LOADING

Type to search

Онцлох

Д.Сүхбаатар: Кино урлагаас хэсэг холдсон нь аав ижийгээ асарч, бор еэвэн хийж зардаг байсан үе

Share

Монгол Улсын гавьяат жүжигчин цол тэмдгээ аваад удаагүй байгаа Даваагийн Сүхбаатартай ярилцлаа. Түүнийг монголчууд “Ацаг шүдний зөрүү” киноны Намжилын дүрээр нь сайн мэдэх билээ.

-Юуны өмнө Монгол Улсын гавьяат жүжигчин болсонд тань баяр хүргэе. Бага нас тань хаана өнгөрөв?

-Миний бага нас Монгол кино үйлдвэрийн зүүн талын хамар хашаанд өнгөрсөн. 1959-1969 оны хооронд арван жил яг тэр хашаанд амьдарсан. 1990-ээд оноос хойш манай буурь кино үйлдвэрийн обьектод орчихсон. Гэрийн буурин дээр минь саяхныг болтол барилга баригдалгүй байсаар байсан. Эргэж бодоход хүүхэд үеэсээ жүжигчин болно гэж мөрөөдөж зүтгэсэн зүйл байгаагүй. Тэр үед хүүхдүүдэд таван өнгийн л будгийн харандаа байлаа. Одоо бол олон төрөл болжээ. Нэгдүгээр ангид байхдаа тэр харандаагаараа нүүр амаа эрээлжилж будчихаад багшийг цаашаа хараад самбар дээр юм бичиж байх хооронд зүггүйтдэг товариш байсан юм уу даа. Хойгуур л суудаг байсан юм шиг байгаа юм. Нүүр амаа будаад жорвогноод суухаар хүүхдүүд хараад инээлддэг. Түүнд нь онгироод багшийг эргэж харангуут партан доогуураа шургаад, цаашаа харангуут нь гарч ирж зүггүйтнэ. Манай ангийн багшийг Нансалмаа гэдэг байлаа. Тэгж байгаад баригдаад, багш намайг чихнээс чангааж багш нарын конторт аваачиж байсан юм. Тэр үеэс л миний жүжигчин болчихъё доо гэсэн мэдрэмж зөн совин эхэлсэн болов уу даа.

-Аль сургууль төгссөн юм бэ?

-Арван жилийн 14 дүгээр сургуулийг төгссөн. Хоёрдугаар ангидаа шилжиж ирсэн. Анх бол 16 дугаар сургуульд элссэн л дээ. Түүнээс хойш 1959 онд 14 дүгээр сургуулийн багш нарын байр гээд Кино үйлдвэрийн зүүн талын хамар хашаанд нүүж очлоо. Долдугаар ангиа төгстлөө тэнд байсан. Сургуулийнхаа концерт, урлаг уран сайхны ажилд бүгдэд нь идэвхтэй оролцдог. сургуулийнхаа концерт, шинэ жил гэх мэт арга хэмжээг хөтөлнө. Шүлэг унших дуртай, ном их уншдаг хүүхэд байж. Долдугаар анги төгсөхөд үеийнхнээсээ хамаагүй илүү ном уншчихсан, том том романууд, дэлхийн сонгодог зохиолуудыг мэддэг болсон байлаа. Жюль Вер, Майн Рид, Александр Дюма гээд дотоодоос Б.Ринчен, Л.Түдэв гээд тэр үеийн томчуудын “Хөх тэнгэр” роман, “Заан Залуудай” хэмээх хүүхдийн тууж, “Тунгалаг тамир” роман гээд уншаагүй зохиол байхгүй. Хэвлэлтээс гарангуут нь шүүрч авч уншина. Хичээлээ хийхгүй аав ээждээ аашлуулаад, шөнө орондоо гар чийдэн тусгаж ном уншиж байгаад баригдаад гар чийдэнгээ хураалгаж явсан түүх бий. Тэгсэн хэр нь хичээлдээ муу. Аман хичээлдээ бол сайн. Түүх, нийгэм, монгол хэл, уран зохиол зэрэг хичээлдээ сайн. Багш хичээлээ заагаад дуусахаар баталгаажуулж асуухад хамгийн түрүүнд гараа өргөнө. “Чи дут, чамаас хэн асуусан юм” гэж загнадаг болчихсон сүүлдээ. Тэгсэн мөртлөө математик, геометр, физик, химидээ “Сүхээгээс бусад нь ойлгосон уу?” гэдэг байж билээ. Одооныхоор бол нийгмийн идэвх сайтай пионерын бүхий л арга хэмжээнд оролцдог жаахан бор хүү байж дээ.

-Кино үйлдвэрийн хашаанд бага нас өнгөрсөн гэхээр хотын унаган хүүхэд байжээ дээ?

