LOADING

Type to search

ТҮҮХ

О.Дашбалбар: Хэрвээ бид Элбэгдоржтонгуудын саналаар газрыг гадаадынханд хувьчлах юм уу, түрээслүүлэх болсон бол тэгээд л өнгөрлөө

Share

Сонины шарласан хуудаст торойн үлдсэн ч өдгөө түүх хүүрнэн өгүүлэх болсон хуучны ярилцлага, сурвалжлага, нийтлэлүүдээс History.mn сайтын редакц сэргээн нийтэлж, уншигчдадаа хүргэж байгаа юм. Энэ удаа тэртээх гучаад жилийн өмнө хэвлэгддэг байсан “Засгийн газрын мэдээ” сонины 1994 оны наймдугаар сарын нэгэн дугаарт гарсан “Би Монголын мафийг илчилсэн” гарчигтай ярилцлагыг хүргэж байна. Ярилцлагын эзэн бол О.Дашбалбар агсан бөгөөд түүнтэй сэтгүүлч Р.Даваажав ярилцжээ.

ЗГМ сонин: Зохиолч О.Дашбалбартай сэтгүүлч Р.Даваажав бараг бүтэн жилийн өмнө эл ярилцлагыг хийжээ. Улс нийгэм, хувь хүний амьдрал, үзэл бодолд энэ хугацаанд томоохон өөрчлөлт гарсан байх тул цаг хугацааны хүчин зүйлийг харгалзан үзэхийг уншигчдаасаа хүсье.

-Анхны шүлгээ хэдийд бичсэн бэ?

-За даа, анхны шүлгийг ч долоо, наймтайдаа хоёрдугаар ангид байхдаа л бичсэн санагдаж байна.

-Тэр шүлэг чинь одоо санаанд тань бий юу?

-Шог юм даа.

“Халуун зун болоход

Хамаг амьтан баясаж

Хамтаар явж усанд сэлж

Халуун наранд биеэ ээнэ” иймэрхүү шүлэг байсан юм. Дараа нь ээжийн тухай, энх тайвны тухай, эх орны тухай баахан юм бичиж байсан. Тэр үеийн шүлгээс юу үлдэх вэ. Манай аав номонд их дуртай. “Робинзон Крузо”, “Нууцат арал”, Нацагдоржийн ном гээд янз бүрийн номууд манайд олон байсан даа. Тэр бүгдийг уншина. Сайхан санагдана. Янаг амрагийн тиймэрхүү ном байвал аав хавьтуулахгүй булаагаад авчихна. Тэгэхээр нь хүүхэд уншиж болдоггүй ном байна даа гэсэн тиймэрхүү бодол төрөөд тэрийг нь улам уншмаар санагдаад сэмхэн нууж байгаад “Мянга нэгэн шөнийн үлгэр” мэтийг уншина. Баригдвал аавд алгадуулна даа.

-Таны сэтгэлд хамгийн ойр ямар шүлэг байдаг вэ?

-Миний аавдаа зориулсан нэг том цуврал шүлэг байгаа юм. Уг нь “Элегия” гэсэн нэртэй байсан. “Харууслын дуу”. Тэр миний их хайртай шүлэг. “Бурхны мэлмий” гэж номонд орсон. “Шөнө дунд цасан бударна”, “Аниргүйн чанад”, “Хүн чулуу” гэсэн шүлгүүд байна. “Амьддаа бие биеэ хайрла хүмүүс ээ” “Өвөг дээдсээсээ бид эх орноо хүлээж авна” гэсэн шүлгүүддээ их хайртай. Яагаад гэвэл миний амьдралын бүх утга учрыг тодорхойлж өгсөн хоёр шүлэг, гэхдээ уран сайхны хувьд биш!

-Хүний амьдралд мартагдашгүй сайхан мөч гэж байдаг. Таны хувьд?

