ХӨСҮТ-ийн халдвартын клиникийн 2-р тасгийн эрхлэгч, докторант, халдвартын тэргүүлэх зэргийн эмч С.Гамуу “Гэдэсний халдварт өвчний эмнэлзүй, урьдчилсан сэргийлэлт” сэдвээр мэдээлэл өглөө.
Гэдэсний халдварт өвчний үед илрэх шинж тэмдэг нь юу вэ?
Гэдэсний халдварт өвчний үеийн нууц хугацаа маш богино бөгөөд ерөнхий хордлогын шинж тэмдгүүд илэрдэг. Тухайлбал, бие сульдаж, ядрах, халуурах гэх мэт. Мөн хоол боловсруулах замын хямрал буюу бөөлжис хүрэх, дотор муухайрах, огих зэрэг өөрчлөлтүүд гарна.
Гэдэсний халдварт өвчнүүдийн талаар мэдээлэл өгнө үү?
Цусан суулга – Цусан суулга нь бүдүүн гэдэсний S хэсгийг гэмтээдэг учраас колитийн хамж шинж илэрдэг. Тодруулбал гэдэс дүүрч, гэдэс маш их базалж, дүлэлт их өгдөг. Тийм учраас анус урвах талтай. Энэ үед 5-30 удаа цусны судалтай, цус алдаж, залхагтай, үнэргүй “хүндэрнэ”.
Сальмонеллийн халдвар – Энэ үед энтеритийн шинж илрэх бөгөөд усархаг суулгалт өгч бөөлжилт хавсардаг. Мөн энэ үед өтгөн усархаг, дутуу боловсорсон хоолны хольцтой, хар ногоон хөөсөрхөг гардаг. Түүнчлэн бага зэргийн исгэлэн үнэр үнэртэнэ.
Хоолны хордлогот халдварууд- 40 гаран төрлийн хоолны хордлого байдаг. Нууц хугацаа нь маш богино буюу хоёр цагийн дараанаас шинж тэмдэг илэрнэ. Мөн гастритийн шинж илрэх бөгөөд ходоод, гэдэс базалж өвддөг.
Гэдэсний халдварт өвчний үед ямар эмчилгээ хийдэг вэ?
Эхлээд халдвартай хүмүүсийг тусгаарлана. Ингээд эмийн болон хоол эмчилгээ хийдэг. Хоол эмчилгээ бол маш чухал бөгөөд хоолны дэглэмийг 21 хоног баримталдаг.
Дараа нь хувийн ариун цэврийг маш сайн сахих хэрэгтэй. Үүнийг хүн болгон мэддэг хэр нь өдөр тутамдаа хэвшүүлж чадаж байна уу гэдэг нь асуудалтай.
Түүнчлэн дархлаагаа дэмжих шаардлагатай бөгөөд хүнсний аюулгүй байдлыг /хадгалах, тээвэрлэх/ анхаарна.
Гэдэсний халдварт өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
Өвдөхөөс сэргийлнэ – Энэ бол сая хэлсэн хүнсний аюулгүй байдалтай шууд холбооттой юм.
Хүндрэлээс сэргийлнэ – Хэрэв өвдлөө гэж бодоход дараагийн хүндрэлээс сэргийлэхийн тулд эмчтэйгээ зөвлөлдөх шаардлагатай.
Дахилтаас сэргийлэх – Эдгээгүй байж байтал дээр дурдсан дэглэм өөрчлөгдөж дахин сэдрэх магадлалтай. Тиймээс үүнийг сайтар анхаарна.