-Тийм. Би 1950 оны дөрөвдүгээр сарын 5-нд Нэгдүгээр төрөхөд төрсөн. Миний ижий Хөвсгөл аймгийн Түнэл сумын харьяат. Маанийн Лхамсүрэн гэж сайхан монгол эмэгтэй байлаа. их мэргэн цэцэн үгтэй. Голдуу зүйр цэцэн үгээр ярьдаг, их шооч. Хүнийг шоолохоороо яг голыг нь олж хэлнэ. Хүн доромжилж, дээрэлхэж биш, яг л тэр хүнийг байгаагаар нь хэлдэг. Хотгойд хүн байсан. Аав минь Архангай аймгийн Булган сумын харьяат. Заяын гэгээний шавь. Миний өвөө лам хүн байсан гэнэ лээ. 1937 оны их хэлмэгдүүлэлтийн өмнө өөрөө сураггүй алга болчихсон юм гэсэн. Аав маань өвөөгийн тухай ярих тун дургүй. Тэр үеийн хүмүүжсэн хүмүүжил нь тийм л дээ. Шашингүйн үзэл суртал гэдэг айхтар зүйлээр толгойг нь угаачихсан, өөрөө намын ажил хийдэг багш хүн байсан учир ярьдаггүй байх. Намын төв хорооны хөдөө аж ахуйн хэлтэс гэж бүх л аймгуудын хүнсийг хуваарилах байгууллагын зааварлагч байж л дээ. Дайны жилүүдэд Намын төв хороонд ажилладаг, улсын бага хурлын гишүүн байсан. 1948 юм уу 1949 онд намайг төрөхийн урдхан их сургуульд суралцаж байхдаа машинд дайруулсан юм гэнэ лээ. Өрөөсөн нүд нь төрөлхийн хараа муутай. Хараа муу талаас нь машин гарч ирэхийг өөрөө харалгүй дайруулаад гэмтчихсэн. Тэгээд намын төв хорооны ажлаасаа чөлөөлөгдсөн. Дараа нь сургуульд сурч, нийгмийн ухааны багш болсон. Их чанга дуутай, маш тод хурц ярьдаг. Хурдан хөдөлгөөнтэй. Өөрийнхөө гурван хүүхдийг хайхардаггүй мөртлөө хүний хүүхдийн төлөө гүйж явдаг. Хүний төлөө гэсэн сайхан сэтгэлтэй хүн байсан юм.

-Тэгэхээр жүжигчин болоход аав ээжийн зан чанар бас нөлөөлж дээ?

-Тийм шүү. Аавынхаа тэр чанга тод дуу, хурц яриаг дуурайж. Одооныхоор бол дикц гэдэг. Аав минь их дикцтэй ярьдаг. Түүнийг нь дуурайсан юм болов уу. Ижийгийнхээ шооч, шогч, юмыг их ажигладаг занг дуурайсан байх. Шооч, шогч зан гэдэг амьдралд их гярхай, юмыг сайн ажигладаг гэсэн үг шүү дээ. Хошин олж хардаг. Түүнийгээ уран гоёор хошигнож чаддаг. Тэр занг нь би өвлөсөн байх. Би бол сургууль соёл төгсөөгүй. Одоо цагийн үнэлэмжээр би боловсролгүй хүн. Нэг талдаа. Нөгөө талдаа бол амьдралын гүн ухаан монгол өвөг дээдсийн гүн ухаанд суралцсан. Албан ёсны аль нэгэн сургуульд сураагүй. Чөлөөт уран бүтээлч хүн.

-Та ах, дүү гурвуулаа гэсэн. Тантай ижил жүжигчин болсон хүн бий юү?

-Миний хоёр дүү бол төрсөн эгчийн минь хоёр хүүхэд. Би уг нь эхээс гурвуулаа. Эгч минь намайг зургаан настай байхад бурхны оронд одсон юм. Хүргэн ах маань хоёр нялх хүүхэдтэйгээ үлдэж, бид хамтдаа олон жил амьдарсан. Эгчийг минь нас барснаас хойш арваад жилийн дараа хань ижилтэй болж, явах болоход ижий, аав хоёр минь энэ гурав цугтаа нэг гэрт өсчихлөө. Аав минь хүргэн ахыг “Миний хүү хоёр хүүгээ үлдээгээд яв. Мэдээж чамаар овоглодог чиний үр удам чинь бүгд л холбоотой байна” гээд үлдээсэн юм. Тэгээд л бид гурав нэг гэрт төрсөн ах дүү шиг өссөн. Бага дүү минь өнгөрсөн жил бурхан болчихсон. Амьдралд их юм үзлээ дээ. Зургаан настай даа эгчийгээ алдаад, түүнээс хойш хоёр сайхан хүү, хорвоогийн жамаар эцэг эх, найз нөхөд, ах эгч нар минь буцаад л явах юм. Өндөр наслахад нэг талдаа их зүйл үзэж, үр хүүхэддээ хань бараа болох нь сайхан л юм. Нөгөө талдаа сэтгэл шимширсэн, зүрх эмтэрсэн зүйл ихийг үзэх юм. Хорвоогийн жам юм даа.

-Гэр бүлийнхээ хүнийг танилцуулаач, хэдэн хүүхэдтэй вэ?

-Би сайхан ханьтай. Амьдралдаа хоёр удаа гэрлэсэн. Анхны ханьтайгаа арван жил амьдраад хоёр хөөрхөн охинтой болоод сайхан л амьдарч байлаа. Гэтэл үл ялиг зүйлээс болж ойлголцохгүй, дээр нь хүмүүс даарин дээр давс нэмнэ гэгчээр зүйл болсон. Үл ойлголцож ядаж байгаа хүмүүсийг улам холдуулах зүйл болдог юм байна лээ. Хагарсан шаазанг эргэж нийлүүлнэ гэж байдаггүй шиг нэгэнт холдсон сэтгэлийг эргээд нийлүүлнэ гэж байдаггүй л юм билээ. Бид амьдралын сүүлийн мөчид юу эсийг бодохов. Эргүүлээд бодож, гэмшиж, ухаарч явахад гэр бүл салахад ямар ч гэмгүй хүүхэд л хохирч үлддэг. Зүгээр ч нэг хохироод үлдэхгүй, ямар сайхан ирээлүйтэй, ямар сайхан амьдралыг туулах байсан хүүхэд насан туршдаа эрэмдэг зэрэмдэг болох нь бий. Сэтгэлийн хувьд эрэмдэг зэрэмдэг, харгис хатуу янз бүрийн л хүн болж төлөвшдөг юм байна лээ.