-Юун тэр улс төр, янз бүрийн хов жив, юу ч мэдэхгүй, өнөөдөр хоолтой л бол болоо гэсэн бодолтой тийм хүүхэд ээжийнхээ хормойноос зүүгдээд ганц нэг аргал цуглуулаад, ээж амандаа дуу гүнгэнээд явдаг байсан тэр үе надад хамгийн сайхан мөч байсан. Сургуульд орохоор аавдаа хөтлүүлээд олон хүүхдийн дунд анх удаа зогсож байсан үе их нандин үе байсан. Яруу найрагч Шагдарсүрэнтэй цуг ажиллаж өнгөрүүлсэн тэр он жилүүд, Шилийн Богдын орой дээр Сүрэнжавтай зогсож байсан тэр агшин, Явуухулантай ярьж хөөрч байсан тэр үе, Кайсын Кулиевийг амьд харсан тэр мөч, Гамзатовоор “Миний Дагестан” ном дээр нь гарын үсэг зуруулсан тэр мөч гэх мэт дурсгалтай агшин олон. Номхон дөлгөөн далайд “сэлнэ” гэх нь хаашаа юм бэ, бараг “биеэ дүрнэ” гэх нь илүү тохиромжтой, далайн усан дотор зогсч байсан тэр мөч надад сайхан санагдана. Горькийн сургуулийн оюутан болох үе тэр сургуулийг дөнгөж төгсөөд ирж байсан үе, за тэгээд энэ бүх сайхан дотроос Далай ламтай уулзаж, Далай ламд мөргөж, мутраас нь адис авч Далай багш тавагтай идээн дээрээс задгай чихэр, ааруул авч миний аманд хийгээд хөхөрч байсан 1991 оны намрын тэр агшин миний амьдралд хамгийн сайхан нь юм даа.

-Та яруу найрагч атлаа яагаад улс төр рүү орох болсон юм бэ?

-Миний ард түмний гуниг зовлон, миний ард түмний эмгэнэлт явдал надад хамаагүй гэж болох уу? Өнөөдөр эдийн засгийн тусгаар тогтнолоо үндсэндээ алдаад бусдын эрхшээлд орж байна шүү дээ. Газар нутгийн бүрэн байдалд баталгаа байна уу? Өнөөдөр зэвсэгт хүчнээ “тараагаад” хэдэн арван жил бэлтгэсэн боловсон хүчнээ бүгдийг цэл залуугаар нь тэтгэвэрт гаргачихаад байгаа ийм дээдсийг тусгаар тогтнолын төлөө баттай зогсож байна гэж хэлэх үү. Бурхны шашныг доромжилж, гадны олон шашныг оруулж ирж байгаа хүмүүсийг тусгаар тогтнолоо баталгаатай болгож байна гэж үзэх үү?

-Та чуулган дээр газрын тухай чамгүй маргалдсан. Одоо эргээд бодоход…?

-Өнөөдөр тодорхой боллоо шүү дээ. Хэрвээ бид Элбэгдоржтонгуудын саналаар газрыг гадаадынханд хувьчлах юм уу, түрээслүүлэх болсон бол тэгээд л өнгөрлөө. Би газрын талаар хийсэн тэмцлээ миний амьдралын хамаг утга учир л гэж бодож байгаа.

-Үнэндээ хэцүүхэн далаад хоног байсан шүү.

-Үнэндээ 76 хоногийн тулалдаан юм даа. Миний хувьд бол газар нутгаа гадаадынханд өмчлүүлэхгүй, худалдахгүй гэдэг л тулалдаан байсан юм. Үүнийгээ би Халхын голд тулалдсантай адилханд тооцно. Би зүрх гэдэггүй хүн байлаа. Тэр хурал дээр чинь нэг унаад л… Сар гаруй хуралдахад үндсэндээ миний зүрх “не нормальный” болж эхэллээ шүү дээ. Ардчиллынхан намайг энэ шизотой л гэж загнаад байсан, тархи минь шизотой биш, зүрх минь шизотой болчих шиг болсон доо.

-Сүүлийн гурван жилд бие биесээ мөн ч хараалаа даа?

-Одоо харин ерөөх цаг нь болсон шиг санагдаад байгаа. Намайг баярын өмнө Бат-Үүлтэй хундага тулгалаа гэж зарим хүн зэмлэж байна лээ. Ер нь хундага тулгах байтугай юм болсон ч яахав гэж би бодоод байгаа юм. Тэгэхдээ би Бат-Үүлийг шүүмжлэх цагтаа шүүмжилнэ. Хэлэх үгээ хэлнэ. Гол нь миний хэлэх үг түүнийг доромжлоогүй байх хэрэгтэй. Тэртэй тэргүй “мэс барин уулзсан дайснууд цэцэг барин золгох болтугай” гэж эртний мэргэдийн сургаал байдаг шүү дээ.

-Та үзмэрч Дашцэрэн гуайн талаар юу хэлэх вэ?

-Би хэзээ ч энэ хүнд итгэл алдрахгүй. Дөч шүргэж яваа эр хүн. Би оюун ухаанаараа, амьдралынхаа туршлагаараа үнэн худлыг ялгахтайгаа болсон. Тийм ч учраас би Дашцэрэн гуайд цорын ганц эргэлздэггүй хүн. Цаашдаа ч би эргэлзэхгүй. Би Ерөнхийлөгчийг хүний хувьд муу хүн гэж хэлэхгүй, гэхдээ ер нь ямар золигийн аймхай хүн бэ л гэж бодож байна. Дашцэрэн гуайн хэлсэн бүх юм таарсаар байтал Ерөнхийлөгч “зачем” ингэж бөөрөнхийлж байдаг байна.

