Монгол Улсын хүний гавьяат эмч, Анагаах ухааны доктор Г.Дэжээхүүтэй ярилцлаа.
-Сүүлийн үед зүрхний шигдээсээр хорвоог орхих хүний тоо олширч байгааг статистик тооноос харж болохоор байна. Яг энэ чиглэлээр ажиллаж байгаа хүний хувьд асуухад манай улсад зүрх судасны өвчлөл ямар төвшинд байна вэ. Залуучууд зүрхний өвчнөөр их өвчилж байна гэж ярьж байгаа. Энэ үнэн үү?
-Зүрх судасны өвчин залуужиж байгаа нь үнэн. Энэ ганцхан манай улс ч биш, дэлхий нийтэд зүрх судасны өвчний дархалт нэмэгдэж, залуужиж байна. Үүнийг дагаж зүрх судасны өвчнөөс үүдэлтэй гэнэтийн насбаралт ихэссэн. Зүрх нь уушги, элэг зэрэг бусад эрхтэн шиг бага багаар муудах, өвдөлт мэдрэгдэж, орчин тойрондоо байгаа хүмүүстээ ямар нэгэн харьцаа үүсгэх боломжгүйгээр гэнэт л ерөнцийн мөнх усыг үзүүлчихдэг маш эвгүй өвчин. Зүрх судас, цусны даралт ихсэх өвчин нь тухайн хүний тайван бус байдал, ядаргаа, нийгмийн харилцаатай ихээхэн холбоотой.
Монголчуудын амьдралын төвшин ямар байгаа билээ, хүмүүсийн авч байгаа цалин нь амьдралд нь хангалттай хүрэлцэж байна уу зэрэг амьдралын олон шалтгаанаас болж бухимдал, стресс ихтэй байна.
Мөн ажлын ачааллаасаа болж бухимдахгүй зүйл дээр бухимдаж өөрийн эд эсээ өвчлүүлж байна. Бидний дунд сайхан инээгээд Драмын театрт дуурь, жүжиг үзээд явдаг нь цөөнхөн. Олонх нь өглөө гараад л орой хүртэл ажиллаж, амьдралаа яаж авч явах вэ гэж стресстэж байна шүү дээ. Нийгмийн харилцаанаас болж зүрх судасны өвчнөөр өвчлөгсдийн тоо нэмэгдэж, тархиндаа цус харваж хар залуугаараа энэ хорвоог орхиж байна шүү дээ.
-Үнэхээр таны хэлдгээр 20, 30 настай залуус зүр нь зогсч энэ хорвоог орхисон гэж дуулдах юм. Ер нь зүрхний өвчнөөс үүдэлтэй гэнэтийн насбаралтын өмнө тухайн хүнд ямар нэгэн шинж тэмдэг илэрдэг үү. Илэрдэг бол яаж мэдрэгдэггүй юм бэ?
-Уг нь зүрх зогсохоос өмнө тухайн хүнд ямар нэгэн байдлаар мэдрэгдсэн байх ёстой. Гэнэтийн насбаралтын ард ихэвчлэн зүрхний шигдээс, тархинд цус харвасан байдаг. Хамгийн сүүлийн үеийн судалгаагаар гэнэтийн насбаралтын 85 орчим хувь нь зүрхний шигдээс болсон байдаг. Зүрхний шигдээс бол гэнэт үүсдэг өвчин биш. Ихэвчлэн 40-өөс дээш насны хүмүүс өвчилдөг. Өмнө нь тодорхой хэмжээгээр тухайн хүнд зовиур нь мэдрэгддэг. Жишээ нь, алхахад амьсгаадах, өвчүүний тус газар өвдөх, эсвэл даралт ихсэх шинжүүд илэрдэг. Мөн хамгийн ноцтой илрэл нь зүрхний хэм алдагдах шинж. Зүрхний хэм алдалт нь тархинд цус бөглөрөх шалтгаан болдог. Тэгэхээр ямар нэгэн байдлаар хүн шинж тэмдэг илэрдэг гэсэн үг. Тиймээс цусны даралт нь өндөр байгаа бол бууруулах, зүрх нь төрөлхийн гажигтай, хэм алдагдаж байгаа бол яаралтай эмчлүүлэх хэрэгтэй. Наанадаж өгсүүр газар, шатаар гарахад дотор муухайрч, амьсгаадаж, бие эвгүйрэх, эсвэл зүүн гар хүндэрч өвдөх шинж тэмдэг илэрсэн л бол мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй. Энэ нь үүсч гэнэтийн хүндрэлээс өөрийгөө хамгаалж байгаа хэрэг шүү дээ.
