LOADING

Type to search

Эмч зөвлөж байна

М.Тэмүүжин: Мэдрэлийн ёзоорын дарагдал үүсэх дараах хэдэн шалтгаантай

Share

“Гранд Мед” эмнэлгийн Нуруу нугасны мэс заслын тасгийн эрхлэгч, их эмч М.Тэмүүжинтэй ярилцлаа.

-Нуруу нь өвддөг олон хүн байгаа. Нуруу юунаас болж өвддөг юм бэ?

-Гэмтэл, үрэвсэл, халдварууд, хавдарууд, элэгдэл гэх мэт олон зүйлээс шалтгаалж нурууны өвчин үүсдэг. Дээрх шалтгааны яг аль нь вэ гэдгийг төрөлжсөн нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, орчин үеийн багажийн шинжилгээгээр бүрэн оношлох нь чухал. Эрт оношлоогүй нурууны өвчин цааш даамжран хүндэрвэл насан туршдаа тахир дутуу болж ч болно. Багана нуруу гэдэг маань биднийг босоо тэнхлэгийн дагуу алхах, зогсоход бүх ачааллыг даах тулгуурын эрхтэн юм.

Нурууны гол хэсэгт биеийн бүх хэсгийн мэдээ мэдрэхүй, хөдөлгөөн хийх булчинг уураг тархитай холбох гүүр болсон нугасыг агуулж, хамгаалж байдаг. Дээрх шалтгаануудын улмаас нурууны ямар нэгэн бүтэц эмгэгт өртөн даамжирвал нэгдүгээр үүрэг болох тулгуурын алдагдал үүсч, босож алхаж чадахгүйд хүрнэ. Цааш даамжирвал нугасанд нөлөөлж, гар хөл саажих хүртэл ноцтой хүндрэлүүд үүсч болно.

-Ёзоорын дарагдал гэж яг ямар өвчин бэ?

-Нугаснаас баруун зүүн тал руу мэдрэлийн ширхэгүүд салаалан нугасны сувгаас мөчүүд рүү гарч байдаг. Мөчдийг мэдрэлжүүлэх үүрэг бүхий энэ бүтцийг захын мэдрэлийн ширхэг бас судас ч гэж нэрлэдэг. Энэ мэдрэлийн ширхэг нугасны сувгийн дотор байрлах яг нугалмын сувгаар гараад холдоогүй байх тэр хэсгийг мэдрэлийн ёзоор гэж нэрлэдэг. Хүний бие хүзүүнээс эхлээд ууц ахар сүүл хүртэл баруун зүүн талдаа 31 хос мэдрэлийн ёзоортой байдаг. Эдгээрийн аль нэг нь эсвэл бүлгээрээ олон шалтгаанаас эмгэгт өртөж болдог. Дарагдал гэдэг нь тэдгээр олон эмгэгийн зөвхөн нэг л нөлөөлөл нь юм.

Цаашлаад дарагдлыг үүсгэж байгаагаар нь хавдар, буглаа, үрэвсэл, гэмтлийн гаралтай ясны хугарал, нурууны бүтцүүдийн элэгдлийн суурин дээр үүссэн яс ургалт, уйланхай, дискний ивэрхий гэх мэт маш олон зүйл эмгэг байдаг. Мөн нөгөө 31 ёзоор яг аль түвшинд ямар байрлал дээр дарагдаад байна, энэ дарагдал нь тухайн хүний үндсэн шинж тэмдгийн эх үүсвэр, шалтгаан мөн эсэх зэрэг олон нарийн зүйлүүд бий. Эдгээрээс хамгийн их түгээмэл тохиолддог дарагдал нь нугалам хоорондын мөгөөрсөн жийргэвчийн ивэрхий, нугалмын ар талын үений яс ургалт зузаарал, нугасны сувгийн нарийсал, нурууны гулсалт зэрэг юм.

-Мэдрэлийн ёзоорын дарагдал өвчнийг бүрэн төгс эмчилж байна гэж ярьж байна. Дэлхий нийттэй хөл нийлүүлэн алхаж байна гэсэн үг үү?

