₮ 0

No products in the cart.

А.Энхжаргал: Нурууны дискний гэмтэл нь эхэндээ нуруу хөших, булчин чангарах мэдрэмж төрдөг

Нурууны өвдөлт болон түүний эмчилгээ оношилгооны талаар “УБ Сонгдо” эмнэлгийн мэдрэлийн мэс заслын эмч А.Энхжаргал мэдээлэл өгснийг сийрүүлэн хүргэж байна.

– Танай эмнэлгээр үйлчлүүлж байгаа хүмүүсийн дунд нурууны ямар өвчин зонхилж байна вэ?

– Олон төрлийн эмгэгүүд оношлогдож байна л даа. Нурууны өвдөлтийг хурц болон архаг гэж ангилдаг. Даарч хөрөх, хүнд юм буруу өргөх, бага зэргийн гэмтэл авсан үед нурууны хурц өвдөлт үүсдэг. Энэ үед эмийн эмчилгээ хийгээд гайгүй болно. Харин архаг өвдөлт гэдэгт олон төрлийн өөрчлөлтүүд хамаарна. Тухайлбал нурууны эргэшгүй эмгэг, үе холбоосны хоорондын гэмтэл, шохойжилт, ясны ургалт, дискний өөрчлөлт, цүлхийлт, гулсалт гэх мэт зүйлс орно. Ер нь нуруу нь өвдөөд ирж байгаа хүмүүсийг харахад архаг өвдөлттэй нь их байна. Тэр дундаа диск, нурууны жийргэвчийн даралттай хүмүүс их ирдэг.

– Нурууны диск гэж юу вэ. Ямар шалтгааны улмаас өвчилдөг вэ?

– Энэ нь нурууны их биеийн завсар оршиж, зөөлөвчийн үүргийг гүйцэтгэдэг. Диск нь дотроо цөм буюу шингэн агуулдаг бөгөөд цагирган ширхэгт хүрээтэй байдаг. Энэ нь нурууны ачааллыг хөнгөлөх, даралтыг сарьнуулж хэвийн байлгах үүрэг гүйцэтгэдэг. Нурууны диск цүлхийх нь хоёр үндсэн шалтгаантай.

Нэгдүгээрт гаднын гэмтэл. Хоёрт үений хөгшрөлтийн улмаас үүссэн суулт нь цүлхийлт үүсгэдэг. Гаднын гэмтэл гэдэгт хүнд юм өргөх, биеийн жин нэмэгдэх, өндрөөс унах гэх мэт зүйлс хамаарна. Эдгээрээс болж дискний хальсанд цууралт үүсэж, дараа нь даралт, ачаалал авах үед доторх цөм нь цуурсан хэсэгрүү түрж цүлхийлт үүсгэдэг

Хоёр дахь шалтгаан болох шим солилцооны өөрчлөлтөд удаан суугаа ажил хийдэг хүмүүс их өртдөг. Мөн хүний насжилттай холбоотойгоор үений хөгшрөлт явагдаж байдаг учраас диск даралтыг хүлээн авах чадваргүй болдог. Ингээд доош суулт өгч, цүлхийлт үүсдэг байх нь

– Дискний цүлхийлт үүссэн үед хүнд ямар шинж тэмдэг илрэх вэ?

– Нурууны дискний гэмтэл нь өөрөө хэд хэдэн үе шаттай байдаг. Тиймээс эхний үе шатуудад хүнд ямар нэг мэдрэл дарагдах шинж илрэхгүй. Ихэвчлэн нуруу хөших, булчин чангарах мэдрэмж төрдөг.

Харин хүндрээд ирсэн үедээ нугасныхаа мэдрэлийн ёзоорыг дарж, хөл өвдөх шинж илэрнэ. Өөрөөр хэлбэл суудлын мэдрэл дагаж өвддөг бөгөөд хөл бадайрах шинж илэрдэг. Энэ үед нарийн мэргэжлийн эмчид үзүүлж, хурдан оношлуулбал улам хүндрэхээс сэргийлж чадна

– Нуруу нь өвдсөн хүмүүс янз бүрийн бүс их зүүдэг. Энэ нь нуруу өвчинг буруулж, нурууг хамгаалахад нөлөө үзүүлэх үү?

– Нуруу их өвдөлттэй, их чангарсан үед хэсэг зуур эмчилгээний хугацаанд зүүж болно. Энэ нь нурууг нэмж гэмтэхээс хамгаалж байгаа юм. Нурууны бүсийг тодорхой хугацаатай зүүх ёстой. Байнга зүүгээд байвал муу. Учир нь нурууны булчин хөгжиж, нуруунд ирэх ачааллаас хуваалцаж байх ёстой. Гэтэл бүс байнга зүүгээд байхаар булчин сулраад эсрэгээрээ нөлөөлж эхэлнэ. Мөн нурууны бүсийг өвчлөлийн аль үед зүүх вэ гэдгийг мэдэж байх хэрэгтэй.

Нурууны өөрчлөлт үүсгэдэг гол шалтгаануудын нэг нь жингийн илүүдэл. Тиймээс нуруунд их ачаалал өгдөг зүйлсээс сэргийлэх хэрэгтэй.  Түүнчлэн өөр нэг нөлөөлдөг хүчин зүйл нь удаан суух. Хүн 2-3 цаг тасралтгүй суухад нуруунд ачаалал шууд ирдэг. Өөрөөр хэлбэл хэт удаан сууснаар нуруу ачаалал даах чадваргүй болж, суулт өгөх нөхцөлийг бүрдүүлж байдаг. Тиймээс нурууны эмгэгээс сэргийлье гэвэл тогтмол дасгал л хийж байх ёстой. Хэрэв босоогоор удаа ажил хийдэг бол хэсэг хэвтээд нуруугаа амраачих хэрэгтэй. Ерөнхийдөө нэг байрлалд удаан байхаас л зайлсхийнэ.

Эх сурвалж: ZAAG.MN

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...