₮ 0

No products in the cart.

Би хятадын харгисуудын дэргэд хэвтээгээр үхэхгүй, үхэвч суугаагаар үхмүй

ХХ зууны эхэн үеийн Монголын түүхийн цэргийн гарамгай хүмүүсийн дотор Манлай баатар Дамдинсүрэн томоохон байр эзэлдэг юм. Түүний намтар судлалд холбогдох цөөн хэдэн баримтыг сонирхуулж байна.

 Нэг. Манлай баатар Дамдинсүрэнгийн намтрын бичих талаар Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн дарга Дүгэрсүрэн маршал Чойбалсантай уулзсан тухай тэмдэглэл

Шинжлэх Ухааны Хүрээлэнгээс Түүхийн кабинетын 1945 оны төлөвлөгөөнд Манлай ван Дамдинсүрэнгийн намтрыг бичихээр төлөвлөсөн. Тиймээс эл ажлын дагуу ШУХ-гийн дарга Дүгэрсүрэн маршал Чойбалсантай Манлай ван Дамдинсүрэн, Тогтох тайж нарын намрыг бичих тухай уулзаж ярилцжээ. Маршал Х.Чойбалсангийн ярианд гурван зүйлийг онцлон хэлжээ. Үүнд:

 Манлай ван Дамдинсүрэнг дээр үеэс эхлэн танина. Их эрс шударга хүн. Тэрээр гамингийн шоронд хамт хоригдож байсан Хатанбаатар Магсаржав, Жамъян гүн, Жигмиддорж нарын хэлж байсныг дурдваас: Гяндан дотор хүнд өвчилж, үхэхийн туйл болоход хамт байсан нөхдөөс нь «Та дэвсгэр дээрээ амарваас зүгээр билээ» хэмээсэнд Дамдинсүрэн хэлж байсан нь «гамингийн гянданд би хэвтэж үхэхгүй» хэмээгээд цааш хэлсэн нь «намайг олбогийн хамт буланд ойртуулж өг. Би Монголын хүү эрэлхэгээ үзүүлэх хэрэгтэй, хар хятадын өмнө хэвтээгээр үхэхгүй, хар архи авчир» хэмээгээд гянданы буланд суусаар байж нас нөгчсөн байна.

Гамингийн урьд Богд тэргүүтэй бусад ноёдууд хятадыг дагахаар өмнө зүгт хандаж байх үеэр, Манлай ван Дамдинсүрэн нь бие муудсан хэмээн нутгийн чөлөө авч нутаг гэртээ буцахаар зүүн зүг явахын өмнө цэргийн яамны ноёд сайдуудыг тусгайлан урьж, ёслолыг гүйцэтгэсэн баярын хадаг зэргийг барьсанд, Манлай ван Дамдинсүрэн өгсөн хадаг зэрэг зүйлүүдийг хамхин гартаа барьж, түй хэмээн нулимж босгонд нь хаяад өшиглөж орхисон байна. Чингээд хэлсэн нь «намайг эргэж ирэхэд заяа бадарсан байх биз» хэмээжээ энэ нь ямар утгатай буй хэмээвээс халхын ноёдууд хар хятадыг дагаж ороод, үндэс угсаагаа алдаж балрахуйд хүрмүй хэмээсэн утгыг хадгалмуй. Тэр үесд бид нар нууцаар ажиллаж байсан цаг болно.

Гурван улсын гэрээ байгуулах үесээр Монголоос оролцсон Чин сүжигт Да лам (Цэрэнчимэд ?) ба Манлай ван Дамдинсүрэн нар хэтэрхий тэмцдэг байснаас түүнийгээ эргүүлэн буцааж ав гэж хэлүүлж байв. Ер нь «Дамдинсүрэнгийн намтрыг бичиж гаргах нь маш чухал»[1]

 Маршал Чойбалсангийн хэлсэн 1-р зүйл нь Ш.Нацагдоржийн “Манлай ван Дамдинсүрэн” бүтээлд утга агуулгын хувьд үндсэндээ орсон байна. Үүнд: “Дамдинсүрэн амь гарахын үед хамт хоригдож байсан Хатанбаатар Магсаржав нарт хэлсэн нь (би хятадын харгисуудын дэргэд хэвтээгээр үхэхгүй, үхэвч суугаагаар үхмүй. Гэж гяндангийн ханыг түшиж нас барсан болой.)[2] хэмээн тэмдэглэжээ. Магсаржав хурцын Монгол Улсын Шинэ түүх бүтээлд “…… эдний хамт хоригдсон манлай баатар ван Дамдинсүрэн тэр газраа өвчнөөр бие барсан болох нь гашуудалтай бөгөөд эмгэнэн дурсалтай”[3] гэжээ.

