Ихэнх тохиолдолд жижиг судас гэмтсэнээс хөхрөлт үүсдэг. Арьсан дээр даралт үүсгэх уналт, цохилтын улмаас хөхрөлт үүсдгийг бид мэднэ. Хүчтэй цохилтын улмаас үүссэн хөхрөлтийг эдгээхэд хэдэн долоо хоног шаардагдана. Бага зэргийн хөхөрсөн бол хэдхэн хоногийн дотор өөрөө арилдаг.
Зарим хүмүүсийн хувьд гар, хөлөө юманд цохисон эсэхээ санахгүй ч хөхрөлт үүссэн байх тохиолдол бий. Биеийн аль нэг хэсэг амархан хөхөрч буй тохиолдол бүр эрүүл мэндийн асуудлыг илтгэхгүй. Харин бие мах бодийн энд тэнд үүссэн хөхрөлтийн тоо олширвол эмчид хандах шаардлагатай болж буйг илтгэнэ. Цус алдалтыг нэмэгдүүлдэг аливаа эмгэг, эм тариа нь биеийн аль нэг хэсэгт амархан хөхрөхөд хүргэдэг байна.
Шалтгаан
Хөгшрөх тусам хүний арьс нимгэрдэг тул биеийн аль нэг хэсэгт амархан хөхөрдөг
Мөн танай гэр бүлийн хэн нэгний бие мах бод амархан хөхөрдөг бол та ч мөн тийм байх магадлалтай
Дараах шинжүүд нь таны биед бусдаас амархан хөхрөлт үүсдэг гэдгийг илтгэнэ.
Бага зэргийн гэмтлийн /гараа юманд цохих төдийд/ хариуд маш том талбаг хамарсан хөхрөлт үүсэх, өвдөлттэй байх
Яагаад гэдэг шалтгааныг нь мэдэхгүй хэрнээ олон удаа ажиглагдах
Арилахгүйгээр олон долоо хоног үргэлжлэх
Эмнэлгийн нөхцөл байдал, амьдралын хэв маягийн асуудал нь үүнд нөлөөлнө.
Эмийн эмчилгээ
Цус шингэлэх эм нь цус алдалт, хөхрөлтийг ихэсгэдэг. Турхайлбал,
варфарин
гепарин
ривароксабан
дабигатран
apixaban
аспирин
Зарим эмүүд нь судасны үйл ажиллагааг сулруулж, үрэвслийг улам дордуулж , цус алдах эрсдлийг нэмэгдүүлдэг. Тухайлбал, Зарим ургамлын гаралтай эмийн эмчилгээ (ginkgo biloba), хүн орхоодой, их хэмжээний сармис, цагаан гаа, модны холтос, балжингарам гэх мэт.
Амархан хөхрөлт үүсдэг бол эм уухдаа заавал эмчээс зөвлөгөө аваарай. Учир нь цус алдах эрсдэлтэй аж.
Согтууруулах ундаа, элэгний өвчин
Согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх нь элэгний хатуурал, өөхлөлт зэрэг элэгний өвчлөлийн эрсдэлт хүчин зүйл болдог. Эдгээр эмгэгүүд нь элэгний үйл ажиллагааг аажмаар сулруулж байдаг.
Элэгний өөрчлөлтийн улмаас бие мах бод амархан хөхөрдөг байна. Хөхөрсөн хэсэгт загатнах, маш их ядарч сульдах, өвдөх, хөл хавагнах, шээс бараан гарах, нүд, арьс шарлах зэрэг шинж тэмдгүүд нь элэгний өвчлөлийг илтгэдэг. Элэгний өвчнийг үр дүнтэй эмчлэхийн тулд эрт оношилгоо хамгийн чухал.
Витамины дутагдал
Витамин С-ийн дутагдал нь чийг бам хэмээх өвчнийг үүсгэдэг аж. Энэ нь цус алдалт, эдгэрдэггүй шарх, амархан хөхрөх шалтгаан болдог. Витамин К нь цус алдалтаас сэргийлдэг. Уг амин дэм нь нярайд бага хэмжээтэй байдаг бөгөөд К аминдэмийн тарилга хийлгээгүй үед амархан хөхрөх эсвэл цус алдах тохиолдол гардаг байна. К амин дэмийн дутагдалд орсон насанд хүрэгчид ч мөн энд тэндээ хөхөрсөн байхыг анзаарч магадгүй.
Васкулит
Судасны үрэвсэл буюу васкулит гэдэг нь дархлаа муудсанаас үүсдэг. Үүнийг Шенлейн Генохын өвчин гэж нэрлэх нь бий. Голчлон хүүхдүүд ялангуяа охидод их тохиолддог өвчин. Өсвөр насны хүүхдүүдэд голчлон тохиолдоно. Өвчин үүсэх шалтгааныг нарийн тогтоогүй ч дархлааны алдагдлаас үүдэлтэй гэж үздэг. Нөхцөлийг нь судалж үзвэл ихэнхи нь ханиад томуу тусах, хоолой өвдөх буюу ангина туссаны дараа үүссэн байдаг аж. Энэ нь хөхрөлт үүсгэхээс гадна амьсгал давчдах, гар хөл нь хөших, шарх, арьсан дээрх нил ягаан өнгийн толбо зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Эмчилгээ нь васкулитын хүндэрсэн зэрэг, биеийн аль хэсэгт нөлөөлөхөөс хамаарна.
Senile purpura
Энэ нь ихэвчлэн настай хүмүүст, тэр дундаа 50-аас дээш насны хүмүүсийн 10 орчим хувьд нөлөөлдөг. Хөгшрөх тусам арьс, судаснууд улам эмзэг болдогтой холбоотой бөгөөд нийтлэг тохиолддог хоргүй нөхцөл байдал юм.
Арьсан дээр нил ягаан, улаан /хөхөрсөн/ толбо үүсгэдэг бөгөөд гарт хамгийн ихээр тохиолддог. Ихэнх тохиолдол нь бага зэргийн гэмтлээс улбаатай ч удаан хугацаанд арилахгүй, том талбайг хамарсан байх нь бий. Зарим тохиолдолд эдгэрсний дараа ч арьс хүрэн өнгөтэй болдог. Арьсыг нарнаас хамгаалах нь урьдчилан сэргийлэхэд нөлөөлнө.
Хорт хавдар
Ховор тохиолдолд гэнэт энд тэнд хөхрөх, тоо нь нэмэгдэх нь хорт хавдрын шинж тэмдэг байж болно. Цус, ясны чөмөгт нөлөөлдөг хорт хавдар, тухайлбал, лейкеми нь хөхрөлт үүсгэдэг. Хавдрыг эрт оношлилсноо эмчилгээ үр дүнтэй байна.
Хэзээ эмчид хандах вэ?

Дотоод эрхтнүүдийн гэмтэл, нуруу, цээж, ходоодонд хүчтэй цохилт өгөх, хөхрfлт нь өвдөлттэй байх, эсвэл ер бусын бараан өнгө үүсэх, хавагнах зэрэг тохиолдолд эмчид хандах хэрэгтэй. Гэхдээ ихэнх тохиолдолд аяндаа өөрөө алга болдог байна.
Мөн дараах тохиолдлуудад эмчид хандаарай:
Гэнэт өмнөхөөсөө илүү амархан хөхөрч эхлэх
Бусад шинж тэмдэг тухайлбал, арьс шарлах, халуурах, энергигүй болох гэх мэт
Эм уух үед хөхрөлт үүсдэг
Хөхрөлт нь удаан эдгэрч, өвдөлттэй байх
Эх сурвалж: medicalnewstoday