Хоол хийхээс өмнө махыг угааж болохгүйг АНУ-ын Хөдөө аж ахуйн яамнаас хийсэн судалгааны үр дүн харуулжээ. Тус яамны Хүнсний аюулгүй байдал, хяналтын алба Хойд Каролина мужийн Их сургуультай хамтран хийсэн судалгаагаар, түүхий махыг угаах нь бусад хүнсэнд сөргөөр нөлөөлдгийг тогтоосон байна.
Түүхий мах нь ихэвчлэн салмонелл, кампилобактер, клостридиум перфрингенс зэрэг аюултай бактериар халдварладаг ажээ. Хүмүүс түүхий махыг угааснаар сайтар цэвэрлэж байна гэж үздэг ч энэ нь эрүүл мэндээ эрсдэлд оруулж буй хэрэг гэж мэргэжилтнүүд анхааруулсан байна. Махыг угаах гэж оролдох нь эдгээр бактерийг махны шүүс хүрээгүй гадаргууд тараах шалтгаан болдог гэж үздэг байна. Угаах үед цацарсан ус нь хувцас болон гал тогооны бусад хэсгийг ч бохируулах магадлалтай. Ингэж тархсан бактериудыг нэг бүрчлэн цэвэрлэж устгах боломжгүй төдийгүй бусад хоол хүнсэнд нэвтэрч, хоолны хордлого ч үүсгэж болно.
Түүхий махыг олон удаа угаасан ч зарим төрлийн бактерийг арилгах боломжгүй. Тэгэхээр махыг угаах нь бактерийг бүтэн устгаж чадахгүйн зэрэгцээгээр тэдгээрийн улам тараах эрсдэлтэй үйлдэл ажээ.
Зарим хүмүүс махыг хэрэглэхээсээ өмнө давстай усанд дэвтээх аргыг хэрэглэдэг ч энэ нь мөн адил эрсдэл үүсгэдэг байна. Иймээс махыг угааж цэвэрлэх нь нянгийн бохирдолтоос сэргийлэхэд төдийлөн үр дүнтэй биш.
Махыг бид ихэвчлэн өндөр температурт болгож хэрэглэдэг нь түүнд агуулагдаж байгаа бактерийг устгахад хангалттай. Махны дотоод температур хамгийн багадаа цельсийн 70 хэм хүрэх үед бүх бактери үхнэ. Шаардлагатай бол хүнсний термометр ашиглан хэмжиж болно. Харин хадгалах шаардлагатай бол хөлдөөгчид хийж хөлдөөхөд л хангалттай.
Энэ нь ялангуяа тахианы махтай хамаатай бөгөөд сальмонелийн халдварын шалтгаан болдог гэнэ. Тахианы махыг угааж байх үед хортой бактериуд 1 метр хүртэл зайд тардаг байна. Хэрвээ та одоо хүртэл эргэлзсээр байвал алдартай тогооч нар хоол хийхдээ хэзээ ч махаа угаахгүй, харин махтай харьцсаны дараа гараа заавал угаадаг байдлыг олж харах билээ.
Мах худалдаж аваад угаахын оронд түүний гадна талыг чийгтэй цаасан алчуураар арчаад шууд л халуун тогоонд хийнэ. Мах арчсан алчуураа заавал хаяад гараа халуун усанд савандаж угаана.
Хөлдөөх махыг ч гэсэн угааж болохгүй. Угаах нь бактери устгахгүйгээс гадна хадгалах хугацааг ихээр багасгадаг байна. Өмнө хэлсэнчлэн алчуураар арчиж хатаагаад хөргөгчинд хийж хадгална.