 Харин 2-р мэдээний тухай хэрхэн яаж оруулсан нь тодорхойгүй байна. Гурван улсын гэрээ байгуулах үеийн тухай маршал Чойбалсан хэлэхдээ Да лам Дашжавыг андууран  “Чин сүжигт Да лам Цэрэнчимэд” гэж андуурчээ.

Хоёр. Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн дарга Дүгэрсүрэнгээс Хөлөн буйр мужийн захирагч Эрхэмбат (Манлай баатар Дамдинсүрэнгийн нагац дүү)-д явуулсан захидал болон хариу захидлуудын тухай

ШУХ-гийн дарга Дүгэрсүрэнгээс 1945 оны IX сарын 24-ний өдөр Хөлөнбуйрын захирагч Эрхэмбатад явуулсан захидал. Эрхэмбатаас ШУХ-гийн дарга Дүгэрсүрэнд ирүүлсэн мөн оны X сарын 5,  XII сарын 22-нд тус тус явуулсан хариу захидал (Манлай баатар Дамдинсүрэнгийн намтрыг алгуураар бичиж явуулъя гэсэн Эрхэмбатын хариу захидал, Эрхэмбат өөрийн нагац ах Манлай баатар Дамдинсүрэнгийн намтар зүтгэлийг тэмдэглэсэн нэгэн дэвтрийг явуулсан тухай захидал). Нийт гурван захидал буй.

 Эхний захидал бол маш нууц “Хөлөнбуйр мужийн захирагч Эрхэмбатаас түүний нагац Манлай баатар Дамдинсүрэнгийн намтар зүтгэлд холбогдох бичиг судар болон дурдатгалыг бичиж ирүүлэхийг туйлаас хүссэн бичиг” хэмээх гарчигтай. Захидлын утга нь “Манай Монгол овогтон хэзээнээс гадаадын харгис дайсны гараас ангижирч нэгэн улс гэр болон хөгжихийг хүсэж эрхэмлэсээр ирсэн билээ. Манай Монгол овогтны энэ эрхэм хэргийн төлөө зүтгэж явсан баатар эрс олны дотор нэн ялангуяа эрхэм абугай таны нагац баатар Дамдинсүрэнийг дурдаж болно. Манлай баатар Дамдинсүрэн бол ганцаар Хөлөнбуйрын ард олны эрхэм хөвгүүнээр үл барам  ер манай нийт Монгол овогтны  эрхэм их баатар эр юм. Эрх чөлөөт Монголын ард түмэн эдүгээ хүртэл баатар Дамдинсүрэнгийн ач гавъяаг дурсан тэмдэглэсээр байдаг бөгөөд, түүний тухай бичиг судрын зүйлсийг манай ШУХ эрхэмлэн хадгалсаар  байдаг болой. Гэтэл завшаанаар Монгол ах дүү бид нар харилцан явалцах болсонд энэ хэргийг эдүгээ сэргээн явуулах цаг мөн хэмээн бодов. Нэгэнт эрхэм абугай та болбоос Дамдинсүрэнгийн нагац дүү тул түүний явдлыг мэдэх ганц хүн болой. Үүнд манай ШУХ-гийн туйлаас хүсэх нь  эрхэм абугай та түүний намтар зүтгэлд холбогдох бичиг судрын зүйл болон өөрийн санаа төрөгдлийг эрхбиш бичиж туслахыг гуйсугай.

 Бидэнд нэн ялангуяа Дамдинсүрэнгийн нутагтаа байх үеийн явдал огт мэдэгдэхгүй балар бүдэг байна.”[4]  хэмээгээд  Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн дарга Дүгэрсүрэнгийн гарын үсэгтэй. Захидлын төгсгөлд

 Дамдинсүрэн хэдэн онд хаана төрсөн

Түүний эцэг эх ба гэр бүлийн байдал

Бага насны явдал

Улс төрийн хэрэгт оролцон явах болсон үеийн явдал (бичээч, орлон хөөгч, сумны занги хэзээ хэрхэн болсон зэрэг)

Үүнээс гадна Дамдинсүрэнгийн талаар өөр юу юу мэдэх вэ?[5]

гэсэн таван асуултыг жагсаан бичжээ.