-Манайхан хөхний доод хэсгээр өвдөөд, зүүн гар хүндрээд зүрх өвдөөд байх шиг байна гээд эм л уучихдаг. Ер нь зүрх өвдөж байгаа нь хүний биеийн аль хэсэгт илүү мэдрэгддэг вэ?
[quote_colored name=”” icon_quote=”no”]-Хөхний доод хэсгээр огцом хатгахыг зүрх өвдөж байна гэж ойлгоод эм уудаг хүн олон бий. Уг нь зүрхний сонгодог өвдөлт нь өвчүүний зүүн тал буюу хоёр, гуравдугаар хавирга хөхний дээд хэсгээр өвддөг. Хааяа нэг хатгаж өвдөхөд манайхан “за гайгүй биз” гээд огт анзаардагүй. Эсвэл хүчтэй өвчин намдаах антибиотик уугаад өнгөрдөг. Энэ нь манай монголчуудын аливаа зүйлд уужуу тайван ханддаг хандлага өвчин дээр ч илэрдэг шинж гэж хэлж болно. Тоохгүй “гайгүй байлгүй дээ” гэж хэнэггүйтээд явж байтал өвчин нь нэг л өдөр хүндэрдэг. Заримдаа маш их харамсах юм. Зүрхний шигдээсээр ихэвчлэн л 60 дээш насныхан өвчилдөг байсан.[/quote_colored]
-Тэгэхээр зүрх судасны өвчин залуужиж байгаа нь монголчуудын биеэ хайхрахгүй, хэнэггүй зантай нэг талаараа холбоотой юм байна.
-Тийм ээ. Ер нь зүрх судасны өвчнөөр өвчилж илүү хүндрэлд орохгүйн тулд хүн амын дунд тухайн өвчний талаарх мэдлэгийг сайжруулах ёстой. Жишээ нь, 35-аас дээш насны хүн жилдээ нэг удаа заавал зүрхний бичлэг хийлгэж, толгой өвдөх, нойр хулжих, хүзүү хөших зовиур илэрвэл даралтаа үзчихдэг анхан шатны мэдлэгтэй байх ёстой.
-Зарим хүн цээж рүү нь хатгаж өвдөхгүй бол зүрх өвдөхгүй байна гэж боддог тал бас байдаг.
-Зүрх судасны өвчлөл нь ерөнхий шинж тэмдэг багатай буюу мөлхөө өвчин. Хүндрэлд ороход нь зарим хүний зүрх хүчтэй хатгаж өвддөг. Жишээ нь, зүрхний шигдээс болбол цээжээр маш хүчтэй өвдөж, амьсгаа бөглөрөх гээд байдаг. Гэхдээ монголчуудад хүчтэй өвдөхөөс илүү амьсгаадах, бөглөрөх шинж нь илүү тохиолддог. Бусад орны хүмүүст хүчтэй өвдөлт өгөх шинж тэмдгүүд илэрдэг. Манайд хүчтэй өвдөлт өгөх нь ховор. Учир нь хүн амын олонхи нь дунд уулын бүсэд амьдардаг. Тиймээс хүчилтөрөгчийн дутагдалтай орчинд төрөлхийн дасан зохицсон байдаг учраас монголчуудын зүрх, тархи барагтай бол хүчилтөрөгчийн дутагдалд орохгүй тэсч байгаад гэнэтийн хүндрэл ордог. Энэ нь байгаль орчин, үндэсний онцлогтой ихээхэн холбоотой л доо. Тиймээс манайхан бага зэргийн зовиур илэрсэн ч тоолгүй айхтар өвдөж, эвгүй болсон хойно нь эмнэлэгт очиж арга хэмжээ авах гэдэг. Энэ нь эцэстээ хүний ам насанд нөлөөлөх аюултай.
-Ер нь зүрх судасны өвчин нь удамшлаас болж байна уу, эвсэл олдмол байна уу?
