрлийн үеэлүүд дундаас надад их сайн. Хүүхэд байхад ‘Миний муу төөрсөн дүү.’ гэж эрхлүүлнэ. Манайд ирэх болгондоо л надад амттай юм авчирдаг байж билээ. Нэг өдөр манай гэрт ирээд намайг тас хар машинд суулгаж аваад өдөржингөө хүүхдийн паркаар тоглуулж, хотын төвөөр зугаалуулж байсныг нь тод санадаг юм. 90-ээд он гараад ид ганзагын наймаа дэлгэрч байсныг ч хэлэх үү сонин содон үнэр амттай чихэр надад их авч өгнө.

Тухайн үед Галаа ах маань 40-н мянгатын нэгэн бүсгүйд хайртай болж удалгүй түүнтэйгээ ч гэрлэж хуримаа хийсэн юм. Тэр үед хүүхдүүд байсан болоод ч тэр үү Галаа ахын хуриман дээр уригдаж очсон үеэлүүд бид нарт амттан өрсөн найрын ширээ ёстой диваажин шиг санагдаж байснаа маш сайн санадаг юм. Найранд уригдсан ах дүүс дуу хуур болоод л… Гэвч хамгийн харамсалтай нь Галаа ах маань ёсолж авсан гэргийтэйгээ тийм ч удаан хамт байж чадаагүй юм. Учир нь эхнэр нь болох өнөөх бүсгүй Галаа ахын маань хүүг гэдсэндээ тээж явж байхдаа гэнэтийн золгүй байдлаар машины аваарт орж хэвлий дэх үртэйгээ цуг амиа алдсан гэдэг. Тэр цагаас хойш Галаа ах маань ёстой сэнсэрч амьдрал нь орвонгоороо эргэж эхэлсэн дээ. Эр хүн нэг доошоо уруудахаараа тэр чигтээ явчихдаг юм билээ. Аргагүй дээ, хайрлаж явсан хүн нь, үртэй нь хамт тэнгэрийн орон зориод явчихаар эр хүнд ямар л олиг байв гэж. Нүдэн дээр нь уруудан доройтож архинд орж, ажил төрлөөсөө гарч, орон байраа зарж, “хар устай” нөхөрлөж эвдэрч яваа хүнийг харахаар хадмууд нь бүү хэл өөрийнх нь хамаатан садан ч тоохоо байчих шиг. Цагийн сүүдэр, хүний сүүдэр хоёр нэг газраа удаан тогтох биш дээ. Тэр үеэс хойш хориод жил өнгөрчээ.

Цаг хугацаа зөрөөд өнгөрөх тоолондоо Галаа ахын маань нүдний цогийг, залуу сайхан насных нь халуун галыг урсгал ус шиг дайран аажим аажмаар унтрааж байлаа. Хэзээ хаанаас олж өмсөөд, хэзээ тайлж хаях нь мэдэгдэхгүй нэг муу ул нь эргэсэн хавар намрын гутал, ажлын хар өмд, юүдэнтэй цамцтай л байнга явж байдаг болчихсон байж билээ. Хэн ч харсан цаанаа л нэг гандуу, гундуу.

Хотын захад нэг айлын хашаанд нурж ойчих дөхсөн нэг бор гэрт амьдардаг байсан сан. Өвөл, зун гэлтгүй вагон тосож ачаа буулгаж олсон хэдэн бор юмаараа гэдсээ борлуулна. Бас болоогүй өнөө нэг ганц юмаа авч ууна. Яаж бие нь дийлдэг юм гэмээр тэнхээтэй нь хачин. Би нэг удаа Галаа ахад “Ингэж зүдэрч байхаар хамаатнуудаа бараадаад нэгнийх нь хашаанд ч гэсэн бор гэрээ бариад амьдарвал яадаг юм дээ та” гэхэд их л дурамчхан “Төвөг, төвөг. Тэгж бусдадаа төвөг удаад яахав. Мөрөө дагаад өөрийнхөөрөө явж байвал ахынх нь жаргал тэр” гээд миний үгийг халгаагаагүй.