-Мэдрэлийн ёзоор дарагдлыг эмчлэхдээ хамгийн түрүүнд зөв оношлох хэрэгтэй. Дээр дурдсанчлан юунаас болж яг хаана ямар мэдрэлийн ёзоор хэр зэрэг дарагдаад байна вэ? гэдгийг олж тогтоох хэрэгтэй. Дараа нь эмчилгээний чиглэл гарч ирнэ. Эмчилгээний чиглэл гэдэг нь дотроо эмийн бус аргаар, нөхөн сэргээх физик эмчилгээ, өвдөлтийн менежмент буюу ажилбарт эмчилгээ багтана. Хамгийн сүүлд нь мэс заслын эмчилгээг дэлхийн олон эмч, эрдэмтдийн нотолгоонд суурилж үр дүн нь батлагдсан аргуудаар хийж байна. Манай эмнэлгийн эмч нар өндөр хөгжилтэй орнуудын эмч нартай хамтран ажиллаж туршлага солилцдог. Эмчилгээний аргууд цаг ямагт шинэчлэгдэж байна. Нэг талаас эмч нарын ур чадвар сайжирч, нөгөө талаас технологийн хөгжил анагаах ухаанд хурдацтай нэвтэрч байна.

Манай эмнэлэг яг л энэ зарчмаар хамгийн сүүлийн үеийн багаж тоног төхөөрөмжийг ашиглан тухайн чиглэлээр өндөр хөгжилтэй оронд бэлтгэгдсэн боловсон хүчнүүд дэлхийд дагаж мөрдөөд байгаа аргаар эмчилгээг хийнэ гэдэг бол яалт ч үгүй дэлхийтэй зэрэгцэн алхаж байна гэсэн үг. Гэхдээ бидэнд сурах, мэдэх, хөгжих олон зүйл бий. Өнөөдрөөрөө зогсож болохгүй шүү дээ.

Мэдрэлийн ёзоорын дарагдлын эмчилгээний хувьд хэлэхэд тухайн мэдрэлийн ёзоорыг ямар байдалд байгаагаас хамаараад эмчилгээний олон аргуудаас сонгоно. Эмийн эмчилгээ хийлгээд, тариа хийлгүүлээд үр дүн өгөхгүй байгаа тохиолдолд мэс засал хийдэг. Ганцхан мэс заслаар эмчилнэ гэдэг өрөөсгөл ойлголт. Гранд Мед эмнэлэг ёзоорын дарагдал өвчнийг аль ч эмчилгээний аргаар бүрэн эмчилж байна.

-Гранд Мед эмнэлэг дээр ямар ямар төрлийн нуруу нугасны мэс засал хийгдэж байна вэ?

Нурууны бүх түвшингийн дискний эмгэгүүд, сувгийн нарийсал, гулсалтуудыг бичил мэс заслаар, ёзоор чөлөөлөх диск сольж бэхлэх мэс засал мөн хамгийн сүүлийн үеийн дурангийн мэс засал аль аль нь хийгдэж байна. Мөн нурууны бүх түвшингийн хугарал гэмтлийг нээлттэй болон бичил мэс заслын аргаар бэхлэхээс гадна зөвхөн тусгай зүүний тусламжтай хэсгийн мэдээгүйжүүлгийн доор нугалмын хугарлыг ясны цементээр бэхжүүлэх, нуруу нугасны хавдруудын мэс заслуудыг амжилттай хийж байна.

-Танай эмнэлэг дээр дурангийн мэс заслын шинэ аргыг нэвтрүүлэх гэж байгаа гэсэн?

-Тиймээ. Манай эмнэлэг анх 2016 онд нурууны ар хажуугийн хүрцээр мэдрэлийн ёзоор гарах нүхээр дамжуулан дискний ивэрхий авч, ёзоор чөлөөлөх хагалгааг амжилттай нэвтрүүлсэн юм. Нурууны дурангийн мэс засал гэдэг нь дэлхийд 90 оноос л хөгжиж эхэлсэн. Энэ нь дуран оптекийн технологи сайжирсантай холбоотой. Дэлхийн өндөр хөгжилтэй олон эмнэлгүүд одоо хүртэл дурангийн мэс заслыг хийж эхлээгүй л байна. Манай эмнэлэг дурангийн мэс заслынхаа эхлэлийг жилийн өмнөөс тавьсан нь сайхан хэрэг. Зарим өндөр хөгжилтэй оронд дурангаар диск аваад зогсохгүй дискийг нь сольдог арга саяхнаас амжилттай нэвтэрсэн.