-Үзмэрчийг ертөнцийн бүх нууцыг мэдсэн хүн гэж та хэлсэн. Тэгэхлээр бурхан багштай ч юм уу адилтгаж болох уу?

-Үгүй. Дашцэрэн ах өөрөө ч бурхан багшийг асар их хүндэтгэдэг. Би нэг удаа та бурхан багшийг үзэхийг оролдоно уу гэж асуусан. Тэрбээр “хүнд хэмжээ бий” гээд халгаагаагүй. Дашцэрэнг би бурханлиг хүн гэж хэлнэ. Цагтаа бурхан багшийг ч гэсэн үйлийг нь үзэж байсан шүү дээ.

-Дашцэрэн гуайг харь ертөнцийн хүмүүстэй уулзаж байсныг та ер нь мэдэрч байв уу?

-”Хоёр” нүдтэй хүн би чинь тийм юм харахгүй шүү дээ. Энэ хүнийг улс төрийн золиос л болгож болохгүй. Миний хувьд Баабарт хамгийн их дургүй хүрсэн. Монголд Дашцэрэн ахыг хамгийн их доромжилсон хүн бол “Ноён Баабар”. Тийм учраас би Баабарыг хэн болоод хэнийг доромжилж байгаа юм бэ гэж санасан. Магадгүй би Баабартай өөрөөр муудахгүй ч байсан байх. Ганцхан Дашцэрэн ахаас л болж муудсан байх аа. Тэгэхдээ удахгүй, их л холдлоо гэхэд сайндаа л арван жилийн дараа Дашцэрэнг доромжилж байсан хүмүүс, байх газраа олохгүй ичиж зовж, гэмших өдөр ирнэ. Тэр цагт би ганцаараа нүүр бардам байх болно. Ямар ч байсан би шударга үнэнээс гажаагүй.

-Та ер нь шашныг хэдийнээс шүтэж эхэлсэн бэ? Бурхан гэдгийг хэдий үед ухаарч мэдэрч эхлэв?

-Чи дахиад л өнөө тэнэг сэтгүүлчийнхээ асуултыг тавьж эхэллээ шүү дээ. Бурхан шашны тухайд би өмнө нь мэддэг байсан уу үгүй юу гэдгийг чи сэтгүүлч хүн л юм бол миний номуудыг уншаад ойлгох хэрэгтэй. Би зүгээр мухар сохроор шүтэхийн хувьд бол бага наснаасаа эхэлсэн. Үндсэндээ 25 нас хүртлээ шашинд ер нь итгэдэггүй байсан.

-Бид юмыг хэт махчилж ойлгодог юм уу даа…

-Тийм учраас л би хэлээд байна шүү дээ. Өнөөдөр эцсийн эцэст мөнгөтэй, сайхан хувцас өмссөн, сайн архи уудаг Баабар шиг, Марлборо өдөр болгон татдаг, тэгээд өөрийнхөө дуртай юм хийж явдаг тэр л хүнийг сайхан хүн гэж манайхан ойлгодог. Хүний эрх чөлөө хүртэл хязгаартай шүү дээ.

-Өнөөдөр манайд эрх чөлөө бий юу, ер нь хүн төрөлхтөн эрх чөлөөг амсаж байсан гэж боддог уу?

– Үүнд ганцхан оюун санааны л эрх чөлөө байгаа. Өөр ямар ч эрх чөлөөг, хэзээ ч хаанаас ч олж авч чадахгүй. Өнөөдөр бид зөвхөн махан бодийн эрх чөлөөг олж авах гээд байна. Чиний махан бие хэзээ ч эрх чөлөөтэй болохгүй. Хэзээ үхэл чамайг махбодь гэдэг шоронгоос суллана тэр цагт чи эрх чөлөөг олж авна. Туйлын эрх чөлөө бол үхсэн цагт л бий болно. Тэр цагт чамд гэр орон, эхнэр хүүхэд, эд баялаг, улс төр мөр бүх юм хамаагүй болно.

 -Манайд өнөөдөр мафи бий юу?

-Улс төрийн болоод эдийн засгийн мафи байгаа.

-Тодорхой улсуудыг нэрлэж чадах уу?

