Сүүлийн үед залуус минималист хэв маягаар амьдарна гэж ярих болсон. Минималист хэв маягаар амьдрах хэвшил байдаг гэдгийг мэдэхээсээ өмнө минималист амьдралаар амьдарч байсан Э.Энхзаяатай уулзаж ярилцлаа.
–Та хэзээнээс минималист хэв маягаар амьдрахаар шийдсэн бэ?
-Би Япон улсад 2012-2017 онд сурч, амьдарсан юм. Сургууль, ажлын байртайгаа ойрхон газар амьдрахыг хичээдэг байсан. Яагаад гэвэл, ажлаас гэр хүртэлх замд өнгөрөөх ашиггүй цаг гаргахыг хүсдэггүй. Японд амьдрахад орон сууцны метр квадрат бага, нүүж суухад олон зүйл авч явахгүй байх үүднээс хэрэгцээ шаардлага бага, амар хялбар зүйлсээр орлуулж болох эд хэрэгсэл, хувцсаа хаях ёстой болсон. Жишээ нь, би зааланд өмсөх ганцхан пүүзтэй. Надад гоо сайхны ширээний оронд толь байхад л хангалттай. Ийм хэвшилтэй Японд амьдарч байгаад Монголдоо ирээд Л.Саруултөгсийн орчуулсан “Амьдралыг өөрчлөх эмх цэгц ба түүний гайхамшигт ид шид” хэмээх номын нээлтэд оролцсон. Тэр номоос миний амьдралдаа хэрэгжүүлж байсан зүйлсийг минималист хүний хэв маяг болохыг олж мэдсэн юм. Тэгээд минималист амьдралын тухай дэлгэрэнгүй судалж, мэдээд Японд сурч төгссөн мэргэжлээ орхиж, өөрийнхөө хүсэл сонирхолд нийцсэн ажлаа хийх болсон доо. Би ресторан болон зочид буудлын зохион байгуулагч мэргэжлээр төгсөж ирээд гурван жил ажилласан. Одоо харин тураах фитнесс клубд багшилж байгаа.
–Минималист болсноор таны амьдралд ямар өөрчлөлтүүд гарсан бэ. Зарим хүн амьдрах болсон гэж ярьдаг л даа ?
-Тийм шүү, үнэхээр стресс арилна. Би нэг л зүйл дээр жишээ хэлье. Монгол ирэхэд хурим, найранд уригдах тохиолдлууд их болсон. Тэр үед эмэгтэй хүн л болсон хойно ганган, зохистой хувцаслах хэрэгтэй шүү дээ. Гэтэл надад плаж, даашинз байдаггүй болохыг мэдсэн. Тиймээс өөрт байгаа хувцсаа яаж чамин болгож өмсөх вэ гэж бодоод жижигхэн хүзүүний зүүлт авч хувцсаа ганган харагдуулахаар чимэглэсэн. Энэ мэт шинэ хувцас авах шаардлагагүйгээр, мөнгөгүй гэж бухимдахгүйгээр асуудлаа шийдсэн юм. Монголд минималист Фүмио Сасаки ирэхэд өөрт тохиолдсон бэрхшээл, түүнийг даван туулсан аргаа хуваалцсан. Тэгэхэд Сасаки Японд энэхүү асуудлыг хэдийнээ шийдчихсэн гэж хэлсэн. Яаж гэвэл, япон хүмүүс гоёлын даашинз, үндэсний хувцсаа пракатаар авч, хэрэгтэй үедээ өмсдөг гэсэн. Үүнийг хэрэгжүүлж эхэлбэл манай бүсгүйчүүд баяр ёслол, найр хурим болгонд шинэ хувцас авах шаардлагагүй болж байгаа юм. Даанч манайхны хуучин хувцас өмсөж болохгүй гэх мэт мухар сүсэг нөлөөлөөд байдаг юм.
-Өдөр тутмын амьдралын хэвшлээ яриад өгөөч?
-Маш их завгүй ажилладаг болсон. Ер нь ч завгүй, хөдөлгөөнтэй байх дуртай хүн л дээ. Хүн завгүй байх тусмаа аливаа зүйлийг зохицуулж, их зүйл хийхийг хичээдэг санагддаг. Би өглөө 06.00 цагт сэрдэг. Минималист болохоор миний гоо сайхны хэрэгсэл, нүүрээ, цэвэрлэх зүйлс нэг л хайрцагт багтдаг. Тиймээс сонголт хийх гэж цаг зарцуулалгүй нүүрээ, цэвэрлэж, будаад, хувцсаа өмсөөд гарна.