Манай эмнэлэг ч гэсэн нурууны нугалам хоорондын мөгөөрсөн жийргэвчийг дурангаар солих мэс засал хийгдэхээр төлөвлөж бэлтгэл ажил нь хангагдаж байна. Уг мэс засал дэлхийд анх 1940 оноос эхлэл нь тавигдсан байдаг. 1960, 1970-аад оны үеэс нурууны ар талаас дискийг солих, ар талаас бэхлэх бэхэлгээнүүд үүсч эхэлсэнтэй холбоотойгоор илүү найдвартай, өндөр үр дүнтэй хийгддэг болсон. 1990-ээд оноос хиймэл диск орлуулах нийлэг болон металл хайлшийн технологи эрчимтэй хөгжсөнтэй диск солих мэс засал эрчимтэй хийгдэж эхэлсэн. Гэхдээ нээлттэй аргаар л даа. Харин 2000 оноос энэ хагалгааг бичил мэс заслын арга буюу бага зүсэлгээр хийдэг болсон.Манай эмнэлэг энэ аргыг 2013 онд Монголдоо маш амжилттай нэвтрүүлээд өнөөдрийг хүртэл олон хүнийг эмчилсэн. 2014 оноос л дурангийн аргаар буюу дурангаар диск солих хагалгааг Америк, Солонгос зэрэг өндөр хөгжилтэй орнуудад амжилттай хийж эхэлж байна. Одоогоор өөр оронд дурангаар диск солих хагалгааг хийгээгүй байна. Энэ хагалгааг хийхэд хамгийн сүүлийн үеийн өндөр өртөг бүхий оношилгоо, эмчилгээний багаж тоног төхөөрөмж нөгөө талаас нээлттэй мэс заслыг олон хийж,бичил мэс заслаар диск солих чадварт сайн суралцсан эмч, сувилагч нарын баг хамт хийнэ.

Өөрөөр хэлбэл дурангаар диск солих хагалгаа нь оношоо маш зөв найдвартай тавьж, өвчний голомтоо зөв олохоос эхлээд нарийн төвөгтэй мэс заслыг нийлүүлэн хийж байж амжилттай үр дүн гардаг. Аль нэг нь доголдоход үр дүнгүйдэх магадлалтай. Манай Гранд Мед эмнэлэг дэлхийн хамгийн дэвшилтэт багаж тоног төхөөрөмжтэй, тэдгээрийг ажиллуулахад олон улсад бэлтгэгдсэн боловсон хүчинтэй. Бичил мэс заслаар диск солих мэс заслыг дэлхийн стандартын дагуу хийж гүйцэтгэж байгаа ба дурангаар диск солих хагалгааг нэвтрүүлэхэд бүх таатай боломж бүрдээд байна. Одоо удахгүй энэ хагалгаагулсдаа анхдагч болж амжилттай нэвтрүүлнэ гэдэгтээ итгэлтэй байна.

-Гранд Мед эмнэлэгт бичил мэс засал, дурангаар мэс засал хийлгэх гэх мэт дэвшилтэт нарийн мэс заслуудыг хийж байна. Ингэж хийснээрээ давуу тал ач холбогдол юу вэ?

-Давуу тал маш их. Нурууны мэс засал гэдэг нь нурууны хамгийн төв голд байх мэдрэлийн бүтэц болох нугас, нугасны ёзоорыг эмгэгээс нь салгах зорилгоор гадна талаас нь бүх бүтцүүдээр дайрч хүрдэг маш онцгой ажилбар юм л даа. Ямар нэгэн байдлаар бүтцүүдийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулах боломжтой. Уламжлалт нээлттэй мэс засал гэдэг нь хүний нүдээр харж хийж байгаа болохоор нарийн багаж шиг илүү тод харж чадахгүй шүү дээ. Нүдээрээ харж хийхэд том зүсэлт хийдэг нь нурууны булчин үе холбоос ясанд маш их хөнөөл учруулж үндсэн үр дүндээ хүрдэг. Гэтэл хэдий чинээ шарх том байна төдий чинээ мэс заслын үед гарах хүндрэлүүд нэмэгдэх магадлалтай.

Нөгөөтэйгүүр нурууны эмгэгүүдийг бий болгодог үндсэн механизм бол нурууны булчингийн тогтолцооны алдагдал, үе холбоосын алдагдал байдаг учраас нээлттэй мэс заслын дараа нурууны гэмтсэн бүтцүүдээс шалтгаалсан бас нэгэн төрлийн эмгэг бий болж зовиур үүсдэг. Бичил мэс засал гэдэг нь технологийн дэвшлийг дагаж явагддаг мэс засал тул хүний нүдээр харах боломжгүй бага зай орчинд тусгай өндөр технологийн багажаар харж хийдэг мэс засал л даа. Ингэснээр нурууны хэвийн бүтцүүдийг хамгийн ихээр хадгалж, мэс заслаас үүссэн гэмтлүүд нь ч буцаад хэвийн болж эдгэх магадлалыг хамгийн ихээр олгодог хөнөөл багатай хурдан тэнхрэх боломжийг бий болгоно. Нуруу нугасны мэс заслын дэлхийн одоогийн оргил нь дурангийн мэс засал мөн бичил мэс заслын арга технологи болоод байна.

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!