-Зүрх судасны өвчинд удамшил нөлөөлж байгаа. Мөн нийгмийн харилцаа, ахуйн амьдрал, орчинтойгоо дасан зохицох байдлаас болж өвчлөлт нэмэгдэж байна. Би 1970-аад оны зүрх судасны эмч. Тэр үед зүрхний шигдээсээр өвчилсөн хүн маш ховор байдаг байсан. Манай багш нар 1960-иад оны үед зүрхний шигдээсээр эрдэм шинэжилгээний ажил бэлтгэж байхад нь эл өвчнөөр өвчилсөн хүн олдоггүй байсан. Мөн 1970 оны үед нойр булчирхай, чихрийн шижингээр өвчилсөн хүн ховор байдаг байв. Гэтэл одоо бараг хүн болгон чихрийн шижинтэй, нойр булчирхайн архаг өрөвсөлтэй, ходоодондоо хелоки бактеритай, даралт ихэсдэг, тэгээд дээр нь зүрхний шмитэй болчихсон. 20, 30 настай залуус зүрхний шми болчихсон ирж үзүүлдэг.
–Зүрхний шми гэдэг нь ямар өвчин бэ?
-Зүрхний тэжээлийн судас нарийсахыг зүрхний шми өвчин гэж нэрлэдэг. Зүрхний булчинд тэжээл, хүчилтөрөгч дутагдахад илэрдэг өвчин. Зүрхний судас нь нарийснаар бөглөрөл үүсч, зүрхний булчин тэжээлгүй болж үхждэг. Үүнийг зүрхний шигдээс гэж ярьдаг. Зүрхний булчингийн аль хэсэгт үхжиж, шигдээс болсноосоо шалтгаалан тухайн хүний ам насанд нөлөөлөх эрсдэл ямар байгаа нь тодорхойлогддог. Цөөнхөн тохиолдолд нь зүрхэнд нөлөөлсөн гэнэтийн цочрол нь зүрхэнд шми өгдөг. Харин ихэнх тохиолдол нь зүрхний судас хатуурснаас үүдэлтэй шигдээс үүсч насбардаг. Уг нь дөнгөж 20 гарсан яваа залууст судас хатуурал байхгүй ёсгүй. Гэтэл бодит байдал дээр байдаг болчихоод байна. Зүрхний шигдээсийн төвшинд хүргэж байгаа нь тухайн хүний зүрхнээс бусад эрхтэн нь өрөвсөлтэй байсан гэсэн үг.
-Тархинд цус харвахад зүрхний шми нь нөлөөлөх үү?
– Судас хатуурах, даралт ихсэх тархинд цус харвах энэ гурав өвчин хоорондоо гурвалжин холбоотой байдаг. Даралт ихсэх өвчний дагалдангаар өвчлүүлдэг гэсэн үг. Зүрхний шми нь бие даасан өвчин мөн. Гэхдээ зүрхний шмигээр өвчлөх хамгийн том шалтгаан нь даралт ихсэх явдал.
-Зүрх судасны өвчний эхний шинж тэмдэг нь илэрч, эмчид үзүүлээд хөнгөн үед нь өвчнөө эмчилвэл эдгэдэг биз дээ?
-Тэгэлгүй яахав. Хавдарыг гурав, дөрөвдүгээр шатанд орсон хойно ирж оношлуулаад байна гэдэг шиг манайхан цусны даралт нь 130, 150 хүрэхэд нь тоохгүй явдаг. Таньдаг хэн нэгнээсээ “тийм ч эм сайн гэнэ” гэж ам дамжсан эмний нэр сонсоод эмийн сан амаар нь дамжуулан нөгөө эмийг нь өгдөг. Уг нь зүрх судасний өвчин амаар оношлож, амаараа дуртай эмээ уудаг өвчин биш шүү дээ. Заавал мэргэжлийн эмчид үзүүлж зөвлөгөө авч эмчилвэл эдгэдэг өвчин. Мөн цусны даралт ихсэх өвчин эрхтэн системд органик өөрчлөлт ороогүй байгаа үед эмчилгээгээ зөв хийвэл эдгэдэг. Харин эрхтэн системд өөрчлөлт орсон байвал эмчилгээ авах ховор. Эмчийн байнгын хяналтад байж, таардаг эмээ тогтмол ууж, эмчийн зөвлөгөөгөөр явах юм бол амьдралын чанарыг дээшлүүлэх, насжилтыг уртасгах, өвчнийг хүндрүүлэхгүй барих боломжтой. Зүрхний шми өвчин ч мөн адил.
-Сүүлийн үед хоолойны ангина нь хүндэрч үе мөч, эртхэн системд нөлөөлж, цаашлаад зүрхийг өвчүүлж байна гэж ярьдаг боллоо. Ер нь хоолойны ангина гэдэг зүйл хүнд байх ёстой зүйл юм уу, үгүй юү?