Азаар миний хоёр охинд тийм зүйл тохиолдоогүй. Анхны ханийн минь сүүлд суусан хань нь сайн хүн таарч, хоёр охиныг минь эцгийн хайраар дутаагаагүй. Өвөө, эмээ нь ч их буянтай сайн хүмүүс байсан. Эцэг, эхийн хураасан буяны үр гэж байдаг байх гэж боддог юм. Тэр буянаар миний хоёр охинд сайн аав таарч, хайраар дуталгүй сайхан өссөн. Одоо миний хань Бадамаа гэж эм зүйн мэргэжилтэй. Сайхан монгол эмэгтэй. Бид хоёр ханилаад 25-26 жил болж байна.

Хүүхэд байхаасаа хоёулаа нэг хашаанд тоглож явсан юм билээ. Түүнийгээ хэзээ хойно мэдэцгээсэн л дээ. Дарханы театрт би жүжигчин, миний ханийн анхны нөхөр нь манай театрын дуу хоорын багш. Бид хоёр сайхан нөхөрлөдөг. Өмнөх эхнэр одоогийн хань хоёр маань сайхан найзууд. Бид өөд өөдөөсөө харсан хаалганд амьдардаг байлаа.

Хүний амьдрал гэж сонин шүү. Олон жилийн дараа би хотод буцаж ирсэн л дээ. Аав, ижий хоёр минь нас дээр гарч бие нь чилээрхдэг болж, би эмийн сангаас эм тариа авч аав ээжийгээ асардаг байх үед миний хань Бадамаа таарсан. Уулзаагүй олон жил болчихсон байсан. Тэр үедээ хань ижлийг нь бурхан болсныг мэдээгүй. Эмийн мэргэжилтэй болохоор миний аав ээжид их тус болж асарч сувилдаг байлаа. Тэгээд л хоёул зовлон жаргалаа хуваалцаж, нийлцгээсэн. Миний ханийн хоёр сайхан охин бий. Тэд минь намайг аав гэдэг. Би ч өөрийн үр гэж хайрладаг. Анх тэднийд орохдоо би талийгаачийн зурганд хадаг тавиад ярьсан. Хувь тавилангийн эрхээр ийм боллоо. Би хоёр охиныг чинь, ханийг чинь чадлынхаа хэрээр тулж, түшиж явна аа гэж хэлсэн. Анх бид хоёр тэгэж нийлж байлаа. Одоо манай хүүхдүүд хоорондоо бүгд эгч дүүс. Хоёр бага маань гадаадад амьдардаг. Зургаан охин, нэг сайхан хүүтэй хүн дээ би.

-Тэгэхээр бага хүү тань хайранд бүүвэйлэгдсэн хүн байна даа?

-Тийм ээ. Миний бага хүү айлын ганц хүү гэлтгүй багаасаа биеэ даасан. 18 настайдаа Франц руу гарч, хоёр жил амьдраад буцаж ирээд 5-6 сар болсон юм уу даа. Тэгээд нэг хөөрхөн охин дагуулж ирээд хоёул хөтлөлцөөд Америк руу явцгаасан. Одоо хоёр хүүхэдтэй. Бэрийн маань гэдсэнд бас нэгэн ач минь бойжиж байгаа.

-Танайх тэгэхээр өнөр өтгөн айл болжээ. Ач зээ нийлээд хэд болж байна?

-Одоо хорь гарч байгаа байх аа. Би нэг их тэгэж бүртгэж тоолоод байдаггүй. Би юманд хэнэггүй аажуу талдаа. Нөгөө талаар ном, сүжиг сүсэгтэй. Учиргүй мал тоолж байгаа аятай хүнээ тоолоод байх нь ч юу юм дээ.

-Таны мэргэжлийг өвлөсөн хүүхэд бий юү?

-Одоогоор яг жүжигчин болсон хүн байхгүй. Бүжигчин, дуучин, хөгжмийн талын хүмүүс л болох шинжтэй байна. Заавал жүжигчин бол гэж тулгахгүй. Хүн анх төрөхдөө л программчлагдаад төрдөг. Одооны хэлээр ярьж байгаа шүү би. Хуучныхаар бол төрсөн өдрийн төөрөг, гарсан өдрийн гариг гэж байна. Хувь тавилангаараа л яваг.

-Жүжигчин болсон нь яг хэзээ вэ?

-Би хүүхэлдэйн театраас гараад хийх ажилгүй ёстой л гудамжинд лааз өшиглөж явахад минь миний найз Жигжидсүрэн 1983 онд монгол кино үйлдвэрийн орчуулгын киноны дуу оруулагч шалгаж авч байна. Чи тийшээ очоод шалгуул гэхээр нь очсон юм. Тэр үед Кино нэгтгэлийн дарга Бямбажав хүлээн авч анхны суурийг минь тавьж байлаа. Сэлэнгэсүрэн найз минь анх хөтөлж оруулсан даа.