-Нэрлэвэл намайг “алдчихна” шүү дээ. Би бас хэдэн жил амьд явж, энэ ард түмэнд “юмаа” хиймээр байна. Үр хүүхэддээ харагдаж баймаар байна.

-Тэдний эсрэг дуугүй байгаад байх хэрэг үү?

-Та нар яагаад дуугүй байгаад байгаа юм бэ? Яагаад би бүх юмны өөдөөс ганцаараа бархирч байх ёстой юм. Би Монголын мафийг хамгийн түрүүнд илчилсэн хүн. Тэрнээсээ ч болж хоёр удаа амь насаа алдах шахсан. Одоо болоо юм биш үү. Гурав дахь удаагаа бол би үлдэж чадахгүй шүү дээ.

-Та өмнөх хоёр тохиолдлоо яриач?

-Би ярихгүй, яривал надад аюултай.

-Хүмүүс итгэхгүй шүү дээ.

-Болихгүй юу.

-Та МАХН-ын талаар юу хэлэх вэ?

-Над МАХН-ыг өмгөөлөөд байх шалтгаан байхгүй. Хараагаад байх үндэс байхгүй. Нэгэнт л та нар олон ургальч үзэл гэж үзэж байгаа бол МАХН оршин тогтнож л байх ёстой. Энэ бол үнэн.

-Ер нь аливаа намд ёс суртахууны оршин тогтнох эрх гэж байх ёстой юу?

-Яаж ч үгүйсгэлээ гэсэн 70 жил байж байсан намыг чи өнөөдөр хараагаад үгүй болгож чадахгүй шүү дээ. Өөрөөр хэлбэл Монголын ард түмний 70 жилийн түүх чинь МАХН-ын салшгүй хэсэг. Дээрээс нь би нэг юмыг логикийн хувьд нь гайхаад байгаа юм. Амар МАХН-ын гишүүн байсан уу? Гэндэн байсан уу? Сүхбаатар байсан уу? Бодоо байсан уу? Юу гэж хэлнэ хамаа байхгүй. Магсархурцын Дугаржаваас эхлээд тэгээд л одоо та нарын шүтэж биширдэг тэр Ц.Дамдинсүрэн, Б.Явуухулангаас аваад ер нь бүгдээрээ л МАХН-ын гишүүн байсан шүү дээ. Ингээд ирэхээр үүсгэн байгуулагчдын нь, бас гишүүдийг нь магтчихаад, тэгээд намыг нь муулаад байна гэдэг чинь логикийн хувьд таарч байна уу. Жишээ нь, Далай ламыг манайхан магтаад, мөргөөд, залбираад байдаг. Бурхан багшийг муу хэлж чаддаггүй. Тэгсэн хэрнээ шашин гэхээр бурхны шашин гээд л хараагаад байдаг, загнаад байдаг.

-Өнөөдөр та бурхан шашныг шүтдэг. 700-аад сүм хийдийг устгасан гэж хэлсэн. Энэ бол Монголын ард түмний маш үнэтэй өв сан байсан.

-Би чамд нэг л юмыг хэлээд байна шүү дээ. Яг ойлголоо, би чамайг…

-Түүхийг хүн бүтээдэг, хүнгүйгээр түүх байх боломжгүй. Тэгэхлээр өнгөрсөн түүхээсээ сургамж авч чадах уу?

-Ямар ч байлаа гэсэн би бодож байгаа. Бүх юм шалтгаантай байдаг. Тэр шалтгаан нь бид өөрсдөө юм гэдгээ л ойлгох хэрэгтэй. Тэр ч байтугай 1937 оны мөхөл чинь дахиад давтагдахад бэлэн болчихоод байна. Өнөөдөр хэлмэгдүүлэлт чинь өөр хэлбэрээр явагдаж байна. Оюун санааны хэлмэгдэлт эд явагдаж байна. Өдий төдийн хүн “амь үрэгдэж” байна шүү дээ.

– Би таныг ойлгож байна. Гэхдээ өнгөрсөн түүхээ эргэж харна гэдэг нь өмнөх замдаа бүдрэхгүй гэсэн үг биз дээ. Үүнийг л асуугаад байгаа юм. Уучлаарай, таныг бас Даш-Ёндон даргатай жаахан зөрөлдсөн гэж сонссон юм байна.

– Даш-Ёндон даргыг тэнэг хүн, муу хүн гэж би хэлэхгүй, үзэл бодлын зөрөлдөөнийг улс төрийн хэрүүл болгож болохгүй. Тэр 700 гаруй сүм хийдийг нураасан явдал бол аймшигтай гэмт хэрэг юм. Гэхдээ МАХН нураасан юм уу?

