Хөгц нь агааргүй, чийгтэй, хүйтэн сэрүүн газарт ургадаг мөөгөнцөр. Энэ нь олон төрлийн хүсний бүтээгдэхүүний гадаргууд нимгэн хальс байдлаар ургадаг. Бидний өдөр тутам иддэг талх боов, жимс жимсгэнэ хөгцөрсөн байх нь олонтаа.
Дэлхий дээр 100 мянга гаруй төрлийн мөөгөнцөр байдаг юм байна. Энэ олон төрлийн мөөгөнцрийн ихэнх нь дархлаа сайтай хүнд ямар ч хор хөнөөл үзүүлж чадахгүй гэдгийг дуулгахад таатай байна.
Нью Йорк хотын сувилахуйн эмч Марина Юабова хэлэхдээ “Дархлаа сайн, гэдэсний ашигтай бактери хэвийн байвал хөгц мөөгөнцөр тухайн хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүй” гэжээ. Өөрөөр хэлбэл санамсаргүй тохиолдлоор бага зэргийн хөгцтэй зүйл идвэл эрүүл мэндэд ноцтой асуудал үүсгэхгүй.
Санта Моника дахь Провиденс Сент Жоны эрүүл мэндийн төвийн гастроэнтерологич Рудольф Бедфорд “Хөгцөрсөн хүнс идэх нь үхэлд хүргэх аюулгүй” гэжээ.
Ихэнх хөгц мөөгөнцөр нь эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлдэггүй ч ховор тооны мөөгөнцөр нь микотоксин хэмээх хорт бодис үүсгэдэг бөгөөд харшлын урвал үүсгэж, амьсгалын замын өвчин үүсгэдэг байна.
Монголчуудын түгээмэл хэрэглэдэг цагаан идээ болох ааруулан дээр хөгц ургах нь элбэг. Зарим тохиолдолд хөгцтэй ааруул идэх сайн гэх яриа байх боловч энэ нь тухайн үед шинжлэх ухаан сайн хөгжөөгүйтэй холбоотой нийтлэг төөрөгдөл юм. Ааруулан дээр тогтсон хөгц нь афлатоксин В1,2 гэх асар хүчтэй хорыг ялгаруулах бөгөөд энэхүү хор нь хүний бие организм дах элэгний эсийг хатууруулах үйлчилгээтэй байдаг.
Бид ааруул идэхдээ ааруулан дээр тогтсон хөгцийг хусаж арилгаад идэх нь бий. Гэвч нэгэнт хөгц мөөгөнцөр үүсээд өөрийн бодисын солилцооны бүтээгдээхүүнээ ялгаруулсан хойно хөгцийг хуссан ч гэсэн тухайн бүтээгдэхүүнд хор нь агуулагдсаар байдаг.
Ааруул, цагаан идээ нь бидний хүндэтгэн дээдэлж ирсэн уламжлалт хүнс боловч бид хадгалалтын горимыг зөв сахих, хөгц ургасан ааруулыг идэхгүй байх нь өөрийн эрүүл мэндээ хамгаалж буй хэрэг юм.
Зарим төрлийн хөгц нь хүний биед ашигтай

Үүний нэг тод жишээ нь хөгцтэй бяслаг. Өсгөвөрлөсөн хөгц мөөгнүүдийг хүнсний үйлдвэрлэлд хэрэглэдэг бөгөөд бяслаганд идэж болох хөгц мөөг агуулагддаг байна. Энэ нь Пенициллиумын хөгц спороор үүсгэгдсэн байдаг учраас идэхэд аюулгүй гэнэ.
Лууван, байцаа, хатуу бяслаг зэргийн хөгцийг хусч арилгаад хүнсэнд хэрэглэхэд ямар нэгэн хортой нөлөө үзүүлэхгүй. Харин зөөлөн помидор, гүзээлзгэнэ, талх боов хөгцөрсөн байвал шууд хаях хэрэгтэй. Хөгц гадаргуугаас гүн рүү ургаж, бактери үүсэх нөхцөл бүрддэг.
Ер нь бол та гал тогоондоо “Эргэлзээтэй санагдвал хая” гэдэг алтан дүрмийг барьж байх хэрэгтэй. Тэгвэл та эрүүл урт насалж чадна.
Хөгц, мөөгөнцөр нь мөөгний ангилалд хамаарагдах бөгөөд дэлхийн хамгийн эртний амьд организмын нэг юм. Хлорофиллгүй учраас бэлэн органик нэгдлүүдээр хооллодог.
Мөөгөнцөр бүх материалыг идэж, бохирдуулан устгахаас гадна хүнийбиед нэвтрэн орж хортой элементийг ялгаруулах чадвар өндөртэй. Өсөлтийн явцад уушиг, гэдэс, арьс зэрэгт нөлөөлдөг хорт бодис микотоксиныг ялгаруулдаг. Микотоксиноор үүсгэгдсэн өвчнийг микотоксикоз гэнэ. Микотоксинууд нь хүнсний бүтээгдэхүүн, түүхий эд, хүрээлэн буй орчныг бохирдуулснаар хоол боловсруулах болон амьсгалын зам, арьс салстаар хүний биед нэвтэрч, харшил, ханиалга, үс унах, нүд улайх, гүйлгэх зэрэг олон өвчний эх суурь болдог. Улмаар хүний биеийн ДНХ-ийн бүтцийг устгаж, хорт хавдар үүсгэдэг.
Хүнсий бүтээгдэхүүнийг хадгалж байгаа орчны харьцангуй чийг, агаарын хэм нь хөгц, мөөгөнцөр үүсэх нөхцөл болдог. Тухайлбал 82%-ийн харьцангуй чийглэгтэй, 250С-270С-ийн хэмтэй орчинд хадгалагдаж байгаа үр тарианы гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнд Aspergillus-ийнтөрлийн хөгц мөөгөнцөр үүсдэг. Энэ хөгц мөөгөнцөр нь афлотоксин хорыг ялгаруулдаг бөгөөд элэгний анхдагч өмөн үүсэх хүчин зүйл болдог.
Иймээс хөгц, мөөгөнцөрт өртөх эрсдэлтэй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг 13%-иас доош харьцангуй чийглэгтэй орчинд 240С-аас доош хэмд хадгалах нь тохиромжтой гэж үздэг байна.