Гэрээс ажил хүртэл 10-15 минут алхаад хүрчихдэг. Өглөө 07.00 цагт ажил дээрээ ирж, эрүүл зөв хооллолтын талаар хүмүүст зөвлөгөө өгдөг. Зөвлөгөө өгч хооллочихоод 10.00-10.30 гэхэд ажил дуусчихна. Түүнээс хойш оройн фитнес клубт хичээллэх хүмүүс байвал тэдэнд заах хичээлээ бэлдэнэ, эсвэл хувийн ажлаа зохицуулна. Тэгээд цаг гарвал өөрийгөө хөгжүүлэх клубуудэд очиж суралцах, эсвэл тухтай кофе шофт орж ном уншихыг хичээдэг. Сард нэгээс хоёр удаа заавал өөрийгөө хөгжүүлэх ямар нэгэн сургалтад суухаар төлөвлөдөг. Эдгээрийг бүтэн сарын төлөвлөгөөндөө тусган, зарчим болгон мөрдөж хэвшсэн.
Хүн суралцахаа больчихвол зэрлэгшиж эхэлдэг гэж манай багш хэлдэг байсан. Энэ үгийг сонссоноос хойш үргэлж сурах ёстой юм байна гэдгийг ойлгож хичээх болсон. Мөн утсаа оролдох, сошиал орчны мэдээ мэдээлэл авахдаа 10.00 цагаас ажил дууссаны дараа 30 минут, өдрийн хоолны үеэр, орой 18.00-17.00 цагийн хооронд утас оролдож болно гэсэн дүрэмтэй. Нэг ёсондоо өдөрт хоёр цагаас илүү хугацаанд утсаа оролдож болохгүй гэсэн өөрийн дүрэмтэй. Тийм ч учраас хүмүүсийг утас өг, эсвэл шууд залгаад ярь гэж хэлдэг.
-Хооллолтын хэв маягийнхаа тухай ярьж болох уу. Хэрхэн хооллодог вэ?
–Би өдөрт таван удаа хооллодог. Өглөөний хоолоо эрт иддэг учир 11.00 цагийн үед бага хэмжээний хоол иднэ. Харин 12.00-14.00 цагийн хооронд өдрийн хоолоо идэхдээ гэртээ очиж бэлэн зүйлүүдээ ашиглаад хийж идэхийг хичээдэг. Орой 18.00-19.00 цагийн хооронд оройн хоолоо иднэ. Түүнээс өмнө өдрийн хоол, оройн хоол хоёрын хоорон дахь завсрын цагт бас хооллоно. Завсрын хоолны цагт нэмэлт тэжээл болох найруулж уудаг, миксэрдэж иддэг зүйлсийг хэрэглэдэг. Тэгж явсаар орой 10.00 цагт бүх ажлаа дуусгаад, маргаашийнхаа ажлыг төлөвлөөд унтдаг. Хүн 12.00 цагаас хойш унтаж болохгүй.
Яагаад гэвэл, хүн өдөрт найман цаг унтахгүй бол тархины ядаргаанд орчихдог учир төлөвлөсөн ажлынхаа журмаар л явдаг. Хүмүүс фитнесс хоол иддэг гэхээр мөнгө их зарцуулдаг гэж боддог. Мэдээж эрүүл хүнсний бүтээгдэхүүн энгийн хүнснээс үнэтэй байна шүү дээ.
Гэхдээ фитнессээр хичээллэж байгаа бол хөлсөөр биеийн энерги гарч байна гэсэн үг. Тиймээс нэмэлт тэжээл, хоол хүнсээр энергиэ нөхөх ёстой. Өдөрт таван удаа хоол идэхдээ тэр болгоныг хийнэ гэж байхгүй. Тиймээс цаг хэмнэсэн хялбар аргаар идэж болох тэжээллэг зүйлсийг иддэг.
-Монголд минималист хэв маяг орж ирснээрээ ямар давуу талтай иргэдийг бие болгох бол?
-Өрсөлдөөнтэй, завгүй нийгэмд үр бүтээлтэй цагийг өөртөө зориулж, эрүүл мэнд, сэтгэл санааны асуудалд орохгүйн тулд минималист байх нь хамгийн зөв арга мэт санагддаг. Монгол охидууд юу идэж, уухаа мэдэхгүй, хэвлийн таргалалттай, түүнээс үүдсэн өвчин эмгэгтэй байгаа нь тэдний ирээдүйд хөгжиж дэвших боломжид саад болно. Тиймээс бусдын адил амьдрах хэвшлээс ангижирч, минималист болбол Монголд амьдрах хялбар санагдана.
-Аливаа нэг зүйлд хэт туйлшрах нь сөрөг үр дагаврыг авчрах талтай байдаг. Минималист амьдрал сөрөг зүйлийг дагуулах болов уу?