-Монголыг фашизм аварна гэж хэлсэнтэй та санаа нийлдэг үү?

– Би фашизмыг хэзээ ч дэмждэггүй, фашизм гэдэг аймшигтай ойлголт. Ер нь монгол орныг юу аврах вэ гэвэл хүчтэй төр л аварна. Өнөөдрийн төр бол аймхай, хулчгар, нялцгай сул төр. Төрийг ард түмэн сонгосон учраас улс уг нь өөрсдөө мэдээд бүхнийг хийх ёстой.

-Хэрвээ та Ерөнхийлөгч болвол өөрөөр сэтгэгчдийг, Бавуугийн Лхагвасүрэн гуай мэтийн улсуудыг байхыг зөвшөөрөх үү? Хүн болгоныг өөрийнхөөрөө  сэтгэж  яваасай гэж боддог уу?

-Өөрөөр сэтгээд сайн сайхан юм хийхийг би зөвшөөрнө. Харин адал балмад явдлыг сурталчлах, хүн төрөлхтөнд юм уу, орон ард түмэнд хор уршиг тарих тийм үзэл бодол дэлгэрүүлэхийг би хориглоно. Хэрвээ би Ерөнхийлөгч болвол хамгийн хатуу хуулийг тогтооно. Хар тамхи, наймаалсан асуудлыг АНУ-д хамгийн хатуугаар шийтгэдэг биз дээ. Хар тамхинаас илүү хортой юм гэвэл үзэл бодол байна шүү дээ. Хорт үзэл бодлыг “хүний эрх чөлөө” гэж зөвшөөрч болохгүй. Чи ямар ч сайн байсан, урлагийн хувьд ямар ч төрлөөр бичлээ гэсэн, би ганцхан л юм хэлээд байна, ёс суртахууны хэм хэмжээг зөрчсөн бүх хүмүүсийг хатуу ширүүн залхаах ёстой гэж. Гэхдээ алахаас бусдаар! Эрх чөлөөг нь хорих хэрэгтэй. Жишээлбэл, шорондоо тэр ганцаараа юугаа бодоод, юугаа хийгээд сууж байх нь надад ерөөсөө хамаагүй.

-Хубилай хаан Монголын түүхэнд ямар байр суурь эзлэх ёстой гэж бодож байна?

-Бүү мэд. Үүнийг түүхчид л мэдэх байх. Өнөөдрөө арай ядан тунгааж байж, хэдэн зуун жилийн өмнөх юмыг яаж мэдэх юм? Би хувьдаа Хубилай хааныг нэг их таалдаггүй. Гэхдээ би шүүж тунгаадаг нь биш.Тэр Бавуугийн Лхагвасүрэн, Пүрэвдорж эд нар л шүүдэг байгаа юм байгаа биз, надад ямар хамаатай юм?

-Бидний яриа нэлээн улс төржиж байна. Ингэхэд МАХН, Ардчилсан хүчнүүд хоорондоо юугаараа…

-Бямбасүрэнгийн Засгийн газар болон “ардчилсан хүчнийхний” хийгээгүй юмыг Жасрай сүүлийн хэдэн сарын дотор хийчихлээ шүү дээ. Бараг ардчилсан хүчин ч “Ху” нам болчихсон юм уу гэж эргэлзэж гайхмаар үе байх юм. Зарим үед би өөрөө ч төөрөлдөөд байна, үнэнийг хэлэхэд. Гэхдээ ямар ч байлаа гэсэн ардчилсан хүчнийхэн бол “Ху” намын зулзаганууд гэдгийг мэдэж байна. Тиймээс ч энэ хоёр үгээ ололцоод, бие биенийхээ толгойг илээд яваад байгаа юм.

-Монголын төрийн удирдагчдаас ямар үеийн ямар тэргүүнийг нь хүндэтгэн дээдэлж ирсэн бэ?

-Би Монголын ард түмний бүх л түүхээс Модун Шаньюй, Чингис хаан, Чингүнжав, Мандухай цэцэн, Занабазар, Амарсанаа, VIII Богдыг ч асар их хүндэтгэдэг.

-Их Монголын үзлийг дэмждэг үү?