-Анхны тоглосон дүр, уран бүтээл юу вэ?

-Би театр, киноны уран бүтээлч гэж явдаг. 1975 онд анх Дархан хотын Соёлын ордон гэж байгаад Хөгжимт драмын театр гэж зохион байгуулагдах үед нь МУУГЗ И.Нямгаваа гэдэг хүний шавь болж дагалдан жүжигчнээр орсон. С.Надмид зохиолчийн Шалгалтнаар гэдэг хошин үзэгдлийн Буурал гэх 50 гаруй насны өвгөний дүрд тоглосон. Тэр нь нэлээн хариуцлагагүй, шалгалт ирэхэд сүрхий ажилсаг болдог, ширээнийхээ бүтээлгийг дэвсээрээ шинэхэн халатаа өмсөөрэй гэдэг шиг л хүний нүд хуурсан юм хийдэг нөхрийн дүрд тоглосон.

Тэгэж хамгийн тайзан дээр гарсан. Тэр үед би 25-тай. 50 гаруй насны хүний дүрийг бүтээх гэж хөдөлгөөн, сэтгэж байгаа сэтгэлгээ, биеийн үйлдэл, сэтгэлийн үйлдлийг хийхийн тулд их сургууль хийж, нэлээн зэмлүүлж байж гаргах гэж оролдсон л доо. Би ямар мэргэжлийн жүжигчин ч биш. Дагалдан, уран сайханч л байсан. Эргээд бодоход тэр дүр их инээдтэй, ичмээр ч юм шиг санагддаг. Гэхдээ сайхан. Жүжигчин хүн анхныхаа дүрийг мартдаггүй л юм байна. лээ. Жамцдорж гэж манай нэг жүжигчин “Чи учиргүй ухасхийгээд давхиад байх юм. Дап, дуп гээд түргэн хөдлөх юм. 50 настай хүн яаж тэгж хөдлөх билээ” гээд зэмлэж байсан юм. Найруулагчаас гадна хамт ажиллаж байгаа нөхдөөсөө бас их зүйл сурдаг. Ер нь хүн хүний үг сайн авдаг болчихвол дараа нь ямар ч зүйлд хэрэг болдог юм шүү.

-Таны жүжиглэх урлагийн анхны багш хэн байв?

-Миний жүжигчний анхны багш бол МУУГЗ И.Нямгаваа гэж агуу сайхан найруулагч хүн байлаа. Дараа нь Монгол кино үйлдвэрт очоод Балжинням, Жигжидсүрэн, Сумхүү, Ардын жүжигчин, Төрийн соёрхолт, монгол киноны эцэг гэж хэлж болох Жигжид, Доржпалам зэрэг сайхан хүмүүстэй ажиллаж, заалгаж, зөвлүүлж жүжигчний эрдмээ лавшруулан суралцсан. Шавь боловсролтой хүн л дээ.

-Та алтан үеийн жүжигчидтэй хамт тоглож явсан хүн шүү дээ?

-Тийм. Тэр хүмүүсийн барааг харсан. Заримтай нь үг сольсон. МУГЖ Осор, МУГЖ Лувсан хэмээх агуу хоёр хүнтэй “Эхлэл” кинонд портнер болж тоглосон. Чимэд-Осор гуайтай кинонд цуг дуу оруулж, ам барьж байлаа. Жигжид багшийн удирдлагад орчуулгын кинонд дуу оруулж ам барьдаг байлаа. Дугарсанжаа гуайтай нэлээд ойр байсан л даа. МУГЖ Лха.Долгор, Бадамгарав нартай хамтран тоглож байлаа. Зарим хүмүүсийн барааг харж, гайхан биширч сүрдэж явснаас биш хамтран тоглох боломж олдоогүй л дээ. Лувсан, Осор, МУГЖ Лха.Долгор, Бадамгарав, Дугараа, Готов (Түгжил) гэх алтан үеийн бурхдын хормойноос нь зүүгдэж үгийг нь сонсож явсан.

Лха.Долгор гуайтай би “Эхлэл” кинонд ээж, хүү хоёр болж тоглох гээд роль таарсан юм. Гэтэл Лха.Долгор гуайн театрын хуваарь тааралгүй больсон. Оронд нь Бадамгарав гуай тоглосон юм. Сүүлд 2005 юм уу 2006 оны үед Лха.Долгор гуайтай эмгэн, өвгөн хоёр болж тоглосон. Телевизийн цагаан сарын нэг зохиомжид. Ээж хүү хоёр болж байсан чинь эмгэн, өвгөн болно гэхэд Лха.Долгор гуай “Хүүе яаж чамтай эмгэн, өвгөн болдог юм” гээд. Би ч “Үгүй ээ. ямар хамаатай юм. Маяглаад аальгүйтээд байгаарай” гэсэн чинь хөхрөөд л хөөрхий “Энэ золигийг харав уу, ээжийгээ загнаж байгааг нь” гээд л бас өөдөөс шоглоод. Тэгээд эмгэн, өвгөн болсныгоо дараа нь үзэхэд гоё л байна лээ. Бас их завшаан гэж боддог юм.

-Танд өөрт тань “Би үүнийг чинээнд нь тултал тоглолоо доо” гэж боддог дүр бий юү?