-Хоолойны ангина гэдэг зүйл хүнд байх ёстой зүйл биш. Харин гүйлсэн булчирхай нь хүнд байх ёстой. Амны хөндийд өөрийнхөө үүргийг гүйцэтгэдэг эрхтэн. Үүнийг яагаад өрөвсүүлээд байна гэхээр манай цаг агаар эрс тэс байдал нөлөөлж байна. Хасах 40-өөс нэмэх 40. Өөрөөр хэлбэл 80 хэмийн дунд монголын ард түмэн зохицож амьдарч байна шүү дээ. Цаг агаарын байдлаас болж хүн амын дийлэнх нь амьсгалын замын өвчинтэй, бөөр, шээс ялгаруулах замын өвчинтэй байдаг. Мөн хүн амын олонхийнх нь хоолой өвддөг. Халуун хүйтэн зүйл идсэнээс болдог. Үүнээс гадна эцэг эхээс үр хүүхдэд нь хоолойн өвчин халдварладаг. Хоолойн өвддөг эцэг эхчүүд дөнгөж гарсан хүүхэддээ хоолыг зажилж амаараа халуун хүйтнийг нь тааруулж хооллодог. Энэ байдлаараа дамжуулан хүүхдээ өөрийнхөө бактерийг өгчихдөг. Үүнээс бол хүүхдүүд байгаасаа л хоолойны ангинатай болдог. Энгийн ангина нь хоргүй. Архаг хоолойны ангина нь холбогч эдийн өрөвслийг бий болгодог. Хүний биед холбогч эрхтэнгүй эд эс гэж байдаггүй. Тиймээс ангина нь тархи, зүрх, бөөр, судасны ханыг гэмтээж, үе мөчинд нөлөөлж гэмтээдэг. Ангинын архаг хордлоготой хүмүүсийн дийлэнх нь үе мөчний өвчинтэй байдаг шүү дэ. Үе мөч нь биеийн тулгуур эрхтэн учраас өвдсөн ч тоолгүй хаядаг. Гэтэл нь цааш даамжирч зүрхний хавхлагуудыг гэмтээдэг. Үүнээс зүрхний олдмол гажиг гэдэг зүйл үүсдэг. Тархины судсыг гэмтээснээс болж тархинд харвалт өгөх хэмжээнд нөлөөлдөг. Үетэй эрхтэн болгоныг гэмтээдэг гэсэн үг. Тэгэхээр эрхтэн системийг гэмтээж л байх юм ангинатай тууштай тэмцэх л хэрэгтэй.
-Сүүлийн үед хоолойны махыг мэс заслын аргаар биш, зүү суулгах, тан уудаг гэж ярьж байна. Энэ аргууд эрхтэн систем нөлөөлж байгаа нөлөөлийг нь зогсоож чадах уу?
-Уламжлалт аргаар алт, мөнгөн зүү тавих, тан уух аргууд байгаа. Энэ аргууд нь сайн байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ нэгэнт л эрхтэн системд гажиг үүсгэж байгаа, организмд байх шаардлагагүй хортой голомт болж хувираад байгаа зүйлийг авах хэрэгтэй. Үүний дараа эрхтэн системийг эрүүлжүүлэх эмийн эмчилгээг хийх ёстой. Манайхан ангиныг мэс заслаар аваад, бүх зүйл боллоо гэж боддог. Авсных нь дараах эмийн эмчилгээг хийдэггүй. Тухайн хүн ч ангина авахуулаад л өвчнөөсөө салчихлаа гэж ойлгодог. Гэхдээ тийм биш. Арын эмчилгээ маш чухал. Бусад эрхтнийг өвчлүүлсэн гэдгийг мартаж болохгүй.
-Тэгэхээр эрхтэн систем нь нөлөөлөөд эхэлсэн бол хоолойны махаа авахуулахаас өөр арга байхгүй гэсэн үг үү?
-Тийм ээ. Өндгөн чинээ хоёр улаан махаа авахуулахгүй гээд байх хооронд нь зүрхнийх нь хавхлагууд гэмтэж гажигтай болж зүрхний дутагдалд орвол түүнээсээ илүү зүйл алдана. Тэгэхээр зүрхгүй болоод байж байх уу, хоолойны хоёр бондгор махгүй байж байх уу гэдэг нь хоёр өөр асуудал.