-Би бол маш дургүй. Өнөөдөр энэ байгаа нутаг дээрээ эзэн болж чадаагүй байж, юун тэр хүний газраас “нутгаа” эргүүлж авна гэж. Хэрвээ энэ байдлыг дэвэргэх юм бол “Их монгол” байтугай, энэ Монгол ч үгүй болно. Тийм учраас үүнийг би аюултай гэж үзэж  боддог. Их Монголын үзлийг дэвэргэвэл Монгол өнөөгийн нөхцөлд бүхэлдээ байхгүй болно. Харин энэ буй эх нутагтаа эзэн болох хэрэгтэй. Гэхдээ нийт Монгол үндэстний соёл иргэншлийн, шашин шүтлэг, ахан дүүсэг харьцаа, тэр бүх юмаа хадгалах дээдлэх ёстой. Хэрвээ панмонголизм гэж ихээхэн яривал Хятад, Орос хоёртой л муудна. Муудсан цагт дэлхийд биднийг хэн ч дэмжихгүй. Америк гэж л байна, цагаа тулах юм бол 1 тэрбум 300 сая хятад, дэлхийн зургааны нэгийг эзэлсэн агуу их Орос орон хоёртой үзэлцэнэ гэж ёстой гонжийн жоо. Тийм учраас юу ч гэж хэлсэн дэлхийн төрийн бодлогыг Америк, Орос, Хятад гурав зохицуулсан хэвээрээ л байх болно.

-Хэзээ Монголын төр суудлаа олох вэ?

-Арваад жилийн зай байх шиг байна даа.

-Нэг хүний дарангуйлал хэрэгтэй юу?

-Яг одоо Монголд хатуу дэглэм хэрэгтэй. Энэ бол фашизм биш. Тэртэй тэргүй манай хууль хатуу. Энэ хатуу хуулиа хэрэглээд өгөөч л гээд байгаа юм. Өнөөдөр манай энэ хэдэн мунхаг дарга нар өөрсдөө хуулиа биелүүлдэггүй. Хууль зөрчөөд байгаа хүмүүсийг ч дураар нь тавьдагт хэргийн учир байгаа юм.

-Та сүүлийн 70 жилд байсан удирдагчдаас хэнийг нь хүндэлдэг вэ?

-Би хоёрхон төрийн нүүр үзсэн. Би Чойбалсан, Сүхбаатар нарыг л хүндэтгэдэг. Чойбалсан үнэхээр муухай хэрэг хийсэн юм бол тэр алдаа нь Чойбалсангийн алдаа биш. Чойбалсангаас өөр хэн нэгэн хүн хийх л байсан шүү дээ, өөр арга байгаагүй.

-Цэдэнбалын хувьд?

-Өнөөдөр Цэдэнбалын зөв байжээ гэдэг нь тодорхой. 60-аад оны эхээр Оросын цэргийг Монголд оруулж ирснийг буруу гэж үзэхгүй. Хятадын соёлын хувьсгалын өдрүүдэд Оросын цэргүүд Монголын хил дээр байгаагүй бол бид өвөрмонгол шиг л болох байсан шүү дээ. Би Цэдэнбалыг асар их алсын хараатай, улс төрийн удирдагч гэж ойлгодог.

-Монголыг Оросын харьяанд оруулъя гэсэн яриа бий байхаа. Баримт ч байдаг…

-Оросын харьяанд орлоо ч гэсэн гарчих л байж шүү дээ. Тэгсэн бол харин бүр их хөгжих байсан. Өнөөдөр бид Оросын харьяанд байсан бол Эстон, Латви, Литва шиг ядахдаа Узбекийн хэмжээнд хүрчихсэн байлгүй дээ.

-Өнгөрсөн сонгуулиас гарсан үр дүнг та юу гэж үнэлдэг вэ? Улс төрийн хүчнүүд таагүй дүн гэж үзэж байгаа шүү дээ.

-Тэр дүнг бусдаас биш өөрсдөөсөө эрэх ёстой. Өөрийнхөө алдаанаас болж л алдсан гэдгээс ойлгохгүй юм бол дахиад алдана. Энэ бол хуульзүйн хувьд зөвшөөрөхөөс өөр “арга” байхгүй, зөв сонгууль юм даа.

-Ирэх сонгуулиар ямар хүн Ерөнхийлөгчөөр сонгогдох бол?

-Би ямар далдыг мэддэг Далай лам биш. Нөгөө ард түмэн чинь мэднэ шүү дээ. Би сонгогч л байх болно.

-Та ярилцлага эхлэхийн өмнө Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай заавал асуугаарай гэж байсан.

-Өнөөдөр Монголын ард түмэн бүхэлдээ Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох болсон нь 281-ийн холбооны гавьяа юм шүү гэдгийг битгий мартаарай л гэж хэлэх гэсэн юм. Бид фашист, нацист гэж элдвээр хэлүүлж байгаад Ерөнхийлөгчөө сонгох эрхийг нь ард түмэнд авч өгсөн шүү. Тэгээгүй бол 71 хүнтэй “Ху” нам өөрсдийн хүнээ өчиггүй, шууд гаргана биз дээ. Ерөнхийлөгчөөр хариуцлагагүй хүн сонгох юм бол Монголын ард түмэн л хохирно.