-Байхгүй. Ёстой тийм юм байхгүй. Би л дараа нь өөрийгөө үзээд тэрнийг нь дутаачихлаа даа. Тэгдэг байж гэж амаа барьдаг. Киноны нэг хэцүү зүйл нь тэр. Театр бол хүн дутуугаа гүйцээгээд, тоглолтоос тоглолтын хооронд засч сайжруулаад байж болдог. Найруулагч, портнерууд хэлээд бие биенээ дэмжээд, өсөөд байх боломжтой. Кинонд бол тийм боломж байхгүй. Дэлгэцэнд гарлаа л бол тэгээд бандан тас.

-Тэгвэл танд одоо тийм дүрд тоглох юмсан. Тоглоогүй үлдсэн тийм дүр байна гэж бодогддог уу?

-Бас үгүй. Тэнэг байгаа биз. Ер тийм юм байхгүй. Яахав, одоо тэгээд найруулагчид тоогоод энэ хөгшин шүдгүй, хөлгүй гэлгүй тоглооч гэвэл чадлынхаа хэрээр зүтгэж л байдаг юм. Түүнээс учиргүй айхтар хүсч мөрөөдөөд, үхэхээсээ өмнө тийм л дүрд тоглож үзнэ, тэгвэл миний энэ насны хэрэг зорилго бүтлээ дээ гэсэн зүйл байдаггүй шүү.

-Таны үеийн цэргийн алба бас чанга байсан байх аа?

-Тийм шүү. Би 1969 онд Барилгын цэргийн 012 дугаар ангид алба хаасан. Тэр үед цэргийн алба гурван жил байлаа. Анх цэрэгт татагдахад анхан шатны мэдлэг олгох 45 хоногийн карентинд гаргадаг байлаа. Хэдэн цагаар ч хамаагүй наранд жагсаалаар зогсооно. Эхнээсээ халуун наранд ухаан алдаж унангуут дээрээс нь ус цацаж сэргээгээд л буцаагаад зогсооно. Би тэр карентинаас зугтах санаатай яах учраа олохгүй байж байтал “Ард байхдаа тогооч байсан хүн байна уу” гэхээр нь шал худлаа мэдэхгүй байж би гээд л урагшаа гарсан. Тэгээд тогооч боллоо доо. Долоо хоног хэрэглэх ёстой хуурай бүтээгдэхүүнийг нь гурван хоногт дуусгачихаад баахан загнуулж билээ. Тэгээд яв, өөрөө ангиас зөө гээд. Нөгөө гурил, будаа, элсэн чихэр, масло зэргээ өөрөө шуудайгаар зөөж байсан юм. Ангиас нэг их хол байгаагүй л дээ, аз болж.

-Та 1990 оны эхнээс 2000 он хүртэл нэг хэсэг кино, жүжиг гээд юунд ч тоглоогүй шүү дээ. Харагдахаа байчихсан. Тэр үеэрээ хаагуур юу хийж явж байв?

-Бас тийм үе бий. Тэр үеэр ёстой амьдралын эрхээр гэгчээр аав, ижий хоёр минь өндөр настай болчихсон. Тэгээд Кино үйлдвэрийн орчуулгын киноны жүжиг анги маань татан буугдаад, манай цөөхөн уран бүтээлч телевизэд дуу оруулахаар явсан. Би тэр үед аав, ижийгээ л асарч байсан даа. Тэр нэлээд хэцүүхэн хүнд үе байсан шүү. Гэртээ бор еэвэн хийж зах дээр зардаг байлаа. Хүнд ер нь одоо яах вэ, яавал дээр вэ гэж бодогдох айхтар үе ирдэг юм байна лээ. Ажлаа хийгээд явъя гэхээр гэртээ байгаа өндөр настай хоёр хөгшнөө яах вэ.

Манай хоёр дүү нэг нь Дарханд. Миний дараагийн дүү аав, ижий хоёрыг минь олон жил авч явсан. Би тэр дүүдээ хоёр хөгшнөө даатгаж орхиод Дарханы театрт долоон жил болсон. Тэгээд өөрөө ардаа амь амьдралтай хүн чинь, миний үе ирнэ шүү дээ. Яг тэр ээлж ирсэн нь зах зээлийн үе давхацсан. Социализмын үе байсан бол найман цагийн ажил хийгээд, завсар зайгаар нь аав, ижийгээ харах л байсан байх л даа. Тэр үед найм байтугай 24 цаг ч ажиллаад таван цаас л авдаг үе байлаа. Тэгэхээр ажил хийх боломж байхгүй.

Мэдээж хоёр хөгшний тэтгэвэр байсан л даа. Гэтэл тэр нь эм тариа, хоол хүнс, хувцас хунар, байрны мөнгө гээд хүрэлцэхгүй. Хоёр хөгшнийг харж байгаа нэртэй би гэж нэг гай болоод байгаа юм. Өөрөө өөрийгөө авч явахын тулд “За би юу хийж чадах билээ. Яавал мөнгө олох вэ” гэж бодсон. Надад найман настайгаасаа эхлээд хориод жил нөхөрлөсөн өвөр түрийндээ орж өссөн найз байсан юм. Амьдралын эрхээр сүүлдээ уулзаж чадахаа байгаад зам нь салаад явсан. Аав нь дотор хүн байсан. Дотор хүн гэдэг нь хятад хүнийг хүндэлсэн нэр шүү дээ. Тэднийх одоогийн түргэн тусламжийн гурван давхар цагаан байшингийн буйран дээр хувийн мухлаг ажиллуулдаг байсан юм.