Хааяа нэг манайд ирж надтай цуг шатар нүүнэ. “За санасан даа нүүнэ шүү” гээд л тоглоно. Өөрөө хожихоороо надаар нөгөө нэг хэцүү нэртээ заавал авхуулна. Тэрийг нь мэдээд хааяа би албаар хожигдоно. Шатар нүүж байхдаа залуу насныхаа гоё гоё дурсамжаа мөн их ярьж өгдөг сөн. Өөртөө орос бүсгүй дурлуулж явснаа, Москва хотын Арбатын гудамд ГУМ, ЦУМ- н урдуур Герман бенцтэй салхи татуулан давхиж явснаа их ярина. Бүр ‘Гитлерт ах нь Герман хэл зааж явлаа шүү дээ.’ гэж хошигноно. Ганц юмыг нь аваад өгөхөөр хүүхэд шиг баярлаад ‘Дараа ирэхэд шатар сайн нүүдэг болсон байгаарай бацаан минь.’ гээд дух үнэрлээд нээх додигор амьтан алга болж өгнө. ‘Хоноод явахгүй юм уу.’ гэхээр ‘Ах нь ажилтай.’ гээд явчихна. Ямар юмных нь ажил байхав дээ. Ээж, аав хоёрт загнуулах байх гэж санаа нь зовоод хажуугаар нь надаар авхуулсан ганц юмаа уух гээд гүйхээрээ шахуу яваад өгчихөж байгаа нь тэр хөөрхий.

Уугаад байдаг нь л буруу болохоос уул нь их сайн хүн л дээ. Чих зөөлөн болохоор хүний гар хөлийн үзүүрт их зарагдана. Хэдэн хамаатны ах, эгч, дүү нарынхаараа очоод хамаг л хар бор юмыг нь хийчихнэ. Нүүдэл суудал болохоор л нөгөө Галаа, хашаа хороо барих болохоор л нөгөө Галаа, байшин сав барих, мод түлээ буулгаж ачих болохоор л өнөөх Галаа л тэнд явж байдаг болчихсон байсан даа.

Харин тэр нэг намар төрлийн маань нэг залуу хуримаа хийх болсон сургаар түүнд би дээлийн өнгө өгөх гээд гэрт нь явж очтол Галаа ах маань ирчихсэн хашааг нь цэвэрлээд зогсож байна. Би явж очоод ‘Архатаар өөрөөр нь хашаа хороог нь цэвэрлүүлэхгүй яагаа вэ?, залуу хүний гарт яах гэж зарагдаад байдаг юм.’ гэхэд ‘За ямар дандаа ах нь ингэх биш. Цаадах чинь хурим найрын бэлтгэл гээд амжихгүй намайг ирээд туслаад өгөөч гэсэн юм.’ гээд хуруу нь цоорсон ажлын бээлийтэй гараараа хамраа шөргүүлэн арчив. Архат гэдэг нь манай аавын том эгчийн ганц хүү. Надаас гурван насаар ах ч гэлээ багаасаа би түүнийг чи гээд дуудчихсан болохоор бараг л үеийн шахуу л байдаг юм. Архат тэр үед намайг гэрийнхээ үүднээс тосож аван гэртээ оруулав.

Тэднийд орон цай цүү болох зуураа би Архатад ‘Галаа ахаар яах гэж хашаа хорооныхоо хог новш, шарилж ногоо цэвэрлүүлээд байгаа юм бэ?’ гэж өмөөрөнгүй учирлаж асуувал ’ …идэж уухаа болохоор ирээд идэж уугаад явдаг хүн ганц удаа хашаа цэвэрлээд өгөхөд яахав дээ. Хурим найранд бэлдээд хашаагаа ч цэвэрлэчих зав гарахгүй юм.’ гээд Архат цаанаа нэг ёозгүй хариулав.

Би ч оочсон цайгаа дуусгачхаад “Хос дээл хийгээд өмсөөрэй.” гээд авсан дээлийн өнгөө Архатад өгчихөөд бушуухан тэдний гэрээс гараад иртэл үүдэнд Галаа ах над руу хараад гэрийн үүднээс яриа сонссон шинжтэй их л уруу царайтай зогсож харагдав. Би халааснаасаа байсан хэдэн төгрөгөө бөөгнүүлээд ‘Хүний хуриманд уригдах гэж байгаа хүн ингээд очиж болохгүй шүү. Хүн муу хэлнэ. Та энэ хэдэн төгрөгөөр өөртөө нэг цэвэрхэн шиг өмд цамц авч өмсөөд хүний нүүр улайлгачихгүйхэн шиг хүн шиг хувцаслаад очоорой ах аа…’ гээд би яваад өгөв.