-П.Очирбат гуай Ерөнхийлөгчийнхөө үүргийг хэрхэн гүйцэтгэв ээ?

-Төрийн тэргүүний хувьд үнэхээр хоёрдмол байр суурь бариад, эсвэл эр зориг дутаад байгаа, хоёр дахь бодолдоо автагдаад юм хийж чадахгүй байх шиг л санагддаг. Гэхдээ хүнийх нь хувьд муу хүн гэж хэлж чадахгүй. Нэг жаахан бөөрөнхийдүү, эв эеийг нь олоод дунд нь хэмхэлдүүлэхгүй байх юм уу гэсэн санаатай. Яг өнөөдрийн нөхцөлд өөрөөр ч байж болохгүй байх. Ойрын тогтворгүй хэдэн жилд иймэрхүү хүн байхаас өөр аргагүй байсан биз. Сүүлийн үед хэтэрхий нэг талыг бариад байгаа нь ажиглагддаг. Өөрийнхөө зарчмаас буцаж, улс төрийн хүчний тоглоом болоод байна уу, эсвэл дахиад Ерөнхийлөгч болохын тулд ийм алхам хийж байна уу, би ойлгохгүй байна.

-Таны хобби…

-Хүүхэд байхдаа марк, чихрийн цаас, ил захидал их цуглуулдаг байлаа. Тэрнээс хойш ном цуглуулдаг болсон. Одоо 1000 гаруй номтой доо. Миний номын санг мэддэг хүн үзээд атаархана даа. Үнэхээр сайн номууд бий. Энэ бол миний 20 жилийн хөдөлмөр. Үүгээрээ би бахархана, гайхуулна. Надад дорно дахины гүн ухаан, буддын шашин, дэлхийн яруу найраг, сонгодог бүтээл л байгаа.

– Өнөөдөр Монголд жинхэнэ улс төрч бий юу?

-Байхгүй л гэж бодож байна. Өнөөдөр хэдэн арван хүн нийлээд нэг улс төрчийг орлож байгаа болов уу. Жишээ нь ноён Баабар байлаа гэхэд Даш-Ёндонгүй, Элбэгдоржгүй, Бат-Үүлгүй, Дашбалбаргүй, Ганболдгүй, Зэнээгүйгээр улстөрч болж чадахгүй. Элбэгдорж байлаа гэхэд нөгөөдүүлгүйгээр байж чадахгүй.

– Зоригийн хувьд…

-Зориг бол “мальчик” шүү дээ. Сайндаа биш, зүгээр тохиолдлоор л ардчилсан хүчний удирдагч болсон болохоос биш. Зориг өөрөө ардчилсан намаасаа урвасан хүн шүү дээ. Улс төр бол “грязная игра” гэдэг. Улс төрийн ашиг хонжооны үүднээс Зоригийг харааж байсан ч гэсэн нөгөөдүүл нь Зоригтойгоо нийлчихээд савж байдаг. Гэхдээ Зоригийг би бас хүндэтгэдэг. Зориг бол ерөнхий соёл сайтай хүн. Зориг бас Элбэгдорж, Бат-Үүл хоёрыг бодвол илүү уншдаг юм.

-Монгол Улс түүхийн ямар үедээ хамгийн тусгаар байсан бэ?

-Чингис хааны үе, Өгөөдэй хааны үе, Мөнх хааны үе, тиймээ тэрнээс хойш л хөөрхийлөлтэй.

-Монголчуудьн тухай тамын тогооны үлгэр байдаг.

-Наадахыг чинь надаас илүү Баабар л сайн мэдэх байх? Харин энд нэг зүйлийг хэлэхэд Бат-Үүл, Элбэгдорж хоёр хүнийг “ил зодчихдог” дандаа нүдийг нь хөхрүүлчихдэг. Баабар бол “битүү” зоддог байхгүй юу, дотуур нь. Тийм учраас би Баабарт дургүй. Ер нь социал-демократ намынханд дургүй. Ардчилсан нам, Үндэсний дэвшлийн намынханд гайгүй. Тэдний сайн, муу нь ил байж байдаг. Социал-демократууд шиг тэгж далдуур явдаггүй. Хэрэг дээрээ Социал-демократууд нь Ардчилсан нам, Үндэсний дэвшлийнхээ намаар тоглоод, цаана нь дандаа гэм зэмгүй үлдэж байдаг. Монголын хамгийн онцгүй нам бол социал-демократ нам. Яг л үнэнээ хэлчихье. Дараа нь намайг яаж доромжилж “Үг” сонин үгээ барахыг би мэдэж л байна.