-Одоогоор надад сөрөг мэдрэмж төрүүлсэн зүйл алга байна. Гэхдээ хүн хүний амьдралын хэв маяг өөр учир сөрөг зүйл гарч ирэхийг үгүйсгэхгүй.
–Та амьдралынхаа хэв маягийг найз залуу эсвэл дүү нартаа хэвшүүлсэн болов уу?
-Мэдээж хамгийн түрүүнд найз залуу маань суралцаж эхэлсэн. Гэхдээ манай найз залуу маш энгийн хэрэглээтэй минималист хүний хэв маягтай төстэй хэлбэрээр амьдардаг байсан. Бид хоёр ганган, чамин, трэнд болж байгаа зүйлсийг авах гэж улайрдаггүй.
-Хүүхэдтэй хүмүүс минималист хэв маягаар амьдарч чадах болов уу. Тэдний хэв маягт ихээхэн өөрчлөлт гарах байх?
-Мэдээж хэрэг өөрчлөгдөнө. Гэхдээ гарах арга зам ямагт байгаа. Хүүхдээ хараад суухын оронд өөртөө цаг гаргах арга, хүүхэдтэйгээ хамт хөгжих боломж илэрхийлэх хэрэгтэй. Мөн эцэг, эхчүүд хүүхдээ тоглоом шиг байлгах гээд байдаг. Танд гоё харагдсан болгон хүүхдэд чинь таалагдахгүй, эсвэл байгаа зүйлийг дахин, дахин авч, мөнгө үрэх ямар ч шаардлага байхгүй. Би хүүхэдтэй л дээ. Гэхдээ хүүхэд хурдан өсч томордог учраас бусдаас өөр,онцгой содон хувцас тоглоом авч өгөх нь шаардлагагүй санагддаг. Нэг талаараа замбараагүй их эд зүйл нь хүүхдийг эдийн шуналтай болгох талтай шүү дээ.
-Хэдэн настайдаа минималист хэв маягийг өөртөө хэвшүүлж амьдрах боломжтой вэ. Бие даан амьдарч эхлэх үед л эрх чөлөөтэй байх орчин бүрдэх юм шиг?
-Хүүхдүүд эцэг, эхээсээ хараат байгаа учраас төдийлөн өөрийнхөө хүссэн орчныг бүрдүүлж чадахгүй байх талтай. Гэхдээ өөрийнхөө орон зай буюу өрөөндөө бүрдүүлж болно шүү дээ. Өөртөө хэрэггүй хувцас, хуучирч байгаа тавилгаа дүү нартаа өгчих. Бусдаас дутуу харагдахгүй гэж тэдгээрийг хадгалаад байх хэрэггүй. Хамгийн гол нь минималист байснаар бүх талаараа энгийн болдог учраас сэтгэл санааг ч тайван болгодог гэдгийг мэдэрсэн үед материаллаг эд зүйлс хүний амьдралд хэрэггүй болохыг ойлгоно.
–Минималист байх нь турах, өвчин эмгэгээс хол байх гэх мэт олон давуу талтай байх?
-Тийм ээ. Сасаки минималист болсныхоо дараа 20 килограмм турсан байдаг. Хүний эд зүйлс ихдэхээр цэгцэлж, янзалж чадалгүй бухимдаж, гэртээ орохыг хүсдэггүй юм байна. Тэр бухимдал, стрессээ хорт зуршил болгон архинд ордог. Мөн дээрээс нь гадуур хооллоно. Энэ мэт хэвшил нь биеийн жингийн илүүдэл, цаашлаад таргалалт, өвчин эмгэг үүсгэхэд нөлөөлдөг юм байна. Хүн минимал болох тусмаа хэрэгцээ шаардлага, материаллаг зүйлсийн илүүдлээс ангижирдаг. Тэгээд түүртэх зүйлгүй эрүүл амьдрах нь минимал амьдралын давуу тал. Хэрэв минимал амьдралаар амьдрахыг хүсч байгаа бол одооноос эхэл гэж зөвлөмөөр байна. Сургуулиа төгсөөд ажилд орохоороо зөв дадал хэрэгжүүлнэ гэж боддог ч цагаа тулахаар тийм ч амар байдаггүй юм. Япончууд хүнд дараа болохгүй амьдрахыг хүсдэг зарчимтай. Тиймээс оюутан, сурагч байх хугацаандаа зөв хэвшлийг амьдралдаа бие болгочихвол эцэг, эхийгээ бухимдуулахгүй байлгаж чадна.
Ярилцсан Ц.Дуламсүрэн