Удсан ч үгүй хэд хоногийн дараа Архатын маань хурим ч боллоо. Найранд ирсэн хүргэн, бэрийн талын зочид гэр дүүргэж хоймор эзлээд дуу хуур боллоо. Гэтэл Галаа ах маань ирдэггүй. Хүлээгээд л байлаа. Би дотроо ‘Бараг нэг зүгээс ирэх байсан байж гэрт нь очоод аваад ирдэг ч байж уу.’ гэж дотроо хий л өөрийгөө зүхэн сууж байлаа. Холбоо барих муухан утас аваад өгөхөөр архинд өгөөд уучихдаг учраас утсаар ч түүнтэй холбогдож чадсангүй. Орой ч болж найр наадам ч дуусах тийшээ хандлаа. Би гэнэт Архат руу хараад зогтусав.

Гэрийн үүдэнд Архатыг дуудаж гаргаж ирээд ‘Галаа ах яагаад ирэхгүй байгаа юм. Чи ингэхэд Галаа ахыг хуримандаа урьсан юм уу?’ гэхэд Архат надруу юу ч болоогүй хүн шиг ‘ Уриагүй ээ. Тэр архичныг дуудаж яадаг юм. Олигтой хувцас хунар ч үгүй хүнийг хадмууд хараад юу гэж ч ойлгох юм.’ гэж хэлээд хээв нэг миний өөдөөс харан тамхи асаах нь тэр. Миний амьсгаа давчидаж, уур хүрээд тэсгэл алдан гараа зангидан Архатын улаан нүүрэнд нь нэг дэлсээд ‘Новш…’ гэж хэлээд хашаанаас гараад явчих сан. Ингээд би зам дээрээс такси бариад хотын захад байх Галаа ахын умгар бор гэрийнх нь гадаа ирээд хаалга татан гэрт нь яваад ортол Галаа ах маань тоггүй гэрт асаасан лааныхаа ард хоймрынхоо авдарны урд гав ганцаараа сууж харагдана. Сайн харвал нөгөө муу ажилд өмсдөг хар гутлаа нээх сайхан тослоод углачихсан, цэвэрхэн хар өмдөн дээр миний өгсөн мөнгөөр авсан бололтой торгон цагаан цамц өмсөөд шлепэн малгай толгой дээрээ тавьсан байх бөгөөд гартаа нэг зураг барьчихсан…

Уруу газар ургадаг нь улиас модны заяа

Ургийн газар очдог бүсгүй хүний заяа гээд амандаа бүдэг бадаг дуу аялан уйлж суугаа харагдав. Би дэргэд нь явж очоод харвал эхнэртэйгээ хуримаа хийж байхдаа авхуулсан гэрэл зураг нь Галаа ахын нулимсных нь дусалд норж харагдах нь яасан гунигтай.

Миний нүдэнд өөрийн эрхгүй нулимс хураад Галаа ахыг тэврээд ‘ Хоёулаа манайд очиж шатар тоглох уу? Энэ удаа хожсон нь хожигдсондоо ганц юм авч өгнө шүү…’ гэж хэлэхэд Галаа ах маань надруу нэг мөрөө дагуулж зөөлөн харснаа нүдний нулимсаа цамныхаа ханцуйгаар шав хийтэл нь шувтраад өөрлүүгээ нэг тонгойж харснаа ‘Ах нь гоё харагдаж байна уу?’ гээд хүүхэд шиг ход ход инээгээд намайг дагаад манай гэрийн зүг явж билээ…Тэр өдрөөс хойш их олон хоног өнгөрчдээ.

-Харин өнөөдөр миний хуримын өдөр. Хөөрхий дөө муу Галаа ах маань амьд сэрүүн байсан бол…

2020.12.03нд

Зохиолч: Хаан Дарьт #𝗞𝗵𝗮𝗮𝗻𝗗𝗮𝗿𝗶𝘁 Kh.D

LABORANT: Т. Сайнсанаа

/Хаан Дарьт/ MNUMS

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...