Амь амьдралаа хөөрхөн аваад явчихдаг. Учиргүй баян тарган ч биш. Гэхдээ сүрхий ажилтай, зүтгэлтэй хүн байсан юм. Монгол эхнэртэй. Эхнэр нь залуудаа бурхан болчихсон, нялх хоёр хүүхэдтэй үлдсэн луухаан. Тэднийхээр орж гарч, гүйж байхдаа нарийн боов, талх хийж байгааг нь харж байсан юм. Түүнээс учиргүй сурах гээд хичээгээд, эрдэмд шамдаад байсан зүйл байхгүй л дээ. Хажуугаар нь гарахдаа шүүрч авч иддэг, хардаг байсан л төдий. Тэр үеийн харж байсан зүйлээс толгойд бүүр түүр юм үлдсэн байна аа. Бор еэвэнг тэгж хийж байсан, шанзаа тэгж хийнэ. Зуурмагаа тэгэж зуураад байсан. За байз хийгээд үзвэл яах бол гэж бодогдоод болдоггүй.

Тэгээд 70 кг гурил, 500 граммын шилтэй нэлээд хурц үнэртэй өтгөн тос байдаг байсан, хайрцгандаа арван ширхэгтэй ургамлын тос. Тэрнээс нэг хайрцгийг, горох гээд хатуу шар буурцаг монголчууд тоож авдаггүй. Түүнээс нь таван кг аваад арван кг элсэн чихэр гээд бодож бэлтгэж аваад, тоглосон доо. Эхэндээ бүтэлгүйтэж байгаад сүүлдээ ч нэлээд зүгшрээд эхэлсэн. Маш хурдан хугацаанд хийж сураад зах, хоршоодын тохиролцооны дэлгүүрт худалдагчид нь тоолж тушаагаад, санхүү дээр нь очиж мөнгөө авах гээд зогсож байхад нөгөө еэвэн чинь дуусчихлаа гээд хойноос ороод ирдэг. Тэгж л хурдан гүйдэг болсон. Түүгээрээ овоо хөл дээрээ өндийсөн.

Хэдэн жил тэгж зараад, дэлгүүрт өгөхөөр шимтгэл авна. Сүүлдээ шимтгэл өгөхгүй санаатай өөрөө зах дээр зардаг боллоо. Тэр үед “Ацаг шүдний зөрүү”-д тоглочихсон. Бас ч гэж хүн таньдаг болчихсон байлаа. Зарим хүн таниад хоорондоо шивнэж байгаа юм л даа. “Наад нөхөр чинь Ацаг шүдний зөрүү байна шдээ” гээд л. Тэрнийг сонсохоор л нүүрний арьс хуураад л явчихаж байгаа юм. Хар хөлс асгараад л явчихна. Тэгээд тоохгүй. Тоолоо гээд ч яах билээ. Ар талд асуудал байгаа юм чинь. Тэгж л хэдэн жил алга болсон юм.

Тэгээд хүүхдүүд овоо болоод, ижий аав минь бурхны оронд одсон доо. Хүнд чинь зүрх сэтгэлд уяатай нэг зүйл үлддэг юм байна. Тэгээд кино урлагтаа эргэсэн дээ. Хань маань ч ажил төрлөө бод гэж зөвлөөд. Хүн чинь хажуудаа түшиж тулах хүнтэй болоод ирэхээр өөр болдог юм байна лээ. Ганцаараа зүдэрч яваад, түшиж тулах сайн хүнтэй болохоор өөрийн санасан руугаа тэмүүлдэг биз дээ. Тэгээд л оройхон гараад ширүүхэн дайрсан даа.

-Та ихэвчлэн туслах дүрд тоглодог шүү дээ. Туслах дүрийн онцлог нь юу вэ?

-Тийм, би дандаа туслах дүрд олон жил ажиллалаа. Туслах дүр барьцгүй хэцүү. Гол роль бол кино, жүжгийнхээ туршид бариад хийгээд явах үг, биеийн үйлдэлтэй. Ажиллах ажиллагаа, задаргаа хийх барьцтай. Харин жижиг дүр тэр гол дүрийг тодотгох ёстой гэхдээ яаж гэдэг нь тун хэцүү. Ёстой л нэг ясны хөлс шавхсан ажил шүү.

-Сүүлийн үед та ямар бүтээлүүд дээр ажиллаж байна вэ?

-“Долдугаар тусгай салаа” гэдэг кинонд тоглолоо. Хэдэн сайхан буянтай хүүхдүүдийн буянаар дөрвөн үеийнхээ нөхөдтэйгөө тоглосон. Тэр кино амжилттай болсон маягтай байгаа. Бидний үеийн таван хүн тоглосноороо онцлог юм уу даа.

-“Хувь тавилангийн ээдрээ” телевизийн олон ангит кинонд бас тоглосон шүү дээ?

-Тийм ээ. “Хувь тавилангийн ээдрээ”, “Хоймор өнжих нар” гээд бүрэн хэмжээний 2-3 том бүтээлд тоглосон.

-“Хувь тавилангийн ээдрээ”-д тоглохдоо охинтойгоо буйдан дээр зэрэгцэж суугаад “Ацаг шүдний зөрүү”-г үзэж байгаад “Аав, энэ хүн тантай аягүй адилхан тийм ээ” гэхэд нь та “Аа харин тийм” гэж хэлдэг хэсэг байдаг даа. Тэр хэсгийг яг хийе гэж хийсэн юм уу, тохиолдлоор тэгээд таарчихсан уу?