 Эрхэмбатаас Шинжлэх Ухааны Хүрээлэнд явуулсан захидалд:

 БНМАУ-ын ШУХ-гийн дарга Дүгэрсүрэн абугай танаа амгаланг эрмүй. Санамсаргүйд өгсөн захидлын хүлээн авч үзээд тэсхэлгүй баярлав. Миний бага нас төрөлхийн хөдөөх мунхаг дээр түгшүүртэй цагт албан ба өөрийнхөө үүрэгт чирэгдэн мунгинасаар хэзээний зургаан хөхийг өнгөрүүлэн нэгэнт зөнөглөв. Утга уянгын зүйлд эргэлзэх газаргүй чухамхүү нэр нь магадаас хэдэрч хэдэн намтар өгүүлж болно. Одоо хараахан мянган оны нэгэн учралыг олж, бүх Монгол овогтон нийлэхийн дотор Хөлөнбуйрын цөөхөн Монголчууд алинаас ч урьд гар барилцсан энэ сайхан бүтэмжийг завдаж үзсэндээ онгирч жич миний нагацын өнгөрөлт явдлыг алгуурхан магадыг олж тэмдэглээд хүргүүлсүгэй. Үүний тул хэдэн үсэг эрээчиж гавъяат амгаланг эрин бариулж гүнээ ёслов.

Эрхэмбат (гарын үсэг)                                                         1945 оны 10-р сарын 5-ны өдөр.

 Бичгийн төгсгөлд Дүгэрсүрэнгийн захидлын 5 асуултад товчоор хоёр өгүүлбэрээр хариулсан.

 “Манлай баатар Дамдинсүрэн болбоос, Дайчин Улсын Бүрэн Засагчийн аравдугаар жил(1871 он)-д  төржээ. Энэ жилд далан таван настай байх юм. Эцгийн нэр нь Жамсран сумны занги тушаалтай ажээ. Эхийн нэр нь Удвал, ах дүү долоогоос тавдугаар нь Манлай баатар юм. Хоёр эгчийн эх нь Эрхэмбат миний эх мөн”[6].

 Энэ мэдээнд түүний төрсөн жилийн талаар хоёр зөрчилтэй мэдээ байна. Учир нь Бүрэн Засагчийн аравдугаар онд төржээ гэсэн мөртлөө “энэ жил далан таван настай байх юм” гэхээр нэг жилийн зөрөө гарч байна. Мөн хий насыг нь оруулан тоолвол 2 насны зөрөө гарна.

 Эрхэмбат хоёр дахь захидлаа өмнөх захидааас 3 сар орчмын дараа XII сарын 22-нд илгээсэн. Энэ хооронд Шинжлэх Ухааны хүрээлэнгийн дарга Дүгэрсүрэн эхний захидлыг аваад хариу болгож хоёр дахь захидлаа илгээгээгүй бололтой. Учир нь Эрхэмбатын хоёр дахь захидалд “Урьд давшуулан барьсан захидлыг хэдийн толилсон болов уу” гэж бичжээ. Өмнөх захиа нь Дүгэрсүрэнд очсон эсэхийг мэдээгүй.

 Хоёр дахь захидалд гурван зүйлээр гол санааг илэрхийлсэн.

 Эрхэмбат өөрийнхөө тухай болон Хөлөнбуйрын тухай

Монгол овогтон дарлагдан бүхүйд Халх Монгол босож БНМАУ-ыг байгуулсан тухай

Манлай баатар Дамдинсүрэнгийн намтрыг нэг дэвтрээр бичээд явуулсан тухай.

Эцэст нь тэмдэглэхэд өгүүлэн буй нэг тэмдэглэл, гурван захиа нь Манлай баатар Дамдинсүрэнгийн намтрын судалгаа төдийгүй Эрхэмбат болон баргын түүхэнд чухал холбогдож байна. Цаашид эл асуудлыг гүнзгийрүүлэн судлаж учиг зангилааг тайлах судлаачид үзэх буй за.

 Ч.Батдорж /ШУА-ийн Түүхийн ухааны хүрээлэн, эрдэмтэн/

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...