Тэгэхдээ яахав үүнийг энэ чигээр нь явуулчих. Надад харамсаад байх юм алга. Тэртээ тэргүй намайг зүгээр байхад энэ муусайнууд доромжлоод зүгээр суулгахгүй байгаа юм чинь яадаг юм. Өөрөө өөртөө дайснаа бэлдээд байгаа улстай ярих юм алга.

-Алт дилерийн хэргийн тухай…

-Би энэ тухай үгээ хэлчихсэн. Гэхдээ дөрөв тавхан хүнд хэрэг хүлээлгээд, жинхэнэ эзэд нь Дашийн Бямбасүрэнгээс эхлээд цаад талд нь арзайтал инээж үлдээд дахиад Ерөнхий сайд юм уу, Ерөнхийлөгч болно гээд донхолзоод явж байх юм бол алт дилерийн хэргийн тухай ярихын ч хэрэггүй. Алт дилерийн хэргийг авч үзвэл бүхэлд нь эздийг нь олж байж ярих хзрэгтэй. Түүнээс биш наад талд нь хэдэн сайхан хөвгүүдийг золиосонд тавих хэрэггүй.

-Отгонбаярын ч юм уу, хэргүүд байдаг шүү дээ.

-Тэрнийг би мэдэхгүй, тэр надад падгүй. Эрүүгийн хэрэгт би ер нь оролцохыг хүсэхгүй, хүнд оролцох, оролцохгүй юм гэж байна.

-Хүн болгоны хэлэх дуртай зүйр үг байдаг, таны хувьд…         

– Яг миний өөрөө зохиосон ганцхан үг байгаа. Тэр бол “Эцсийн том тулалдаанд ялахын тулд би олон жижиг тулалдаанд ялагдана”… Энэ бол миний өөрийн үг, зүрхний үг. Миний өөртөө бий болгосон нэг үг. “Намайг сайн хэлсэн ч Дашбалбар хэвээрээ, муу хэлсэн ч Дашбалбар хэвээрээ байна” гэж. Та нар нийгэмдээ юм уу, улс төр, байшин барилгадаа өөрчлөлт хийдэг юм байгаа биз. Дашбалбарт бол “өөрчлөн байгуулалт” хийж чадахгүй. Хийлгэх ч үгүй.

-Нэр алдар гэдгийг та хэрхэн ойлгодог вэ?

-Яах вэ дээ, нэр алдраас болоод миний зүрх хэвийн цохилох биш дээ. Нэр алдар гэдэг бол далайн хөөс гэсэн үг шүү дээ, эцсийн эцэст! Гэхдээ үнэн алдрыг бол бүтээхээ бүтээгээд, үлдээхээ, үлдээсэн хүн авах л хэрэгтэй.

-Та айдаг уу?

-Би тэгж зоригтой хүн болох гэж жүжиглэж чадахгүй. Би айх юмнаасаа айдаг. Би жоомноос айдаг, голионоос айдаг, могойноос айдаг, мэлхийнээс айдаг, олон юмнаас айдаг. Гэхдээ тэднээс айх бол жич хэрэг. Би муухай хүмүүсээс, ялангуяа хүмүүсийг аймшигтай гүтгэдэг Баабар шиг хүмүүсээс айдаг.

-Та юунаас илүү айдаг вэ?

-Хэрэг гараад тулалдааны талбарт үхэх юм бол надад айх юм алга, харин шударга бус юманд дуусна гэдэг бол надад айдас төрүүлнэ. Гэхдээ яах вэ дээ.

-Үлгэрт гардаг шидэт алтан загас гарч ирээд таны гурван хүслийг биелүүлье гэвэл та ямар гурван зүйлийг хүсэх вэ?

-Нэгдүгээрт, Монгол Улсыг хэнд ч ялагдашгүй тусгаар улс байгаасай гэж. Хоёрдугаарт, шударга, хүнлэг хүн бүхэн шударга бусаар бүү хэлмэгдээсэй, бүү зовоосой гэж. Гуравдугаарт, би өөрийнхөө хийх ёстой юмыг хийж чадаад, түүнийхээ үр дүнг үзээд үхэх юмсан гэж, тийм л байна, буруу юу, зөв үү?

-Дашбалбар гэж хэн бэ?

-Дашбалбар гэж Дашбалбар. Монгол Улс байхгүй болох юм бол маргааш нь би үхнэ.

Эх сурвалж: HISTORY.MN

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!