-(инээв) Тийм бил үү? Би тэр хэсгийг мартчихсан байна. Яг тэр хэсгийг мартчихжээ. Зарим дүрүүдээ бүр санадаггүй юм аа. Саяхан нэг телевизээр “Аминд хүрсэн олз” гэнэ үү, нэг кино гарч байна. Цэнджав гээд баримтат киноны сайхан найруулагч байдаг юм. Тэр маань тийм уран сайхны кино хийчихсэн юм байна. 1992 онд хийсэн кино байв уу даа. Тэгсэн тэр кинонд би бас хоёрдугаар зэргийн рольд тоглосон байх юм. Нэлээн залуу. 1992 он гэдэг чинь би 42 настай байсан юм уу даа. Жинсэн яак болсон сүрхий амьтан байна лээ. Зураачийн дүрд тоглочихсон. Түүнийгээ санахгүй байгаа юм. Сайн бодоод байхаар бас нэг бүүр түүрхэн юм орж ирээд. Би яагаад зарим юмнуудыг мартаад санаад байна гэхээр уржнан зурганд явж байгаад захын хялгасан судасны харвалт болсон. Гэхдээ хүнд биш л дээ. Тэр л ингээд мартамхай болгочихдог юм байна. Тухайн үедээ хямарсан л даа. Хаалга хараад явлаа гэхэд хажууг нь очиж мөргөнө. Баримжаа муутай, мартамхай болдог. Хүний ярьж байгаа зүйлийг ойлгохгүй, нүд рүү нь хараад гайхаад, алмайраад байх жишээний. Тэгээд хүнд өөрийгөө ойлгуулж ярихдаа муу. Арваад хоног тийм байдалтай байж байгаад эмчилгээ, сувилгаа сайн хийлгүүлээд гайгүй болсон л доо.

-Таныг залуу үед кинонд тоглолоо гэж цалингаас өөр зүйл өгдөггүй байсан байх. Одоо кинонд тоглох үнэ хэд байдаг вэ?

-Янз бүр дээ. Тохиролцдог юм л даа. Би бол учиргүй тохиролцъё, дээшээ доошоо гээд байдаггүй. Нийтийн жишгийг л дагана даа. Бас учиргүй амьтны аманд багтаад нөхдийнхөө ханшийг унагаад байх ч хаашаа юм. Сүрхий мундаг өөрийгөө үнэлээд хэмжээгээ мэдэхгүй том зүйл яриад үнэ нэхээд байхгүй. Ерөнхийдөө эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй дунджийг барина. Сүрэг бүтэн чоно цатгалан гэдэг байх аа.

-Гавьяатынхаа найрыг хийсэн үү?

-Хийгээгүй. Есдүгээр сарын 20-ноос л хийх санаа байна.

-Хэн хэнийг урих бодол байна?

-Хамгийн түрүүнд орчуулгын киноны дуу оруулагч нөхдөө урина даа. Гавьяатыг би эрийн сайндаа ч аваагүй л дээ. Эрийн сайндаа гэдэг нь учиргүй хөөцөлдөж, хойгуур урдуур гүйгээд байсан юм байхгүй. Эсвэл авьяастай мундаг гайхалтай жүжигчиндээ ч биш. Сайн нөхдийнхөө хүчинд Монгол кино нэгтгэлийн хамт олон, найруулагч Солонгынхоо буянаар авлаа. Хүмүүс намайг сайн муу хэлбэл хэлнэ л биз. Намайг Солонгод долигоносон гэвэл хамаа алга. Би долигоноогүй. Тэр хүн намайг нэг өдөр дуудаад яваад очсон чинь “Чи хийсэн ажлынхаа тодорхойлолтыг бичээд ирээч. Чамайг төр засгийн шагналд тодорхойлох санаатай байна. Манай хамт олон ярилцаад шийдсэн” гэсэн. Тэгээд би тоглосон кинонуудынхаа тодорхойлолтыг өгсөн. Тэд маань хөөцөлдөж, дэмжиж байж би өнөөдөр энэ сайхан алдар цолыг хүртээд сууж байна.

-Монгол Улсын гавьяат жүжигчин цол авахаа хэзээ мэдсэн бэ. Урдчилж хэлсэн үү?

-Хэлдэг юм байна. Долдугаар сарын 9-нд хэлсэн байх аа. Ерөнхийлөгчийн Тамгын газраас ярьж байна. Та цол хэргэм хүртэх боллоо, маргааш өглөө 11:00 цагт Төрийн ордонд ирээрэй гэсэн. Нээх учиргүй догдолж баярлаад газраас тасраад явж байгаа юм шиг болоогүй. Гэхдээ мэдээж баярладаг л юм байна лээ.

-Гавьяат цолыг заавал өндөр нас зооглосон, насны хойморт авах ёстой ч юм шиг, хөгшчүүдэд л өгдөг боллоо. Үнэхээр хийсэн бүтээсэн бол хэзээ ч өгсөн болно шүү дээ. Та энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ?