-Та 40 гаруй зүрх судасны чиглэлээр дагнан ажиллаж, энэ чиглэлийн хувийн эмнэлгийг 20 жил ажиллалуулж байхад цаашид юунд илүү анхаарч ажилламаар санагддаг вэ?
-Зүрх судасны өвчний тандалт жил ирэх тусам өссөөр. Тиймээс өдөр шөнөгүй л энэ өвчний тандалтыг багахан дээр нь барьж хүмүүсийг эмчилж, энэ талын мэдлэгийг олон хүнд ойлгохуулах юм сан гэсэн бодол үргэлж толгойд минь эргэлдэж байдаг. Зүрх судасны чиглэлээр 40 гаруй жил ажиллахдаа гар утсаа унтрааж нэг ч шөнө унтаж үзсэнгүй. Яагаад гэвэл үргэлж гэнэтийн хүндрэл өгч байдаг өвчин.
Гар утас гэж зүйл гарсанаас хойш байнга л дэрлэж унтдаг болсон. Эмнэлэг дээр хүн муудлаа гэсэн дуудлага аваад ганцхан давхрын хооронд гүйгээд очиход, өвчтний зүрх зогсч аль хэдийнэ болохоо байчихсан байдаг. Тиймээс үргэлжийн л цочрол, түгшилтийн байдалд ажил амьдрал, амралтаа өнгөрөөж байна. 20 гаруй жил зүрх судасны эмнэлэг ажиллуулж байхад г зүрх гээд хэвтэх гээд ирсэн хүмүүст хавдар анхдагч, бөөр нь өрөвсөлтэй бусад өвчний шинж тэмдэг илэрдэг. Тиймээс хэвтэх гээд ирж байгаа хүмүүсийн ганцхан зүрхийг нь биш гол эрхтэнүүдийн шинжилгээг авч, хавсарч эмчлэхийг зорилго болгож ажиллаж байна. Жижигхэн эмнэлэг ч гэсэн бидэнд хандаад, итгээд ирсэн хүмүүсийн итгэлийг алдахгүй эрүүл мэндэд нь чадах хэмжээгээр тусламж үзүүлэх нь миний эрхэм зорилго.
– 40 гаруй жил л гэнэтийн цочрол, түгшилтийн байдалд ажиллаж байгаа гэлээ. Энэ үед таны зүрх дагаж өвдөх үү. Ер нь өөрийн тань зүрх хэр байна вэ?
-Миний зүрх сайн/Инээв/. Мэдээж хүн л юм чинь адилхан өвдөнө. Миний охин эмч. Мөн л надтай адил цочрол түгшилтийн дунд насаараа ажиллана. Яг л миний ажлыг хуулаад л ажиллаж байна. Удам дамжиж зүрхний чиглэлээрээ ажиллаж, хийсэн ажлаа улам л баталгаажуулах бодолтой байна. Энэ хугацаанд Монголчуудын зүрхийг эмчлэхэд гаднаас дэвшилттэй ганц эмийг ч болов яаж оруулж ирэх вэ гэдэг дээр байнга л арга хайж байдаг. Хувийн эмнэлгүүд өнөөдрийн байдлаар дорвитой гарч ирж чадахгүй байна. Хүн амынхаа амьдралын төвшинд нь тааруулж бүх л төлбөр тооцоо хийгдэж байгуу учраас тэр болгон дэвшилтэд технологи, багж хэрэгслийг оруулж ирэхэд хүндрэлтэй байгаа. Гэхдээ өөрсдийн боломжийнхоо хэрээр ажиллаж байна.
–Ер нь манай улсын зүрх судасний чиглэлийн ажиллаж байгаа боловсон хүчин, техник технологи нь дэлхийн стандартад хэр нийцэж байгаа вэ?
-Дэлхийн стандартаас нэлээд хожигдож яваа. Үүнийг гадагшаа явж мэргэжил дээшлүүлсэн нөхдүүд маань ч хэлнэ. Гадаадад эмчлүүлээд ирсэн өвчтнүүд ч үүнийг хүлээн зөвшөөрнө. Олон улсад компьютероор хараад л хагалгаа хийж байна. Зүрхний орчим зүслэг хийхгүйгээр том судсуудаар нь дамжуулан мэс заслын эмчилгээ хийж байна. Өвчнүүдэд дэлхийд чанартай сайн эм уулгая гэхээр өндөр өртөгтэй учраас хоёр хөршийнхөө эмийг л түлхүү хэрэглэж байна шүү дээ.