-Би бол тэгж боддоггүй. Нэгдүгээрт, төр түмэн нүдтэй төрсөн бие хоёр нүдтэй гэдэг. Олон түмэн нэгдэн нийлж байж төр болно доо. Төр түмэн олон мэдэж байгаа. Хоёрдугаарт, хүний хувь тавилан гэж юм бий. Тэр жам ёсоороо л явна. Түүнээс өгчихөөр нь өгчихлөө гэж муучлах, хөгшин болсон хойно нь үхэх гэж байхад нь өглөө гэж муулах. Өгөхгүй болохоор нь өгөхгүй байна гэж гомдоллох, юм хэлээд байх нь дэмий. Авсандаа л баярлах хэрэгтэй. Харин үнэхээр хийсэн зүйлтэй, хэлэх үгтэй хүнд өгөөгүй бол харамсаж л суудаг. Би хүүхдээ өглөө сургалтанд нь хүргэж өгөх гээд явж байхдаа бодож л явлаа. Манай кино үйлдвэрийн Идэвхсайхан гэж хүн байлаа. Орчуулгын киноны загалмайлсан эцэг гэж хэлэхэд бараг буруудахааргүй. Түүнийгээ бодож явлаа. Доржсамбуу, Цэвээнравдан, Сэлэнгэсүрэнгээ их бодлоо. Амьдын зол, үхсний хохь гэж яасан үнэн үг вэ. Би хэн билээ. Тэр сайхан нөхөд минь байсан бол гэж бодогддог юм байна лээ. Самсаа шархирч явсан шүү.

-Одоо бол та дандаа сайхан өвөөгийн дүрд л тоглодог боллоо шүү дээ?

-Өө тэгэлгүй яахав. 1975 онд 20 гаран насандаа 50 настай өвгөний дүрд тоглож байсан шиг одоо 70 гарсан хойноо 50 юм уу 40 настай хүний дүрд тоглоно гээд майжганаж явалтай биш. Өвөөгийн дүрд л тоглоно доо. Чадвал эмгэний дүрд тоглоно доо. Тоглосон ч яахав дээ. Даанч эмгэний дүрд тоглож чадахгүй л дээ.

-Сүүлийн үеийн кино хийж буй уран бүтээлчид, кинонууд танд ямар санагдаж байна вэ?

-Хоёр янз байгаа. Ихэнхдээ мөнгөний юм хийгээд байна. Яг шударга хэлэхэд хүүхдүүд чадалтай байна. Бор зүрхээрээ хийж байна. Гэхдээ мөнгөний юм хийдэг болж. Мөнгөний юм хийхээс ч арга алга. Төр засгаас уран бүтээлчдэд тодорхой хэмжээний төсөв хөрөнгө гаргаад жинхэнэ уран бүтээл хий, монгол кино хий гээд мөнгө гаргаад өгдөг бол энэ чадалтай мундаг хүүхдүүд мөн сайхан зүйл хийнэ. Хүүхэд залуучууд нь зодоон нүдээнтэй, алаан хядаантай юм үзэхийг хүсээд түүнд нь тааруулж хэдэн төгрөгөөрөө юм хийгээд, өөрсдийгөө ч баллаад, хойч үеэ ч баллаад байна. Төрийн мэдлийн ганц кино театртай байхгүй бол хувийн газрууд чинь юм хийж байгаа хүүхдүүдийг жинхэнэ заазуурдаж байна. Эднээс бас их зүйл болж байна.

-Ахмад жүжигчид Хятадын зарим хотоор аялаад ирсэн гэсэн. Таныг явсан сураг байсан?

-Би явсан. Маш сайхан аялал болсон. Бээжин, Шанхай, Нянбао, Гуанжу, Макао зэрэг хотуудаар арав хоног ахмад уран бүтээлчид аялсан. “Блис” компанийн захирал Т.Амгалан гэж их буянтай хүү байна лээ. Ахмад настай хорь гаруй жүжигчинг, зураг авах баг, техникийн ажилчид гээд гуч гаруй хүний зардал мөнгийг хувиасаа гаргаад аялуулсан. Их сэтгэлтэй сайн хүү. Нас дээр гарсан бид хөл муутай. Тэр сайхан юм үзээд нэг мэдэхэд 7-8 км алхчихсан. Хөл өвдөж байгаагаа ч мэдэхгүй. Их дурсамжтай сайхан аялал болсон шүү.

-Залуу үедээ сургамжлан хэлэх үг байгаа байх?

-Би сүүлийн үед дотор загатнаад хэлэхгүй байж тэсэхгүй нэг зүйл байна. Манай хүүхэд залуус, төрд ажиллаж байгаа түшээд монголоороо ярихаа болилоо. Монголоороо бичихээ болилоо. Гадуур хаяг, сурталчилгааг хар. Телевизийн кинонууд юу гэсэн утгатайг нь мэдэхгүй хачин нэр өгөх юм. Яагаад байгаа юм бэ. Монгол хэл ингэж устаад сүйрээд байгаа юм уу. Эсвэл бид өөрсдөө мэдэхгүй монгол хэлээ устгаж сүйрүүлэх гээд байна уу. Хэл гэдэг зүйл байхгүй бол хил байхгүй болно. Хил байхгүй болбол эх орон минь байхгүй болно. Хамгийн эхний дохио нь энэ. Эх хэлээ хайрлахгүй бохирлож, хатуу хэлэх юм бол бузарлаж байна. Айхтар түгшүүрийн дохио өгөөд байна. Үүний төлөө бүгд дор дороо хичээмээр байна. Ялангуяа энэ телевизүүд маш их алдаа гаргаж, маш сонин үг хэллэгтэй болжээ.

С.ОТГОНБАЯР

ӨДРИЙН СОНИН

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!